"...Дахиад борооших нь. Түрийтэй, түрийгүй усны гуталтай ажлын байрандаа суудаг болсон. Бэлэн байдалд ажиллахгүй бол гэнэ гэнэтхэн аадар буудаг боллоо. Засаг дарга эзгүй байна. Үерт авсан айлуудынхаа хашааны ам дагуу далан хийж байна. 17-ны үдээс хойш орсон гурван цагийн бороонд манай хорооны айлууд их, бага хэмжээгээр хохирол амслаа. Тэнгэр харанхуйлах бүрт бороо битгий ороосой гэж хүсдэг болсон" гэсээр Сүхбаатар дүүргийн XVIII хорооны зохион байгуулагч Р.Батдэлгэр биднийг угтав.
Нийслэлийн хэмжээнд орсон аадрын аюулд айл өрх болон "захиран зарцуулах төсөвгүй” гэгддэг хороо хэр хэмжээний хохирол амссан, ямар бүтээн байгуулалт сүйдэв гэдгийг сурвалжлахаар зорьсон нь энэ. Өчигдөр 12.00 цагийн байдлаар халуун нар зулай төөнөж Дарь-Эх, Бэлх, Сэлх, Дамбадаржаа орчим гурван өдрийн өмнө үер буусан шинжгүй дүнсийнэ.
Тус хороог бүсэлсэн баруун зүүн зүрх уулын магнай дээрээс энгэр бэлээ дагаж урссан юм уу гэлтэй бүдэг бадагхан харагдах урт нарийн хэд хэдэн жим айлын хашаа, гэр хорооллын мушгирсан гудамжуудтай нийлсэн нь үер усны аюулыг юу юунаас ч илүү сайн мэднэ. Учир нь хавартаа шар ус, зундаа их усан бороонд нэрвэгддэг үерийн онцгой бүс. Энэ бүсэд өдгөө 2,449 өрхийн 9,275 хүн амьдарч байна. Үүнээс 30-аад айл орон гэрээ үерийн усанд их бага хэмкээгээр сүйдүүлсэн бол таван айл буйраа орхин нүүжээ.
Хүрз бариад далан босгох ажилд ханцуй шамлан орсон тус хорооны Засаг дарга Ц.Цогт-Одыг зорилоо. Тэрбээр хорооны байшинг уруудсан гурван гудамжны эхэнд иргэдээ манлайлан ажиллаж байхад нь уулзлаа. "Зуслан тавлаг уу. Үер буусан гэх ул мөр эрээд олсонгүй. Хохирол бага уу” гэсэн бидний асуултад "30-аад айл өрх үерт автлаа. Азаар хүний амь нас эрстсэнгүй. Цахилгааны хэд хэдэн эх үүсгүүр буудсан. Ус цахилгаан дамжуулдаг болохоор тогонд цохиулах нөхцөл үүссэн. Онцгой байдлынхан дуудлагаар ирж аюулгүй болгосон. Их усан борооны маргааш нь буюу 18-нд Сүхбаатар дүүргийн орлогч дарга Ц.Шижир нийслэлийн холбогдох албаны хүмүүстэй ирж бодит байдалтай танилцаад явсан. Бидний зүгээс айл өрхийн амссан хохирлыг барагдуулъя гэхээсээ илүү суваг шуудуу гаргах, зориулалтын үерийн далан хийх төсөв мөнгө шаардлагатай байгаагаа дуулгасан. Төсөв хөрөнгөтэй холбоотой асуудал учраас ярилцаж хуралдах, зураг төсөл хийх, төсөв батлуулах гэх мэт хугацаа хэрэгтэй. Тиймээс өнөөдөр, маргаашдаа шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу хэлсэн учраас сайн дураараа ажиллах хүсэлтэй байгаа иргэдтэйгээ хамтраад далан хийж байна. Одоогоор сайхан сэтгэлт иргэд өөрсдийн боломжоороо нэг хоёр машин шороо асгаж байна. Мэдээж дахин хүчтэй аадар ороход үерээс айл өрхөө найдвартай хамгаалах бэхлэлт болж чадахгүй ч нэмэр болно. Өнгөрсөн хавар шар усны үерийн гамшигт айлууд бас л өртсөн. Бид үер усны голомтод аж төрдөг учраас хавраас хойш далан, хамгаалалтууд хийсэн ч харамсалтай нь 30 гаруйхан минут үргэлжилсэн бороонд урсчихлаа" гэв.
Айл нүүлгэх нь бүү хэл атга шороо зөөгөөд асгачих төсөв байдаггүй.
Үерийн аман дээр буусан айл өрхүүдийг нүүлгэх арга хэмжээ авч болдоггүй юм уу гэсэн асуултад тэрбээр "Энэ ажлыг хороо хийх боломжгүй. Бидэнд айл нүүлгэх нь бүү хэл атга шороо зөөгөөд асгачих төсөв байдаггүй. Тийм учраас уулнаас шороо зөөж хорооныхоо зарим иргэдтэй хамтарч үерийн далан босгож байна. Үүнээс болж нийт айл өрх хохирол амсдаг” гэлээ.
ҮЕРТ АВТСАН АЙЛУУДЫН ГЭР УРСААГҮЙ УЧИР ТЭТГЭМЖ ОЛГОХ БОЛОМЖГҮЙ ГЭВ
Бэлхийнхэн гурван өдрийн өмнө орсон аадрын аюул дахин давтагдах вий хэмээн сэрэмжлэн ийн эрвийх дэрвийхээрээ далан шуудуугаа ухаж, хохирол амссан айл өрхүүдээ бүртгэлжүүлж байна. "Өвдөг татсан их усны өмне хүн гэгч хүчгүйддэг юм билээ. Далан сэтэрсэн аюулаас илүү айлуудын жорлонгийн бохир хальсан нь элдэв төрлийн халдвар үүсэх эрсдэл бий болгож байна" гэж ярих тус хорооны зохион байгуулагч Р.Батдэлгэрийн сэтгэгдлийг хүргэе.
Түүний хамгийн их сэтгэл түгшиж байгаа асуудал нь нэг айлын биш нийт айлын бохир хальсан учир холбогдох байгууллагынхан хөрсний дээж шинжилгээ авч халдваргүйжүүлгийн ажлаа эрчимжүүлээсэй гэдгийг дуулгах гэсэн юм. Р.Батдэлгэр "Манай хорооны хоёр ч гудамжинд орон нутгийн хөгжлийн сангаас хуваарилсан төсвөөр сайжруулсан шороон замыг хийгээд жил болж байна. Гэтэл үерийн улмаас төсөв мөнгө зарцуулж хиисэн зам идэгдэж гэмтсэн байдалтай байна. Гуу жалга үүсчихлээ. Уулын чулуу буучихсан. Машин бүү хэл хүн явахад хэцүүхэн болсон. Мөн арван айлын бохир хальсан. Бохир нь халиад зөвхөн хашаандаа тогтохгүй урсаад бусад айлыг дамжсан. Үүн дээр дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст арга хэмжээ авч өгөөч гэсэн хүсэлт явуулсан. Гурав хоног өнгөрчихөөд байхад ямар нэг хариу ирүүлээгүй" гэлээ.
Үерт автаж орон гэрээ сүйдүүлсэн арван айлд дүүрэг, хороо, халамжаас ямар нэгэн байдлаар тусламж үзүүлдэг үү гэсэн асуултад ". Нийгмийн халамжийн тухай хуульд "Гэнэтийн аюул осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрхөд нэг удаа нэг сая 200 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлнэ” гэсэн байдаг. Тэгэхээр
ХАШАА АНХДАГЧ УУ, ГЭРЛИЙН ШОН АНХДАГЧ УУ
Тус хорооны оршин суугч Н.Чойжамцынх 1-5 насны хоёр хүүхэдтэй аж. 30 гаруй насны залуу хосууд өнгөрсөн жилийн өдийд 4.5 сая төгрөгөөр хоёр айл багтаад буучих хоосон хашаа худалдаж авчээ. Хашаандаа таван ханатай гэр барьж амьдраад яг нэг жил болж байгаа гэнэ. Өнгөрсөн жил хур бороо үер болтлоо задгай ороогүй учраас хашааныхаа "ид шид”-ийг үзээгүй аж. Гэтэл өнгөрсөн өдрүүдэд орсон их усан бороо айдас, түгшүүр дэргэд байгааг сануулжээ. Учир юу гэвэл, Н.Чойжамцын гэрээс яг хоёр алхмын зайд есөн айлын гэрлийн шон, цахилгаан үүсгүүрийнхээ хамт байна. Гэрийн дунд бүслүүр хүртэл үерийн түвшин дээшилж гэрийн эзэн гарч орж өрхөө татах, хашаандаа байгаа хоёр тонн цементээ "аврах”-аар гэрийнхээ хаалгаар гарах гэж яваад сарвайтлаа тогонд цохиулаад хойш унажээ. Яг энэ үед тогны хүчдэл унасан учир азаар аюул холуур өнгөрчээ.
Наадмын өмнөхөн балчир үрс минь цахилгааны шалбарсан утсанд хүрснээс тогонд цохиулан амиа алдсан хэрэг хэд хэд гарсан. Яг энэ аюул давтагдаж болзошгүй нөхцөл энд үүсчээ.
Гэрийн эзэн холбогдох газруудад нь "гэрлийн шонг буулгаж өгөөч. Бага насны хоёр хүүхэдтэй. Бороо, цас орох бүрт гэрээсээ гарах боломжгүй болж байна. Миний бие хоёр ч удаа тогонд цохиуллаа. Хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж өгөөч" гэсэн хүсэлт тавьсан боловч "Хоёр сая төгрөгийн зардал гарна. Энэ мөнгийг төл. Бид арван жилийн өмнө зургийн дагуу гэрлийн үүсгүүрээ тавьсан. Хашаа анхдагч уу, гэрлийн шон анхдагч уу" гээд халгаадаггүй гэнэ.
Н.Чойжамц "Хүүхдийн амь нас, аюулгүй байдлын асуудал яригдаж байхад хоёр сая төгрөг төл гээд хүсэлт хүлээж авахгүй байгаа Зүүн түгээхийн ажилчид, удирдлагуудад гомдож байна. Хоёр сая төгрөг гаргаж өгөх чадалтай бол юу гэж гэр хороололд амьдрах вэ дээ” хэмээн хоолой нь зангирав.
Үерт хэчнээн төгрөгийн хохирол амсав гэсэн асуултад "Бид хашаандаа хоёр тонн цемент, нэг машин элс хураасан байсан. Байшин барихаар материалаа цуглуулсан байсан юм. Энэ бүхэн урссан. Гэр доторх тавилга юу ч үгүй болсон. Энэ бүхэн яах вэ. Хашааг минь хэрсэн энэ цахилгааны утас, гэрлийн шон буулгамаар байна” хэмээсэн юм.
Энэ мэт аюул гэр хороололд бишгүй байна. Ямар ч эмх цэгцгүй, зураг төсөл, бодлого төлевлөлтгүй хашаагаа татаад гэрээ барьчихсан гэр хорооллын зовлон үүгээр дуусахгүй. Балчир насны хоёр ч хүүхэд утас нь шалбарсан гэрлийн шонгийн дэргэд тоглож байна гэдгийг энэ удаагийн сурвалжлагаараа хөндөхийг зорилоо.
Хүүхэд бүхнээс аюул осол хол байг.
М.МӨНХТУНГАЛАГ, ҮНДЭСНИЙ ШУУДАН