Тонн нүүрсээ 70 бус 90 ам.доллараар борлуулах боломж ЭТТ-д байна
Монгол Улс 2019 онд түүхэндээ анх удаа 42 сая тонн нүүрс экспортолж, үүнээс хамгийн багадаа 1.3 их наяд төгрөг олохоор төлөвлөсөн. Ийм хэмжээний мөнгийг нүүрсний орлогоос бүрдүүлснээр энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар далайцтай ажлууд хийгдэхээр байгаа. Нийслэл болон орон нутагт шаардлагатай сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нийгмийн чанартай бүтээн байгуулалтыг уул уурхайн мөнгөөр барина. Ингэснээр ирэх оны сонгуулийн өмнө иргэдээс эерэг оноо цуглуулах эрх баригчдын хүслийг нүүрсний экспорт, түүнээс хүртэх орлого гүйцэлдүүлэх учиртай. Тэгвэл 1.3 их наядыг төсөвт оруулах коксжих нүүрсний зах зээлийн 2019 оны төлөв байдлыг Бээжингээс сурвалжиллаа.
Коксжих нүүрсний үнэ энэ онд өмнөх жилүүдтэй харьцуулахад хамаагүй өндөр өсөлттэй байх нь. Төсвийн орлого зарим жил төлөвлөснөөс дутах эрсдэл гардаг байсан. Тэгвэл ийм эрсдэлийн талаар одоо ярихад эрт байна. Манай улс зөвхөн нүүрснээс 1.3 их наядаас давсан хэмжээний орлого олох боломж бүрджээ. Үүнийг ашиглаж чадвал “Эрдэнэс Тавантолгой” гэхэд 2018 оны ашгаа хоёр дахин нэмэгдүүлж, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллахаар байна. Тухайлбал, тус компанийн хувьд нэг тонн нүүрсээ 20 орчим ам.доллараар өсгөж, хамгийн багадаа 90 хүртэлх ам.доллараар борлуулахад ногдол ашгийн хэмжээ нь хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг.
Сүүлийн гурван жил дараалан нүүрсний экспортын түүхэн дээд үзүүлэлтээ бид шинэчилсэн бол энэ онд дахин шинэчлэхээр байна. Тэрчлэн өмнөд хөршийн импортын нүүрсний зах зээлд өөрийн орон зайгаа бэхжүүлэх, улмаар Хятадтай нүүрсний худалдаан дээр стратегийн түвшинд харилцах боломж гарч ирлээ. Тодруулбал, тэдний хэлсэн үнээр нүүрсээ зарах бус харин бид өөрсдөө худалдах үнээ санал болгох хэмжээнд буюу хэлэлцээрийн ширээнд суух нааштай “уур амьсгал” зах зээлийн орчинд бүрджээ. Эдгээр мэдээллийг нэг дор агуулсан “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” сэдэвт олон улсын чуулган Бээжин хотноо энэ сарын 10-11-нд болов. Уг чуулганд оролцсон илтгэгчдийн дийлэнх нь коксжих нүүрсний үнэ өснө, дунд хугацаанд өсөлт тогтвортой байна, Хятадын гангийн хэрэглээ огцом буурахгүй гэсэн мессеж өгсөн юм.
Ес дэх удаагийн нүүрсний салбарын томоохон тоглогчдын цугларалт 2019 оны зах зээлийн төсөөллүүдийг өөдрөг хэдий ч бодитой таамаг гэж үзэж байна. Энэхүү чуулганыг “Coal Mongolia” чуулганыг зохион байгуулагч “Гложекс Консалтинг” компани Хятадын Fenwei Energy байгууллагатай хамтран гурав дахь жилдээ зохион байгууллаа. Өнгөрсөн жилийнхээс илүү өөдрөг хүлээлттэй хурал болж байгааг чуулганы зохион байгуулагч Л.Наранбаатар хэлсэн юм.
- Австралитай хийж буй Хятадын диплоамат маргаан Монголыг өөрөөр харахад хүргэж байна.
- Коксжих нүүрсний үнэ он гарснаас хойш 20 орчим ам.доллараар өсжээ.
- Өмнөд хөршийн гангийн зах зээлд Монгол руу улам ойртож байна.
Коксжих нүүрсний 2019 оны эрэлт, хэрэгцээ, үнийн чиг хандлагыг тодорхойлохоос гадна Хятадын төрийн бодлоготой холбоотой хамгийн бодитой мэдээллийг уг форум хуваалцаж ирсэн. 500 гаруй төлөөлөгч хоёр өдөр саатсан чуулга уулзалтад анх удаа ОХУ-ын төлөөлөгч ирж, өөрсдийн нүүрсний салбар дахь бодлогоо танилцуулав. Түүний илтгэлд Монгол, Австрали хамгийн их дурдагдсан. Учир нь, хойд хөршийн хувьд энэ хоёр улс нүүрсний зах зээлд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь болж байна. Энэ он гарснаас хойш S&P Global Platts-ийн судалгаагаар коксжих нүүрсний үнэ тонн тутамд 20 гаруй ам.доллараар өсжээ.
Fenwei Energy компанийн дэд ерөнхийлөгч Сара Лю-гийн хэлснээр нүүрсний үнэ энэ оны турш тогтвортой байхаар байна. Түүний илтгэлд гарснаар, нэг тонн коксжих нүүрс 250 орчим ам.долларт хүрч, өмнөх оныхоос давах аж.
Монголыг харах өмнөд хөршийн нүүрсний бодлого өөрчлөгдөж, тэд биднийг Австралийн зиндаанд авч үзэж байна. Сайн мэдээ гэвэл Монголоос авах нүүрсний хэмжээгээ өмнөд хөрш 36 сая тонноор хязгаарлахгүй илүү өсгөх боломжтой гэдгээ “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” чуулганы үеэр Хятадын тал онцолсон юм. Ингэж чуулганы индрээс Хятадын нүүрс ассоциацийн нөлөө бүхий эрхэм мэдэгдсэн нь ОХУ болон Австрали, Индонезийн төлөөлөгчдөд тийм ч таатай сонсогдоогүй нь лавтай. Учир нь эдгээр орнууд Монголыг өөрсдийн өрсөлдөгчөө хэмээн үздэг. Гэтэл Монголыг товойлгон хэлсэн нь өмнөд хөрш тогтвортой нийлүүлэгч хайж байгаагаа нэг талаар зарласан хэрэг боллоо. Тэрчлэн сайн чанарын коксжих нүүрсний эрэлт өндөр байх нь.
БНХАУ болон Австралийн хооронд өрнөж буй үл ойлголцол хоёр орны худалдаа, тэр тусмаа нүүрсний зах зээлд томоохон доргилт авчраад байгаа. Энэ нь нөгөө талдаа ОХУ болон Монголд нүүрсний үнээ өсгөх, Хятадтай илүү стратегийн түвшинд нүүрсээ нийлүүлэх тэрхүү боломжийг олгоод буй.
Өмнөд хөршийн хэрэгжүүлж буй “Цэнхэр тэнгэр” төлөвлөгөөний хүрээнд аж үйлдвэрийн томоохон бүсүүдээ далайн эргээс хойд бүс рүүгээ шилжүүлж эхэлсэн. Энэ нь Хятадын зах зээл Монгол руу улам ойртож буй хэрэг. Далайн эргийн коксжих нүүрсний үнэ эх газрын гүндээ буюу аж үйлдвэр шинээр хөгжиж, гангийн үйлдвэрлэл явагдаж буй өмнөд хөршийн хойд хэсэгт илүү үнэтэй болж эхэлж байна.
Сангийн яамны мэдээллээр энэ оны нэгдүгээр улиралд манай улсын нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар өсөж, 7.8 сая тонн болжээ. Тэгвэл ирэх хоёрдугаар улиралд үүнээс ч илүү өсөлтийг бид нүүрсний экспортоос хүлээж болох нь.
Хятад, Австралийн одоогийн хориг арга хэмжээнд хоёр тал буулт хийлгүй багагүй хугацаа өнгөрүүлсэн. Энэ байдал Австралийн сонгууль хүртэл үргэлжилж мэдэхээр байгааг БНХАУ-д суугаа Австралийн Элчин сайд хэлж байсан юм. Тэрбээр “Хятадын хил гаалийн шинэчлэл хэтэрхий удааширч байгаа. Энэ нөхцөл байдалд ахиц гарахгүй бол бидний зүгээс өөр зах зээлийг судалж эхэлнэ” гэв. Энэ нь нөгөө талдаа ОХУ болон Монголд нүүрсний үнээ өсгөх, Хятадтай илүү ажил хэрэгч яриа өрнүүлэх боломжийг олгож байна.
Монголоос энэхүү чуулганд “Эрдэнэс Тавантолгой”, МАК, “Өсөх зоос”, “Энержи Ресурс”, “Мон Эн Ко” компаниас гадна “Монгол нүүрс” ассоциаци бодлогын түвшинд оролцож, шинэ яриа хэлэлцээ эхлүүлэх уулзалтыг өрнүүлсэн юм. Манай улсын төсвийн орлогыг зэстэй дөрөө харшуулан бүрдүүлж буй нүүрсний үнэ 2019 онд тогтвортой байхаас гадна ашгаа нэмэгдүүлэх завшааныг зах зээл олгож байна.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ