Солонгосын шинэ үеийн яруу найргийн нэгэн өвөрмөц төлөөлөл болсон Гуаг Хюхуань найрагчийн бүтээлийн тухай яриаг ‘Солонгосын хойгт өвөлждөг шувууд’ шүлгээр эхэлмээр санагдсаны учир энэ шүлэг надад онцгой мэдрэмж төрүүлснийх... Байгаль нуур, Монголын тал нутаг, Амар мөрнөөс нисэн ирж Солонгосын хойгт өвөлжих зүсэн зүйлийн шувууд...
“...Цэн тогоруу далавчаа дэлгэн дэвэх үүрийн гэгээ, наранд биеэ ээх бүргэдийн залхуурам үд, тогоруудын гэр бүлийн үдээс хойшхи зугаалга, идшээ хайн нүдээ чилээх ойн сар шувууны үдэш, шархадсан ч үүрээ орхин нисэн ирэх хос отгот шунгуур, махир хошуугаараа биесээ илбэн хайраа түгээх хар нүүрт халбаган хошуут, хар залаагаа намируулан сэлэх ганцаардмал мандир бохио, өвлийн голыг харалтал бүрхэн бүжих сүрэг зэрлэг нугас, буурал галуу, манхин галуу, зэрлэг галуу, хун, цармын бүргэд, шовтгор алаг нугаснуудыг зураад л арилгаад л ахин дахин зураад л... гуниг төрөм, хайр төрөм, өрөвдөм, уярал төрөм үзэсгэлэнтэй ангамал өвлийн уран зураг.
Өнөө шөнө, энэ бүгдийг тэвэрсэн хөндийд цас нэвсийтэл ороход
Өнгө нь мөнгөлөгтөн гялалзах өвлийн тэнгэр бүүдийнэ
Би, хоёр далавчаа цэхлэн дэлгээд хөөрнө
Би тасралтгүй, хэлбэргүй бүжгээр өгүүлнэ
Өө, ингэхэд намайг сонсохсон болов уу, Та?”
‘Солонгосын хойгт өвөлждөг шувууд’ шүлгийн хэсгээс
Солонгосын хойгийн өвлийн байгалийн үзэсгэлэн гэнэт өөр нэгэн зураглалаар солигдох гайхамшигт агшин... Найрагчийн шүлэгт олонтаа дурдагддаг өмнөд, хойдын Пэг Сог, Юу Наг, Юн Дунжү, Шин Дэчоль, Ли Чонжүн, Ким Жунсам... за тэгээд дэлхийн иргэн Лев Николаевич Толстой, Орхан Вели Каник, Кавабата Ясунари, Оскар Уайлд, Марсель Пруст нар цаг хугацааны чанадаас Солонгосын хойгт нэгэн дор цугларч Гуаг Хюхуань найрагчийн онгодыг нь хөглөж, оюун санааных нь ундарга болох мэт сэтгэгдэнэ... Хэн нь далавчаа дэвэн нисэх цэн тогоруу, хэн нь шунганан эргэлдэх цармын бүргэд, хэн нь хар залаагаа намируулан хөвөх гуниглалт мандир бохио, хэн нь халуун дулааныг хүсэмжлэн ирсэн отгот шунгуур, хэн нь хээрийн зэрлэг галуу, шовтгор алаг нугас болохыг хэлж мэдэхгүй нь, мэдлээ ч онцын ач холбогдол юусэн билээ. Хэлбэр үгүй дүрсийн ертөнцөд наадан бүжигчид гэдгийг л хэлж чадах байна... Гуаг Хюхуань найрагч ч тэдэнтэй адил хоёр далавчаа цэхлэн дэлгэж дээшээ тасралтгүй хөөрөн нисэхийг хүснэ, хэлбэр үгүй дүрсийн ертөнцөд бүжихийг хүснэ. Чингэхдээ бидэнд юуг ч юм бэ хэлэхийг, юуг ч юм бэ сонсгохыг хүснэ... Тэр л хөг аялгуу мөнгөлөгтөн гялалзах өвлийн тэнгэрээс ШҮЛЭГ болон бударч биднийг нэвсийтэл дарна... Газар дэлхийн юм бүхнийг дарна!
Манай энд биш ээ, Пер –Лашез*-д,
Манантай, бороотой, бүүдгэр хотын дундах оршуулгын газар
Магад үхсэн ч амьд хүмүүс, амьд хэрнээ үхсэн бид хамтдаа
Нэгэн өглөөг угтахад,
...Үхсэн ч гэсэн амьдарсаар буй хүмүүсийг зорин очих өглөө
Үйлийн үртэй хагацлыг би одоохондоо мэдрэхгүй л байна
Цэнгэлт зуныг саравчилж алдсан, сэрүүхэн ийм л нэг өдөр
Цэцэгс уйдам усархаг бороо асгараад нэг л бүүдгэр байна
Энд бүх юм сааралтаж норсон байна
Эхлэлийг нь хэзээд санах боломжгүй байдаг учир
Өнгөрч одсон төгсгөлийг өршөөх боломжгүй учир
Өдөр хүртэл харанхуйлсаар хэвийх сайхан мэт санагдана
Өнөө байхгүй болсон үхэгсдийн цэцэрлэгт миний сүүдэр тод тусна
‘Миний сүүдэр тод’ шүлгийн хэсгээс
Найрагч манантай бүүдгэр өглөө Парисын “Pere Lachaise” оршуулгын газрыг зорин очиж Муллиер, Оноре Де Бальзак, Шопен, Виктор Гюго, Оскар Уайлд, Гийом Аполлинер, Марсель Пруст нарын булшийг эргэж тэдэнтэй хөөрөлдөх мөч... Уртын урт он цагийг гэтлэн үхсэн хэрнээ амьдарсаар л байгаа тэдний тухай, амьд хэрнээ үхсэн юм шиг амьдарч яваа өөрсдийнхөө тухай бодолхийлэн гунихравч... Өнөө байхгүй болсон үхэгсдийн цэцэрлэгт өөрийнх нь сүүдэр тодоос тод тусаж буйг олж харна. Энэ л сүүдэр түүнийг онхи өөр замаар урагшлах ёстойг ухааруулна...
Тэрээр...
Түнэр харанхуй замаар
Түрүүлж алхсан хүний мөр даган хаа нэгтээ дуусаж, хаа нэгтээ эхлэх шинэ замыг бэдрэн алхахдаа...
Надад “Баярлалаа!” гэж хэлээрэй!
Надад “Баярласан шүү...” гэж бас хэлээрэй
Тэгвэл би өнөөдөр ч гэсэн ахиад л энэ замд гарна
Тэртээд ногоорох талыг ундаалах голын усанд ч зам бий
Тэр замаас цаашлаад, замын цаана ч ахиад л өөр зам бас бий... /‘Түрүүлж алхагсдын зам’ шүлгээс/ гэсэн итгэл найдвараар жигүүрлэн өнө мөнхийн эрэлд хатна. Түүнийг ариун гэгээн, эрхэмсэг хүслүүд эзэмдэнэ. Найрагч үзгээ шүүрэн авч нууцлаг тарнилаг үгсийг шүлэг болгон буулгана. Тэрээр өөрийн замыг хэдийнэ олжээ...
Цаг хугацаа бол нэг талаасаа байгаль дээрх юмс үзэгдлийн юунд ч захирагдашгүй эмх цэгц, логик дараалал нөгөө талаасаа тоолж боломгүй эмх цэгцгүй хөг аялгуу. Яруу найрагч хүн байгалийн хуулиас гажуудсан энэ л хөг аялгууг онон барьж зөн совин, сэрэл мэдрэмжээ хөглөнө. Энэ л зөн, сэрэл мэдрэмж цаг хугацааны чанад дахь юмсын далд нууцад нэвтрэн орж тэдгээрийн дотоод гоо сайхныг шүлэг болгон буулгана. Гуаг Хюхуань найрагчийн сэрэл мэдрэмж цаг хугацааны чанад дахь нууцад нэвтрэхдээ ...намаг балчигт үндэслэж, үхлийг сөрөх мэт бяцхан дэлбээгээ шөнөдөө хумих наран мэт үзэсгэлэнт бадамлянхуа цэцгийг тэвэрсэн зуун дөчин сая жилийн ирээдүйг... тэмтрэнэ. /‘Зуун дөчин сая жилийн ирээдүй’ шүлгийн хэсгээс/
Түүний шүлэгт байгалийн өнгө будгийн зураглал сэтгэлийн эмзэглэл, гуниглалт аястай холилдох боловч ирээдүй цагийн гэрэл гэгээ, итгэл найдварыг ямагт тээнэ... “Цэвдэг мөст намагт хөндий эзэнгүй мэт ёозгүй” дүнсийж, энэ нь газар дэлхийн юм бүхнийг хайр найргүй дарах мэт боловч амьдралын үүрийн гэгээ гийхэд намгийн мөс хайлж гол ус гэсэн модон завьтай загасчны сэлүүрийн хөдөлгөөнөөр усны мандал дээр дугираг толио үүсэж буй нь шинэ амьдрал, шинэ хөдөлгөөний бэлгэдэл болно. Цэвдэгшсэн амьдралыг сэрээх шүлгийн амьд хүч нь загасчны модон завь, усны мандал дээр толиорох дугираг долгио, үсчин баясах загаснууд, үймэлдэн шуугих шувууд, хунчир цэцэг, өвс ургамлыг ягаан өнгөөр будахаар яаран ирж буй хавар цаг... Үнэхээр гайхалтай гуниглалт бас гэрэлт агшин. Энэхүү шүлэгт бадамлянхуа цэцэг ирээдүй цагийн бэлгэдэл болон оршиж зуун дөчин сая жилийн тэртээх амьдралыг гэрэлтүүлж байна.
Түүний ‘Эмнэлгийн өрөө’ шүлгийг авч үзье... Хорьдугаар зууны эмгэнэл, хүн мөсний цэвдэгшил, гуниглалт өнгө төрхийг эмнэлгийн өрөөнд өрнөх ахархан зураглал харуулна. Эмнэлэгт хэвтэх зуур төрсөн мэдрэмжээрээ орчин цагийн соёл иргэншлийн өр төлөөсийг дамжуулна. Хүнд сорилт, архаг ядаргаа мэт энэ зууны хэв маягийг эмнэлэгт хэвтэх найрагчийн “ялтных шиг” хувцас төлөөлнө... Найрагч ганцхан үгээр санаагаа ийм гүнзгий илэрхийлэх ажээ.
...Дэлхий ертөнц бол эмнэлэг гэж бодох нь хорьдугаар зууны хэв маяг юм. Нар сайн тусдаг энэ өрөөний цонхон дээр шинэ танилуудтайгаа гангар, гунгар хийн цагийг өнгөрүүлж, бас дараа нь тэдний хэн нэгэнтэй гудиггүйхэн салж хагацах нь энэ зууны хэв маяг мөн гэдэгт би итгэхээр болов.
Өглөө нүдээ нээхэд толгойн тушаа удвал цэцгийн ганц баглаа тавиастай байвал тунчиг сайхан санагдахаар шөнө байх чинь... /‘Эмнэлгийн өрөө’ шүлгээс/
Гангар гунгар хийж байсан хэн нэг нь үгүй болоход байх л ёстой зүйл мэтээр хүлээн авч буй дүлий дүмбэ оргих цаг үедээ сэтгэл гонсойвч өглөө нүдээ нээхэд толгойн тушаа нь байх цэцгийн баглаа итгэл найдварыг өгч байна. Маргаашийн бэлгэдэл болох энэ цэцэг хэдийнэ соёолжээ. Өглөө нүдээ нээхэд толгойн тушаа удвал цэцгийн ганц баглаа тавиастай байвал тунчиг сайхан санагдахаар шөнө байх чинь... Энэ шүлэгт өгүүлэгдэж буй ‘шөнө’ шинэ бүхний эхлэл гүнд нь соёолж буй хуучин бүхний төгсгөл!
‘Улаан тал’ (Хуантү тал 2) хэмээх шүлэгт урд өмнө нь энд ус байсан гэх дурсамж хүртэл баларсан говь цөлтэй улам л адил болсоор байгаа улаан тал нутгийн тухай өгүүлнэ. Тэнгэрийн хаяа ч харагдахгүй улаан тал, хил хязгааргүй үргэлжлэх улаан тал, улаан уул, цаана нь ахиад л улаан уул... Найрагч энэ улаан талын газрын зургийг зурна, тэнд салхи алга... салхи хөдөлгөөний эхлэл, энд ямар ч хөдөлгөөн алга... хаашаа л харна хил хязгааргүй үргэлжлэх ангамал улаан тал... Энэ шүлэгт бүхэлдээ ангамал байдал мэдрэгдэвч айдас төрөхгүй байна. Учир нь шүлгийн төгсгөлд итгэл найдвар харагдаж байна.
...Тэнд энд хаа нэг үзэгдэх хад чулуу,
наранд шарагдаад шатаж харласан
Тачирхан бут сөөгний ногоон туяа
Ичимдэгний хэдэн үс шиг хатаж хорчийсон зун
Усгүй ангамал шороон далайн дундах
Улаан тоосгон байшингийн
хуучирч гажсан цонхны завсраар гэрэл тусна...
‘Улаан тал’ шүлгийн хэсгээс
Наранд шатаж харласан бут сөөгний бүдэгхэн “ногоон туяа” амьдралын бэлгэдэл болж байна. Усгүй ангамал шороон далайн дундах улаан тоосгон байшингийн хуучирч гажсан цонхны завсраар тусах гэрэл... Ирээдүй цагийн итгэл, найдварыг өгч байна. Усгүй ангамал шороон далай, улаан өнгөтэй тоосгон байшин, хуучирч гажсан цонх зэрэг нь өнгөрснийг харуулж буй бол цонхон завсраар тусах “гэрэл” шинэчлэлийг бэлгэдэж, хуучин бүхний гүнд шинэ зүйлийн эхлэл соёолж буйг харуулна. Найрагч шүлэгтээ этгээд адилтгал зүйрлэлийг онч донжийг нь олж шигтгэх ажээ, тухайлбал “Ичимдэгний хэдэн үс шиг хатаж хорчийсон зун” гэсэн зүйрлэл нь шүлгийн амьсгалд яв цав нийцэж, яагаад ч юм хатаж хорчийсон армаг тармаг бут сөөгтэй ангамал улаан талын цангамал зуныг санагдуулна...
Дээрх шүлэгтэй холбоо бүхий ‘Улаан туяаны хүмүүс’ (Хуантү тал 1) шүлэгт нөгөө л хил хязгаар нь бүдгэрч, улаан зураасаар хүрээлэгдсэн тал гарна, тэнд мөн л улаан шороо, улаан гол, улаан тоосгон байшин дүрслэгдэнэ... Хэдэн арван мянган жил урссан энэ л улаан усны долгионд уусан хэдэн арван мянган жил үргэлжлэх цаг хугацаа... Хил хязгааргүй үргэлжлэх элчилгүй улаан талын дундуур хаа нэг тийш хөтлөх зам зурайж байна. Энэ зам маргаашт хүргэх зам! Улаанаар эргэлдэх энэ газар улаан туяаг дагаж хэдэн үеэрээ амьдарч ирсэн хүмүүс бий... Улаан туяат гэрлийн хязгаарт буй тэр хүмүүс шүлгийн гол амьсгал болж байна.
Энэ улаан голд
хичнээн их цаг хугацаа урсан ирж
Тэндээс бас, хэн нэгэн нь урсан одно
Энэ давалгааны төгсгөлд
надтай адил өөр нэгэн би байх юм шиг санагдана
‘Улаан туяаны хүмүүс’ шүлгийн хэсгээс
Энд зах хязгааргүй үргэлжлэх улаан талыг ‘улаан гол’ гэсэн имижээр төлөөлүүлжээ. Энэ шүлэгт хөдөлгөөн оршиж байна. ‘Улаан тал’ шүлэгт салхи ч үгүй, хөдөлгөөн ч үгүй... ангамал тал, улаан уул, харлатал хатсан бут сөөг, ангаж цангасан зун байсан бол энэ шүлэгт хөдөлгөөн орж ирж байна. Улаан гол, зам, улаан туяат гэрэл... түүнийг дагаж амьдрах хүмүүс, урсан өнгөрөх цаг хугацаа урсан одох хүмүүс... энэ давалгааны төгсгөлд өөрийг нь тосох өөртэй нь адил хэн нэгэн... Шүлгийн амь амьсгал нь улаанаар эргэлдэх энэ газар “хэдэн арван мянган жил урссан улаан усны долгионд уусаад хэдэн арван жил тэр чигтээ улаан”-аар туяарах тэр л гэрлийг дагаж хэдэн мянган жил амьдарсаар ирсэн хүмүүс юм. Энд яруу найргийн дээд мэдрэмж, уран бүтээлийн эрх чөлөөг хүсэмжлэх эрэлхийлэл орших ажээ.
Гуаг Хюхуань найрагч хэдэн зуун жилийн настайг нь ч хэлж мэдэхгүй, хэзээнээс эхлэн тэнд байсныг ч мэдэхгүй хөдөө тосгоны үрийг тээн хөх тэнгэрийн дөрвөн зүгт мөчрөө сарвайлгасан....
...Хальс мэт холтос нь энд тэндгүй хууларч унасан
Хатангир хөгшин хайлаасыг
Түшиж суугаад амсхийхдээ хэн нэгний тухай бодов
Түүнтэй адил байхыг хүссэн, эсвэл адил байсан байж мэдэх
Түүн шиг амьдрахыг хүссэн, эсвэл тэгж амьдарсан хэн нэгний тухай... бодолхийлснээ
Аав шиг минь энэ хөгшин хайлаас шиг би
Амар хялбархан ганхаж дайвахгүй
Эрт бөхөхгүй. Тэгээд бас нартаас
Эгнэгт арилах шиг замхарч одохгүй ээ... /‘Хөгшин хайлаас’ шүлгээс/ хэмээн өөртөө андгайлна. Тэгснээ өөрөө өөртэйгээ зөрчилдөж
Жилээс жилд үрчлээс,
бас амьдралын намтар л нэмэгдэх юм даа гэж ярилцах
Басхүү хүчтэй, дайчин явсан хүмүүсийг орхиж
Үг дуугүй алхахад энэ замын төгсгөлд
чулуун хашаатай байшин тосох юм шиг санагдана
Тэр байшингийн чулуун хашааг налаад, ширэлдсэн үсээ илэнгээ
Амьдралынхаа тулгуур болсон намтрыг завсарлаж
Амсхийх завгүй амьдарсан өдрүүдийнхээ дурсамжыг арчихыг хүснэ
Элсний ширхэгээр, далайн манангаар бүгдийг хучин орхихыг хүснэ /‘Доор’ шүлгийн хэсгээс/. Энэ тийм байх боломжтой гэж үү? Боломжгүй мэт. Их холын аянд гарсан найрагч нэгэн цагт амсхийх завгүй амьдарсан өдрүүдийнхээ дурсамжаар өөрийн байшинг босгоно. Тэрээр газрын зурагт тэмдэглэгдээгүй замын төгсгөлд хэн ч нурааж үл чадах улаан тоосгон байшин босгож орхиод буцна. Яруу найрагч өөрөө мөнх амьдардаггүй, харин түүний зүрх сэтгэлийн нэгээхэн хэсэг болсон шүлэг туурвил л мөнхөрч үлдэнэ. Гуаг Хюхуань найрагч өөрийн алдрыг өргөх байшингийн суурийг бат тавьжээ... Тоосгоо өндөрлөсөөр л!
Яруу найрагч, судлаач Гомбожавын БЯМБАЖАВ