Ирэх онд Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой тохионо. Тус ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ. Хуралд, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Цэрэг, Агаарын цэргийн атташе Петрунин Павел Владимирович, мөн тус яамны Хэвлэл мэдээллийн ажилтан Сятчихина Татьяана Михайловна болон Дорнод аймгийн Халхгол сумын "Ялалт” музейн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Мягмарсүрэн, тус музейн захирал А.Чинбаян нар оролцсон юм.
Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд Монгол, Оросын Засгийн газар хамтран олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Цэрэг, Агаарын цэргийн атташе Петрунин Павел Владимирович Энэхүү Халх голын ялалтын 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд түүхт ялалтын олон улсын ач холбогдол, халх голын дайны эхлэл, төгсгөлийн учир шалтгаан зэрэг түүхийн үнэнийг бид ирээдүй хойч үеийнхэнд болон амь үрэгдсэн ахмад дайчдын үр хүүхэд, төрөл төрөгсдөд хүргэж ажиллахыг хүсэж байна. БНХАУ-д болсон "Бүс ба Зам” дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Халх голын байлдааны 85 жилийн ойд урьж, ОХУ-ын төрийн тэргүүн урилгыг хүлээн авсныг та бүхэн мэдэж байгаа” гэв.
Мөн Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Мягмарсүрэн халх голын дайн бол дэлхийн 2 дугаар дайны эхлэл юм гэдгийг онцолж байлаа.
ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэл мэдээллийн ажилтан Сятчихина Татьяана Михайловна "Халх голын байлдаан манай хоёр орны түүхэнд тодоор бичигдэх том ялалт байсан бөгөөд халх голын тулалдаан нь манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа, эх оронч үзэл санааны үр дүн байсан гэдгийг онцлоод, халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг угтсан бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу явж буйг хэллээ.
Төлөвлөгөөт ажлын хүрээнд Монгол-Оросын залуучуудын хамтарсан экспедиц аялуулах, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хүүхэд залуус дунд уран зургийн уралдаан, үзэсгэлэн зохион байгуулах зэрэг олон ажил төлөвлөөд шат дараатай хэрэгжүүлнэ, Халхын голын байлдаанд Зөвлөлтийн болон Монголын цэргүүд хамтын ялалт байгуулсны ач холбогдлын тухай олон улсын эрдэм шинжилгээ, практикийн бага хурал явуулах, Халх голд алтан амиа алдсан дайчдын дурсгалд зориулсан "Мөнхөд дурсагдах дайчид” жагсаал зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэдгийг онцлов. Мөн ОХУ-д Халх голын ялалтын 85 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх бэлтгэл ажлуудыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд манай улсын хувьд, ойг угтаж, Улаанбаатар хот дахь маршал К.Жуковын нэрэмжит талбайг сэргээн засаж дуусаад байгааг дуулгалаа. Мөн Дорнод аймгийн төв Чойбалсан хотод К.Жуковын хөшөөг босгох талаар шийдвэрлээд байна гэсэн юм.