Эсрэг тэсрэг байр суурь
Д.Хаянхярваа: Мөрийн хөтөлбөрийг ном дүрмийн дагуу хийсэн
/МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн/
-Өнөөдрийн
эдийн засаг юун мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхтэй мантай байна. Мөрийн
хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж хэлэхэд бэрх эдийн засагтай болчихоод байгаа.
Мөнгө, хөрөнгө, санхүү өнөөдөр бидний тооцоолж байснаас үнэхээр доогуур
байна. Ганцхан жишээ хэлэхэд, АН-ынхан өнгөрсөн 6-7 дугаар сард гэхэд
нэг их наяд гаруй төгрөгийг хууль бусаар зарчихсан. Тэр нь өнөөдөр төсөв
дээр ачаа болоод сууж байна. Төсвийн алдагдал их байгаа. Бид ирэх жил
зөвхөн төсвийн алдагдлаа нөхөж, зээлийн төлбөрөө өгөхөд төсөв хүрэхгүй
болчихоод байна.
Ийм байдалтай байгаа гэхэд харин ч бид
сайжруулна, болгоно, хийнэ гээд бүх зүйлийг мөрийн хөтөлбөрт тусгаж
өгсөн. Мөрийн хөтөлбөрөө МАН хэрэгжүүлнэ. 2016, 2017, 2018 онд жаахан
хүнд жилүүд байж магадгүй. Тиймээс мөрийн хөтөлбөрийн хэрэгжих заалтууд
хугацааны хувьд зарим нэг нь хойшоо шахагдах асуудал гарахыг бид
үгүйсгэхгүй. Яагаад гэвэл эхний ээлжинд унаж, доройтчихсон байгаа эдийн
засгаа жаахан тогтворжуулжах хэрэгтэй. Уналтаа зогсоож, эдийн засгийн
боломжтой болмоор байна. Агуулгын хувьд бүх зүйл Засгийн газрын мөрийн
хөтбөлбөрт тусгагдчихсан.
Л.Энх-Амгалан: Ирэх дөрвөн жилд зорилтуудаа хэрэгжүүлнэ
/УИХ-ын гишүүн/
-Бид
хүн амынхаа бүх давхаргад хүрсэн бодлого явуулахаа амласан. Сургуулийн
өмнөх насны хүүхдүүдийн цэцэрлэгийн хангамжийг ирэх дөрвөн жилд
шийдвэрлэх, хүүхдүүдийн сурах орчин, сурах бичгийн хүрэлцээ, багш нарын
чадварыг дээшлүүлэх зорилтуудыг тавьсан. Мөн их, дээд сургууль
төгсөгчдийг ажлын байраар хангах, оюутан нь өөрөө боловсролынхоо зээлийг
авч, зээлээ өөрөө төлдөг байх, төгсөгчдийг ажлын байраар хангах,
ахмадуудын тэтгэвэр тэтгэмж нь амьдрал ахуйд нь хүрэлцдэг байх, нийт
иргэдээ жил бүр эмчилгээ оношлогоонд хамруулах гээд том зорилтууд бий.
Энэ
зорилтуудаа Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөр болгож баталлаа.
Засгийн газар мөрийн хөтөлбөр болгоод баталчихсан учраас бид ирэх
дөрвөн жилд зорилтуудаа хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ мөрийн хөтөлбөрийг хоёр
үе шаттай хэрэгжүүлнэ. Яагаад гэвэл өнөөдрийн нийгэм, эдийн засагт
үүссэн хүндрэл, бэрхшээлийг бид 2018 оны дунд үе хүртэл хугацаанд давж
гаръя. Эхний хоёр жилд бид уналтаас гаръя. Тэгээд 2018 оноос 2020 он
хүртэл бид нийгмийн салбарт амласан амлалтуудаа биелүүлнэ.
Хамгийн
чухал нь бид намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын
мөрийн хөтөлбөр болгоод авч байгаа нь чухал алхам. Сонгуулиар амлаж
байсан бүх амлалтууд биелэх шатандаа орж байна. Малчдын тэтгэврийн насыг
таван жилээр наашлуулах, малчдын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах,
эрүүл мэнд тусламж үйлчилгээний хүрэлцээ, чанарыг шинэ шатанд гаргах
эдгээр зорилтуудаа УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны хувьд хэрэгжүүлээд
явна. Ирэх саруудад малчны тэтгэврийн зээлийн хүүг бодитоор бууруулах
боломж харагдаж байна.
Мөн 1072 ширхэг хувьцааны асуудлыг шийднэ.
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ирээдүйд иргэд
маань хувьцааныхаа үнэ цэнийг хүртэх гээд хийж хэрэгжүүлэх ажил олон
байна. Хүүхдийн мөнгийг үндсэндээ 60 хувь хасчихлаа гэж шүүмжилж байна.
Хасаагүй. Яг өнөөдөр хүүхдийн мөнгө шаардлагатай 60 хувьд нь өгье.
Үлдсэн 40 хувьд нь хуримтлал үүсгээд 2019 оноос өгөх боломжтой болно
гэсэн үг.
Эсрэг тэсрэг байр суурь
Л.Болд: Мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг ихээр авсан заалтууд орохгүй
/УИХ-ын гишүүн/
-МАН-ынхан
мөрийн хөтөлбөрөө ард түмэн ярьж, таниулж, ухуулан ард түмний саналыг
авсан. Тиймээс ч өнөөдөр төрийн өндөрлөгт суусан гэж ойлгож байгаа.
Дараагийн дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн тайлбарт эхний хоёр
жил жаахан хүнд байна. Учир нь өмнөх Засгийн газрын үед хүндэрчихсэн
гэсэн байгаа.
Сүүлийн хоёр жил сайхан болно гэх. Гэтэл мөрийн
хөтөлбөрт сайн, муу бүх зүйлээ багтаагаад л хэрэгжүүлэх ёстой гэж
ойлгоод байгаа. Харин энэ удаагийн хөтөлбөрт МАН-ын мөрийн хөтөлбөр
бүрэн туссан юм уу гэхээр 90 хувийг тусгасан байгаа. Харин 10 хувь нь
шаардлагагүй гэж үзсэн гэдэг хариуг эрх баригчид өгөөд байгаа. Тэгэхээр
нь үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг
харьцуулаад үзэхээр 10 хувьд нь маш чухал заалтууд нь үлдчихсэн байна.
Тодруулбал,
боловсролын зээлийн сан буюу оюутны зээлийн асуудал, хүүхдийн мөнгийг
хүүхэд бүрт олгох, цалинтай ээж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал,
тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах, орлого багатай иргэдийг дэмжих зэрэг
иргэдийн саналыг ихээр авсан заалтууд орохгүй байна. Түүнчлэн C вирусын
голомтыг устгана гээд цагаан дээр хараар бичсэн заалт, малчны зээлийн
хүүг буруулна, гэр хорооллын дэд бүтцийн асуудал, түрээсийн орон сууцны
бодлогыг үргэлжлүүлнэ гэх зэрэг заалтууд байхгүй болчихоод байгаа.
Эдгээр
тусгагдаагүй байна гээд асуухаар ямар нэгэн хэлбэрээр орчихсон гэж бүх
амлалтаа унагаагаад байна. Ингэж амлалтаа унагаад байгаа нь ард иргэдээ
хуурсан явдал. Намын мөрийн хөтөлбөрт "Оюутан бүрийг хамруулах” тухай
байгаа бол Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт "дэмжинэ,
өргөжүүлнэ, нэмэгдүүлнэ” гэх зэрэг ялгаварласан зүйл батлагдчихлаа. Энэ
мэт сул үйл үгээр амлалтаасаа буцаж байна.
Б.Пүрэвдорж: Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг дэндүү бөөрөнхий байна
УИХ-ын гишүүн/
-2016
оны сонгуулийн МАН-ын мөрийн хөтөлбөр гайхамшигтай сайхан байсан. Бүх
ард түмэнд буюу бүх төвшинд асуудлыг нь шийдэхээр АН-ын хэрэгжүүлж
байсан зүйлүүдийг илүү давуулан биелүүлэхээр байсан. Гэтэл Засгийн
газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг харж байхад дэндүү бөөрөнхий
байна. Дэмжиж ажиллана, зүтгэх болно гэсэн байдлаар тусгаж байгаад бид
харамсаж байна. АН 2012 онд Засаг авахдаа хоёр тэрбумын зээлтэй хүлээн
авч байсан. Тэглээ гээд АН арагшаа харж улстөржөөгүй. Гэтэл энэ
удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ямар ч эдийн засгийн бодлого
алга.
Сэтгүүлчийн дүгнэлт
"Романтик” хөтөлбөрүүд амьдралд буух нь
Монгол
Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах
тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаад
байгаа. Сөрөг хүчний зүгээс МАН-ын амлалтуудыг мөрийн хөтөлбөрт
тусгагдсан томъёоллоор нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар
нэлээд хүчин чармайлт гаргасан ч бүтэлгүйтсэн юм.
Тухайлбал,
УИХ-ын гишүүн Л.Болд "МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан оюутан бүрийг
тэтгэлэгт хамруулах заалт нь Засгийн газрын энэ хөтөлбөрт зааснаас илүү
сайн томъёололтой байгаа юм. Үүнийг та бүхэн дэмжвэл Оюутны холбооны
ерөнхийлөгч байсан хүний хувьд баярлах байна” хэмээн санал гаргасныхаа
дараа залуу гишүүн Н.Цэрэнбатад хатуу зэмлүүлээд авсан юм. УИХ-ын
залуу гишүүн Н.Цэрэнбат "Та үсээ цайтал Монголын төрд зүтгэсэн, тулхтай
түшээ мөн. Та Монголын Оюутны холбоог өдий зэрэгтэй явахад гар оролцсон
хүний хувьд ингэж ярьж болохгүй ээ. Таны хэлээд буй зүйлс Засгийн
газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд орно.
Та туршлагатай, ахмад,
буурал түшээ хүний хувьд микрофон харахаараа ингэж болохгүй шүү” хэмээн
чуулганы танхим зандраад авсан. Угтаа бол МАН-ын мөрийн хөтөлбөрт
багтсан "халамжийн” шинжтэй хэд хэдэн заалтуудын нэг болох "оюутан
бүрийг сургалтын зээлд хамруулах” тухай заасан байдаг.
Харин
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт "дэмжинэ, өргөжүүлнэ,
нэмэгдүүлнэ” гэх зэрэг ялгаварласан зүйл батлагдчихлаа гэдгийг
хэлсэнийхээ төлөө Л.Болд гишүүн УИХ-ын залуу гишүүнд буурал үстэй, ахмад
хүн байж аятайхан бай хэмээн "загнуулаад” авсан. Түүнчлэн хүүхдийн
мөнгийг 60 хувьд олгоно, 40 хувьд яваандаа олгох, цалинтай ээж, эрчим
хүчний үнийг бууруулах, залуусыг орон сууцаар хангах хөтөлбөр зэрэг олон
асуудал хурцаар яригдсан ч тусыг эс олж, гишүүд олонхоороо хүч түрэн
Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө батлаад авлаа.
Гэхдээ өрийн
таазыг нэмэгдүүлэн, зээл авч, бүтээн байгуулалтыг зогсоож, "Стэнд бай”
хөтөлбөрт хамрагдан, эдийн засгаа "нүдээ бүлтийтэл” чангалуулсан
хатуухан он жилүүд монголчуудыг угтаж байгаа бололтой. Тиймээс
"халамжийн” шинжтэй зарим амлалтуудаасаа татгалзсан нь зөв ч байж болох
юм.
Тэгээд ч энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн
хөтөлбөрийг төсөвтэйгөө уялдаж чадаагүй гэдгийг мэдэх хүмүүс хэлж буй.
Гэсэн
хэдий ч эрх баригчид сонгуулийн үеэр амласан учир хэрэгжих эсэх нь
тодорхойгүй амлалтуудаа мөрийн хөтөлбөртөө багтаасан. УИХ-ын гишүүн
Ж.Батзандангийн хэлсэнчлэн "Насны хишиг”, "Ач санах”, "Нутгийн зон”,
"Жаргалтай ээж” гээд романтик хөтөлбөрүүд Засгийн газрын үйл ажиллагааны
мөрийн хөтөлбөрт тусгагдчихлаа. Тиймээс одоо хэрэгжих эсэхийг л хүлээх
үлдлээ. Юутай чсөрөг хүчний хувьд МАН-ынхан Засгийн газрын мөрийн
хөтөлбөртөө чухал заалтуудаа тусгаж чадаагүй, сонгогчдыг хуурсан хэмээн
дүгнэж буй. Харин эрх баригчдын зүгээс эдийн засаг хямралтай энэ
жилүүдэд харин ч мөрийн хөтөлбөртөө хэрэгжиж болох бүх амлалтуудаа
боломжийн хэмжээнд тусгаад өгчихсөн хэмээн дүгнэлээ.
Эх сурвалж: MMINFO.mn