СҮЛЖЭЭНИЙ ЛУЙВРААР АМЬДРАЛАА ЗАЛГУУЛДАГ ХЭСЭГ ХҮНИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
Сүлжээний бизнес буюу сүлжилдсэн луйврын хэрэг дуусахгүй нь. Харин ч улам бүр цэцэглэсээр байна. "Жи тайм”-ын дуулиан намдаагүй байхад "Stamford” нэртэй сүлжээний бизнест залилуулсан гэх эмэгтэйчүүд цагдаагийн байгууллагад ханджээ. Тэд "Би машинаа зараад энэ сүлжээнд орсон. Манай эгч, миний найз намайг сүлжээнд оруулсан. Биднийг хохиролгүй болгож өг” гэж цамнасан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж, сэрэмжүүлэв. Энэ талаар тодруулбал, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдэлгэр "Одоогоор "Stamford” гэдэг сүлжээтэй холбоотойгоор нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 14 гэмт хэрэгт хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Цагдаагийн байгууллагад өнгөрсан сарын 28-ны байдлаар энэ төрлийн буюу сүлжээний 19 гэмт хэргийг шалгаж байна. Түүнд нийт 17 мянган иргэн элссэн бөгөөд албан ёсоор 39 хүнийг хохирогчоор тогтоон шалгаж эхэлсэн бөгөөд хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байгаа аж. "Хэн нэгэн үл үзэгдэгчийн гарт 1000 ам.доллар атгуулаад хэсэг хугацааны дараа түүнийгээ 2000 болгож аваад түүгээрээ байшин бариад сайхан амьдарна” гэж хэзээ ч биелшгүй зүйл мөрөөдсөндөө тэд алджээ. Толгойгоо ажиллуулахгүй, биеэ зовоохгүйгээр хялбар аргаар мөнгө олох шунал, гэнэн бодол нь тэднийг гэмт хэргийн хохирогч болоход хүргэсэн. Цагдаагийн байгууллагаас "Понзи залилангаас болгоомжил”, "Пирамид сүлжээний залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжилнэ үү” гэх мэтээр сануулдаг ч иргэд түүнийг ойшоодоггүй байна. Анхааруулж, сэрэмжлүүлсээр байтал эцэст нь тэд хохирогч болж, харамсч халагладаг жишиг тогтсон гэхэд болно. Хамгийн харамсалтай нь, ойр дотнын хүмүүстээ мэдэгдэлгүйгээр иргэний үнэмлэхийг нь авч очин бүртгүүлж, өмнөөс нь мөнгө төлж хохирогч болгосон тохиолдол ч гарчээ. Энэ талаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд зааж, хориглосон гэдгийг цагдаагийн байгууллагаас тодотгосон юм.
"ХЯЛБАР АРГААР МӨНГӨ ОЛОХ ШУНАЛАА ДАРЖ, "ЯАЖ” ГЭЖ ЗААВАЛ АСУУГААРАЙ”
Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэдийн сэтгэлгээнд тулгуурлан сүлжээний гэмт хэрэг газар авч, олон хүн хохирч үлдсэн жишээ бол "Stamford”, "Жи Тайм”. "Жи тайм” сүлжээний улмаас 500 гаруй хүн дөрвөн тэрбум төгрөгөөр хохирсон бол "Stamford” гэх сүлжээний бизнес нэрийн дор бусдаас 100 гаруй тэрбум төгрөг залилсан байдаг. Иймд хууль бус ямар нэгэн сүлжээний бизнес Монголд нутагшин үйл ажиллагаа явуулж эхлэхэд нь бусдаас түрүүлж бүртгүүлэн урамшуулал авсныхаа дараа олон нийтийг уриалж, тархийг нь угаадаг хэсэг бүлэг хүн байгааг цагдаагийнхан олж тогтоон шалгаж эхэлсэн. Ийн гэнэн итгэмтгий, амархан мөнгө олох хүслээ захирч чаддаггүй хүмүүсийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, тэдний бодлогогүй үйлдлийг таслан зогсоох алхам хийжээ. Хэрэв нэр өөрчлөх, урамшуулал олгох, бараа бүтээгдэхүүнээр үйлчлэх санал тавиад хариуд нь ногдол, ашиг урамшуулал олгосноор итгэмээргүй баян болгох төлөвлөгөө танилцуулж, таныг татан оруулахыг хүсвэл хялбархан аргаар мөнгө олох, байгаагаа хурдан өсгөх шуналаа түр дараад "яаж” гэж заавал асуугаарай. Ингэх ямар ч боломжгүй, элссэн сүлжээ чинь эцэст нь дампуурч эд хөрөнгө, сэтгэл зүйгээрээ хохирч үлдэнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас сануулж, сэрэмжлүүлсээр байна.
ПИРАМИДЫН ОРОЙ ДЭЭРХ ХҮМҮҮС ЗАВШААД, СҮҮЛЧИЙНХ НЬ ХООСОН ХОЦОРДОГ ЗАРЧИМТАЙ
Монголчууд нэгдвэл хүчтэй, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулагчид байж чадмаар. Ингэж тодотгосны учир нь, үүсээд буй нөхцөл байдлаас харахад 35 мянгуулаа нийлээд 56 тэрбум төгрөгийг үл мэдэгдэх нэгэнд хандивлачихсан байгаа юм. Уг нь дийлэнх хүн банкинд зээлтэй, "Хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхөж” амьдардаг гэдэг. Тийм болохоор цалин, тэтгэвэр, тэтгэмжээ нэмүүлэхээр жагсч, тэмцдэг гэж ойлгодог. Гэтэл харин бодит байдал тийм биш бололтой. Аль эсвэл бид 100 мянган төгрөг аваад 300 мянган төгрөг өгдөг бизнесийн зарчим хаана ч байхгүйг ойлгох сэхээгүй, санхүүгийн суурь мэдлэггүй хүмүүс гэж үү. Иймд сүлжээний бизнест хэдэн насны, ямар хүмүүс холбогдож байгааг тодруулсан юм. Цагдаагийн байгууллагын судалгаагаар сүлжээний бизнест элсч хохирсон хүмүүсийн 16-20 хувь нь ямар үйл ажиллагаанд оролцож байгаагаа мэдэлгүй гишүүнээр бүртгүүлсэн буюу зөвхөн ашиг харсан. Харин 15-20 хувь нь ашиг, урамшуулал хүртдэг бол 80-85 хувь хохирч үлддэг байна. Эндээс харахад сүлжээний луйварт хамгийн эхэнд элссэн цөөхөн хэдэн хүн урамшуулал авдаг бол дийлэнх нь хоосон хоцордог байна. Мөн хохирсон иргэдийн 40-45 хувь нь ид хөдөлмөрлөа буюу 22-30 насны залуус бол 75 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Түүнчлэн залилан, сүлжээний луйварт итгэж мөнгөө тушаасан хүмүүсийн ихэнх нь ах, дүү, хамаатан садан байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байв. Бүр гэр бүлийнхээ гишүүнд мэдэгдэлгүйгээр өмнөөс нь мөнгө тушаадаг тохиолдол ч цөөнгүй гарчээ. Товчхондоо, сүлжээний бизнесийн зарчим бол пирамидын орой дээрх хүмүүс завшаад, сүүлчийнх нь хоосон хоцордог явдал юм . Монгол Улсын хувьд пирамид тогтолцоо, луйврын арга ашиглан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг анх 1998 онд бүртгэгдэж байжээ. Тухайн үед "Шинэ санаа төв” төрийн бус байгууллагаас "Хөрөнгө оруулалт” нэрээр пирамид тогтолцооны луйврын арга ашиглан 2000 гаруй иргэнээс тэрбум 400 сая төгрөг төвлөрүүлж 1200 орчим хүнд 920 сая төгрөгийн хохирол учруулж байсан аж. Харин 2007-2012 онд пирамид тогтолцооны луйврын арга ашиглаж байсан 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 7600 иргэнд 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 36 хүнд холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүхээс гэм буруутай этгээдэд зохих ял шийтгэл ногдуулж байжээ. Сүлжээний бизнес Монголд бүртгэлтэй дансанд мөнгө хуримтлуулаад гадагш гаргадаг байжээ. Энэ тохиолдолд хуулийн байгууллагаас үйл ажиллагааг нь таслан зогсоож, хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой байсан бол одоо гадаад данс руу шууд гүйлгээ хийдэг болжээ. Сүүлийн үед хүчээ авч, олон мянган иргэнийг хамраад байгаа "Жи тайм”, "Stamford” гэх мэт сүлжээ үүгээрээ бусдаас өөр гэнэ. Иймд аль улсад ямар данс байгааг интерполоор хайдаг ч илрүүлэх боломж хомс гэдгийг цагдаагийн байгууллагаас батлан хэллээ.
СҮЛЖЭЭНИЙ ЛУЙВАРТАЙ ТЭМЦЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БИЙ ЮҮ
Залилангийн хэрэг жил ирэх тусам өсч байгааг хуулийн байгууллагын албан ёсны мэдээллээс харж болно. Тухайлбал, нийслэлд 2016 онд 1908, 2017 онд 2659 хэрэг бүртгэгдэж байсан бол энэ оны долоодугаар сарын байдлаар 2570 болоод байна. Харин улсын хэмжээнд 2016 онд 2165, өнгөрсөн онд 2996, энэ оны долоодугаар сарын байдлаар 2941 хэрэг бүртгэжээ. Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга ашиглан үйлдэж байгаа гэмт хэргийг дэлхийн олон оронд хориглодог бол Монгол Улсын хувьд ийм байдлаар зохицуулдаг. Тодруулбал, 2001 онд баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд "Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заажээ. Тэгвэл 2015 онд баталсан Эрүүгийн хуульд олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга ашиглан залилах гэмт хэргийг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр зохицуулсан бол 2017 онд баталсан Зөрчлийн тухай хуульд "Хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгж, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч шалгах хуулийн зохицуулалт ч бий.
АМАР ХЯЛБАР АРГААР МӨНГӨ ОЛОХ БОДЛООСОО САЛАХ ЦАГ БОЛСОН
Үүнээс харахад манай улсад залилан, сүлжээний луйврын хэрэгт хүлээлгэх хариуцлага, хууль эрхзүйн зохицуулалт хангалттай байгаа ч жил ирэх тусам хохирогчдын тоо, мөнгөн дүн өсөөд буйг иргэдийн санхүүгийн боловсрол, ухамсартай холбож ойлгохоос өөр аргагүйг хуульчид хэлж байна. Тухайлбал, хуульч Г.Оюунболд "Сүлжээний луйврыг хууль сахиулах байгууллагынхан анхан шатанд нь таслан зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол маш олон хүн хохирч байна. Иргэд сүлжээний луйварт итгэн хохирч байгаа гол асуудал нь санхүүгийн суурь мэдлэггүй байгаа явдал юм. Иймд ерөнхий боловсролын сургуулиас нь санхүүгийн мэдлэг олгох хэрэгтэй” гэв. Тэрбээр сүлжээний бизнесийн зар тавих үеэс нь энэ асуудлыг таслан зогсоох хэрэгтэйг санууллаа. Сүлжээ гэдэг нь Ponzi схем буюу бидний сайн мэддэг пирамид хэлбэрээр маш удаан хугацаанд үргэлжилдэг томоохон луйвар аж. Ихээхэн мөнгө хуримтлуулах хүртлээ нэлээд хугацаа шаарддаг учраас энэ хооронд залилан мэхлэх шинж бүрэн илэрдэг учраас таслан зогсоох боломжтой талаар хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл ярилаа. Тэрбээр "Сүлжээний бизнес, луйврын талаар иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх хэрэгтэй. Түүнээс аль нэг хуульд өөрчлөлт оруулаад ахиц гарахгүй. Хуулийн зохицуулалт, хүлээлгэх хариуцлага хангалттай бий” гэсэн юм. Хууль хяналтын байгууллагаас сүлжээний бизнесийн талаар иргэдэд сэрэмжлүүлж, нүдэн дээр нь олон мянган хүн хохирогч болоод байхад л түүнд элсээд байдаг нь харчирхалтай. Иймд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн бодлоосоо салах цаг болсныг хууль хяналтынхан, хохирогчид ч хэлж, анхааруулж, сануулж байна. Иргэн та л 100 мянган төгрөгөө 300 мянга болгох явцуу бодол тээж ямар нэгэн сүлжээнд элсэхгүй бол тэд хөгжихгүй, бас олон зуун иргэн хохирохгүй.
С.ЮМСҮРЭН