Ерөнхий
сайд асан Ч.Сайханбилэг 2016 оны зургаадугаар сарын 27-нд "Эрдэнэт
үйлдвэр” 100 хувь Монголынх болж Оросын талын 49 хувийг "Монголын зэс”
компани худалдан авлаа” гэсэн мэдэгдэл хийсэн. Яг энэ өдөр "Чоно
борооноор” гэгчээр Эрдэнэтэд их хэмжээний хууль бус гэрээ байгуулагдан
мөнгө, хөрөнгийг нь 30-100 хувь шилжүүлсэн талаар тухайн үед шуугиж
байсан удаатай.
"Монголын
зэс” компанийнхан 49 хувь буюу олонхи биш ч зарим зүйлийн зах зухаас
ажиг сэжиг авангуутаа хууль бус гэрээнүүдийн багагүй хэсгийг хүчингүй
болгож улмаар Эрдэнэтэд өөрийн төлөөллөө яаралтай ирүүлсэн байдаг.
Сиймхийг нь харж байгаад хэдэн гэрээ хийж үйлдвэрээс ихээхэн хэмжээний
мөнгө идэх гэсэн нөхдийн гол зохион байгуулагч нь үйлдвэрлэл хариуцсан
орлогч захирал, ерөнхий инженер Д.Даваасамбуу байж болох тухай баримт
энд байна. Энэ баримт бол зөвхөн нэг жишээ нь юм. Үүний цаана их
хэмжээний үнийн дүнтэй, үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан
гэрээнүүд байгаа аж.
/Зураг 1. Гэрээг Хууль зүйн хэлтэс зургаадугаар сарын 27-нд баталгаажуулжээ/
Д.Даваасамбуу
зургаадугаар сарын 27-нд эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж нэгэн
компанитай хоёр ширхэг эйр кондейшн суурилуулах "Барилга засварын ажил
гүйцэтгэх гэрээ” гэгчийг байгуулсан аж. Барилгын компани бол ашгийн
төлөөх байгууллага юм. Бид энэ удаад ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан
компанийг буруутгах гэсэнгүй. Харин Д.Даваасамбуу тэргүүтэй нөхдийн
"Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хагас тэрбум төгрөгийн хохирол учруулж байгаа
эрх мэдэлтнүүдийн хууль бус үйлдлийг ил гаргахыг зорьсон болно. Гэрээний
үнэ 564 сая 65 мянга 522 төгрөг аж. Хамгийн сонирхолтой нь
Д.Даваасамбуу захирал Ерөнхий захирал Ц.Даваацэрэн болон нэгдүгээр
орлогч захирал Г.Н.Кутлин нарын өмнөөс өөрөө гарын үсэг зурж гэрээг
батлаж, энэ өдөртөө багтаан 169 сая төгрөгийг компанийн данс руу
шилжүүлсэн байх юм. Зургаадугаар сарын 27-нд Ц.Даваацэрэн, Г.Н.Кутлин
нар албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй байсан. Гэтэл Д.Даваасамбуу өөрт
олгогдоогүй эрхээр Ерөнхий захирал болон нэгдүгээр орлогчийн гарын үсэг
зурах эрхэнд халдаж тэдний өмнөөс гарын үсэг зураад 564 сая 65 мянга 522
төгрөгийн үнийн дүнтэй гэрээг баталсан нь хууль зөрчсөн үйлдэл төдийгүй
үйлдвэрт үлэмж хэмжээний хохирол учруулсан нь зөвхөн энэ гэрээнээс
харагдаж байна. Д.Даваасамбуу энэхүү гэрээг байгуулахдаа Ерөнхий захирал
болон нэгдүгээр орлогч нарын бүрэн эрхэд бүдүүлгээр халдсан уу гэх
асуудал урган гарч байна. Нэг гэрээн дээр Д.Даваасамбуу гээд гурван удаа
гарын үсгээ зурсан нь түүний "Бүрэн эрхт Онцгой комиссын дарга” гэсэн
албан тушаал ч нөлөөлөхгүй. Гэхдээ үйлдвэрийн удирдлагууд тэр дундаа
Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн удаа дараа Эрдэнэт үйлдвэрт "Шахааны
бизнес байхгүй болсон” гэж мэдэгдсэн ч Д.Даваасамбуу тэргүүтнүүд дүр
төрхийг нь өөрчлөөд "Бүрэн эрхт онцгой комисс” нэрийн дор хэдхэн хүн
үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлдэг эрх дархтай "Бүрэн эрхт шахаачид”-ыг
өнгөрсөн дөрвөн жилд Эрдэнэтэд нутагшуулсаны нэг жишээ нь энэ юм.
Зах
зээлийн судалгааг нь өнгөцхөн хийж үзэхэд, хоёр ширхэг эйр кондейшн
суулилуулах ажил ойролцоогоор их холдоо л 50-60 сая төгрөгөнд хийгдэх
ажил байжээ.
/Зураг 2. Хятадаас ирүүлсэн эйр кондейшний үнийн санал /
Гэрээний
дагуу Хятадын "Дайкин” брэндийн эйр кондейшнийг үйлдвэрт нийлүүлсэн.
Гэтэл уг нийлүүлэлт хийсэн "Дайкин” компаниас үйлдвэрт санал болгож
явуулснаар нэг ширхэг эйр кондейшний үнэ 37 мянга 900 юанийн үнэтэй
байна. Монгол мөнгөөр 37900х300 гээд бодоход 11 сая 370 мянган төгрөг
болж байна. "Дайкин”-ы зүгээс үнийн саналдаа 37900 юань гэж ирүүлсэн
байдаг. Хятадууд ханасан үнийн дүнгээ л бидэнд илгээдэг гэдгийг урдаас
наймаа зөөдөг захын хүн мэднэ. Тэгээд ч тухайн үед юань 300 орчим
төгрөгийн ханштай байсан.
/Зураг 3. Д.Даваасамбуу гэрээн дээрх Ц.Даваацэрэн, Г.Н.Кутлин нарын нэрний ард өөрийн гарын үсгээ зурсан байна/
"Эрдэнэт
үйлдвэр”-т эйр кондейшн шаардлагатай тулгамдсан ажил байсан уу гэдэг
анхаарал татаж байна. Гэтэл ямар ч судалгаа тооцоогүйгээр Д.Даваасамбуу
өндөр үнэтэй шахаа гэж үзэж болохуйц гэмт хэргийн чанартай дээрх
үйлдлийг хийсэн байна. Бүр их хэмжээгээр өсгөж бодоход, хоёр ширхэг эйр
кондейшний зах зээлийн ханш, суурилуулах зэрэгт нийлээд 50-60 сая
төгрөгөөр хийгдэх ажлыг 10 дахин нэмэгдүүлж 564 сая төгрөгт хүргэсэн
байна. Үйлдвэрт хагас тэрбум төгрөгийн хохирол учруулсан энэ гэрээг шинэ
удирдлага болон 49 хувийнхан шалгаж үзэх зайлшгүй шаардлагатай.
Д.Бямбасүрэнгийн
Засгийн газрын 20 дугаар тогтоол гарахаас өмнө тухайн үед зарим нэг хүн
өөрт байсан мэдээллээ ашиглан банкин дахь хадгаламжаа татсан нь сүүлд
тогтоогдож хуулиар шийтгүүлж байсан удаатай. Яг л 1990-ээд оны тэр дүр
зургийг Д.Даваасамбуу ашиглаж үйлдвэрийн мөнгөн хөрөнгөнөөс "саажээ” гэж
ойлгогдохоор байна.
/Зураг 4. Хятадын Дайкин брэндийн эйр кондейшн/
/Зураг 5. Эйр кондейшний техникийн үзүүлэлт/
Нөгөө
талдаа түүний 564 сая төгрөгийн өртөгтэй хийсэн энэхүү гэрээ хууль бус
гэдэг нь зарим зүйлээс харагддаг. Д.Даваасамбуу дээрх гэрээг
байгуулахдаа Үйлдвэрийн дүрэм журмыг мөрдөөгүй, Тендэрийн тухай хууль,
Монгол улсын бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчихийн зэрэгцээ зах
зээлийн судалгаа, үндэслэлгүйгээр дээрх ажлыг гүйцэтгэж, Их барилгын
хэлтсээр дамжуулан хагас тэрбум төгрөгийн хохирол учруулсан зэрэг нь
анхаарал татах асуудал мөн болов уу. Дээр нь ноцтой нэг зүйл байна.
Зургаадугаар сарын 27-нд Д.Даваасамбуу захирлын гарын үсгээ гурав дахин
зурсан гэрээ нэгээр дуусахгүй нэлээн хэд байгаа тухай дуулддаг. Эдгээр
гэрээ бүхнээс 30-60 хувийн урьдчилгааг үйлдвэрээс авсан байх талтай аж.
Эйр кондейшн нийлүүлсэн гэрээний урьдчилгаа 160 гаруй сая төгрөг юунд
зарцуулагдсан бэ. УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болохоос
хоёр өдрийн өмнө өндөр үнийн дүнтэй, ихээхэн хэмжээний урьдчилгаатай
ажлын гэрээ нэрээр гарсан мөнгө сонгуульд дэвшсэн хэн нэгний халаас руу
орж мөнгө тараасан гэх иргэдийн хардлагатай нийцэж байна уу. Үүнийг
бодолцох ёстой.
Зарим
нэг мэдээллээс харвал зургаадугаар сарын 27-нд үйлдвэрийн Хууль зүйн
хэлтсээс их хэмжээний урьдчилгаатай гэрээг зогсоосон байдаг. Гэтэл Бүрэн
эрхт Онцгой комиссын дарга Д.Даваасамбуу өөрөө нэг гэрээн дээр гурван
удаа гарын үсэг зурж хууль зөрчин, удирдлагуудынхаа бүрэн эрхэд
ноцтойгоор халдаад зогсохгүй их хэмжээний урьдчилгаа мөнгийг олгохыг
үүрэгдсэн нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Үүнийг шинэ удирдлагууд, 49
хувийн талынхан шалгаж тогтоохыг үйлдвэрийн жирийн ажилчин ч хүсч
байгаа.
Д.Даваасамбуугийн
Эрдэнэт үйлдвэр төдийгүй улсад их хэмжээний хохирол учруулсан байж
болох өндөр өртөг бүхий гэрээ ганц нэгээр дуусахгүй ажээ. Зөвхөн нэг
гэрээнээс хэдэн зуун сая төгрөгөөр ашиг унагадаг Д.Даваасамбуу гэдэг
хүний гарын үсгээр хийгдсэн гэрээнүүд хэдэн арваараа бий гэдгийг зарим
нэг эх сурвалж өгүүлж байна. Үргэлжлэл бий.
http://www.erdenetnews.mn/?p=8573