Урин дулаан цаг ирж байгаа учраас Улаанбаатарт унадаг дугуй унасан хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Иймээс дугуй унах нь ямар ач тустай талаар хэдэн жилийн өмнө бичсэн нийтлэлээ дахин тавьяа гэж бодлоо. Унадаг дугуйн ач холбогдлыг Нийслэлийн удирдлага ойлгон дэмжиж байгаа нь тун сайшаалтай. Улаанбаатар - Налайхын замыг шинэчлэхдээ дугуйн замыг бас хамт барих болжээ. Энэ замаар дотоод, гадаадын олон хүн дугуйгаар явах болно гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо харин Богд уулын арын зам дагуу дугуйн зам тавих хэрэгтэй байгаа юм.
Сүүлийн үед манайхан унадаг дугуйг өргөн хэрэглэх болсон тул дугуйтай холбогдсон өөрийн мэдэх болон уншсан зүйлээ уншигчдад хүргэе гэж бодсон юм.
- Стресс, ядаргаа тайлагдана;
- Зүрх, уушигны ажиллагаа сайжирна;
- Чихрийн шижин, цусны даралт нэмэгдэхээс урьдчилан сэргийлнэ;
- Илүүдэл жин байхгүй болно;
- Хөл, гар сайжирна;
- Орчин тойрноо өөр нүдээр харна;
- Явган явахаас илүү хурдан;
- Том хотод хөдөлгөөний түгжрэлтэй үед автомашинаас ч илүү хурдан;
- Мөнгөнд хэмнэлттэй (өөрөөр хэлбэл машины түлш, таксинд мөнгө зарахгүй);
- Тусгай зогсоол шаардлагагүй;
- Чимээ шуугиан гаргадаггүй.
Дэлхий нийтээр унадаг дугуйг дараах чиглэлээр ашигладаг.
- Тээврийн хэрэгсэлболгож. Дугуй Азийн орнууд, ялангуяа Хятадад хамгийн өргөн тархсан тээврийн хэрэгсэл. Хүмүүс ажил төрлөө бүтээх тээврийн хэрэгсэл болгон ашиглахаас гадна ачаа зөөхөд ч ашигладаг. Эдгээр улсад дугуйн хүн тээврийн такси хүртэл байдаг. Сүүлийн жилүүдэд тэдний хүн амын амьжиргааны түвшин дээшилж байгаатай холбогдож автомашин, мотоцикл, мопед өргөн хэрэглэх болсноор дугуй унах хүмүүсийн тоо багасах болсон бол харин Баруун Европын орнуудад дугуйг эсрэгээрээ бүр өргөн хэрэглэх болсон байна. Энэ нь эдгээр орны төр, засгаас хотуудын автомашины ачааллыг багасгах, экологийн нөхцөлийг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг дээшлүүлэх талаар явуулж байгаа бодлогын үр дүн юм.
Дугуйн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд Баруун Европын орнуудад дугуйн тусгай зам, зогсоол хангалттай барьсан байдаг. Метро, автобусны буудлууд болон галт тэрэгний вокзалуудын дэргэд зогсоолууд бий болгосноор дугуйг нийтийн тээвэртэй хослон хэрэглэх бололцоог бүрдүүлж өгсөн байна. Олон оронд дугуйг шуудан хүргэхэд ашигладаг. Их Британид 37 мянга, Германд 28 мянга орчим, Унгарт 10 мянга гаруй дугуйтай шуудан зөөгч ажилладаг. Мөн автомашины түгжрэл их байдаг хотуудад зөрчил гарсан газар шуурхай очих, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зорилгоор цагдаа, түргэн тусламжийн эмч нар унадаг дугуйг өргөн ашиглах болжээ.
Үйлдвэрлэхэд өртөг бага, шатахуун огт шаардлагагүй, дуу чимээ гаргадаггүй тээврийн хэрэгсэл тул дугуйг Дэлхийн I, II дайны үед байлдаж байгаа талууд өргөн хэрэглэж байв. Бүр дугуйт цэргийн тусгай ангиуд хүртэл байгуулж байсан байдаг.
- Унадаг дугуйспортын тусгай төрөлболдог. Дугуйн спорт нь засмал замын, бартаат замын, уулын, трекийн г.м. төрлүүдэд хуваагдах бөгөөд эдгээрийн зарим нь олимпийн төрөлд багтдаг.
Монголын дугуйчид 1964 онд Токиогийн, 1980 онд Москвагийн, 1992 онд Барселоны, 1996 онд Атлантын олимпод оролцсоноос гадна тив, дэлхийн болоод олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Тухайлбал, гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль авч байсан бол олон улсын хэмжээний мастер Т.Энхжаргал (эмэгтэй) Ази тивийн, Б.Тэгшбаяр дэлхийн залуучуудын трекийн аварга болж байлаа. 1974 онд Тегеран хотноо болсон Азийн спортын их наадамд С.Жамьян, Ш.Жамбал, Ш.Ёндондаш, Д.Төртогтох, Т.Пүрэвдорж нар багаараа хүрэл медаль хүртсэн бөгөөд түүнээс хойш манай дугуйчид тивийн наадам, аварга шалгаруулах тэмцээнүүдэд хэд хэдэн удаа медальт байранд шалгарч байв. Цолмон, Төмөрбаатар, Хаянхярваа, Ганболд, Төмөр-Очир, Жаргалсайхан, Төгөлдөр нарын зэрэг дугуйчид олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож эх орныхоо нэрийг удаа дараа гаргаж байсныг дурьдах хэрэгтэй.
Олон өдрийн уралдаан нь олимпийн төрөлд багтдаггүй хэдий ч сая сая хүн түүнийг үзэж сонирхдог. Хамгийн нэрд гарсан тэмцээн нь “Тур де Франс”, “Жиро д’Италиа”, “Вуэльта-а-Эспанья” юм. Эдгээр тэмцээн 2-3 долоо хоног үргэлжлэх бөгөөд 2-3 мянган километр зайд уралддаг. Тухайлбал, “Тур де Франс”-ын 2015 оны 102 дахь удаагийн тэмцээн 21 өдөр үргэлжилж 22 багийн хоёр зуу орчим дугуйчид 3344 километр зайд уралдсан юм. Уг тэмцээнд түрүүлсэн хүн 450,000 еврогийн шагнал авдаг.
Олон өдрийн уралдааныг хүмүүс их сонирхдог учраас нэртэй пүүс, компаниуд сурталчилгаагаа хийх зорилгоор тэмцээнийг санхүүжүүлдэг. Олон өдрийн тэмцээн Монголд ч зохиогддог боловч харамсалтай нь манай аж ахуйн нэгжүүд нэг их дэмжиж санхүүжүүлдэггүй.
- Дугуйгэрүүл мэнд, амралт, аялал жуулчлалынзориулалтаар ашигладаг. Эрэгтэй, эмэгтэй бүх насны хүмүүс дугуйг унаж болдгоороо онцлогтой. Дугуй унаснаар зүрх, судасныхаа ажиллагааг сайжруулж, илүүдэл жингээ хасах боломжтой. Бас нурууны булчинг сайжруулдаг тул нуруу өвддөг хүмүүст дугуй унахыг эмч нар зөвлөдөг юм билээ. Тамхи татдаг хүмүүс байнга дугуй унавал тамхинаас аяндаа гардаг. Өвдөг болон хөлний бусад үе мөчинд ачаалал бага өгдөг тул настай хүмүүст дугуй унах нь бүр ч тохиромжтой гэж үздэг. Ер нь дугуй унах нь фитнесст явахаас илүү ашигтай ч байж магадгүй. Гэхдээ фитнесс, дугуй хоёрыг хослуулбал бүр илүү байх л даа.
Хотын захаас гарч дугуй унавал замын хөдөлгөөн сийрэг тул аюул багатай байхаас гадна эрүүл агаараар амьсгалж, байгалийн сайхныг мэдэрч стресс, ядаргаа тайлагддаг.
Хөгжингүй орнуудын иргэд чөлөөт цагаараа дугуй унах нь жил бүр нэмэгдэж байна. Хүйтний бүсэд байдаг Скандинавын орнуудын иргэд дугуйг өвлийн улиралд ч унадаг юм билээ. Дугуйн аяллыг хөгжүүлэх зорилгоор Европын дугуй сонирхогчдын холбооны санаачилгаар бүх Европын EuroVelo хэмээх дугуйн замын нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Сүүлийн үед манайд чөлөөт цагаараа дугуй унадаг хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа нь нэн сайшаалтай. Дугуйн аялал, зугаалга зохион байгуулдаг клуб, холбоод олноор бий болж байгааг бас тэмдэглэх хэрэгтэй юм. Нийтийн биеийн тамир гэдэг утгаар нь авч үзэх юм бол өнөөдөр дугуйн спорт магадгүй хамгийн олон сонирхогчтой нь болоод байна. Энэ талаар Монголын дугуйн холбоо, ялангуяа холбооны нарийн бичгийн дарга З.Наран, гавъяат дасгалжуулагч Даржаа, дасгалжуулагч багш Баатар, Болдбаатар, Болд-Эрдэнэ, Даваатогтох, Дорж, Мөнхбат, Нармандах, Тогмид, Чанцал нар их ажил хийж байгааг зориуд тэмдэглэх хэрэгтэй. Янз бүрийн тэмцээнүүд бараг долоо хоног бүр зохион байгуулагдах болсон бөгөөд эдгээрт хамрагдах хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж байна.
За одоо хэрэв Та унадаг дугуй худалдан авах гэж байгаа бол юу анхаарах талаар товч өгүүлье.
Унадаг дугуйг зориулалтаар нь ангилдаг. Уралдааны, бартаат замын, уулын, аяллын, хүүхдийн, ачааны, бүр цаашилбал циркийн г.м. 30 гаруй төрөл байдаг. Иймд юуны өмнө ямар зориулалтаар дугуй авах гэж байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Хэрэв уралдаан, тэмцээнд орох гэж байгаа бол мэдээж спортын тухайн төрөлд тохирсон дугуй авч таарна. Эхлэн хичээллэж байгаа бол арай энгийн мөн тэр хэмжээгээр хямдыг авах нь зүйтэй. Өндөр зэрэглэлийн тамирчдын хэрэглэдэг дугуй илүү үнэтэй. Дунджаар 10 мянган ам.доллар болох жишээтэй. Хэрэв чөлөөт цагаараа хөдөө засмал замгүй газраар явах гэж байгаа бол бартаат замын, аяллын эсхүл уулын дугуйнуудаас сонголт хийвэл зохино. Харин хотод унах гэж байгаа бол хотын буюу засмал замын зориулалттай арай хөнгөн дугуй дээр байх.
Өнөөдөр манайд өмнөхөө бодвол дэлхийд бренд болсон “Cannondale”, “Cube”, “Giant”, “Merida”, “Trek” г.м. фирмийн дугуйнуудыг төрөл бүрээр нь зарах боллоо. Бас Хятад, Солонгост үйлдвэрлэсэн хямд дугуйнууд ч байна. Өөрөөр хэлбэл сонголт өргөн болсон. Байн байн эвдэрч, улмаар засуулах гэж цаг алдан биеэ зовоохгүйн тулд арай чанартайг авах нь дээр байх л даа.
Дугуйг өөртөө тааруулж авах нь чухал. Үүний тулд өөрийнхөө өндөрт таарсан рамтай дугуйг сонгоно. Сонголт хийхдээ доорх хүснэгтийг ашиглаарай:
Дугуйчны өндөр (см)
|
Дугуйн рамны хэмжээ
|
инч-ээр
|
см-ээр
|
үсгээр
|
135 – 145
|
13
|
33
|
XS (XSmall)
|
140 – 155
|
14
|
35,6
|
XS (XSmall)
|
145 – 160
|
15
|
38,2
|
S (Small)
|
155 – 165
|
16
|
40,5
|
S (Small)
|
157 – 170
|
17
|
43,2
|
M (Medium)
|
168 – 178
|
18
|
45,6
|
M (Medium)
|
172 – 182
|
19
|
48,3
|
L (Large)
|
175 – 185
|
20
|
50,8
|
L (Large)
|
180 – 190
|
21
|
53,2
|
XL (XLarge)
|
185 – 197
|
22
|
55,8
|
XL (XLarge)
|
190 – 200
|
23
|
58,4
|
XXL (XXLarge)
|
195 – 205
|
24
|
61
|
XXL (XXLarge)
|
Жич: Дугуйчны жин чухал биш.
Дугуйнаасаа гадна заавал тусгай зориулалтын малгай, бээлий, нүдний шил авах хэрэгтэй. Мөн болж өгвөл жолооч нарын анхааралд өртөхүйц тод өнгийн хувцас өмсч, зөөлөвчтэй (“памперс”-тай гэж ярьдаг) тусгай зориулалтын өмдтэй байвал зүгээр.
Дугуй унахын өмнө өөх тостой биш харин будаа, гурилан голдуу (өөрөөр хэлбэл нүүрс ус ихтэй) зүйлс идэх нь дээр гэж үздэг. Дугуйтай явах үедээ болон дараа нь цэвэр ус заавал ууж алдсан шингэнээ нөхөж байх нь чухал.
Аюулгүй байдалд онцгой анхаарах хэрэгтэй. Жишээ нь, автомашины замаар явах бол замын хөдөлгөөний дүрмийг заавал баримтлах бөгөөд замын захаас нэг метрийн дотор явж, хэрэв эргэх бол гараараа дохио өгнө.
Нэгэн үеийг бодвол өнөөдөр манай нийслэлд дугуй унах нөхцөл, бололцоог хангахад нилээд анхаардаг боллоо. Шинээр байгуулагдсан цэцэрлэгт хүрээлэнд, хотын зарим хэсэгт, зуслангууд руу дугуйн зориулалттай тусгай замууд тавигдаж, дугуйны зогсоолууд олноор бий болж байна. Дугуйн замуудыг цаашдаа ч нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Хэрэв дугуйн замын сүлжээ, зогсоолууд бий болох юм бол автомашины түгжрэл багасч, экологид эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй.
Ахмад дугуйчин Л.Хангай