ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТӨСӨВ 20 ОРЧИМ ХУВИАР ӨССӨН
-Эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэн, утаанаас болж хүүхдүүдийн ханиад, томуу хүндэрсэн ярвигтай цаг үед та бид хоёр уулзаж байна. Эмнэлгийн байгууллагын хүртээмжийг сайжруулах, иргэдэд ойртуулах талаар сүүлийн жилүүдэд олон нийтийн зүгээс ч ихээхэн гомдол, санал ирж байгаа. 2019 оны төсөвт үүнийг шийдвэрлэх хэмжээний хөрөнгө мөнгө тусгагдаж чадсан уу. Төсөвт ямар өөрчлөлт, ахиц дэвшил гарсан бэ?
-Ирэх жилийн төсвийг өмнөх онуудтай харьцуулахад нэлээд онцлогтой баталсан. Төсөв бүтцийн хувьд өөрчлөгдсөн. Тодруулбал, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын засвар, үйлчилгээтэй холбоотой төсвүүд тухайн орон нутгийнхаа Засаг даргын төсөвт багтсан.
Тухайн орон нутгийн Засаг даргад нийт засвартай холбоотой төсвийг хуваарилж, орон нутгийн удирдлагууд иргэдийн хурлаараа үүнийгээ хэлэлцүүлж, сургууль болон эмнэлгийн барилгаа засах уу, бусад төсвийн байгууллагуудынхаа засвар үйлчилгээг хийх үү гэдгийг орон нутагтаа шийддэг болно.
Мөн сумын өрхийн эрүүл мэндийн төвийн тогтмол зардлууд орон нутгийн төсөвтөө батлагдаж байгаа. Ингэснээр тухайн сумын эмнэлгийн барилгын түлш, халаалттай холбоотой тогтмол зардлууд Засаг даргын багцуудаас санхүүжнэ. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудын төсөв Эрүүл мэндийн сайдын багцад ордог байсан. Үүнийг бас өөрчилж орон нутагт эрх нь шилжиж байгаа.
Урд жилүүдтэй харьцуулахад салбарын төсөв бага хэмжээгээр өссөн.
Өөрөөр хэлбэл, сумын эрүүл мэндийн төвд өгдөг байсан автомашины төсвийг энэ жил эрүүл мэндийн салбарын төсөвт тусгаагүй. Урд жилүүдтэй харьцуулахад салбарын төсөв бага хэмжээгээр өссөн. Өссөн гол шалтгаан нь эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн цалин хөлстэй холбоотой төсөв нэмэгдсэн. Гэхдээ салбарын нийт хэрэгцээтэй харьцуулахад харьцангуй бага гэж хэлж болно.
Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын төсвийг үе шаттайгаар хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн зорилт бий. Энэ зорилт улс орны эдийн засаг сайнгүй байгаатай холбоотойгоор хэрэгжих боломжгүй байгаа. 2016 оноос хойш өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсөв 13.6 хувь өссөн.
Энэ жилийн өсөлттэй нийлээд 20 орчим хувь ахисан байна. Төсөвт гарсан өөрчлөлт гэвэл, Эрүүл мэндийн даатгалын сан ЭМДЕГ байгуулагдаж, Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд ирсэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв тусдаа батлагддаг ч Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага болж, Засгийн газрын агентлаг байгуулсан.
-Нисэхэд баригдаж буй нийслэлийн IV төрөх эмнэлэг хэзээ ашиглалтад орох вэ?
-300 ортой төрөх эмнэлгийн барилга 2011 онд эхэлснээсээ хойш долоон жил үргэлжилж байна. Дундуур нь шүүхийн маргаантай асуудал гарсан. Хууль, хяналтын байгууллага шалгасан, гүйцэтгэгч нь солигд сон гэх мэт олон шалтгааны улмаас ашиглалтад орохгүй удаж байна. Зөвхөн ЭМЯ-наас шалтгаалаад ингэж удаагүй.
Гүйцэтгэгч компаниуд болоод гэрээтэй холбоотой асуудал бий. Өнөөдрийн байдлаар үндэсний хөгжлийн газартай “Томобьюлдинг” ХХК концессын гэрээ байгуулан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тухайн гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөрөө барьж ашиглалтад оруулаад 2020 онд төсвөөс санхүүжилтээ авах ёстой. 2020 онд ашиглалтад оруулахаар гэрээ хийсэн боловч 2019 онд дуусгаж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Улсад хүлээлгэж өгсний дараа санхүүжилт олгоно.
ӨНӨӨДӨР ТӨСӨВ УРСГАЛ ЗАРДЛАА Л САНХҮҮЖҮҮЛЭХ ХЭМЖЭЭНД БАЙГАА
-Иргэд аль болох хурдан ашиглалтад оруулж, төрөх эмнэлгүүдийн ачааллыг бууруулах ёстой гэсэн хүлээлттэй байна. 2020 он гэхэд баттай ашиглалтад орж чадах уу?
-Эрүүл мэндийн сайд тухайн барилга дээр өөрөө очиж, гүйцэтгэгч компанитай уулзсан. Манай яамны зүгээс гүйцэтгэгч нартай олон удаа уулзаж, энэ асуудлаар ярилцаж байгаа. Гүйцэтгэгч компани нь 2019 онд ашиглалтад оруулахаар зорьж байна. Төсвөөс 2018, 2019 онд ямар ч санхүүжилт өгөхгүй. Гэрээний дагуу 2020 оноос санхүүжилт өгч эхэлнэ.
-Олон жил царцсан барилгын төсөв, хөрөнгө оруулалтын зардал нь жил болгон өсөн нэмэгддэг. Үүнд эдийн засгийн байдал, шатахуун болон валютын ханшийн өсөлт нөлөөлөх тал бий. Төсөв нь хэр өөрчлөгдсөн бэ?
-Олон жил үргэлжилж байгаа, концессын гэрээтэй олон барилга бий. Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй барилгууд ч байна. Тиймээс нэг барилгыг онцолж ярих нь тийм ч зохимжтой биш. Тухайн компани, яам хоорондын асуудал байна. Мөн хоёр улсын хоорондын олон улсын гэрээ бий. Ийм олон асуудал байдаг учраас зөвхөн 300 ортой төрхийн асуудал ярих биш нийтлэг хүрээнд ярих нь зөв байх.
Манайх яамны хариуцаж буй Халдварт өвчин судлалын төвийн хашаанд баригдаж байгаа лабораторын барилгын асуудал олон жил үргэлжилж байгаа. Тоног төхөөрөмж, барилгаа нэгтгээд нэг гэрээ хийсэн. Мөн Яармаг дахь ахмад настнуудад үйлчлэх Герентологийн төв эмнэлгийн барилгын ажил олон жил үргэлжилж байна. Түлэнхийн төвийн барилгын асуудал ч бас дуусаагүй. Энэ жил ашиглалтад оруулах байсан боловч хугацаа их алдсан.
Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал ч үүнд нөлөөлсөн талтай. Энэ бүгдийг задалж ярина гэвэл нэлээн цаг орох байх. Бидний зүгээс өөрсдийн боломж, эрх, үүргийнхээ хүрээнд шахаж, шаардаж, аль болох хурдан ашиглалтад оруулахаар хичээж ажиллаж байна.
-Ирэх онд салбарын төсөв өсөхөд эмч нарын цалингийн нэмэгдэл нөлөөлсөн юм байна. Цалин нэмэгдэхтэй зэрэгцээд эмнэлгийн ажилтнуудын хариуцлагын тогтолцоо сайжирч, харилцаа, хандлага өөрчлөгдөх үү?
-Эрүүл мэндийн салбарт нийт 30 гаруй мянган хүн ажиллаж, аль чадахаараа ард иргэддээ чанартай тусламж, үйлчилгээ хүргэхийн төлөө хичээж байгаа. Харин харьцаа хандлагын асуудалтай цөөхөн хүн бий. Ажилдаа хариуцлагагүй, үйлчлүүлэгчтэйгээ зүй бус харьцдаг цөөхөн хүмүүсийг өнөөдөр нийгмийн сүлжээгээр хэтэрхий их “сурталчлаад”, сайн ажиллаж байгаа хүмүүсийг нь харин тоодоггүй. Тиймээс үнэн, зөв мэдээллийг ард иргэдэд хүргэх хэрэгтэй. Хэд хоногийн өмнө ГССҮТ-д очиж ажилласан.
Засгийн газрын томилолтоор ажиллаж яваад осолд орсон дөрвөн иргэн болон ар гэрийнхэнтэй нь уулзсан. Мөн тус эмнэлгээр үйлчлүүлж буй зарим иргэдтэй уулзахад бүгд сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн. Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг сэтгэлээсээ магтсан харилцаа, хандлага харагдсан. Хариуцлагагүй ажиллаж байгаа хүмүүст хариуцлага тооцож байгаа.
Энэ салбартай холбоотой сайнаас илүү сөрөг мэдээллийг нийгэмд маш их хүргээд байгаа учраас эрүүл мэндийн салбар тэр чигтээ муу ажиллаж байгаа юм шиг буруу ойлголтууд хүрээд байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа хамтран иргэдээ үнэн, зөв мэдээллээр хангах тал дээр бид ажлаа сайжруулна.
-Эмнэлэгт үзүүлэх гэхээр танил тал хэрэгтэй болдог. Мөн гар цайлгадаг явдал бичигдээгүй хууль мэт болчихлоо. Цалин авч байгаа атлаа өвчтөнөөс гар хардаг, ялгаж харьцдаг асуудал байсаар байна. Үүнийг авлига гэж хэлэхэд түвэгтэй, үгүй гэхэд бас хэцүү байдаг шүү дээ.
-ЭМЯ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа харьяа 17 байгууллага буюу томоохон эмнэлэг, төвүүдийн удирдлагуудтай 14 хоногт нэг удаа хуралдаж, тодорхой үүрэг чиглэл өгч, цаг үеийн асуудлаар эмнэлгийн байгууллагуудын тайлан мэдээллийг сонсдог. Өөрөөр хэлбэл, ЭМЯ эмнэлгүүдийн мэдээлэл солилцох ажил тогтмол, хэвийн байгаа. Үйлчлүүлэгч талархсан сэтгэлээ илэрхийлэх бол тухайн хүний асуудал. Энэ авлига биш.
Харин үйлчилгээ авах болон эмнэлэгт хэвтэхийн тулд мөнгө өгч байвал зохисгүй, зүй бус харилцаа.
Үйлчлүүлснийхээ дараагаар талархал илэрхийлж байгаа бол өөр ойлголт. Өндөр хөгжилтэй оронд манайхан очиж үзүүлэх гэж явдаг. Тэнд очоод хэдэн арван саяар нь төлбөр төлдөг. Монголд болохоор энэ орчин хаагдмал байгаад байдаг. Тэгэхээр нэг талдаа олон улсын эмчилгээ үйлчилгээг монгол улсад нэвтрүүлэх боломж, нөхцөл нь бүрдэхгүй байгаа.
Эмнэлэг өөрөө орлого олдог, тодорхой хэмжээний төлбөртэй үйлчилдэг олон улсын жишиг рүү явахгүй бол монгол улсын эрүүл мэндийн салбар бусад өндөр хөгжилтэй орнуудаас хоцорсон хэвээрээ байна. Шинэ техник, технологийг нэвтрүүлж чадахгүй байна.
Гадаадад ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй нэг түвшний цалин авч чаддаггүй. Тиймээс сувилагч нар ажлаа орхиод Солонгос явж, сувилагчийн тоо цөөрсөн. Өнөөдөр улсын хэмжээнд 10 мянган сувилагч хэрэгтэй гэсэн тооцоо байна. Олон улсын стандартаар нэг эмчид хоёр сувилагч ногдох ёстой.
Гэтэл манайд нэг эмчид 1.2 сувилагч. Өөрөөр хэлбэл, 10 мянган эмчид 20 мянган сувилагч байх ёстой бол энэ тоо одоо 12 мянга байна гэсэн үг. Тиймээс бид эрүүл мэндийн салбарт дутагдалтай байгаа сувилагчийн тоог нэмэх, эмч болон сувилагчийн харьцааг тэнцвэржүүлэх үүднээс “1х2” зорилтот арга хэмжээ хэрэгжүүлж, 98 сувилагчийг давтан сургалтад хамруулан мэргэжлээрээ ажиллах эрхийг нь сэргээсэн. Тэдний 70 хувийг нь ажлын байраар бүрэн хангаад байна.
МИНИЙ ХУВЬД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД 20 ГАРУЙ ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙНА
-Та энэ ажилд найман сарын өмнө томилогдсон. Анх ажлаа авч байхад нөхцөл байдал нэлээд хүнд байсан гэж сонссон.
-Төрийн нарийн бичгийн даргын ажил одоо ч их хэвээрээ л байна. Би өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Тэр үед ажилтайгаа танилцахад олон байгууллага магадлан итгэмжлэлээр орсон ч хурал хийгээгүй таван сар болсон байсан. 100 гаруй байгууллагын магадлан итгэмжлэлийн асуудал тэр үед хүлээгдэж байсан. Энэ асуудлыг бүгдийг нь шийдэж, цэгцэлсэн.
Магадлан итгэмжлэл гэдэг нь цаанаа нарийн учиртай. Магадлан итгэмжлэл хийгээгүй эсвэл хугацаа нь дууссан байгууллага эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авч чадахгүй. Тухайн байгууллагуудаар үйлчлүүлж буй иргэд мөн халамжаас мөнгө авч чадахгүй. Мөн ЭМЯ дээр хугацаа хоцорсон, шийдвэрлээгүй 351 албан бичиг байсан.
Газрын дарга болон мэргэжилтнүүдтэйгээ хамтран ажиллаж, хугацаатай үүрэг даалгавар өгснөөр 12 хоногийн дараа үүнийг 9 болж бууруулсан. Одоогоор ЭМЯ-нд хугацаа хоцорсон бичиг өмнөхтэй харьцуулахад бага болсон.
Албан бичгийн хугацаа хоцроосон хүмүүстэй хариуцлага тооцож байгаа.
Эрүүл мэндийн байгууллагуудынхаа удирдлагуудтай 14 хоног тутамд хуралддаг. ЭМЯ-ны байранд биш тухайн байгууллага дээр очиж хуралддаг болсон. Ингэснээр удирдлагуудын ажлын уялдаа сайжирч байгаа.
Бусад эмнэлгийн дарга нарын хэрхэн ажиллаж байгааг харж, харилцан бие биеэсээ суралцаж байна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд бид ЭМДЕГ, СЭМҮТ-д очиж ажилласан. Шийдвэрлэх ёстой асуудлуудаа ярилцсан. Дараагийн хурал улсын хоёрдугаар төв эмнэлэгт болно. Хуваарь гаргаад нэг удаагийн хуралд хоёр байгууллага ажлаа танилцуулдаг нь нэлээн үр дүнтэй байгаа.
Зөвхөн хуралдаад өнгөрөх төдий бус эмчлүүлэгч болон эмнэлгийн ажилчидтай газар дээр нь уулзаж, санаа бодлыг нь сонсож, цаашид сайжруулах ажлуудаа тодорхой болгож байна.
-Таныг ажлаа авахад мэргэжлийн бус хүн эрүүл мэндийн салбарт ороод ирлээ гэсэн яриа гарсан. Танай сайдтай ч холбоотой ийм яриа өмнө нь гарч байсан. Та энэ салбартай хэзээ, хэрхэн холбогдсон бэ?
-ЭМЯ-ны зургаа дахь сайдтай хамтран ажиллаж байна. ЭМЯ-нд 2005-2009 онд, АШУҮИХ-д 2014-2018 оны нэгдүгээр сар хүртэл ажилласан. АШУҮИХ-д эрүүл мэндийн салбарын мэргэшсэн боловсон хүчин, эрдэмтэн, профессор, докторууд ажилладаг. Монголын эрүүл мэндийн салбарын ноён оргилууд болох ардын болон гавьяат эмч нар ажилладаг. Энэ хүмүүстэй би дөрвөн жил хамт ажилласан.
Төрийн нарийн бичгийн дарга хүн ямар нэгэн хүнд онош тавихгүй, эмчилгээ хийхгүй. Харин төрийн захиргааны төв байгууллагыг удирдаж, энд ажиллаж байгаа хүмүүсийн ажлын уялдаа холбоог хангаж, чиглүүлэх нь үндсэн ажил. Үүнийгээ цалгардуулахгүй, төрийн ажлыг хурдан, шуурхай явуулах нь миний үүрэг. Маш сайн эмчийг эмнэлгийн дарга болгоод бичиг цаас, аж ахуй, барилгын шавар, шохой, санхүү төсөвтэй холиод тавьчихаар үүнээс болоод цаана нь иргэд хохирч байдаг.
Төрийн нарийн бичгийн даргаар, сайдаар ямар ч мэргэжлийн хүн ажиллах эрх зүйн орчин нээлттэй.
Миний хувьд төрийн байгууллагуудад 20 гаруй жил ажиллаж байна. Ямар нэгэн дарга болохын төлөө нэг өдөр ч ажиллаж үзээгүй. Өөрт оногдсон ажлаа л яаж сайн хийх вэ, хамт ажиллаж байгаа хүмүүсээ яаж илүү үр дүнтэй ажиллуулах вэ гэж бодож, ажиллаж ирсэн.
Хэн нэгний тусламж, дэмжлэгт найдаж явсан удаа байхгүй. Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон найман сарын хугацаанд энэ ажлыг үүрэг, хариуцлага гэж ойлгож ажиллаж байна. Сэтгүүлч мэргэжилтэй хүн энэ салбарыг тэргүүлж, маш сайн ажиллаж байгаа.
Д.Сарангэрэл сайд хүн эмчлээгүй, тэгэх шаардлага ч байхгүй. Харин салбарын буруу жишиг, иргэдэд үйлчлэх эрүүл мэндийн байгууллагуудын тогтолцооны эмгэгийг эмчилж, эдгээх ажлыг удирдан зохион байгуулж байна. Хувь хүнийхээ хувьд хүнд итгэж, хариуцлага хүлээлгэж, хариуцлага тооцож ажиллаж, эрүүл мэндийн салбарт олон жил ярьсан ч хэрэгжүүлээгүй ажлуудыг бодитой болгосон.
ЭМЯ-нд олон жил ажилласан туршлагатай, мэргэшсэн төрийн албан хаагчид ажиллаж байгаа. Бидний ажлын үр дүнг магтаал, шүүмжлэл биш цаг хугацаа сайнаар харуулна гэдэгт итгэлтэй байна.
-Олон улсаас хөнгөлөлттэй төсөл, хөтөлбөр оруулж ирэхэд хэрхэн анхаарч байна вэ. Зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжэхэд хэцүү болж байна шүү дээ?
-Гадаад харилцаа хэвийн байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ингэж сайжирсан, тэгж уруудсан гэж дүгнэх хугацаа болоогүй. Олон улсын байгууллагуудтай өдөр тутам байнгын уялдаатай ажиллаж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны шугамаар манай салбарт олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны шугамаар Сонгинохайрхан дүүрэгт жишиг эмнэлэг барьж байна. Дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж байж эрүүл мэндийн салбарын шинэ техник, технологийг нэвтрүүлэхийн төлөө зорьж байгаа.
Австрийн Засгийн газар долоон сая еврогоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийг нь шинэчлэх гэрээг байгуулсан.
Төсвийн хөрөнгө оруулалт хаана ч хүрэлцэхгүй байгаа нөхцөлд яах аргагүй гадаад харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгөх хэрэгтэй болдог.
Ингэж байж төсөл, хөтөлбөр авах, хөрөнгө оруулалтын зарим асуудлаа шийдэх шаардлага байна. Өнөөдөр төсөв урсгал зардлаа л санхүүжүүлэх хэмжээнд байгаа. Эмнэлгийн ажилтны цалин хөлсийг нэмэх, нийгмийн хангамжид анхаарах төсөв байдаггүй. Үүнээс болоод бэрхшээл, сорилт гарч байгааг үгүйсгэхгүй.
Төсөв хэмнэнэ, үр ашгийг нь сайжруулна гээд ажилтныхаа цалинг хасаж, танаад байсан юм алга. Ингэх ч боломжгүй. Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ аль болох дэмжиж ажиллахыг зорьж байна.
-Сүүлийн үед иргэдийн дунд хавдрын тохиолдол ихэссээр байгаа нь юутай холбоотой вэ?
-Хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг болсон цагт л эрүүлжинэ. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахын зэрэгцээ хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй байна. Өөрөө өөртөө анхаарч, урьдчилан сэргийлдэг, өвчин эмгэгийг эхний шатанд нь оношлуулж, эмчлүүлдэг байх нь чухал.
Эмнэлгийн зарим үйлчилгээг төлбөртэй болгохгүйгээр бүхий л асуудлыг төр хариуцах нь буруу гэж боддог. Манай улсад нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин болсон нь дасгал хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, амьдралын буруу хэв маягтай холбоотой.
Нас баралтын хоёр дахь шалтгаан нь болоод буй хорт хавдрыг эрт үед нь оношлуулбал эмч нар эдгээж чадна. Мөн манай яам осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн ажлыг эрчимжүүлэхийн төлөө ажиллаж байна.