Өвөрмонголчууд газар нутгийнхаа хэрхэн тэмцэж байгааг бид үзэж ааг, омог, хорсол зэвүүцлээ барьж ядан суусан цаг саяхан. Саяхан гэдгийн учир нь энэ нөхцөл байдал өнөөдөр ар монголд ч мөн тулгнараад байна.
Сүүлийн үед "Зүүн аймгийн нутгуудыг харийнханд өгөх гэж байгаа гэнэ, Халх голын сав газрыг гадаадад худалджээ. Монгол минь хаа байна, эх орончид хаана байна. Гадаадын гар хөл дэндлээ” гэж халагласан эшлэлүүд энд тэндгүй цацагдах болсон.
Үнэндээ ч Хэнтий, Дорнод аймгийн зарим удирдлагууд гадны компанитай үгсэн хуйвалдаж, газар шороо, уул, усаа үгүй хийж байгаа аж. Энэ бусармаг үйлдэлтэй зүүн аймгийн иргэд өнөөдрийг хүртэл тэмцэж буй хэдий ч үр дүнд хүрч чадахгүй л байна.
Тодруулбал, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын II багийн нутаг дахь 30 тонн алтны нөөцтэй ордыг "Степ голд” компани эзэмшихээр болж, олборлолт хийх бэлтгэлээ базааж эхэлжээ.
"Степ голд” компани нь Дорнод аймгийн Цагаан овоо сумын 2-р багийн нутаг дахь эдэлбэр газрын 5.4 мянган га талбайн тусгай зөвшөөрлийг өнгөрсөн он есдүгээр сард "Сентерра голд Монголиа” компаниас шилжүүлэн авсан гэнэ. Ингээд "Степ голд” компанийнхан тус багийн ИНХ-д хүсэлт гаргаагүй, өөрөөр хэлбэл, иргэдийн саналыг асуулгүй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн учир эндхийн иргэд болон тус компанийн хооронд үл ойлголцол үүсэж, маргаан дэгджээ. Тус компанийнхан үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд Цагаан-Овоо сумын удирдлагаас 426 га талбайд эдэлбэр газрын зөвшөөрөл хүсч, шийдвэр нь гараагүй байхад хээрийн баазаа барьж эхэлсэн төдийгүй одоогийн байдлаар хоёр байршилд бааз барьж, зарим газарт өрөмдлөг хийсэн байна.
Түүнчлэн энэ хууль зөрчсөн асуудалд Дорнод аймгийн ИТХ-ын дарга холбоотой төдийгүй анх 2017 оны 10-р сарын 25нд Аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох гэгч сумын ИТХ-ыг хуралдуулах үүрэг өгч түүний туслах хуралдааныг даргалан Степ гоулд гэх компани тус сумын 2- багийн нутаг дэвсгэрт олборлолт хийх болсныг мэдэгдэн олонхийн суудлаа ашиглан батлуулсан байна. Ингэхдээ сумын ИНХ-д мэдэгдээгүй дээр нь эл хуралдаан болоо ч үгүй тухай нутгийн иргэд ярьж байгаа юм. Ингээд ч зогсохгүй тус компанийн гар хөл болсон монгол ажилчид үйл ажиллагаагаа эхэлхийн тулд нутгийн иргэдийг хэл амаар доромжилж, зодож танхайрч эхэлсэн байна.
Ямартай ч нутгийн дарга нар хуулийн дагуу энэ асуудлыг шийдэж өгөхгүй нь тодорхой тул тус компанийн үйл ажиллагааг эсэргүүцсэн нутгийн иргэд суулт хийх болсон. Тэмцэл хийж буй иргэдийн төлөөлөл болсон Цагаан-Овоо сумын 298 иргэд төр засгийн удирдагуудыг газар дээр нь ирж ажиллахыг хүссэн өргөдөлд гарын үсэг зурж, Өргөдлийн байнгын хороо болон УИХ-ын нэр бүхий гишүүдэд илгээжээ. Энэ дагуу уржигдар буюу наймдугаар сарын 4-ны бямба гарагт УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Р.Зоригтбаатар нар газар дээр нь очиж, холбогдох талуудыг байлцуулан уулзалт зохион байгуулж чаджээ. Гэсэн хэдий ч тэмцэл дуусах болоогүй гэж нутгийн иргэд ярьж байна.
Хэдэн зууны тэртээд Эзэн Чингис хаан "Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг...” хэмээн зарлигдаж байсан гэдэг. Түүний захиасыг биелүүлэх цаг болжээ. Тиймээс хууль, цаазгүй оронд ирсэн мэт мөнгөөрөө далайлгаж нутгийн иргэдийг дарамтлан дур зоргоороо аашилж байгаа "Степ гоулд" мэт компанид төр төмөр нүүрээ үзүүлж хөөж гаргах цаг болжээ. Ингээд ч зогсохгүй гадныхны гар хөл болсон удирдах албан тушаалтнууд тэдний хамсаатнуудыг ч мөн хуулийн хариуцлага тооцож, зүүн аймгийн зарим засаг ноёдыг албан тушаалаас нь огцруулж, дахиж төрийн албанд оруулахгүй байх хүртэл арга хэмжээг авах хэрэгтэй гэдгийг сануулахад илүүдэхгүй биз.
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=11604
Сэтгэгдэл