УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хууль зөрчсөн үү


УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хууль зөрчсөн үүНийгмийн харилцааны үндсийг тодорхойлогч, нийгмийн зөвшилцлийн дээд баримт бичиг болох Монгол Улсын Үндсэн хуульд тус улсад хууль ёсоор оршин сууж байгаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан. Мөн итгэл үнэмшилтэй байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хэн алинд маань харилцан ялгаагүй олгосон.

 

Энэхүү Үндсэн хууль батлагдан хэрэгжээд хорь гаруй жилийг ардаа үдсэн нь хүнээр бол төрж, өсөж, эрийн цээнд хүрэх нас билээ. Нэг үеэ бодвол Монголын хууль гурав хоног гэдэг үзэл ард үлдэж харинч бидний эрх зүйн ухамсар соёл харьцангуй дээшилжээ. Гэхдээ л өөрийн хувийн эрх ашгийн төлөө хуулийг уландаа гишгэж, өөрт таалагдаагүй этгээдэд сэгтэл санаа, бие махбодь, эд материалын дарамт учруулан яахаас ч буцахгүй хэсэг бүлэг бидний дунд бодитоор амь бөхтэй оршин байсаар байна.

Мэдээж энэ нь энгийн иргэдэд хамаагүй харин хөрөнгө мөнгө, эрх мэдэлдээ эрэмшсэн хэсэг бүлэгт хамааралтай, эрх мэдэл байхад хууль зөрчиж болно, өөрт нь таалагдахгүй, эрх ашигт нь нийцэхгүй, үгээр нь хүлцэнгүй томоотой байхгүй бол хэний ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, аль ч хэвлэл мэдэллийн байгууллагын хэвлэн нийтлэх эрхэд ямар ч хамаагүй аргаар халдаж, амыг нь барьж, хуулийн аргаар "хашраах” явдал өндөр дээдсийн дунд өнөө хир нь байсаар байна.

Үүний тодорхой жишээ бол хууль тогтоох дээд байгууллагын дарга нийгэмд байгаа хүндрэл бэрхшээлийн талаар асуудал дэвшүүлэн, хашиж байгаа ажил үүрэгтэй нь холбоотойгоор өөрийнх нь нэрийг дурдсан нийтлэл гаргасны төлөө "Breaking news” мэдээллийн сайтыг нь Үндсэн хуулийн олон заалтыг зөрчин байж торгуулийн яланд унагаад буй баримтыг та бүхэнд хүргэхээр зэхлээ. Анх сонгогдохдоо барагл хувийн зовлонг маань ч хариуцан шийдий гэдэг харин өндөр сэнтийд заларсныхаа дараа ноёны эрх хатан, айлын танхил хүүхэд шиг өөрийнх нь нэрийг дурдсан бүхэнрүү нохой шиг боргон, ноцдогын жишээ энэ болой.

Энэхүү маргаан өнөөдөр шүүх дээр хүрсэн бөгөөд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын дарга М.Энхболд, түүний Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд нарын гомдол, хүсэлтийг Цагдаагийн шат шатны байгууллага, тэдгээрийн удирдлага гар дамжуулан, олон хууль тогтоомжийг зөрчин байж шалган нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагад торгуулийн арга хэмжээ авсан нь төрийн өндөр албан тушаалтны "захиалгаар” гэж хардахад хүргэснийг баримтад түшиглэн олон нийтэд хүргэж, зөв бурууг бүгдээрээ тунгаан хэлэлцэх нь зүйд нийцнэ гэж үзлээ. Учрыг сийрүүлвэл:

– 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд гэж хүний гарын үсэгтэй, УИХ-ын Тамгын газрын нэр бүхий албан баланкан дээр үйлдсэн "УИХ-ын дарга М.Энхболдын нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэл тарааж байгаа этгээдүүдийг хариуцлага хүлээлгэж, мөнгөн болон бусад хэлбэрээр М.Энхболдод учруулсан хохирлыг шийдвэрлүүлэх тухай” 16/267 дугаар бүхий албан тоотыг Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хурандаа С.Баатаржавын нэр дээр явуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, мэдээллийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг хоёр сая төгрөгөөр, хуулийн тэгээдийг хорин сая төгрөгөөр торгох”-оор заасан.

"Breaking news” мэдээллийн сайтад гарсан мэдээллийн агуулга нь учир утгагүй олон сонгуулийн дараа өнөөх сайхан амлалтууд салхинд хийсэн одож, үнийн өсөлт тэр дундаа суурь үнэд нөлөөлөгч гол хүчин зүйл болох бензин шатахууны үнэ өссөн, үүнд хууль тогтоох дээд байгууллагыг удирдаж байгаагын хувьд, мөн дараалан олон сонгуулиудад биечлэн оролцож, биднийгээ жаргаагаад өгөх амлалт өгч байсан нэр дэвшигч М.Энхболд гэж хувь хүнийхээ хувьд ч ямар нэг хэмжээгээр хамаатай, анхаарал тавих, шйидвэрлэх эрх, үүрэг этгээд мөн гэсэн энгийн санааг илэрхийлжээ.

Харин гаргасан гомдлын агуулгыг үзвэл иргэн М.Энхболдын нэр төр, алдар хүндийн асуудлыг хөнджээ гэж ойлгохоор…гэтэл УИХ-ынТамгын газрын албан баланкан дээр үйлдэгдсэнээс нь үзвэл хуулийн этгээдээс гаргаж байгаа гомдол, хүсэлт ч гэж андуурмаар…гэхдээ хуулийн этгээд хэн нэгнийг итгэмжлүүлсэн төлөөлүүлсэн баримт байхгүйг тооцвол хувийн шинжтэй нь илэрхий…харин гомдол гаргагчын гарын үсэг нь УИХ-ын даргын хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд гэж хүнийх байгаа нь Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд гомдол гаргагч өөрөө гарын үсгээ зурж баталгаажуулна гэсэн шаардлагын хүрээнд энэ хүний эрх ашиг хөндөгджээ гэж дүгнэж болохоор….ийм л нэг элдэвтэй эрээн цаас эрх зүйн олон зөрчил, маргааны үндэс суурь болох учиртай байжээ.

Уг албан тоотыг Цагдаагийн ерөнхий газрын дарга хүлээн аваад Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдоржид, харин хурандаа Д.Ядамдорж Нийслэлийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, хурандаа Ш.Цогтбаатарт, хурандаа Ш.Цогтбаатар нь хошууч н.Товуудоржид, тус газраас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлстийн дарга, хурандаа Ц.Намсрайжавт, хурандаа Ц.Намсрайжав дэд хурандаа Б.Түвшинжаргалд, Б.Түвшинжаргал нь хошууч н.Мөнхтуяад гэх мэтээр гар дамжуулан "…шалгаж дүнг танилцуул…”, "…өөрийн харьяа албаар шалгуулах нь зөв болов уу…”, шалгаж, биечлэн хяналт тавь…”, "…шалгаж хариу өг…” гэх мэтээр ноён М.Энхболдоос буулгасан "лүндэн” буюу дээрээс шидсэн чулуу ийнхүү Цагдаагийн ерөнхий газрын даргаас эхлэн хэдэн давхар цохолттойгоор онцгой анхааран, халамжин дунд гар дамжуулан хэвлэл мэдээллийн байгууллагын амыг барих, тэдний хэвлэн нийтлэх эрхэнд ноцтой халдан шийтгэх учиртай эрх бүхий албан тушаалтны гар дээр сая нэг иржээ.

\Баримт 1. УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болдын ЦЕГ-ын дарга С.Баатаржавт ирүүлсэн УИХ-ын Тамгын газрын албан бланкан дээр үйлдсэн албан тоот, цохолтууд, хавсралт албан тоот\

"За яахав ээ яахав” дээрх үйлдлийг хууль тогтоох байгууллага, түүний удирдлагад үзүүлсэн онцгой халамж, дарга удирдлагуудын нэгнээ гэсэн чин сэтгэлийн илэрхийлэл юмаа гэж үзэхэд энэхүү хүндэтгэлийн золиос, "зодуурын муур” нь болох учиртай "Breaking news” сайтад холбогдох зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэхдээ хуулийн олон зүйл заалтыг уландаа гишгэсэн нь үнэхээр харамсалтай.

Нэн түрүүнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд "зөрчил шалган шийдвэр ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу явна” гэсэн заалтын дагуу иргэн М.Энхболдын хувийн нэр хүндэд халдсан, алдар хүндийг гутаасан гэх гомдлыг тэрбээр тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа явуулдаг харъяа дүүргийн Цагдаагийн хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба болох хэв журмын албанд гаргаж, эрх бүхий албан тушаалтан болох хэсгийн байцаагчид зөрчлийн гомдол хувиарлагдан шалгагддаг энгийн зарчимтай. Харин "эрхэм дээдсийн” гомдол хуульд зааснаас өөр тусгай журмаар их дээрээс дамжин "бууж” ирснийг өмнө тодорхой баримтаар өгүүлсэн. Мэдээж хэн нэгэн Дорж, Дулмаа гомдол гаргаад Цагдаагийн ерөнхий газрын даргад хүргүүлсэн бол дээрх хуулийн заалтыг дурдаад өөдөөс нь шидчих нь дамжиггүй. Гагцхүү УИХ-ын дарга гомдсон учир хуулийн шаардлага, гэмт хэрэг зөрчлийн талаарх өргөдөл, гомдол хүлээн авах журмыг үл хэрэгсэн цагдаагийн төв байгууллага хүлээн авч, хурандаа нар шат шатандаа үүрэг өгч, онцгой журам үйлчилжээ.

Мөн хуулийн 6.2-д "..Гомдол, мэдээллийг бичгээр гаргасан бол гомдол гаргагч эцэг эхийн нэр, өөрийн нэр, оршин сууга газрын хаяг, утасны дугаараа бичиж гарын үсэг зурсан байна…гомдлыг хүлээн авч байгаа Цагдаагийн байгууллага тухайн гомдолд гомдол гаргагч гарын үсэг зурсан эсэхийг нягтлан бүртгэнэ” гэсэн заалт бий. Гэтэл цагдаагийн байгууллагад гаргасан гомдол нь "Монгол Улсын Их Хурлын тамгын Газар” гэсэн хаягтай албан баланкан дээр УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх Р.Болд гэсэн хүний гарын үсэгтэй байгаа нь дээрх хуулийн шаардлагыг илтэд зөрчсөн байна.

Хэрэв уг гомдол хуулийн этгээдийн гаргасан гомдол гэж үзэх аваас Монгол Улсын Их Хурлын Тамгын газрыг төлөөлөх эрх бүхий этгээд болох Тамгын газрын дарга гарын үсэг зурсан байх учиртай бөгөөд энэ тохиолдолд байгууллагыг төлөөлөн оролцох хүнийг тусгайлан итгэмжлэн томилдог. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар насанд хүрээгүй хүүхэд, хуулийн этгээд хоёр зөрчлийн хэрэгт төлөөлөл оролцуулдаг. Гэтэл зөрчлийн хэрэгт ийм итгэмжлэл огтоос байхгүйг үзвэл энэхүү гомдол нь яах аргагүй иргэний хувийн гомдол бололтой.

Гаднах төрх, нийгмийн оролцоо, ажил албан тушаал хашсан түүхийг харвал иргэн М.Энхболд насанд хүрсэн төдийгүй монголчуудын хэлдэгээр насны нар хэвийж яваа нэгэн гэдэг нь ойлгомжтой. Бидний хэлж заншснаар байгууллагын ”толгойтой” баланкан дээр төлөөлөх эрхтэй этгээдийн өмнөөс хэн нэгэн зөвлөх, мэргэжилтэн, бусад ажилтнууд өөрийн дураар гарын үсэг зурах нь албан хэрэг хөтлөх журамд үл нийцэхийг хууль тогтоох дээд байгууллагын ажлын алба бүү хэл төрийн болон төрийн бус аль ч хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн наад захын ажилтан мэддэг, нэгэнт хэвшиж тогтсон зүйл билээ. Гэтэл "эрхэм дээдэс” хүссэн бол хуулийн шаардлага, албан хэрэг хөтлөх, албан тоот үйлдэх дүрэм журам хэнд ч хамаагүй бололтой.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд "зөрчлийн хэргийн хохирогч гэж зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хэлнэ” гэж заажээ.
Дээр өгүүлсэн УИХ-ын Тамгын газрын хаягтай, УИХ-ын даргын хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд гэж хүний гарын үсэгтэй гомдлын дагуу Р.Болдыг зөрчлийн хэрэгт хохирогчоор тогтоож мэдүүлэг авахад уг хүн өөрийнх нь эрх ашиг зөрчигдсөн талаар бус харин эрхэм даргынх нь хувийн нэр төр, энгүй их алдар хүндийг "Breaking news” гэж сайт бензиний үнэ өссөн гэх мэдээллээр гүтгэн доромжилсон талаар гомдоллож, буруутай этгээдийг бушуу түргэн шийтгэж өгөхийг хуулийн нэр барин шаарджээ.
Энэхүү үйл ажиллаганууд нь хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчиж байгаа талаар "Breaking news” сайтын итгэмжлэгдсэн төлөөлөгч амаар гомдол гаргасны дараа өнөөх хохирогч Р.Болдыгоо шууд гэрч болгон, хууль, журамд заасан шаардлагад нийцсэн өрөгдөл, гомдлыгөнөөдрийг хүртэл хаана ч хэнд ч өөрөө биечлэн гаргаагүй иргэн М.Энхболдыг гэнэт хохирогч болгон "сольсон” эмгэнэлтэй бас инээдмтэй ч гэж болох үйл ажиллагаа шүүхийн хаалга татан үргэлжилж байна.

Бүр тодруулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд "оролцогч гэж зөрчилд холбогдогч хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчийг хэлнэ” гэж заасан байтал хувь хүний алдар хүндтэй холбоотой гомдолд огт хамааралгүй этгээд буюу УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх Р.Болдыг” хар хүний өмнөөс шар хүн” гэгчээр иргэн М.Энхболдын өмнөөс хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан, энэ тухай маргаан дэгдэхээр М.Энхболыг дуудаж мэдүүлэг аваад өмнөх хохирогч Р.Болдыгоо гэрч болгочихдог аль ч хуулиас хайгаад олохгүй энгийн процесс нь Цагдаагийн байгууллага төрийн өндөр дээдэст "захиалгаар” үйлчилсэн гэх хардлагыг хурцалж, хэвлэл мэдээллийн байгууллагыг "албаар яллаж” байна уу гэсэн хардлагыг лавшруулсаар….

Баримт 2. Р.Болдоос эхлээд хохирогчоор дараа нь гэрчээр мэдүүлэг авсан, М.Энхболдоос хохирогчоор мэдүүлэг авсан баримтууд:

Үлгэрт яваад л байж яваад л байж гэж гардагчлан зөрчил шалган шийдвэрлэхдээ хуулиа зөрчөөд л зөрчөөд л байсан байдаг. Тодруулбал хуулийн 6.8-д "зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа нийт 58 хоног байх” бөгөөд хуулийн 6.11 дүгээр зүйлд "Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан бол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

Энэ заалт энгийн иргэдийн хувьд нэг мөр хэрэгждэг бол "эрхэм” М.Энхболдын гаргасан гомдлоор үүссэн зөрчлийн хэргийг хуульд заасан 58 хоногт шалгаад хуулийн хугацаа дууссан байхад зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, харин ч эсрэгээрээ хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 сая төгрөгөөр торгох шийдвэрийг хүч түрэн гаргасан нь "захиалгаар” гэж хэлэхэд биш харин ингэж үнэмшихэд хүргээд байна.
Манай хуулийн байгууллага "ноён” ба "албат”-ын хэргийг нэг иймэрхүү байдлаар шийдэж байна. Нийтлэлийн эхэнд дурдсан Үндсэн хуулийн заалтыг эцэст нь дахин иш татан сануулахыг хүсч байна. Яс үндэс, ажил албан тушаал, нийгмийн байдал, хөрөнгө чинээ өөр өөр байж болох ч "Breaking news” мэдээлийн сайт, дугаар хорооны иргэн Миеэгомбо овогтой Энхболд нар Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэйгээс бус "бүх гахай тэгш эрхтэй, тэгэхдээ бүдүүн дарга гахай илүү эрхтэй” гэдэг шиг баймааргүй байна. Яах вэ…….Үмхий идээ эзэндээ амттай гэдэгчлэн иймэрхүү эрт баларын эзэн боолын харьцаа эзэддээ таатай байж болох ч эрх зүй, ёс зүйг эрхэмлэсэн, шинжлэх ухаан техник үсрэнгүй хөгжсөн шинэ эрин зуунд энэ тогтолцооны "эрэг боолт” огт таарахгүй байна…яах вэ…

Н.Баатар

http://undesten.mn/64890.html

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.