Хямралын гурван өнгө


Хямралын гурван өнгө

Эдийн засаг хямарлаа гэж бид сүүлийн гурван жил ярьж байна. Нүүрлэж ирээгүй хямралыг урьдаас зөгнөв үү, эсвэл эдийн засаг үнэхээр хүндэрсэн үү. Энгийнээр бол иргэд, аж ахуйн нэгжүүд мөнгөний хомсдолд орж буйг хямрал гэнэ.

Тиймээс үүнийг тодорхойлоход олон тоо хэрэггүй. Аль нэг зах, худалдааны төвийн лангуун дээрх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний гүйлгээ хэр байгаагаас харахад хангалттай.

Бид энэ удаа нийслэлийн зах, худалдааны төвүүдийн өргөн хэрэглээний бараа, хувцас, машины борлуулалт ямар байгаа талаар сурвалжиллаа.

МАХНЫ ҮНЭ ЯЛИМГҮЙ НЭМЭГДЖЭЭ

Махны үнэ он гарснаас хойш нийслэлийн зах, зарим худалдааны төвд бага зэрэг өссөн байна. Өнгөрсөн бямба гаригт "Хүчит шонхор” захад үхрийн цул махыг 6500-6800 төгрөгөөр худалдаж байв.

Хонины цул мах 4500-4800, ястай нь 4000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин "Бөмбөгөр” худалдааны төвд үхрийн цул мах 6500, адууных 5000 төгрөгөөр зарагдав. Мөн хонины цул 6000, ястай нь 5500 төгрөгийн үнэтэй байлаа.

Энэ нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас өссөн дүн аж. Тухайлбал, Бүртгэл, статистикийн ерөнхий газраас хийсэн өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-ны үнийн судалгаатай харьцуулахад "Бөмбөгөр” худалдааны төвд хонины цул махны үнэ 400, адууных 200, үхрийнх 100-200 төгрөгөөр кг тутамд өссөн байна.

Тус худалдааны төвийн махны худалдагч Б.Батжаргал "Махны үнэ он гарсаар бага зэрэг өслөө. Энэ нь Цагаан сар ойртсонтой холбоотой болов уу. Ер нь жил бүрийн өдийд махны үнэ өсдөг. Эрэлт нэмэгдэж байгаа учраас ойлгомжтой шүү дээ” гэлээ.

2015 онд иргэдийн худалдан авах чадвар суларснаас махны эрэлт багассан. Нөгөө талаар бичин жилийн зуд болох сургаар малчид өнгөрсөн намар өмнөх жилээс илүү их мал нядалж, зах зээлд нийлүүлсэн учир махны үнэ бараг долоо хоног бүр бага хэмжээгээр хямдарч байв.

Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард хонины ястай махны үнэ дунджаар 4200 төгрөг байсан бол аравдугаар сард 3850-3900 төгрөг болж буурчээ. Мөн ямааны ястай мах энэ хугацаанд 3600-3200 төгрөг болжээ.

"Бөмбөгөр” худалдааны төвийн худалдагч Б.Янжиндулам "Өмнөх жилүүдэд өдөрт хонины хоёр гулууз мах жижиглээд зарчихдаг байсан. Харин сүүлийн үед өдөрт нэг хонины мах ч зарж чадахаа байсан.

Иргэд нэг бүтэн гуя, хаа худалдаж авдаг байснаа больж 1-2 кг-аар нь авах болж. Харин сүүлийн долоо хоногт гүйлгээ бага зэрэг сэргэж байна” гэлээ.

Өнгөрсөн долоо хоногоос махны үнэ бага зэрэг өсөж эхэлсэн гэдгийг худалдагчид хэлж байна. Хэдийгээр эдийн засаг хүнд байгаа боловч монголчууд үндэснийхээ баярыг уламжлалаа даган тэмдэглэнэ.

Цагаан сарын үеэр бууз, банш хийх, ууц бэлдэх гээд махны эрэлт идэвхжинэ. Эрэлт өсөж буй учир үнэ нь ч бага зэрэг нэмэгддэг аж. Бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргасан мал тооллогын урьдчилсан дүнгээр өнгөрсөн оны эцэст мал сүргийн тоо 55.9 мянга болж, дээд түвшинд хүрээд буй.

АВТОМАШИНЫ ҮНЭ ӨМНӨХ ЖИЛЭЭС 30 ХУВИАР БУУРАВ

"Да хүрээ” авто худалдааны төвийн хоёрдугаар хэсэгт байрлах ногоон байшин эзгүйрчээ. Автомашины улсын дугаар олгох, татвар, хураамж авах үйлчилгээний газрууд тэнд төвлөрч байв.

Нийслэлийн баруун захад шинээр барьсан Авто худалдааны цогцолбор руу тэдгээр газрыг шилжүүлжээ. Авто худалдааны цогцолборыг ашиглахын тулд нийслэлийн удирдлагууд захиргаадлын арга хэмжээ авсан нь тэр.

Нэг давхар ногоон байшингийн урт хонгилд хана дагуулан байрлуулсан сандал дээр годон гутал жийж, зузаан хувцсаар дулаалсан хүмүүс хөзөр тоглоно. Тэд цаг нөгцөөж буй хэсэг ченж бөгөөд нэгийг нь П.Эрдэнэбаяр гэдэг аж.

Тэрбээр "Машин зарагдах нь цөөрсөн. Бараг байхгүй гэхэд болно. Зарим ченж зах руу ирэхээ больсон. Машин зарах аз тохиох болов уу гэж горьдсон хэд нь л энд ирж, хөзөр тоглон цаг нөгцөөж байна” гэв.

Хэдхэн алхмын цаадах өрөөнд хүмүүс хөзөр тоглох нь сонсогдоно. Хэн нэгэн нь булхайцаад дуу шуу хадаана. Хуучин машин худалддаг П.Эрдэнэбаяр хоёр сар зогсож байж "Grand mark-2” загварын тэргийг 7.5 сая төгрөгөөр заржээ.

"Жилийн өмнө 2004 онд үйлдвэрлэсэн "Grand mark-2”-ыг 11.5 сая төгрөгөөр зарж байсан. Өмнөх жилүүдэд долоо хоногтоо нэг машин зарчихдаг байлаа. Зарагдахгүй болохоор машины үнийг ингэж бууруулж байна.

Дунджаар 30 хувь хямдарсан. Их гарын жийпний үнийг хоёр дахин буулгаж зарсан тохиолдол ч бий” гэв.

2005 болон 2006 онд үйлдвэрлэсэн "Lexus-470” загварын жийпийг өнгөрсөн жил ченжүүд 53-58 сая төгрөгөөр борлуулж байжээ. Тэгвэл энэ жил үнэ нь 38-45 сая төгрөг болж хямдарсан аж.

Дизель хөдөлгүүртэй "Land cruiser-100” загварын тэргийг 48 сая төгрөгөөр худалдан авсан ченж "28 саяар худалдах гэтэл хүн тоохгүй байна” гэж ярилаа.

Ченж Д.Энхбат "Prius-11”, "Prius-20” загварын шатахуун бага зарцуулдаг, цахилгаан хөдөлгүүртэй машин Японоос оруулж ирж борлуулдаг гэнэ. "Оруулж ирэх” гэж Японы зах зээлд 10 жил явсан, тэнд ашиглахыг хориглосон машиныг хямд үнээр авч ирж борлуулахыг хэлдэг билээ.

Д.Энхбат "Хүмүүс шатахуун бага зарцуулдаг машин сонирхож байна. Тиймээс Prius-20 загварын цахилгаан хөдөлгүүртэй машины борлуулалт арай дээр байгаа. Гэхдээ л эдийн засгийн хүндрэлээс шалтгаалаад борлуулалт буурсан.

Хүмүүсийн гар дээр мөнгө алга байна” гэв. Түүнтэй ярилцаж байх үед хоёр залуу ирж, машины үнэ асуув. Тэд Монголд 1-2 жил явсан, хуучин "Prius-11” загварын машин сонирхож байлаа.

Д.Энхбат "Хямд машин сураглаж яваа цөөн хүн л зах руу ирж байх шив дээ” гэлээ. "Цахилгаан” машины үнэ ч буурчээ. "Оруулж ирсэн” "Prius-20” загварын тэрэг 8-11.5 сая төгрөгийн үнэтэй байв.

Уг машиныг 2014 онд 13 орчим сая төгрөгөөр борлуулж байсан гэнэ. Эдийн засгийн хүндрэл "Да хүрээ” захыг ийн эл хуль болгожээ. Ченжүүд "2010-2014 оны эдийн засгийн өндөр өсөлттэй жилүүд олон машин борлуулж, чамгүй ашиг олсон” гэж сайхан цагаа дурсаж байлаа.

ҮНЭЭ ХЯМДРУУЛААД Ч ХУДАЛДАН АВАГЧ НЬ ЦӨӨРСӨН "НАРАНТУУЛ”

Хэлсэн зүйлийг нь тэмдэглэх гэсэн ч ил бариад ердөө минут хэртэй болсон бал минь царцаж орхиж. Ханцуйнаасаа бал гаргаж ирээд, "Үүгээр бич. Ингэж л балаа "гэсгээнэ” шүү дээ” гэх "Нарантуул” захын худалдаачнаас эдийн засгийн хүндрэл түүнд хэрхэн нөлөөлж буйг тодруулсан юм.

Гадаа зогсдог гэдэг утгаараа тус төвийн худалдаачид хамгийн бага түрээс төлдөг, борлуулж буй бүтээгдэхүүний үнэ нь хамгийн хямд гэгддэг.

Гэхдээ тус худалдааны төвөөр үйлчлүүлэх хүмүүсийн тоо цөөрсөн нь наймаачдын хоорондоо элдвийг ярилцаж, цаг өнгөрөөж буйгаас анзаарагдана.

Зарим нь араас "Зогсоорой” хэмээх дуудах нь инээдтэй ч юм шиг. Бараагаа зарах гэж дуудаж буй нь тэр. Тэдний нэг "Харж байгаа биз дээ, би зүгээр л зогсож байна” хэмээн үйлчлүүлэгчгүй байгаагаа хэлсэн юм.

Дотоодод гутал үйлдвэрлэж, "Нарантуул” худалдааны төвд борлуулаад олон жил болж буй Ж.М өмнө нь 15-16 хүнийг ажлын байраар хангадаг байжээ. Харин борлуулалт нь муудсанаар одоо үйлдвэртээ дөрвөн хүн л ажиллуулах болж, бусдыг нь түр чөлөөлжээ.

Борлуулалт нь сайжирвал ажилчдаа эргүүлэн ажилд нь авна гэх тэрбээр "Өнгөрсөн жил өдөрт 20-30 гутал зардаг байсан. Одоо бол 2-3-аас хэтэрдэггүй. Эдийн засаг хямарч, иргэдийн худалдан авах чадвар маш муу байна.

Бид гутлынхаа үнийг бууруулсан ч адилхан, борлуулж чадахгүй байгаа” гэв. Тодруулбал, бөөний үнээсээ хямдруулаад байхад ч иргэд худалдан авч чадахгүй байгааг дуулгав. Олон жил үйлдвэрлэл эрхэлж, нэг үгээр хэлбэл, гаршчихсан тэрбээр өөрийн гэсэн худалдан авагчидтай болж амжжээ, уг нь.

Үргэлжлэлийг  ЭНД дарж уншина уу.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.