Алтны салбарынхан өчигдөр чууллаа. Гэхдээ салбарт ажилладаг төлөөлөл ховорхон байсныг зохион байгуулагчид онцолж байна. УУХҮЯ, Монголбанк болон “Вloomberg TV Mongolia” хамтран “Алтны форум” уулзалт, хэлэлцүүлэг хийсэн юм. Энэ үеэр алтны салбарт тулгамдсан асуудал, сорилт, шийдэл, өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн чиг хандлагын талаар ярилцав.
АЛТЫГ НЬ АВААД АВДРЫГ НЬ…
Форумд оролцогчид алтны олборлолт өсч, Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэхийн хэрээр валютын ханшийн өсөлтийг сулруулах, төгрөгийн ханшийг тогтворжуулахад голлох нөлөө үзүүлнэ гэдгийг тодотгосон. Мэдээж сүүлийн жилүүдэд алт тушаалт нэмэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн сард 2.1 тонн алт худалдан авчээ.
Ингэснээр оны эхнээс худалдан авсан алтны нийт дүн 14.3 тоннд хүрсэн аж. Төвбанк “Эх орныхоо Эрдэнэсийн сандаа” аяны хүрээнд алтны худалдан авалтын хэмжээг жилийн эцэс гэхэд 22 тоннд хүргэх зорилт тавьж буйгаа энэ үеэр дуулгав. Алт тушаахад учир бий. Монголбанкинд тушаасан алтны 66.3 хувийг хувь хүн өгчээ. Энэ нь эргээд эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэл тулгарч байгааг МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав сануулав. Тэрээр “Монголбанкинд алт тушаасан 261 иргэн бий. Тэдэнд хариуцлага үүрүүлэх тухай татварын газрынхан хэлж байгаа. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн жилүүдэд алт бүрийг авах бодлого баримталсан. Тэр үед татварын орчны эрх зүйн асуудал болон бусад асуудлыг мартъя гэж байснаа эргэж санах хэрэгтэй” гэсэн юм. Учир нь эдийн засаг сэргэхтэй зэрэгцэн тэдгээр хүмүүсийг шалгах асуудал гарч ирнэ. Яагаад гэвэл, татварын хөөн хэлэлцэх хугацаа таван жил байдаг. Тэгэхээр бид өмнө нь алт тушааж байсан хүмүүст эрүүгийн болон захиргааны хариуцлага, мөнгөн торгууль ногдуулж эхэлбэл алт тушаалт эрс буурах эрсдэл бий. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ гэдэг асуудлаа хэлэлцэн, тодорхой шийдэлд хүрэх хэрэгтэйг сануулж байлаа. Хэдийгээр Монголбанкинд алт тушаасан иргэд хуулийн дагуу ажилласан гэх боловч алтыг нь аваад авдрыг нь хаядаг Монгол араншинг мартах учиргүй аж. Тэгэхээр татварын хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх үед салбарынхан идэвхтэй ажиллаж өөрсдөдөө тулгамдсан асуудлаа нарийвчлан тусгуулахад анхаарлаа хандуулахыг уриалж байсан.
ХАЙГУУЛЫНХАН ЭЛДЭЖ ХӨӨХ ҮҮ, ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХ ҮҮ?
Монгол Улсын эдийн засгийн дийлэнхийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Тэр дундаа алтны салбарынхны оролцоо хамгийн чухал. 2014 оноос алтны олборлолт сэргэж эхэлсэн. Жил бүр 500-800 сая ам.долларын нөөц бүрдүүлж байна. Үндэсний томоохон хөрөнгө оруулагч компаниуд гарч байна гээд эерэг нөлөө, сайн тал бий. Харин эсрэг талд нь байгаль орчны асуудал алт олборлолтын салбарын сүүдэр байсаар ирснийг албаны төлөөлөл онцолж байв. Үүнийг шийдвэрлэх арга замын талаар ярилцсан юм. Тодруулбал, уул уурхайн салбарыг олон тулгууртай болгох зорилтын хүрээнд алтны салбарыг жилд тэрбум давсан ам.долларын орлоготой болгох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж буйгаа салбарын сайд илэрхийлсэн юм. Энэ хүрээнд шороон ордоос үндсэн орд давамгайлсан салбар болон шилжих ажлыг ойрын таван жилд хийхээр зорьж байгаа аж. Шороон ордыг үндсэн болгох зорилго зайлшгүй шаардлагын улмаас гарч буй. УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Мөнхтөр “Алтны салбар-Өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавьсан юм. Манай улс 2500 тонн алтны нөөцтэй хэмээн бүртгэгдсэн. Үүнээс 476.7 тонн үндсэн орд, харин 57.1 тонн нь шороонд орд. Шороон ордод тулгамдсан асуудал нь хайгуул. Шороон ордын нөөц шавхагдах нөхцөл үүсч буй учраас хайгуул хийх ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага бий. Үүний тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг энэ салбарт чиглүүлэх хэрэгтэйг ч мөн алтны салбарынхан чухалчилж байв. Хэрэв алтны олборлолтоор жилд тэрбум давсан орлого бүрдүүлэхийг хүсч байгаа бол хайгуулын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй болжээ. Хайгуулынхан олборлолтынхноо элдэж хөөх үү, гүйцэж түрүүлэх үү гэдэг асуудлыг шийдвэрлэх цаг ирснийг форумын оролцогчид тодотгосон юм.
“Алтны форум”-ын үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Ашигт малтмалт, газрын тосны газрын ахлах мэргэжилтэн Т.Баасанпүрэв, “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал С.Бадарч, БОАЖЯ-ны газрын дарга Г.Нямдаваа, ҮТЕГ-ын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Энхжавхлан Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр нарын байр суурийг сонирхлоо.
Д.Сумъяабазар: ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
-Алтны салбарын үйл ажиллагааг тогтвортой байдлаар тууштай дэмжинэ. Шороон ордын нөөц багасч байгаа нь үнэн. Тиймээс нэмэлт хайгуулын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Үүний тулд сэдэвчилсэн болон тухайлсан хайгуул хийхээр төлөвлөж байна. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох өргөдлийг сэргээх ажлыг идэвхжүүлэх учиртай. Ер нь уул уурхайн салбарт хайгуулын ажил хийх нь нэн тэргүүний чухал асуудал. Бид зөвхөн алт гэлтгүй бусад ордыг илэрүүлэхийн тулд хайгуул хийх зайлшгүй шаардлагатай юм. Тэгэхээр геологийн хайгуулын ажил хийх боломжийг бүрдүүлэхийн тулд улсын төсөвт ихээхэн хэмжээний хөрөнгийг суулгахыг зорьж байгаа. Алтны салбарт ажиллаж буй аж ахуйн нэгжүүдэд хууль, дүрэм, журмаар далайлган хязгаарлалт хийхээс илүүтэй хэрхэн дэмжих вэ гэдэг асуудал чухал. Учир нь валютын нөөц нэмэгдэх хөшүүрэг нь алтны нөөц. Тэгэхээр Төвбанкинд тушаах алтны хэмжээг бууруулахгүй байхын тулд тодорхой ажлыг хийх хэрэгтэй.
С.Бадарч: АЛАГЛАЧИЛСАН ШИЙДВЭР ГАРГАХ ХЭРЭГГҮЙ
-Алтны салбарт алагчилсан шийдвэр гаргадгаа болих хэрэгтэй. Түүнчлэн хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олголтыг дэмжихгүй байх замаар нөхөрлөл хэмээх нинжа нарыг хууль бус ажил явуулахыг дэмжсэнээр байгаль орчныг сүйтгэх, нөхөн сэргээлт хийхгүй байх, татвар төлөхгүй, ямар нэг хуулийн хариуцлага хүлээхгүй байх нөхцлийг бүрдүүлж байна. Энэ нь далд эдийн засаг бий болгох сөрөг үр дагавар гарч байгааг анхааралдаа авах цаг болсон. Ер нь алтны салбарт ажиллаж байгаа компаниудын тухайд хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлж ажилладаг. Энэ чиглэлээр аж ахуйн нэгжүүд шат дараатай ажлуудыг хийж байгаа. Ялангуяа Заамарын бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй алтны компаниуд байгаль сүйтгэдэг гэдэг нэрнээс салсныг хэлэхэд таатай байна. Магадгүй нөхөн сэргээлт хийдэггүй гэх асуудал хууль бусаар алт олборлох явдалтай холбоотой. Тэгэхээр үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг саналыг холбооны зүгээс холбогдох газруудад нь хүргүүлсэн байгаа.
Г.Нямдаваа: ТОДОРХОЙ БОДЛОГО БАРИМТЛАХ ХЭРЭГТЭЙ
-Хэрэв байгаль орчинд сөрөг нөлөөгүй, нөхөн сэргээлтийг стандарт, горимын дагуу хийдэгсэн бол ард түмэн, иргэний нийгмийн байгууллага эсэргүүцэхгүй болов уу. Ер нь тогтвортой ажиллаж байгаа газрууд менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн зэрэгцээ нөхөн сэргээлтээ хийдэг. Хаана завхрал үүсч байна вэ гэвэл хууль бусаар алт олборлогчид. Мөн нөхөрлөл хэлбэрээр ажилладаг газрууд. Хэдийгээр тэд тодорхой төвшинд нөхөн сэргээлт хийдэг гэх боловч газар нь дээр ажиллахад хангалттай биш байдаг юм. Тэгэхээр тодорхой төвшинд томоохон аж ахуйн нэгжид хамааруулсан бодлого баримтлах хэрэгтэй гэж үздэг. Монголбанкинд тушаасан алтны дийлэнхийг жижиг аж ахуйн нэгж, хувь тушааснаас харвал цаашид зохицуулалтыг хийхээд хэрхэн хариуцлага тооцох вэ гэдэг асуудал тулгамдаж байна. Энэ талаар ярилцаж шийдэл гаргах ёстой.
Т.Баасанпүрэв: УЯЛДАА ХОЛБООГҮЙГЭЭС АСУУДАЛ ҮҮСДЭГ
-Одоогоор алтны шороон ордын нөөц нь 2-3 жил ашиглах хэмжээнд хүрсэн. Тэгэхээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон болон өргөдлөөр олгох ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар гурван удаагийн сонгон шалгаруулалтаар 30 талбайд сонгон шалгаруулах ажлыг эхлүүллээ. Хамгийн гол нь шороон ордын илрэл бүхий талбайд орон нутгаас санал авдаг. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шинээр сонгон шалгаруулалт олгох хүсэлтийг тавьдаг. Гэвч аймгуудаас байгаль орчин болон орон нутгийн тусгай хэрэглээнд зориулсан газар гэдэг шалтгаанаар татгалзсан хариу өгдөг. Энэ нь төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, зохицуулалтгүйгээс үүсдэг асуудал гэж болно.
Б.Батбаяр: ЛИЗИНГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА
-Өнгөрсөн онд Засгийн газар, Сангийн яам, УУХҮЯ-тай хамтран “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж үзсэн. Ингэхэд алтны салбарт үйл ажиллагаа эрхлэдэг компаниуд хугацаандаа ажлаа дуусгадаггүй зэрэг асуудал гардаг юм билээ. Тэгэхээр дан ганц лицензэд үндэслэн зээл олгох нь учир дутагдалтай. Алтны шороон ордны төсөл нь улирлын чанартай ажилладаг учраас зээлийн эргэн төлөлтөд асуудал үүссэн. Тиймээс компаниуд хугацаагаа сунгаад явж байгаа. Түүнчлэн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдол гарч байсан. Хамгийн гол нь огино хугацаатай эх үүсвэр дээр урт хугацаатай хэрэгжих төслийг санхүүжүүлэх нь санхүүгийн болон эдийн засгийн нөхцөл бүрдэхгүй байгаа юм. Мөн манай банкнаас зээлээс гадна лизинг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарч ажиллах боломж бий.
Ц.Энхжавхлан: ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ
-Татвараас зайлсхийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт хуульд байхгүй. Тэгэхээр алт тушаасан 261 иргэний тухайд татвараас зайлсхийсэн байлаа ч эрүүгийн хариуцлага тооцохгүй. Эдгээр алт тушаасан хүмүүсийн ард аж ахуйн нэгж болон тодорхой бүлэг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг ялгаж тогтооход хүндрэл тулгарч байгааг хэлэх нь зүйтэй. Татварын алба Монголбанкнаас мэдээллээ авдаг. Ингэхдээ тухайн алт тушаагч иргэн АМНАТ 2.5 хувийн татвараа төлсөн эсэхийг нягтална. Хамгийн гол нь Татварын тухай хуульд татвар ногдуулна гэж заасан учраас хуулиа хэрэгжүүлнэ. Мэдээж дээрх иргэд эрсдэлтэй татвар төлөгчийн жагсаалтад байгаа. Чухам ямар ажиллагаа явуулах вэ гэдэг шийдлээ Хяналт шалгалт болон Эрсдэлийн газар хийж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.ОЮУНЧИМЭГ
Сэтгэгдэл