Тархины даралттай хүүхдийг эмчлэх ардын арга


 

Тархины даралттай хүүхдийг эмчлэх ардын арга

 

Монгол ардын эмчилгээ бол үнэхээр гайхалтай шинжлэх ухаан юм. Ингээд тархины даралттай хүүхэдтэй эцэг эхчүүдэд маань хэрэг болох байх гээд, доорх зөвлөгөөг хүргэж байна.

"Үр минь тархины даралттай төрсөн бөгөөд уг нь нярай хүүхэд хоногт 16-аас доошгүй цаг унтдаг байх ёстой атал хоногт 2 цаг унтвал их юм, бусад үед уйлж байдаг байлаа. Тархины даралтын европ эмчилгээ бол ойлгомжтой, хэдэн төрлийн эм ууна. Нярай хүүхдэд эм уулгана гэдэг үнэхээр хэцүү. Тэгээд ч тархины даралт бол төдийлөн гүйцэд эдгэдэггүй, урхагтай өвчин гэдэг юм билээ.

Харин бид 70 гарсан эмгэний заавраар ардын аргыг хэрэглээд ямар ч зовиур, урхаггүй, цоо эрүүл болсон. Хэдэн мянган жил энэ л нутагт 5 хошуу малаа хариулсаар ирсэн миний ард түмний арга ухаан бол үнэхээрийн төгс төгөлдөр ажгуу. Сүүлд сонсох нь ээ, энэ арга маань шинжлэх ухааны нэлээд үндэслэлтэй гэж байсан.

За тэгэхээр, ардын уламжлалт эмгүй эмчилгээ:

Хонь төхөөрөөд , нэг бөөрийг нь аваад, голоор нь хувааж, хүүхдийнхээ хоёр чихэнд дотор талаар нь харуулж, чихэвч зүүсэн юм шиг наана. Тэгээд гүзээний буланг огтлон авч, баасыг нь нэг шувтарсан болоод сэвстэй чигээр нь хүүхдийн толгойд малгай болгож углан, чихэнд нь наасан бөөрийг дарна. Гэхдээ духны талаас нь илүү гаргахгүй, хүзүүний хөдөлгөөнд саад болохооргүйгээр углана. Ерөөсөө л ноосон малгай шиг өмсгөнө. Энэ бүхнийг хийхдээ анхаарах гол зүйл бол хонины амьдын халууныг алдалгүйгээр, хөрөхөөс нь өмнө амжуулах ёстой. Тэгээд 24 цагийн дараа хатсан гүзээ, ногоорсон бөөрөө салгаж авна. Барьцалдаад хатчихдаг болохоор сайн норгож, дэвтээж байж салгахгүй бол даахийг нь зулгааж бахируулна гэж нэг аюул бий.

За ийнхүү угласны дараа 2 цаг орчим айхтар уйлсан. Толгойгоо огцом огцом савах гээд байсныг бодвол час часхийлгэн хатгаж өвдсөн болов уу. Дараа нь, магадгүй төрснөөсөө хойш анх удаа, бүтэн 6 цаг сэрэлгүй унтсан даа. Өлсөөд сэрээгүй бол унтаад л байх байсан биз. Бид бүр үнэхээр их гайхаж билээ. Одоо ч бид мань хүний гүзээ углачихсан амгалан унтаж байгаа зургийг хараад "өмхий толгойт” гэж өхөөрдөн инээлддэг.

Маргааш нь байнга уйлж байдаг үр минь гоц тайван байсан бөгөөд үүнээс хойш ердийн хүүхэд шиг унтаж амардаг болсоон. Ингэж эмчлэх үед 3 сартай байсан бөгөөд бид 2 сарын дараа дахин нэг давтсанаар тархины даралт гэгч зовиурыг үүрд мартсан билээ. Нэг зүйл сануулахад, би үүгээрээ шинжлэх ухааныг огтхон ч үгүйсгээгүй бөгөөд харин ч ардын дом, эмгүй эмчилгээг европ эм эмчилгээтэй хавсруулан хийх нь илүү үр дүнтэй байдгийг хэлж байгаа болно.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.