Ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан албан хаагчийг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ. Тэрбээр, 2018 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 11.00 цагт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэмт этгээдүүдийн халдлагад өртөж харамсалтайгаар амиа алдсан юм. Тодруулбал, залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа нар "Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг машинаараа чирж биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрыг орхин зугтсан байдаг.
Талийгаачийн гавлын яс цуурсан, тархи бяцарсан, тархинд цус харвасан гэсэн оноштойгоор ГССҮТ-д хүргэгдэж, хагалгаанд орсон ч хагалгааны дараах хүндрэлээ даалгүй таалал төгссөн билээ. Тэрээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэсийн алба хаагч, ахлах ахлагч цолтой нэгэн байв.
Харин Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйл. "Нийгмийн баталгаа”, 86.1. "Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно” гэж заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №Б/725 тоот тушаалаар Албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Сүхбаатар дүүрэг дэх цагдагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76.757.640 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгох шийдвэр гарсан байна.
Сэтгэгдэл