Нийслэлийн шилдэг өрхийн тэргүүн Г.Дүгэрсүрэн


 

Нийслэлийн шилдэг өрхийн тэргүүн Г.Дүгэрсүрэн

 

Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан  шилдэг есөн өрхийн нэг,  Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Дүгэрсүрэнг "Амьдралын тойрог” буландаа урилаа. Намрын нар ээсэн дулаахан өдөр Л.Дүгэрсүрэн гуайнд очив. Тэднийх  хотоос зайдуу , Яргайтын богинын аманд байна.  Саяхан орсон цас зуслан чиглэлд хайлаагүй, гутлын түрийгээр татаж байлаа. Агаар нь цэнгэг нэг л таатай.  Орчин тойрон нам жим.  Ийм л сайхан орчинд, хотынхоо хаяанд амьдарч байгаа хүмүүст атаархах сэтгэл төрнө.  Нийтлэлийн баатар маань саяхан нийслэлийн шилдэг есөн өрхийн нэгээр шалгарсан.  Чингэлтэй дүүргийн ХIХ хорооны зохион байгуулагч н.Гантуяа "Л.Дүгэрсүрэн гуай ажилч  хичээнгүй, хорооны ажилд маш идэвхитэй оролцдог.  Тухайн бүсийнхээ зуслангийн айлуудад үлгэр жишээ болсон хүн байгаа.  Хашаа хорооны тохижилт, хогийн менежмент хийсэн байдал гээд нийслэлд ч сайхан амьдарч болдог юм гэдгийг харуулсан хүн” хэмээн тэднийх руу явах зуурт хуучилна.   Нээрээ л Л.Дүгэрсүрэн гуайн хаалгаар ороход "Өөдлөх айл үүднээсээ” гэх үг бодогдож байв.  Зуслангийн газар, байшингаа ингэж тохижуулж болох юм гэх олон санааг тэндээс олж авч болно. Хүлэмж, төрөл бүрийн гацуур, мод бут, хогийн тусгайлсан байр, хиймэл хөрс, ногооны зоорь зэрэг харагдана.   Тэд нь нүдэнд щторох юмгүй эмх цэгцтэй юм. Л.Дүгэрсүрэн гуай биднийг  очиход гарааштаа алх багажаа гаргачихсан  ажилтай  зогсч байв.   Эхнэр нь "Манай хүн  зүгээр сууна гэж байхгүй. Зун бол хүлэмжнээсээ, өвөл нь гараашнаасаа салдаггүй юм.  Өглөө цайгаа уучихаад гараад л үдээс хойш орж ирнэ шүү дээ” гэв. Л.Дүгэрсүрэн гуайнх  Яргайтын богинын аманд 12 жилийн өмнө нүүж иржээ.  Тэрээр "Хотын ачаалал нэмэгдэж байгаа үед нэг ч гэсэн айл хувь нэмрээ оруулъя гэж бодсон л доо.  Тэгээд Баянзүрх дүүргийн ХIII хорооллоос зуслангийн чиглэлд гарч ирсэн.  Ингэхдээ зуслангийн газар ч гэлээ утаа гаргахгүй амьдаръя гэж бодоод халаалтыг нь шийдэж, амины орон сууц барьсан” гэв.  Тэднийхийг анх ирэхэд одоо амьдарч байгаа газар нь хогийн цэг байжээ. Гэсэн ч  500 орчим ам.метр талбайд ойн хар хөрс асгаж, зүлэгжүүлж, мод бут тарьжээ.  Тэр бүхнийг нэг ч хүнээс тусламж гуйлгүйгээр эхнэрийнхээ хамт хийсэн гэдэг.  Энэ нь тухайн гэр бүлийн  хөдөлмөрч, хичээнгүй занг илтгэнэ.   Хашаагаа зүлэгжүүлж, тохижуулсан хоёр маань 70 ам.метр хүлэмж, 140 ам.метр ногооны талбайтай болжээ.  Түүнийхээ хажууд жимс, хүнсний ногоогоо хадгалах зоорь барьсан гэнэ.  Одоо тэднийх өргөст хэмх, улаан лооль, чинжүү, хулуу, байцай, броккли, цэцэгт байцаа, Завханы улаан хальст сармисыг тарьж ургуулж байна. Мөн чацарга, үхрийн нүд, гүзээлзгэнэ, нохойн хошуу тарьж ургацаа авчээ.   Хашаанд нь ургаж байгаа монгол, орос, америк гацуур ч аргагүй л нүд булааж байв.


Г.Дүгэрсүрэнгийнх нийслэлийн 379 жилийн ойгоор нийслэлийн есөн шилдэг гэр бүлийн нэгээр шалгарсан.

Л.Дүгэрсүрэн гуай "Улаан хальс сармис анх ургуулахад их хэцүү байлаа. Аргадаж ургуулаад 10 орчим жил болж байна.  Хүнсний ногооны хэрэгцээгээ өөрсдөө хангана гэдэг эрүүл мэндийн хувьд ач холбогдолтой. Мөн нэг өрх ч гэсэн бүтээгч байна гэдэг нийслэлд хэрэгтэй. Төр засаг, нийслэл, хорооноос тусламж авахгүй амьдаръя гэж боддог.  Надад нэг иймэрхүү бие даасан үзэл санаа суусан даа” гэв.  Тэднийх мөн өнгөрсөн жил эрүүл мэндээ дээдлэгч гэр бүлээр шалгарсан юм байна.  Л.Дүгэрсүрэн гуай "Сүхбаатарын талбай дээр гүйж явах нь сайхан л байх.  Гэхдээ надад тэрнээс илүү  өөрийн гараар бүтээсэн хашаандаа дасгал хөдөлгөөн хийгээд явж байх нь хамгийн сайхан.  Үүнийг би бүтээсэн юм гэж бодохоор бахархах сэтгэл төрдөг шүү” гэж байлаа.  Түүний арав гаруй жилийн хугацаанд бүтээсэн энэ амьдрал нь хөндлөнгийн хүмүүст ч бахархал юм.  Ийнхүү бидний яриа арай өөр сэдэв рүү оров.   Л.Дүгэрсүрэн гуай Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын хүн юм.  1962 онд одоогийн Барилгын коллежийг инженер мэргэжлээр төгсчээ.  Тэгээд Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторт барилгын даамал, тоосгон заводын дарга,  намын үүрийн дарга хийж байсан.  Үүний дараа Улаанбаатар хотод Намын дээд сургууль, Москвагийн нийгмийн ухааны академийг тус тус төгсч, улс төр судлаач болсон гэдэг.  Ийнхүү түүний амьдралд нам, улс төрийн ажил хийх цаг үе гарч ирсэн байдаг.  Говь-Алтай аймгийн намын хороо,  Завхан аймгийн намын хороонд нарийн бичгийн дарга хийсэн.  Тэрээр намын ажлыг 10 гаруй жил хийгээд 1990 оны үед амьдралд нь бас нэгэн өөрчлөлт, сонголт гарч ирсэн нь их сонирхолтой. Нийгэм тэр чигээрээ зах зээлд шилжиж байсан үед нутгийнхаа Тарлан хайрханы нэрээр компани байгуулж, бизнест хүч үзжээ.  Хятадын Шинжайн Уйгар, Хамен аймгаас гурил зөөж, малчдад хүргээд, эргээд ноосыг нь худалдан авч, бартер маягийн худалдаа хийж эхэлсэн байдаг. Гэхдээ түүний бизнес нэг их хол яваагүй. Тэгсгээд л зогсчээ. Одоо хийсэн бизнес байхгүй ч "Тарлан” компаниа хүүхэддээ өвлүүлсэн гэнэ.  Үүний дараагаас  Л.Дүгэрсүрэнгийн амьдралд мөн л нэг сонголт гарч ирлээ.  Түүнийг намаас нь дуудаж,  Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллахыг үүрэг болгосон байна. 2000 онд тэрээр өөрөө ч төсөөлөөгүй байсан ажилдаа томилогдлоо.  "Надад тухайн үед хараагүй хүний талаар ямар ч ойлголт байсангүй.  Хараагүй хүнтэй уулзаж ч байсангүй.  Тэгээд их гайхаж хүлээж авсан” гэтэл тухайн үеийн удирдлага маань "Энэ байгууллага зах зээлийн шуурганд өртөөд байдал маш хүнд байна. Чи нэг хөл дээр нь босгоодох. Өөд нь татаадах” гэсэн.  Тэгээд л ямар ч сонголтгүйгээр энэ байгууллагад ирсэн дээ” гэв.   Түүнийг Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвд ирэхэд эдийн засгийн хувьд уналтад орсон, цалингаа тавьж чадахгүй, сул зогсолт хийсэн байжээ.

Тэднийх дөрвөн хүүхэдтэй юм билээ. Эхнэр Т.Цогзолмаа эрх баригч, бага эмч мэргэжилтэй. Хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжилд маш их анхаарч ирсэн нь одоо үр өгөөжөө өгч байна” хэмээн гэрийн эзэгтэй хуучиллаа.

Хаанаас санхүүжих нь мэдэгдэхгүй, нийслэлээс хэдэн төгрөгийн төсөв өгдөг байсныг ч зогсоосон байжээ.  Л.Дүгэрсүрэнгээс "Та тэнд очоод яг ямар ажил амжуулав” гэхэд "Хараагүй хүнтэй хүн сэтгэлээсээ ажилладаг билээ. Сэтгэлээ өгч, итгэлийг дааж ажиллах ёстой гэсэн зарчим баримталсан.  Тэд маань мэдээллийг чихээрээ авч, анхны сэтгэгдэлээр хүнд дүгнэлт өгдөг.  Би хүмүүстэйгээ ганцаарчилж уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсохоос ажлаа эхлүүлсэн.  Тэдний маань  үйлдвэрлэл монгол гэр, эсгий хийдэг уламжлалтай байлаа.  Тэр дээр дөрөөлөн босох ёстой юм байна гээд л зүтгэсэн дээ” гэв.  Тухайн үед түүний эхлүүлсэн үйлсэд нэгэн гарц гарч ирсэн нь 2001 оныг Засгийн газраас тахир дутуу иргэдийг дэмжих жил болгон зарласан байна.  Тухайн үед Ерөнхий сайдаар ажилласан байсан  Н.Энхбаяр хараагүйчүүдэд Улсын төсвөөс 30 сая төгрөг гарган өгсөн нь энэхүү үйлдвэр хөл дээрээ босоход том дэмжлэг болжээ.  Жилд 20 мянган метр эсгий үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулж, Оюутолгойд гэр нийлүүлдэг болжээ.  Мөн Төрийн тэргүүн, УИХ-ын гишүүд аливаа үйл ажиллагаанд гэр бэлэглэж, түүнийгээ хараагүй иргэдийн үйлдвэрээс авах болсон байна.   Нэг өдөр Төв цэнгэлдэх, Сүхбаатарын талбайд тус бүр 108 гэр барих захиалга авч бажигдаж явсан ч удаа бий гэлээ.  Ингэж үйлдвэрийн орлого нэмэгдэж, эдийн засгийн хувьд тогтворжиж байсан гэдэг. Мөн тухайн үед Г.Дүгэрсүрэн санаачлан хөөцөлдөж хараагүйчүүдийн 48 айлын орон сууцыг хувьчлах шийдвэрийг гаргаж байжээ.   Мөн энэхүү үйлдвэрийг Улсын төсвөөс санхүүжүүлдэг болсон байна. Энэ бол хараагүй хүнд том бэлэг, амьдралынх нь баталгаа болсон байдаг.  Одоо ч тус үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, Г.Дүгэрсүрэн гуай зөвлөхөөр нь ажиллаж байна.  Ийнхүү түүний хараагүйчүүдийн төлөө хийсэн ажлынх нь хариуд 2015 онд  Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол олгосон байдаг.    Өөрсдийнх өмнөөс гүйж, амьдралд нь томоохон өөрчлөлт авчирсан учраас энэ удаа хараагүйчүүдийн холбооноос тодорхойлж, тэд хөөцөлдөж, Г.Дүгэрсүрэн гуайн хөдөлмөр алдрыг үнэлсэн байдаг.   Ийнхүү түүний амьдралын үе мөчлөг бүр нэгэн хэвийн бус ээдрээтэй, эргэлзээтэй, сонголтууд дунд явж ирсэн.  Тэр сонголтуудыг зөв хийж,  сонгосон хөдөлмөрөө ягштал гүйцэтгэж ирсэн нь өнөөдрийн амар тайван амьдралын эхлэл болсон гэлтэй.

Л.Дүгэрсүрэн гуайнх дөрвөн хүүхэдтэй юм билээ.  Эхнэр Т.Цогзолмаа эрх баригч, бага эмч мэргэжилтэй. Хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжилд маш их анхаарч ирсэн нь одоо үр өгөөжөө өгч байна” хэмээн гэрийн эзэгтэй хуучиллаа.  Бүгд биеэ даасан учраас эмээ өвөө хоёрт санаа зовох зүйлгүй.  Үр ачаа харж, амар тайван өөрсдийн  зоргоор амьдарч байна.  Энэ нь эмээ өвөөгийн хувьд аз жаргал юм байна.    Хөдөлмөр хүнийг бий болгодог гэх үгийн үнэ цэнийг Г.Дүгэрсүрэн гуайн гэр бүл, надтай хүүрнэсэн амьдралын баялаг түүхээс нь мэдэрч буцлаа.  Тэр монгол оронд хүн өөрөө зүтгээд, зөв сайхан явбал үнэндээ өлсч цангаж, гундахын арга алга гэсэн.  Үнэндээ л тийм шүү.

Түүний хараагүйчүүдийн төлөө хийсэн ажлынх нь хариуд 2015 онд Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол олгосон байдаг.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.