Чуулган: Ч.Улааныг сайдад томилох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа


 

Чуулган: Ч.Улааныг сайдад томилох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Ч.Улааныг хэлэлцлээ. Гэвч АН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авлаа. 

 АН-ын бүлэг дарга Д.Эрдэнэбат "Байнгын хороогоор сайдын асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхий сайд, Шадар сайд нь байгаагүй. Гэтэл өнөөдрийн чуулганы хуралдаанд ч алга. Тиймээс Ерөнхий сайдыг чуулганд оролцтол завсарлага авч байна. Ер нь манай бүлгийн зүгээс ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшиж буй  Ч.Улааныг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа. Яагаад гэхээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа авсан ашиг сонирхлын зөрчилтэй хоёр  сайд байгаа. Энэ хоёр сайдынхаа асуудлыг шийдэхгүй, тэдэнд хариуцлага тооцохгүй бол  ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшиж буй Ч.Улааныг  дэмжих боломжгүй гэж үзэж байгаа" гэлээ. 

 Шадар сайд Ө.Энхтүвшин "Ерөнхий сайд зугтаад ирээгүй юм биш. Нуруундаа бэртэл авсан. Үүнийг далимдуулах хэрэгггүй.  Төрийн ажил явдгаараа явна" гэв. 

Харин үүний хариуд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ерөнхий сайд төсвийн асуудал дээр ч тэр бүхэл бүтэн Засгийн газарт нь нэг сайд солигдож байхад орж ирэхгүй байгаа нь дэндүү хариуцлагагүй үйлдэл. Гэмтсэн гэдэг нь шалтгаан биш" гэсэн юм. 

Ийнхүү чуулганы хуралдаан түр завсарлаж, Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон түүнтэй хамт дагалдан батлагдсан хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр боллоо. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.