Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх ёстой байлаа. Чуулган 10.00 цагт эхлэхээр тов зарласан хэдий ч ирц бүрдэхгүй байсаар өдийг хүрч байна.
Уг нь УИХ-ын дарга хурлаа удирдах, ирцээ бүрдүүлэх үүрэгтэй. Энэ эрх мэдлийг ч хуулиар олгосон байдаг. Гэвч өөрт оногдсон эрх мэдлээ хувийн эрх ашиг, явцуу бүлэглэлийг хамгаалахад ашигласан гэж УИХ-ын нэр бүхий гишүүд үзсэн учраас түүнийг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой гэж үзлээ. Үүнийгээ ч УИХ-д биечлэн танилцуулж, шаардлага биелүүлтэл хугацаагүйгээр чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдэв. Өөрөөр хэлбэл улс төрийн бойкот хийж, чуулганы хуралдааныг гацааж орхилоо.
Санаж байна. Хэдхэн жилийн өмнө "ирцээ бүрдүүлж чаддаггүй УИХ-ын дарга огцрох ёстой” гэж одоогийн эрх баригчид З.Энхболдыг шахдаг байлаа. Тэгвэл энэ шахалт М.Энхболдод ирэв. Хариуд нь тэрээр УИХ дахь намын бүлгийн дарга нарыг чичлэхээс өөр юу ч хийж чадсангүй.
Хурлаа удирдаж, улс орны тулгамдаж буй асуудлыг хэлэлцээд явж байх учиртай атал утсаар ярьж, чуулганы танхимын хойморт суухаас өөр ажил УИХ-ын даргад алга.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан "60 тэрбумын хэрэг өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа. Нээлттэй сонсгол хийхийг шаардсан болов хийхгүй байна. Ийм УИХ-ын даргатай байхыг бид дэмжихгүй” гэлээ.
Өөрөөр хэлбэл, М.Энхболдын үйлдэл улс орныг удирдах гэхээсээ хувийн ашиг сонирхлын шинжтэй байгааг тэд хэлэв. Энэ нь цаашлаад түүнд УИХ-ыг удирдаад явах чадамж байхгүй гэдгийг харуулж байна.
Сэтгэгдэл