Өнгөрсөн долоо хоногт олимпийн таеквондогийн XXV удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. +80 кг-д өрсөлдөж алтан медаль хүртсэн таеквондогийн үндэсний шигшээ болон “Алдар” спорт хорооны тамирчин П.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Яагаад энэ спортыг сонгож хичээллэх болов гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Баярлалаа. Миний хүүхэд нас Дархан хотод өнгөрсөн. Хүүхэд байхдаа тулааны урлагтай кино их үзнэ. Ялангуяа, гарын гэхээс илүү хөлийн өшиглөлт их таалагддаг байсан нь энэ спортоор хичээллэхэд нөлөөлсөн байх. Ингэснээр Ж.Ариунбаяр багшийн удирдлага дор хичээллэж тамирчны гараагаа эхэлсэн дээ. Харин 2013 оноос таеквондогийн шигшээ багт орж одоог хүртэл хичээллэж байна.
-Сая болсон алтан медалийн төлөөх тоглолтод таарсан тамирчинтайгаа өмнө нь тоглож байсан гэсэн. Мэддэг тамирчинтайгаа тулалдах ямар байдаг вэ?
-Яахав харьцангуй гайгүй байдаг. Миний хувьд олон улсын тэмцээнд 74 кг-д тоглодог. Харин энэ тэмцээнд -80 кг-д тоглох байсан ч дасгалжуулагч багштайгаа зөвлөлдсөнөөр +80 кг-д тоглохоор болсон. Учир нь бэлтгэл хангагч тамирчин цөөхөн байснаас гадна туршлагатай мастер тамирчид оролцох байсан учраас өөрийгөө сорьж жин өгсөж оролцлоо.
-2020 онд Токиод болох олимпод оролцох эрхээ авахын тулд хэр бэлдэж байна?
-Тийм ээ. Өмнө нь “Рио 2016”-д оролцож байсан. Одоо “Токио 2020,” олимпод оролцох эрх авах тэмцээнд орохоор бэлдэж байна. Бэлтгэлээ сайн хийж байгаа.
-Эрх авах тэмцээнд оролцохын тулд ямар шалгуур, үзүүлэлт хангасан байх ёстой вэ?-Таеквондо нь олимпийн эрх авахад хамгийн өндөр шалгуур тавигддаг спорт. Олимпийн эрх авахад хангах ёстой хоёр үндсэн шалгуур байдаг. Тухайлбал, олимпийн өмнөх бүх тэмцээнд оролцож оноо цуглуулсан байх ёстой. Тэр тэмцээнд оролцохын тулд таеквондогийн холбооноос жилд 40-50 тэмцээн зохион байгуулдаг. Үүний 30-40-д нь оролцож оноо цуглуулж байж оролцох эрхтэй болдог.
Үүнээс гадна жиндээ эхний зургаад жагссан тамирчинд олимпод оролцох эрх олгодог юм.
Гэхдээ манай тамирчдын хувьд жилд 4-5 тэмцээнд оролддог болохоор тэр шалгуурт тэнцэж оноо цуглуулах боломжгүй гэж хэлж болно. Харин өөр нэг олимпнйн эрх авах арга байдаг нь жилд тив тивд нэг эрхийн тэмцээн болдог.
Үүнд амжилттай оролцож эхний хоёр байрт шалгарсан тамирчин олимпод тоглох эрхээ авдаг.
Тиймээс тэр тэмцээнийг хүлээж эрхээ авахын тулд бэлтгэлээ маш шаргуу, хариуцлагатай хийж байна даа.
-Олон улсын тэмцээнд гадаадын тамирчинтай таарч тоглож байсан байх. Аль орны тамирчин хамгийн хүчтэй өрсөлдөгч вэ. Тэдний талаар судалгаа хэр хийдэг вэ?
-Манай тамирчдын хувьд хүчтэй өрсөлдөгч гэвэл Солонгос, Иорданы тамирчид байгаа. Судалгааг тэмцээн эхлэхээс өмнө хийдэг. Харин шинээр 1-2 тамирчин орж ирдэг. Ийм тохиолдолд өмнөх тоглолтынх нь бичлэгийг үзэж, дасгалжуулагч багштайгаа зөвлөдөг.
-Хүмүүс спортоор хичээллэснээр надад ингэж нөлөөлсөн гэж ярьдаг. Өөрт тань таеквондо хэрхэн нөлөөлсөн вэ?
-Таеквондогийн спорт хүнийг хүндлэх, хүнтэй мэндлэх ёсыг заадаг. Хүнтэй мэндэлж, хүндэлж сурсан хүн багшийнхаа үгийг сайн авна. Дээд үеийн ах эгч нараа хүндэлж, бэлтгэлээ багшийнхаа үгээр хийдэг болдог. Ер нь бүх юмны үндэс суурь гэж бодож тэр зарчмаараа хичээллэснээр энэ зэрэгтэй явж байна гэж боддог. Таеквондо хүндлэлийн спорт.
-Шантрах үе байсан уу?
-Шантрах үе зөндөө гардаг. Бэлтгэлийн их ачаалал, бэртэл гэмтэл гээд зөндөө хүчин зүйл нөлөөлнө. Тэр болгонд яагаад энэ спортыг сонгоод, юуны төлөө зорьж байгаагаа бодоод, дахин оролдоход арга эв нь олддог юм.
-Хэдэн нас хүртлээ тоглоно гэж боддог вэ?
-Ер нь Токиогийн олимпыг сүүлийн олимп гэж харж байгаа. Түүний цаана 2021 онд дэлхийн аваргын тэмцээн байгаа учраас тэр хүртэл спортоороо хичээллэнэ гэж бодож байна. Дараа нь багийн дасгалжуулагч болж хойч үеэ бэлдэж болно. Эсвэл холимог тулаанд хүчээ сорьж болох юм.
-Энэ спортын бусад спортоос ялгарах онцлог давуу тал?
-Хамгийн шударга, тамирчны аюулгүй байдлыг нь хангадаг учраас бэртэх магадлал багатай, хөлийн техникийг их сайн гаргадаг спорт. Үүнээс гадна монгол тамирчин халз тулааны төрөлд харьцангуй их амжилт гаргадаг. Учир нь таеквондо нь хөлөөрөө зодолддогоороо бусад спортоос ялгаатайгаас биш бие бялдар, ухаан нь давуу тал болж өгдгөөрөө монгол хүнд тохирсон спорт гэж боддог.
-Гадаадын нэг орон таныг өөрийнхөө улсын нэрийн өмнөөс тоглооч гэвэл хэрхэн хүлээж авах вэ?
-Одоохондоо тийм санал ирээгүй байна. Манай оронд дан ганц цалингаараа амьдарна гэдэг хэцүү. Үүнээс гадна тамирчны амьдрал богинохон. Түүнчлэн, хувийн амьдрал, ирээдүйгээ бодвол ийм санал ирвэл сайн бодож үзнэ.
Хүлээж авахгүй гэж үгүйсгэхгүй.
Шалгуур, боломжийг нь сайн судална. Олон улсын тэмцээнд оролцоход улсаас байр, хоол, замын зардлыг даадаг. Гэсэн ч тамирчин хүнд уурагнаас эхлээд авч хэрэглэх зүйл гарна.
Ийм зүйл дээр ивээн тэтгэгч бол зайлшгүй хэрэгтэй гэж боддог юм. Ивээн тэтгэгчгүйгээс машинаа барьцаанд тавьж тэмцээнд оролцохоор явж байлаа.
-Өөрийг тань тулааны шинэ арга, өшиглөлтийг бий болгосон гэж байсан. Энэ талаар?
-2017 оноос анх олон улсын тэмцээнд хэрэглэж эхэлсэн. Өөрөө нэр өгөөгүй ч таеквондогоор хичээллэдэг хүмүүс, олон улсын тамирчид “Монгол өшиглөлт” гэж нэрлэчихсэн байсан. Мөн бэлтгэлийнхээ үеэр хийж туршдаг.
Энэ өшиглөлтөө бэлтгэлийнхээ үеэр бодож, туршсаар хэрэгжүүлсэн. Одоо өшиглөлтийн өөр шинэ арга техник боловсруулж байгаа. Хоёр жилд нэг удаа болдог дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сард болно. Энэ тэмцээнд орохоор бэлтгэлдээ ороод байна гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.
Мөн түүний эхнэр Г.Оюу-Эрдэнэ энэ спортоор хичээллэдэг. Тэрээр Хойд Солонгост болсон Олон улсын таеквондогийн 2011 оны Дэлхийн аваргаас мөнгө, Тажикстанд болсон 2012 оны Азийн аваргаас хурэл медаль хуртэж байсан байна.
Одоо клубтээ хүүхдүүдэд таеквондоо заахаас гадна тэмцээнд шүүгч хийдэг аж. Тэдний клубт 4-21 насны 20 гаруй хүүхэд, залуучууд хичээллэхээс гадна шавь нар нь бүс авах шалгалтаа амжилттай давж шар бүсний эзэд болцгоосон байна. П.Тэмүүжин түүнийг дэмжиж тусалдаг хүмүүс, багш, дасгалжуулагч нартаа баярлаж явдагаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Зууны мэдээ
Сэтгэгдэл