Саяхан Төв Америкийн Панам улсаас илэрсэн шинэ төрөл зүйлийн хоёр нутагтан амьтанд АНУ-ын ерөнхийлөгчийн нэрийг албан ёсоор оноожээ.
10 см урттай, нүдгүй, элсэнд толгойгоо нуудаг зуршилтай, чийгийн улаан шиг энэхүү амьтанд нэр өгөх эрхийг дуудлага худалдаагаар зарсан юм. Худалдаанаас олсон мөнгийг Rainforest Trust нэртэй ой шугуйг хамгаалах санд хандивласан байна.
Ялагчаар байгаль орчинд ээлтэй барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг EnviroBuild компанийн захирал Эйдан Бэлл шалгарч, шинэ төрлийн амьтанд нэр өгөх эрхийг $25,000-аар худалдаж авсан юм.
Тэр авсан эрхийнхээ дагуу Дональд Трампын нэрийг оноох саналаа хэлж, эрдэмтэд зөвшөөрсөн байна. Цаашдаа шинэ амьтны нэрийг шинжлэх ухааны ном хэвлэлүүдэд “Dermophis donaldtrumpi” гэж бичнэ.
Дональд Трампын нэрийг өгсөн нь хэд хэдэн учир шалтгаантай гэнэ. Нэгд, энэ амьтан нүдгүй. Энэ нь Дональд Трамп цаг уурын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй, аюул эрсдлийг нь хараагүй мэт царайлж байгааг билэгджээ.
Хоёрт, уг амьтан элсэнд толгойгоо нууж, аюулаас зугтдаг. Энэ нь мөн л Трампын цаг уурын өөрчлөлтийн бодит аюулаас зугтах, амиа хоохойлох арга тактиктай адил гэж үзсэн байна.
Гуравт нь уг амьтан өөрөө цаг уурын өөрчлөлтийн хохирогч болж, устах аюулын ирмэг дээр байгаа ажээ. Цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр үүссэн хар салхи, ойн түймэр зэрэг гамшгууд Америкчуудын ахуй амьдралд дайсагнаад эхэлсэн.
Гэвч Дональд Трамп хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа аюулыг огт хүлээн зөвшөөрөхгүй, хүний үйл ажиллагаанаас үүссэн дулааралтай тэмцэх Парисын гэрээнд АНУ-ыг нэгдүүлэлгүй ганцаар нь үлдээсэн юм.
Сэтгэгдэл