Дэлхий дахины хэрэгцээ, хүчин чадлаас шалтгаалаад ойрын таван жилд ган, түүхий эдийн үнэ, үйлдвэрэл унана гэж дүн шинжилгээний АКРА агентлагийн илтгэлд дурдсаныг оросын РБК хэвлэл мэдээлжээ.
Ган, нүүрс, төмрийн хүдрийн үнэ 2018 онд сүүлийн хэдэн жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн гэж шинжээчид тэмдэглээд үүнийг “худалдааны дайн, байгалийн гамшиг нүүрлэсэн”-тэй холбон тайлбарласан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ган, хөнгөн цагаанд татвар ногдуулсан, Австрали, Индонезид бороо орсны улмаас түүхий эдинй нийлүүлэлт буурсан, Хятад бас агаарын бохирдлоо бууруулах үүднээс гангийн үйлдвэрлэлээ танаж байгаа нь үнийн өсөлтөд нөлөөлсөн байна. Харин ойрын жилүүдэд Энэтхэг, Ази-Номхон далайн орнууд гангийн шинэ үйлдвэрүүд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Энэ бүхнээс үүдээд гангийн эрэлт буурах төлөвтэй байна. Ингэхээр 2023 он хүртэлх ойрын жилүүдэд гангийн хүчин чадлын ачаалал өнөөгийн 76 хувиас 72 хувь болтлоо буурч тонн гангийн үнэ өнөөдөр 550 ам.доллар байгаа бол 350-400 ам.доллар болно.
Коксжих нүүрсний зах зээлд АНУ, Монгол, Мозамбик, Оросын нийлүүлэлт нэмэгдэх төлөвтэй байгаагаас тоннын үнэ нь энэ оны дундаж 194 ам.доллараас бас буурч 140-150 ам.доллар болно гэж шинжээчид үзэж байна.Коксжих нүүүрс энэ оны арваннэгдүгээр сар гэхэд тонн нь 100-110 ам.доллар болж хямдарсан бол 2023 он гэхэд АНУ, Индонези, Орос, Австралийн өрсөлдөөний фон дээр 60-70 ам.доллар болж буурч ч мэднэ гэж шинжээчид хэлж байна.
Төмрийн хүдрийн үнэ ч гэсэн Бразил, Австралийн нийлүүлэлт өсч байгаагаас шалтгаалаад цаашид унах төлөвтэй гэж АКРА-гийн шинжээчид үзэж байна. Тэднийхээр бол өнөөдөр тонн нь 68 ам.доллар байгаа төмрийн хүдэр 62 ам.доллар болтлоо унах гэнэ.
Сэтгэгдэл