Эгдүүцэл


Эгдүүцэл

 

Би ѳѳрийн хэрээрээ зѳндѳѳ сайн үйлс хийх гэж хичээдэг, гэхдээ олон сайн зүйлс хийж амжиж байгаа. Миний хийж байгаа сайн үйлсийг анзаарч байгаа олон хүмүүс надтай холбогддог л доо. Тэд ихэвчлэн "Галаа ахаа та мундаг юм аа, тантай би хамтарч ажилламаар байна" хэмээн санал тавих нь олонтаа. Мэдээж би зѳвшѳѳрнѳ, гэхдээ нэг болзолтойгоор. "Чи энэ санаан дээр ѳѳрийн чадах зүйлээ хийгээд үз дээ" гэнэ. Тэрээр учиргүй их зүйл амлаад л гарч одно, ихэвчлэн сураггүй болно. Хааяа нэг тааралдахаараа "Галаа ахаа би нѳгѳѳ ярьсан зүйлээ бодоод л яваад байгаа шүү дээ" гэнэ. Эсвэл "Миний зав болдоггүй ээ" хэмээн учирлана, түүнийхээр бол би их завтай хүн юм байхаа. Их зүйл хийхээр амалсан түүний бодоод яваа цаг хугацааг миний нас гүйцэхгүй болохоор би тэгсгээд л мартаж орхидог. Заавал сүлэлдэх албатай биш дээ.
Хэн нэгэнтэй ярилцлага хийсний дараа надтай их олон хүн холбогдоноо. "Их сайхан ярилцлага болжээ" хэмээн намайг магтаад, "Энэ хүнтэй холбож ѳг" гэх буюу эсвэл "түүнтэй холбогдох мэдээллүүдийг ѳгѳѳч" гэж хүснэ. Ямар зорилгоор түүнтэй холбогдох гэж байгааг мэдэхгүй ч түүнд "Би ярилцлага хийсэн хүмүүсийнхээ мэдээллийг бусдад дамжуулж болдоггүй юмаа, бид тэгж тохиролцсон" хэмээн учирлана. Утасны цаанаас "Хнн" хэмээн дуугарч, "Сүртэй юм" гэх эгдүүцэл надад мэдрэгддэг. Мэдээж цаашаа "Энэ муу ѳѳрийгѳѳ хэн бодчихсон юм" гэж хэн нэгэнд муучлах аялгыг би анзаардаг л даа. Хэрвээ бид хэн нэгний мэдээлэл болгоныг ямар ч шалтгаангүйгээр бусдад түгээгээд явбал юу гээч болохыг та тѳсѳѳл дѳѳ. "Түүгээр явсан гайг үүгээр дуудна" гэдэг л болно доо.
Миний бичлэг sonin.mn сайт дээр тавигдах болгонд нэг нѳхѳр анаж байгаад заавал сѳрѳг сэтгэгдэл бичнэ. Бичиж байгаа сэдэвтэй огт хамаагүйгээр "Галаа чи новш ш дээ" л гэнэ, эсвэл "Чи хэзээ ийм болчихов оо " гэнэ, нэг бол "Ривер Пласийн тэнд архи уугаад согтуу сууж байдаг ѳвгѳн чи битгий солиор" гэнэ, хааяадаа "Чи муу Америкт харлаж, чулууны ажил хийдэг биз дээ" гэнэ. Миний талаар сайн мэддэг тэр хүн лавтайяа 10 гаруй жил ингэж бичиж байгааг би гайхах хэрнээ түүний уйгагүй, тууштай хорон сэтгэлийг "үнэлдэг" юм. Би түүнийг оноож танихгүй боловч, түүнд одоог хүртэл гэм хийгээгүй боловч энэ олон жил надад ингэтлээ хорсон үзэн ядаж, түүнийгээ бусдад уриалан дуудаж байгаа үйлдлийг л ерѳѳсѳѳ ойлгодоггүй юм даа.
Ѳдий хүртэлх насандаа "Амьдрал их энгийн юм байна шүү дээ" гэж ухаарах атлаа, хүмүүс яагаад ийм богинохон бодолтой, ямар ѳчүүхэн сэтгэлгээтэй, яасан их хорон үйлдэлтэй байна вэ гэдэгт л харамсдаг юм. Дэндүү богинохон энэ амьдралд бид жижигхэн зүйлсээр бие биенээ мохоогоод байх ахул, яасан харамсалтай. Зүгээр л ирээд буцдаг энэ амьдралд эдийн шунал, мунхаг тачаал, ѳчүүхэн атаархлынхаа тѳлѳѳ тарчилж дуусна гэдэг юутай гунигтай. Үйлээ даллаж ирээд үйлээ үүрээд буцдаг энэ л тавиланд бусдад гай бололгүйгээр ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ амьдраад буцаж чадахгүй, ѳрѳѳл бусдыг тамлан тарчилгадаг зовлонг яалтай. Эгэл амьдралынхаа мѳчлѳгт бусдад тусалж чадвал чадаад , чадахгүй бол ѳѳрийнхѳѳрѳѳ амьдраад л буцахад тийм ч хэцүү биш. Чи хичнээн сайн хүн байгаад тэр бүхнийгээ авсандаа аваад одвол юутай харамсалтай. Жаахан ч атугай бусдад үлдээгээд буцвал юутай гайхамшигтай. Тэнгэр биднийг ѳршѳѳг.
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.