БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН 30.5 ХУВЬ НЬ БАКАЛАВРЫН ЗЭРЭГТЭЙ


БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН 30.5 ХУВЬ НЬ БАКАЛАВРЫН ЗЭРЭГТЭЙ

 

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ сарын эцэст 34.7 мянга, үүнээс 24.4 (70.4%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.3 (29.6%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 160 (0.7%) хүнээр нэмэгдэж, өмнөх сараас 560 (2.2%) хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.8 (52.5%) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 8.2 (33.7%) мянга нь Улаанбаатарт, 5.5 (22.4%) мянга нь Хангайн бүсэд, 4.4 (18.0%) мянга нь Баруун бүсэд, 4.0 (16.4%) мянга нь Төвийн бүсэд, 2.3 (9.5%) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 417 (1.7%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 202 (48.4%) нь эмэгтэйчүүд байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 1 дүгээр сард ажилгүй 5.7 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.0 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 5.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 803 (12.4%) хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 186 (15.3%) хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1263 (19.5%) хүнээр тус тус буурсан байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 1 дүгээр сард 5690 хүн шинээр бүртгүүлсэн бөгөөд ажил хайж буй шалтгаанаар нь авч үзэхэд хамгийн их буюу 53.6 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2019 оны 1 дүгээр сарын эцэст 48.0 хувийг бүрэн дунд, 30.5 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.9 хувийг суурь, 4.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.1 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.0 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Ховд, Сэлэнгэ, Өвөрхангай, Дорнод, Хөвсгөл, Баян-Өлгий, Төв, Дундговь, Сүхбаатар, Говьсүмбэр, Баянхонгор, Орхон, Говь-Алтай, Дорноговь, Архангай аймагт улсын дунджаас 0.2-18.8 пунктээр илүү байна.


 
П.АНИР 
Оллоо.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.