“САХАЛ Д.ЭРДЭНЭБИЛЭГ”-ИЙН БАРИВЧИЛГААНЫ АРД ИРГЭД ХОХИРОХ ВИЙ….


Энэ өдрүүдэд хэвлэл мэдээллүүдийн голлох сэдэв  “Сахал” Эрдэнэбилэг  гэгч хүн болоод байна. Сахал хочит Д.Эрдэнэбилэг нь олон жил хэвлэлээр бичигдсэн хэдий ч түүнийг чухам ямар хүн байдгийг нийгэм байтугай, улс төрчид ч мэддэггүй гэх. Тэр ч байтугай хайлтын Google системээр хайхад түүний хоёрхон төрлийн зураг гарч ирдэг. Гэхдээ тэр хоёр хүний зураг аль ч “Сахал” Эрдэнэбилэгийг биш гэдэг. Тэгвэл өчигдөр Д.Эрдэнэбилэг,  Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг Эрүүгийн Цагдаагийн Албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилсанаар нууц ноёнтон гэгдэх “сахал Д.Эрдэнэбилэг”-ийн царай нийгэмд ил болж, хоёр өдөр хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээ тэр хүний зураг, мэдээллээр амьсгаллаа.

Д.Эрдэнэбилэг гэж чухам хэн бэ? Тэрбээр  Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга, тус банкны 99 хувийн хувьцаа эзэмшигч. Мөн Улаанбаатар хотын банкны эзэн. Эдгээр банк болон түүний хамаарал бүхий бусад компаниудын мэдэлд Эрдэнэтийн 49%, Гацууртын орд, Сүхбаатарын талбайн 2,5 газар байдаг байна.  Тэгвэл банкнаас гадна түүний бусад эзэмшлүүд:
-Дарханы төмөрлөгийн үйлдвэр
-Төмөртэйн орд
-Хөтөлийн цемент шохойн үйлдвэр,
-Асгатын стратегийн орд
-Багануурын ДЦС
-Монросцветмет….зэрэг уул уурхайн орд, компаниуд байдаг гэх.  Мөн Д.Эрдэнэбилэг  нь Ц.Элбэгдоржийн дотны хүн, УИХ-ын гишүүн асан Бадамжунайгийн хүргэн гэгддэг.  Түүний баривчилгаа Худалдаа Хөгжлийн Банк болон түүгээр дамжуулж авсан Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой.

Учир нь саяхан Эрдэнэтийн асуудал дээр УИХ-ын эрхэм гишүүн Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар мэдээлэл хийхдээ “Өнөөдөр 27 настай хүүхэд Эрдэнэтийн 49 хувийг авчихаад байна”. Тэр 27 настай хүүхэд нь Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн хүү, тэгэхээр “сахал” гэх тодотголтой Д.Эрдэнэбилэгийн гарт Монголын хамгийн том үйлдвэр орлоо, иймд Монгол Улсын Засгийн газар буцааж авах хэрэгтэй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хэлсэн байдаг. Зарим эх сурвалжийн мэдээлснээр ХХБанкны ажилтан авсан гэх зүйл ч яригдаж байгаа. Ямартай ч Монголын голлох баялагуудад эзэн суусан гэх Д.Эрдэнэбилэгийн баривчилгааны эргэн тойрон, дуулианд нийгэмд өөр өөр байр суурьтай харагдсан. Дээрх хувьчлал ямар замаар яаж түүний гарт орсон нь одоо ч нууц хэвээр. Төр өмчөө эргүүлж авах нь зөв. Гэхдээ улс төрчдийн шоу хэтрэх нь бий. Тухайлбал  Эрдэнэбилэгийн банк, түүний хамаарал бүхий компаниудын ард монголын олон зуун иргэд ажил амьдарлаа залгуулж яваа. Өөрөөр хэлбэл Худалдаа Хөгжлийн банк дампуурахад хүрвэл түүний ард, иргэдийн хадгаламж, хувьцаа эзэмшигчид, ажилчид гээд  эрсдлийг бодож үзэх хэрэгтэй. Төр бол дээрэмчин, хэзээнээс хувийн бизнес босгогчид руугаа халдсаар ирсэн.

Өнөөдөр хүн баяжиж, хөрөнгөжиж болохгүй болж, хүн хэн нэгнээс илүүг эдлэж болохгүй болсон нийгэм. БАЯН л бол луйварчин, хулгайч, авилгач гэж цололдог болж. Гэм буруутайг нь тогтоогоогүй таамаг сэжиг төдий байхад л нийгмээрээ өнгөц дүгнээд үзэн ядалтын салхиар шуурч эхлэнэ. Тэр үзэн ядагч нь улсдаа, эх орондоо ямар ач тус хүргэсэн байсан үл тооно, мартна, үгүйсгэнэ. Учир нь тэр бусдаас илүү баян учир ямар нэг ноо байжил таараа гээд массаараа дайрна.

Энэ нь тэгээд улс төрийн ямар нэг ашиг хонжоо хайгчид далим болж түүнийг улам бүр дэвэргэж, хэн ч нотлож тайлж чадахгүй тооцоолол, шинжлэх ухааны үндэслэлгүй тайлбар хийж нийтийн толгойг эргүүлнэ.  Үргэлжлүүлэд цахим орчинд нэр зүс нь үл мэдэгдэх хууламч хаягнуудаар бэлдсэн текстээ нисгэж гарна. Нэг л мэдхэд нийтээрээ нэг гэм буруутанг олоод үзэн ядчихсан барь хорь, цаазал устага, гэж ирээд л шуугиж гарна. Улстөрчид хөрөнгөнөөс нь салгах гэж хэт улайрч, хэлэмдүүлэлтийн бараан сүүдэр давтагдах вий.

Ямартай ч Сахал хочит Д Эрдэнэбилэгийн эргэн тойронд өрнөж байгаа асуудлыг хоёр талын байр суурьнаас хүргэхийг зорьлоо. Эцэст нь давтан тэмдэглэхэд  баяжиж, хөрөнгөжиж болохоо байсан нийгэм гэдгийг санах нь зүйтэй.
Д Эрдэнэбилэг гэгч  хүний ард монголын хэдэн мянган иргэн гэр бүл хооллож байгаа гэдгийг мартаж болохгүй.

ЭХ СУРВАЛЖ: FACT.MN, У.МАНДАХ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.