Хэргийг нэг тийш нь шийдэх бус хэрэгтэй үедээ дурсдаг жишиг манай улстөрд жишиг болчихсон. “Надад олон хавтаст хэрэг бий. Цаг нь болохоор дэлгэнээ” хэмээн жишиг тогтоосон Ц.Нямдорж сайдын түүхийн хуудаснаа үлдсэн “хавтаст хэрэг”-ийг сийрүүлэв.
Шорон гэдэг над шиг хөгшин хүн байтугай залуучууд биегүй болж дуусдаг газар. Хамгийн эхлээд шүд унана. Чийг баманд байхаар шүд зүгээр л сулраад, булгараад булгараад унана. Миний арван шүд тэгж булгараад унасан. Шүдний эмч байхгүй учраас өвдөөд болохгүй бол бие биенийхээ шүдийг бахиар авна. Авахаас аргагүй. Чийг гэж нөхцөлгүй, ямар ч витамингүй хоол идэхээр аргагүй. Хамгийн эхлээд шүдийг нь, дараа нь дотор эрхтнийг нь иддэг. Бөөр, ходоод, цөс байхгүй болно... Тэнд би их юм сурсан. Толгой өвдөж бие муудахад бүгд өөрийн гэсэн аргатай...Нямдоржийн “хайр халамжаар” тийм газарт очиход бүх юмаар л дутагдана шүү дээ. Тиймээс би өвдөж, царай алдаж болохгүй. Бусдад дээрэлхүүлэхгүй гэж л бодсон. “Ж.Баатар шоронд мөдхөн үхнэ. Бүх юмаар нь дарамтлаад байхад эрүүл мэнд, сэтгэл санаагаар унаж үхнэ” гэх хүмүүсийн бах тавыг би хэзээ ч хангахгүй гэж өөрийгөө хатуужуулдаг байсан. Миний эхнэр ТҮЦ-нд сууж амьдралаа авч явдаг. Бүх хамаатнууд минь ядуу. Дарьтын шоронд гурван жил болсон. Би уг нь долоон жилээ дуусгаж гарч ирээд хэлэх үгээ хэлнэ гэж бодсон. Тэгэхдээ намайг гарахад Дарьтын шоронгоос Зайсангийн дамжин өнгөрүүлэхэд авчирч 20 хоног тамласан. Энэнээс хойш ч бие өөдлөхөө больлоо... Энэ бол Ж.Баатар генералын шоронд ял эдэлж гарч ирээд хэвлэлд өгсөн ярилцлагын хэсэг.../2010.05.04 Зууны мэдээ сонин. Генерал Ж.Баатар: Ц.Нямдорж Хятадын тусгай албадтай холбогдож байсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон зүйл
1996 оны арван нэгдүгээр сарын 26. Улс тунхагласны баярын өдөр С.Зориг, Р.Одонбаатар, О.Дашбалбар, Ц.Нямдорж дөрөв Тагнуулын Ерөнхий газрын хаалгыг татан орж, тэр үеийн Тагнуулын ерөнхий газрын дарга Ж.Баатарын өрөөгөөр зочилжээ. Н.Баганбандийн тогтоолоор Нямдоржоор удирдуулсан тагнуулын байгууллагыг шалгах ажлын хэсэг яваагаа Ж.Баатар генералд танилцуулахад тэрбээр Улсын нууцын тухай хуулийг тайлбарлаж татгалзсан байна. Тэгэхэд С.Зориг би шалгахаа больлоо дараа гарын үзэг зуръя хэмээн буцаж, Нямдорж, Дашбалбар, Одонбаатар гурав шалгалтаа үргэлжлүүлэн тагнуулын байгууллагатай танилцаад буцжээ. Гэхдээ Нямдорж нэгдүгээр хэлтсийн материалтай танилцахаас татгалзсан. Сүүлд Ж.Баатар генерал Ц.Нямдоржийн Хятадад тагнуулынхантай уулзсан баримт тэнд байсан юм чинь шалгахгүй тойроод гарах нь мэдээж шүү дээ хэмээн хэвлэлд тайлбарласан байдаг. Ж.Баатар генерал хэлэхдээ, “Би 1996 онд биш бүр 1990 оноос л Нямдоржийг хятадын тагнуулын байгууллагатай холбогдсон хэмээн сэрдэж байсан. Хятад улс 1900 оноос хойш Монголд хэрэгжүүлэх тагнуулын бодлогоо боловсруулж эхэлсэн” гэсэн байдаг. Харин түүнд 2004 онд хүн гүтгэсэн, улсын нууц задруулсан хэргээр чанга дэглэмтэй хорих ангид 7 жил эдлэх ял оноосон юм.
Тагнуулын байгууллагыг шалгасан дөрвөн хүний амьдрал
Нэг. Санжаасүрэнгийн Зориг: Зуурдаар нас барсан. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зориг гэртээ ирсэн гэгддэг бөгөөд түүнийг гэмт этгээдүүд 18 удаа хутгалан амийг нь хөнөөсөн. С.Зоригийг амиа алдахаас өмнө Монгол Улсын Ерөнхий Сайдаар томилохоор Ардчилсан холбоо эвслээс аравдугаар сарын 1-ний өдөр шийдвэрлэж, МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн хурлыг аравдугаар сарын 2-нд хуралдуулахаар товлосон ч, хурал болоогүй. 3-ны өдөр болохоор хугацаа хойшилсон ч С.Зориг 2-ны шөнө амиа алдсан байдаг. Нийтлэлч Баабарын “Ерэн найман он-1” нийтлэлд, “Энхсайхан, Зориг нарын зөрчил явсаар эсрэг намынханд өгөөш болж тухайн үеийн ХЗДХ-ийн дэд сайд ТЕГ-ийн даргыг зайлуулахын тулд тэднийг ашигласан гэх агуулга ч бий” гэсэн өгүүлбэр байдаг гэдгийг энд цохон дурдъя.
Хоёр: Очирбатын Дашбалбар: Зуурдаар нас барсан. 1999 оны аравдугаар сарын 16-ны өдөр УИХ-ын гишүүн, Монгол улсын шинэ үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат О.Дашбалбар амиа алдсан. Энэ талаар Төрийн шагналт, яруу найрагч З.Дорж хэвлэлд /2012.03.03 Монголын үнэн Сэтгүүлч Б.Догмид/ өгсөн ярилцлагадаа, “Хоёрдугаар эмнэлгийн сэхээнд байхад нь Дашбалбартай би сүүлчийн удаа уулзсан. Их ч удаан ярьсан. Саяхан соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн манай нэрт зохиолч Л.Хуушаан гуай бид хоёр цуг очсон. Хэл дээр нь нэлээд том хар толбо байсан. Өөрөө хэл цоорох гээд өвдөөд болохгүй юм. Шүд их уналаа. Хоёрдугаар эмнэлгийн эмч нар намайг хөл дээр минь босгох гэж өдөр шөнөгүй мэрийж байна. Чи харин радиогоор энэ хүмүүст нэг талархал явуулаадахгүй юу гэж байсан. Би ч талархлыг явуулсан. Дашбалбар элэгний архаг хуучтай байж болох боловч тэр архагшлаар үхэхгүй хүн байсан. Ямар нэгэн хөндлөнгийн юм үйлчилсэн гэж би дотроо бодож, уур хүрч явдаг” гэж хэлсэн байдаг. Мөн түүний төрсөн дүү О.Балжинням, “Би гадны нөлөө байсан гэж боддог. Анх “бие нь муу байна ир” гэж дуудагдаж ирээд, ахыгаа хараад л би “Хүнд хорлогдчихсон байна ш дээ” гэсэн. Тэгж л харагдсан” гэж ярилцлага өгсөн.
Гурав: Ренчинсамбуугийн Одонбаатар: Ор сураггүй болсон. 1998 онд эрүүл мэндийн байдал хүндэрсэн гэдэг мэдээлэл бий. Тэрбээр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд байсан. Энэ талаар судлаач Д.Ганхуяг 2007 онд бичсэн нийтлэлдээ, “Н.Энхбаяр ерөнхий сайд М.Энхсайханы шийдвэрээр тагнуулын газар МАХН –ын нэр бүхий удирдагчид, түүний дотор намайг тагнаж байна гэсэн нууц мэдээлэл Удирдах Зөвлөлд сонсгосон. Ийнхүү будлиан үүсч, Ц.Нямдорж, О.Дашбалбар, Р.Одонбаатар нарын бүрэлдэхүүнтэй УИХ-ын ажлын хэсэг байгуулж, тухайн үед тагнуулын дарга байсан генерал Ж.Баатартай холбоотой асуудал болон өрнөж, Тагнуулын байгууллагыг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд хүргэж, сүүлдээ бүр Л.Гүндалайгаар дамжсан том будлиан болон хувирч, түүнд хамаатай олон хүний хувь заяаг хутгаж орхисон билээ. Одоо түүнд оролцсон хүмүүсийн хувь заяаны тухай товч дурдъя. Ж.Баатар шоронд оров, О.Дашбалбар нас нөгчив. Р.Одонбаатар сураггүй чимээ алдрав. Энэ ажилд нойр хоолгүй зүтгэсэн Ц.Нямдоржийг чи намдаа зүйрлэшгүй гавьяа байгууллаа гэж Н.Энхбаяр тэврэн үнсэж байсныг би сайн санадаг юм” гэсэн байдаг.
Дөрөв: Цэндийн Нямдорж: ХЗДХ-ын сайд. УИХ-д хамгийн олон удаа буюу 7 удаа сонгогдож, 1 удаа УИХ-ын дарга, 1 удаа УИХ-ын дэд дарга, 5 удаа Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан байна. 1990 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд 2020 онд бүрэн эрхийн хугацаа дуусна гэж үзвэл тэрбээр 30 жил улс төрд зүтгэжээ. Үнэн нэг. Худал мянга: Ц.Нямдорж сайдын нэг хэргийн гурван ондоо тайлбар Харин энэ ажлын хэсгийн талаар Ц.Нямдорж сайд 2010.05.26- нд Улт төрийн тойм сонинд өгсөн ярилцлагадаа, “98 онд гайтай юм шиг УИХ-ын гишүүдийг чагнаж тагнасан хэрэг гарсан. Манай нам цөөнх болчихсон үе л дээ. Намайг Н.Багабанди дуудаад “Ийм хэрэг гарлаа. Чи шалгаатах гэсэн. Би ч “Чадахгүй Шаравдоржоор шалгуулахгүй юу” гэсэн ч “Чи л шалга” гээд байсан. Энхсайханы Засгийн газрын үед Дашбалбар Одонбаатар, Зориг бид дөрөв тэр ажлын хэсэгт орсон юм. Хууль бусаар тагнаж чагнасан нь тогтоогдож ТЕГ-ын дарга өөрчлөгдөж, эрүүгийн хариуцлага хүлээсэн. Энэ хэргийн улбаа явсаар сүүлд нь намайг Хятадын тагнуул болгох шахсан. Дашбалбар сүүлд, “За даа шалгалтын дөрвөөс Зориг алагдаж, миний бие өөдлөхөө байлаа. Одонбаатар бас өвчлөөд болдоггүй. Чи бас үхэх шахсан. Чи амиа бодохгүй бол болохгүй шүү” гэж хэлсэн” гэж ярьсан байдаг.
Ц.Нямдорж: ТЕГ-ыг шалгасан хэргийн улбаа явсаар сүүлд намайг Хятадын тагнуул болгох шахсан. Харин Дашбалбар надад хэлэхдээ, "За даа шалгалтын дөрвөөс Зориг алагдаж, миний бие өөдлөхөө байлаа. Одонбаатар бас өвчлөөд болдоггүй. Чи бас үхэх шахсан. Чи амиа бодохгүй бол болохгүй шүү" гэсэн.
Харин сүүлд Ц.Нямдорж сайд Цензургүй ярилцлагад орохдоо 1997 онд тус ажлын хэсэг байгуулагдсан хэмээн он зөрүү тайлбарласан байдаг төдийгүй 2004 онд Хүмүүс сонинд өгсөн ярилцлагадаа, “Шүүхийг би удирдаж, шүүх надад удирдуулахгүй. Шүүх хийдэг ажлаа хийж Баатар генералд 7 жилийн ял өгсөн. Би Баатарыг нэг удаа уучилсан шүү дээ. 2000 онд намайг гадаадын тагнуулын байгууллагатай холбоотой гэсэн баахан юм тараасан. Тэгээд УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаад үүнийг Баатар хийсэн гэдгийг нь тогтоосон” гэсэн байдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тагнуулын байгууллагыг шалгаж явсан он сараа юунд он буруу тайлбарлана вэ. Монгол Улсын Тагнуулын Ерөнхий газар нь 1936 онд Дотоод Явдлын Яам нэртэй байсан бөгөөд сүүлд Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яам гэдэг нэртэй болсон. Харин 1992 оны шинэ үндсэн хуулийн дагуу эрх зүйн өөрчлөлт хийгдэж Улсыг аюулаас хамгаалах яам нэртэй болгосон түүхтэй. 1989 оны дунд үеэс НАХЯ, түүний УАХБ-ын нэр дээр шүүмжлэл газар сайгүй өрнөж нийгэмд шинээр гарч ирсэн улс төрийн хүчин, олон нийтийн байгууллагын зүгээс үзүүлэх дарамт шахалт ихсэж, УАХБ-ын нэр хүнд нь унаж, хэвлэл мэдээлэл, жагсаал цуглаан, иргэдийн санал гомдлын гол “бай” болон ганхаж эхэлсэн.
ТЕГ-ын шалгаснаас хэдхэн хоногийн дараа ТЕГ татан буугдсан
Гэхдээ Ц.Нямдорж сайдын хэлснээр 1997, 1998, 2000 онд ажлын хэсэг байгуулагдаж, Тагнуулын байгууллагыг шалгасан байх боломжгүй бөгөөд Тагнуулын Ерөнхий газрын албан ёсны сайтад ( http://gia.gov.mn/12/item/157 ) Засгийн газрын 1993 оны 12 дугаар сарын 20-ны н/57 дугаар тогтоолоор УАБХЕГ-ын бүрэлдэхүүнээс хилийн цэргийг гаргаж, 1996 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 290 дугаар тогтоолоор тус газрыг татан буулгаж, 2000 онд мөн газрыг Тагнуулын ерөнхий газар болгожээ гэсэн бий. Ийнхүү Ж.Баатар Тагнуулын ерөнхий газрын даргын албан тушаалаа 12 сарын 5-нд хүлээлгэн өгсөн хэмээн Тагнуулын байгууллагын түүхийн хуудсанд тодоор бичигдэн үлджээ. Тодруулбал Ц.Нямдорж, С.Зориг, О.Дашбалбар, Р.Одонбаатар дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тагнуулын байгууллагыг шалгаснаас хойш яг 9 хоногийн дараа Тагнуулын ерөнхий газар татан буугдсан байна. Мөн Ц.Нямдорж сайд 1998 онд УИХ-ын гишүүнийг тагнаж чагнасан хэрэг гарсан хэмээсэн хэлсэн нь эргэлзээ төрүүлнэ. Учир нь УИХ-ын гишүүнийг тагнаж чагнасан асуудал 1998 онд гарсан бус түүнээс ч олон жилийн өмнөөс яригджээ. 1990 оноос Ерөнхийлөгч асан Н.Багабандийн Туул жинпангийн хэрэг буюу түүнийг Хятадын тагнуулын албадтай холбогдсон тухай бичиг сонин хэвлэлийн хуудаснаа шарлан үлдсэн байна.
Тодруулбал,”…1991 онд Багабанди Хятад улсад айлчлахдаа Туул жинпан компанийн захирал Хуй Хай Пинтэй эхнэр А.Оюунбилэгээ холбож өгөөд тэд хоорондоо маш дотно болж улмаар Туул жин пангаас 9 сая төгрөгийн хахууль авсан, дараа нь 1993 онд дахин энэ мэт үйл явдал давтагдсан гэх мэтээр олон цуврал нийтлэл гарчээ. Сүүлд 1994 онд энэ тухай шалгасан хүмүүсийн дунд байсан Ц.Элбэгдорж Улсын нууц задруулсан хэргээр УИХ-ын гишүүнээс “хөөгдсөн” байдаг. Харин энэ талаар ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Ж.Баатар хэлэхдээ, “Сөрөг тагнуул 1990 онд Туул жинпангийн Ли Мо гэх хятадын тагнуулч эмэгтэйд техникийн хяналт тавьдаг байсан бөгөөд энэ нь хийсэн үйлдэл, хэлсэн үг бүрийг нь хянаж, бүртгэж байсан гэсэн үг юм. Харин нэг удаа Н.Багабандитай Ли Мо уулзсан нь бүртгэгдсэн. Энэ талаар манай тагнуулын байгууллагын ажилтан, “Төрийн нөлөө бүхий эрх мэдэлтнүүд хятадын тагнуултай уулзаад яваад байхад та юу ч дуугарахгүй байгаа нь хаацайлж байгаа хэрэг юм уу” гэж надад хэлсэн. Би ч тэр дор нь тус материалтай өөрийн биеэр танилцсан. Тухайн үед Н.Багабанди УИХ-ын дарга байсан бөгөөд туслах Галбадрахыг нь би дуудан “Чи яагаад хятадын тагнуулыг даргатай уулзуулав” хэмээн асуусан нь үнэн. Харин тэр хүн Нямдоржид таныг тагнуулын байгууллага тагнаж байна хэмээн хэлсэн нь намайг буруугаар ойлгуулсан хэрэг болсон. Ингээд Багабанди намайг “зуусан”. Угтаа би Багабандийг тагнаагүй. Хятадын тагнуулыг л тагнасан” гэжээ.
Харин Нямдоржийг тагнасан хэргийн талаар Ж.Баатар хэлэхдээ, “Би хуулиар олгогдсон иргэн хүнийхээ эрхийн дагуу төрийн дээд байгууллагад хувийн өргөдөл, захидал бичсэн. Тэр өргөдөлдөө “Ц.Нямдорж бол хятадын тагнуул” гэж огтхон ч дурдаагүй. Гадаадын тусгай албадтай холбоо, харилцаатай байдгийг нь шалгаж, магадлах нь зүйтэй” гэдгийг дурдсан. Гэтэл төрийн нууц задалсан, Нямдоржийг гүтгэж нэр төрд халдсан хэргээр надад 7 жилийн чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ял тулгасан. Надад 2001 оны нэгдүгээр сард “Ц.Нямдоржийн талаар бичсэн зүйлээ татаж ав. Үгүй бол таныг шоронд хийх юм байна гэж Тамгын газрын ажилтнаар хэлүүлсэн. Гэхдээ би бөөлжсөн бөөлжсөө буцааж иддэг хүн биш. 1993 оноос 2003 он хүртэл арван жил шүүх, цагдаа, прокурор намайг дуудаж, байцааж, шалгаж 2004 онд ял оноосон. Би 1993 онд ч Нямдоржийг хятадын тагнуул байж болзошгүй гэж хэлж л байсан. Энэ хардлагыг минь шалгаж үнэн мөнийг олж өгөөч хэмээн хүссэн” гэжээ. "Хүмүүс" сонины 2004 оны нэгдүгээр сарын №1 дугаарт “ТЕГ-ын дарга асан генерал Ж.Баатарыг “ганц худаг”-т хаалттайгаар шүүж эхэллээ” гэсэн мэдээлэл гарсан байна. Тус сурвалжлагад, Д.Бямбасүрэн гуай: "ХЗДХЯ-ны толгойд Нямдорж байхад яаж үнэн зөв хариулт гарч ирэх вэ дээ. Манай шүүх засаглал ер нь юу л болчхоод байна даа хэмээн үглэх сонсогдлоо” гэсэн өгүүлбэр дурайн үлджээ. Харин үүнээс хойш “Хүмүүс” сонинд Ж.Баатар гэдэг нэр дахин дурдагдаагүй юм. Түүх эргэн сөхье. Тухайн үед Ц.Нямдоржийн улс төрийн карьерийн мандан бадралын үе гэж хэлж болохоор байв. Ж.Баатарын шүүх хурал болсноос сар хүрэхгүй хугацааны дараа Хүмүүс сонинд “Ц.Нямдорж сайдын уулзалтад хэвлэлийнхэн “пиг” цуглалаа гэсэн гарчигтай мэдээ оржээ.
Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж амралтын өдрөөр “Горхит” амралтын газар сонин, сайтын сэтгүүлч нарыг цуглуулан онигоо ярьж, олс татан эгээ л “сэтгүүлч” шиг хөөрөлдлөө. Ингээд чөлөөт хэвлэлийнхэнтэй нягт хамтарч ажиллахаа ч хэллээ гэжээ. Харин яг энэ цагаас эхлэн тус сонины зүүн дээд буланд Нямдоржтой холбоотой заавал нэг материал ордог болсон нь илхэн харагдлаа. Тус сонины дугаар өнжилгүй гарсан Ц.Нямдорж сайдын нүүр дүүрэн ярилцлагууд ч хардлага төрүүлэм./Зургийн санд хавсаргав/ Тухайн үед фэйсбүүк, сошиал сүлжээний сураг сонсогдох байтугай жинхэнэ баячууд нокио, алдарт 3310-аар гангарч, Хүмүүс сонин уншдагаараа онгирдог байв. Ямар сайндаа л Ерөнхийлөгч Н.Багабанди гуайн “Би Хүмүүс сонины байнгын уншигч” гэсэн ярилцлагыг үзээд чөлөөт хэвлэл хөгжсөн өнөө үеийн сэтгүүлчийн нүд орой дээрээ гарах вэ. Өнөөдөр “Х.Баттулга өөрийн биеэр би C1 телевизийн байнгын үзэгч нь шүү” гэсэн ярилцлага өгсөн байвал их л хөгийн юм болно доо. Тэгэхээр тухайн үеийн хамгийн том мэдээллийн эх сурвалжид Ц.Нямдорж гэдэг хүн тийм том нөлөөтэй байсан гэдэг нь хэр эрх мэдэлтэй байсан гэдгийг илтгэнэ. Энэ л үед Ж.Баатар гэдэг хүн шоронд ял эдэлж байжээ. Харин Ж.Баатарт Ц.Нямдорж гэх мандаж явсан залуу улс төрчийг хятадын тагнуул гэж шалгуулах ямар шалтгаан, ашиг тус байсан бэ?
Энэ талаар Ц.Нямдорж сайд 2004 онд, “Баатартай холбоотой энэ хэргийн цаана хоёр том асуудал бий. Нэгд, Монгол төрд нууц гэж байдаг бол үүнд нууц байх ёстой. Хоёрт, 1930 оны хэлмэгдүүлэлт эхлэхийг эд нар оролдсон. 1930-аад оны хэлмэгдүүлэлт Японы тагнуулаар эхэлсэн. Шинэ зууны хэлмэгдүүлэлт хятадын тагнуул гэдэг нэрээр надаар эхлэх шахсан. Надаас өөр хүн үүнийг даахад хэцүү шүү хэцүү” гэж хариулжээ. Харин Ц.Баатар генерал ялаа эдэлж гарч ирээд ч энэ хэргийг орхиогүй байна. Бүр өмнөхөөсөө ч илүү чангаар дуугарчээ.Тэрбээр 2017 онд хэлэхдээ, “Би Монголын ямар ч нууц задруулаагүй. Үндсэн хуульд олгогдсон эрхийнхээ дагуу УИХ-д шалгаж өгөөч гэсэн өргөдөл гаргаж, түүнээсээ болж хилс хэргээр шийтгэгдсэн. Хятадын тагнуулын хүчтэй дэмжлэгтэй Нямдорж ялах уу. Монголын аюулгүй байдлын язгуур эрх ашиг ялах уу. Би бүх амьдралаараа хохирсон. Хожсон зүйл байхгүй. Гэхдээ Монголын төрийн энэ хүндтэй албан тушаалыг хашиж явсан хүний хувьд энэ зүйлийг хийх ёстой, хэлэх ёстой гэж л шийдсэн. Бүх хүн солигдож байхад Нямдорж байж л байдаг. Бүх хүн явж байхад Нямдорж үлдэж л байдаг. Хятадын тусгай албадтай Ц.Нямдорж холбоотой гэж зарлаад байдаг нь Хятадын нууц болохоос Монголын нууц биш. Аль ч улсын үеийн үед ийм этгээдүүд байдаг. Гэхдээ цаг хугацаа харуулна” гэсэн юм.
Ц.Нямдоржийг Н.Багабанди улс төрд хөтлөн оруулсан гэдэг. Харин тэд хоёулаа "хятадын тагнуул" гэсэн хэрэгт сэжиглэгдэж явжээ
Ц.Нямдорж сайд нэгэн удаа яахаараа Н.Багабандийн томилдог шүүх прокурор миний үгэнд орж байдаг юм. Өгөх ялаа л өгсөн гэж хэлжээ. Гэхдээ тэрбээр “Анх Даш-Ёндон, Багабанди хоёр намайг улс төрд оруулсан” гэж ч хэлсэн байна. Харин үүнээс нэгэн жиг ургаж байгаа нь Ц.Нямдорж, Н.Багабанди гэх хоёр хүнийг Хятадын тагнуул гэдэг хардлага хамт дагадаг. Тагнуулын байгууллагыг шалгах үүргийг Н.Багабанди Ц.Нямдоржийг өрөөндөө дуудаад өгсөн. Харин Ж.Баатарыг яллах шүүх хурал Ганц худагт хаалттай болсон төдийгүй Н.Багабандийн томилсон шүүгчид хэргийг шүүн тасалсан болж таарлаа. Ж.Баатарын хэлдгээр шүүх хурлыг шүүгчид биш Ц.Нямдорж удирдсан төдийгүй хохирогчоор биш Хууль зүйн дээд сайд Ц.Нямдорж гэдэг утгаараа шүүх хуралд оролцсон гэвэл хариулт авч чадаагүй асуултууд хөврөх нь. Дашрамд сонирхуулахад зохиолч, нийтлэлч Төрмөнх, “Хятадын тагнуулын ажиллагааны тухайд” нийтлэлдээ, “2004 онд анх Монголд төлөөлөгчийн газраа нээсэн ZTE компани нь дэлхийд авилга, татвар, нууц мэдээлэл чагнадаг хэргээрээ алдаршсан. Энэ төхөөрөмжүүд дээр нууц программ суулгахад дэлхийн ихэнх хүмүүсийг чагнах боломжтой. Харин Монгол Улсад интернетийн үйлчилгээ үзүүлдэг Railcom, Mobinet, Magicnet, Citinet, Micom компаниуд бүгд БНХАУ-ын ZTE, HUAWEI компанийн техник хэрэгсэл, программ хангамжийг ашигладаг гэж ярьдаг. Эдгээрээс дүгнэхэд Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал алдагдах эрсдэл тун өндөр байна. Хөгжингүй орнууд татгалзах гол шалтгаан болсон өнөө нууц чипүүдээрээ энгийн иргэдээс эхлээд төрийн эрх мэдэлтнүүдийн нууцыг чагнаж болохыг хэн ч үгүйсгэхгүй юм” гэжээ.
Хамгийн сонирхолтой нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабаньд тагнуулын байгууллага татан буугдсан 1998 онд БНХАУ-руу хийсэн айлчлалын үеэрээ “ZTE” группийн үйл ажиллагаатай танилцаж, “Хөдөөгийн харилцаа холбооны сүлжээ” төслийг үзэглэсэн байна. Мөн “ZTE”-гийн төлөөлөгчид Монголд ирэхэд Н.Багабанди өөрийн биеэр хүлээн авч уулзсан байна. Өнөөдөр Н.Багабанди ерөнхийлөгчийн үзэглэсэн гэрээний дагуу Хятадууд Монголын харилцаа холбооны салбарт ноёлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, “Ц.Нямдорж тагнуул байсныг Н.Багабанди мэдэж байсан. Тэр 2 тагнуул болохоор нь Хууль зүйн яамыг Ц.Нямдоржид өгсөн” гэсэн утгатай яриаг олон жилийн өмнө дэлгэсэн байдаг. Ингэхдээ, “Хятадын тагнуулууд Монголд ажиллаж байгааг ТЕГ маш олон жилийн ажиллагаагаар олж илрүүлсэн. Энэ нууц мэдээллийг задлахгүй гэж гарын үсэг зурсан Ц.Элбэгдорж нийтэд мэдээлж, шүүхэд дуудагдсан ч хэрэгсэхгүй болгосон. Ингээд тагнуулын үйл ажиллагаа өөр бүтцээр ажиллаж эхэлсэн” хэмээн дурсав. Гэхдээ тэр энэ асуудлыг дэлгэрэнгүй тайлбарласангүй.
Ц.Нямдорж Хятадын тагнуул гэж мэдэгдсэн Ц.Элбэгдорж, Л.Гүндалай хоёр хүртэл нам жим. Харин Ж.Баатар хамгийн сүүлд Генералуудын баярт зутруухан хувцастай, гундуухан ирээд буцсан нь хэвлэлийн хуудсанд үлдэж. Тиймээс ч задарсны талд бус ядарсныг өмгөөлж бичив. Шударга бусын хонгилийн тухай төрийн түшээдээсээ эхлээд ТҮЦ-ний худалдагч нь хүртэл ярьж байна. Сагсайдах, хонгилдох, хонгилоор чирэх, хуулиар далайлгах, захиалгат шүүх, хуурамч хохирогч, хуулийн засвар, хохирогчгүй гэмтэн, авлигын хана, эрүүдэн шүүх, эрх мэдэлд хүрэх шат... түүний удирдсан хуулийн салбараас монгол хэлний үгийн санд шинэ үг нэмэгдсээр. Хэргийг нэг тийш нь шийдэх бус хэрэгтэй үедээ дурсдаг жишиг манай улстөрд жишиг болчихсон. “Надад олон хавтаст хэрэг бий. Цаг нь болохоор дэлгэнээ” хэмээн жишиг тогтоосон Ц.Нямдорж сайдын түүхийн хуудаснаа үлдсэн “хавтаст хэрэг”-ийг ийн сийрүүлэв. Хуулийн салбарыг 30 жил толгойлсон, Шударга ёсыг 30 жил тунхагласан Ц.Нямдорж өнөөдөр Монгол ард түмнээс уучлал гуйн зосгож байна... Үргэлжлэл бий...
Б.Бадамцэцэг
Эх сурвалж: www.n24.mn
Сэтгэгдэл