“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн асуудлаар Ерөнхий сайдад хандлаа


Архангай аймгийн Цэнхэр сумийн иргэд өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус нутагт “Алтан Дорнод Монгол” ХХК 2010 оноос уул уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч одоог хүртэл нөхөн сэргээлт хийгээгүй байна. Энэ байдал нь нутгийн иргэдийн эрхийг зөрчиж байгаа учраас тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, нөхөн сэргээлт хийлгэх шаардлагыг тавьж байна.

 

Нутгийн иргэдийн байгаль орчны зөвлөх экологич Д.Туяа “Алтан Дорнод Монгол” ХХК 10 гаруй жилийн өмнөөс уул уурхайн үйл ажиллагаа явуулсан ч нөхөн сэргээлт хийгээгүй. Энэ талаар орон нутгийн удирдлагаас тодруулахад хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэх хариултыг өгдөг.  Мөрдөн байцаах албанаас шалгаж, 2010 онд байгаль орчны хохирлыг тогтоож олон тэрбумын нөхөн төлбөр тавьсан ч өнөөг хүртэл төлөөгүй. Алтан Дорнод Монгол ХХК 2450 га газрын тусгай зөвшөөрөлтэй. Одоогоор 800 га газрыг ашиглаж, заримыг нь худалдсан” гэссэн мэдээллийг өглөө.

 

Нутгийн иргэн Л.Батсайхан “Нутгийн иргэд ундны усаа 14 км газрыг туулж авдаг. Энэ ус нь эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй. Алтан Дорнод Монгол ХХК үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө 14 булаг шанд тунгалаг устай байсан. Гэтэл одоо бохирдож, шар ус урсдаг болсон” хэмээн байгаль орчинд учирсан хор хохирлыг ярилаа.

 

Б.Энхжаргал


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.