Хүний биед жил бүр дунджаар 120 мянга хүртэл бичил хуванцар хэсэг хоол хүнсээр эсвэл амьсгалын замаар дамжин ордог байна. Ийм сэтгэл гонсойлгосон дүгнэлтийг Канадын эрдэмтэд судалгаа хийснийхээ дараа хийжээ.
Канадын Виктория их сургуулийн мэргэжилтнүүд загас, нялцгай биетүүд, амт оруулагч, давс, согтууруулах ундаа, цоргоны ус болон савласан ус, мөн агаар дахь бичил хуванцрын хэсгийн тоог нарийвчлан тогтоох талаар өмнө нь явуулсан 25 гаруй судалгаанд дүн шинжилгээ хийжээ. Үүний дараа эрдэмтэд хүн нас, хүйснээсээ хамааран жилд 74 мянгаас 121 мянга хүртэл бичил хуванцар хэсгийг ходоодондоо боловсруулдаг болохыг тогтоосон байна. Мөн савласан ус хэрэглэхийг илүүд үздэг хүмүүс 90 мянгаар олон бичил хуванцар хэсэг залгидаг байна.
Эрдэмтдийн тогтоосноор, насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт 142 орчим бичил хуванцар хэсэг иддэг бол 170 гаруй бичил хуванцраар амьсгалдаг гэнэ. Харин охид жил бүр 74 мянга, хөвгүүд 81 мянга, насанд хүрсэн эмэгтэйчүүд 98 мянган бичил хуванцар хэсэг идэж, амьсгалдаг бол эрчүүдийн хувьд энэ үзүүлэлт 120 мянгаас давжээ.
Үүний зэрэгцээ эрдэмтэд иддэг нийт хоол хүнсний ердөө 15 хувийг судалж чадсан байна. Үүнтэй холбоотойгоор хүний биед орж байгаа бичил хуванцар хэсэг илүү олон байж магадгүй ажээ.
Бичил хуванцар хэсэг нь хүний дархлааны болон дотоод шүүрлийн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлж, янз бүрийн үрэвсэл үүсгэхээс гадна, мөнгөн ус, пестицид зэрэг биед хортой химийн бодис хуримтлагдахад нөлөөлдөг гэж эрдэмтэд үзэж байна.
Д.Жаргал
Сэтгэгдэл