Хятадууд монголын мөнгийг зөөж байна. Бид харсаар байх уу?


Хоёр дахь “Эрдэнэт”-ээр тодорч, монголчуудын магнайг тэнийлгэж байсан “Оюутолгой”-н гэрээ тийм ч ашигтай бус болох нь илчлэгдэхтэй зэрэгцэн тус гэрээний гашуун түүхийг давтсан дахин нэг хэрэг сөхөгдөөд байна.

Учир нь 2018 оны зургадугаар сард газрын тос боловсруулах үйлдвэрийн шавийг тавих үеэртус үйлдвэр ашиглалтад орсноор шатахууны дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй, жижиглэнгийн үнэ 30 хувиар буурч, гадагшаа урсдаг 1.2 тэрбум ам.долларын урсгалыг зогсоож, орон нутаг болон улсын төсөвт жил бүр 360 сая ам.доллар төвлөрөх боломж бүрдэнэ гэдгийг албаны хүмүүс онцолсон юм. Ийнхүү ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад бодит нөлөө үзүүлэх тус газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулахын тулд Бүгд найрамдах Энэтхэг Улсаас 1 тэрбум ам.доллар зээлсэн байдаг. Үүнийх нь буянд монголчууд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэртэй болох замналаа тавьсан нь энэ. Гэвч “Сайны хажуугаар саар” гэгчээр газрын тосны үйлдвэртэй боллоо гэхэд түүхий эд болох газрын тосыг “Хэнээс, хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ” гэдэг асуулт эрхгүй урган гарч ирж байна.

Өөрөөр хэлбэл, талх барих үйлдвэрээ зээл аваад барьчихсан. Гэтэл талхчин, улаан буудай нь бидэнд алга. Ингэхээр нэг бол газрын тосыг гаднаас худалдаж авах, эс бөгөөс Монголд олборлолт хийж байгаа хятадуудаас хэлсэн үнээр нь худалдаж авах гэсэн хоёрхон сонголттой нүүр тулахаас өөр замгүй юм. Монголчуудад газрын тосны орд байсан уу, гэвэл байсан. Яагаав, өнөө Ерөнхийлөгч асан П.Очирбат алдартай саарал дээлнийхээ энгэр юугаан мялаан байж, “Монголчууд өөрсдөө газрын тос олборлодог боллоо” гэж хошгируулан хэлж байсан орд газар шүү дээ. Харамсалтай нь, дээрх ордыг монголчууд бус хятадууд эзэмшдэг болсноор нөөц баялагийг нь хятад руугаа зөөгөөд 10 гаруйжилийг ардаа үджээ.

Жилд 1 сая орчим тонн газрын тос олборлодог тус талбай нь Дорнод аймгийн Халх гол, Матад суманд оршдог. Эдгээр талбайг “Петро чайна дачин тамсаг” ХХК болон “Доншен газрын тос Монгол” ХХК эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, “Петро чайна дачин тамсаг” ХХК нь “Тосон уул-XIX”, “Тамсаг-XXI” талбайг, “Доншен газрын тос Монгол” ХХК нь “Бүтээгдэхүүн хуваах-97” талбайг эзэмшиж, эндээс олборлосон газрын тосыг хятад руу гаргадаг юм.

2022 онд газрын тос боловсрулах үйлдэртэй болбол бидэнд 1.5 сая тонн түхий эд хэрэгтэй. Гэтэл Монголд олборлолт хийдэг хоёрхон компани нь хятадуудын эзэмшилд байдаг. Хэрэвзээ, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэе гэвэл эдгээр хятад компаниас газрын тос худалдаж авахаас өөр замгүй. Гэтэл хятад эзэд “Монголчуудын баялагийг монголчуудад хэдэн төгрөгөөр худалдах бэ” гэдэг их сонин зүйл. Учир нь төрийн бус байгууллагуудын хүсэлтээр Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьсан байна. Гэтэл тусгай зөвшөөрөл авч улсын хилээр нэвтрүүлэх ёстой том оврын техникийг татвар багатай өөр ангилалаар ангилж, улсын хилээр нэвтрүүлдэг. Тэр бүү хэл, “СЭЛБЭГ” гэж худал мэдүүлэх зэргээр татвараас зугтдаг болох нь илчлэгджээ. Тодрулбал, өнгөрсөн нэгдүгээр сард нэр бүхий гурван төрийн бус байгууллагаас “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийн үйл ажиллагааны талаар зөвлөх үйлчилгээ үзүүлээч гэдэг хүсэлтийг түүнд тавьсан байна. Энэ хүрээнд тус компанийн үйл ажиллагаа явуулдаг Дорнод аймгийн Матад сум дахь 19, 21 дүгээр талбайд монголчуудыг ажиллуулах асуудлаар ханджээ. Түүнчлэн АТҮТ, Зам тээврийн хөгжлийн яам, Газрын тосны хэрэгэрхлэх газар зэрэгт хандахад дөрөвдүгээр сараас эхлэн хятадаас нэг ч кран нэмж оруулахгүй байх шийдвэрийг холбогдох газраас гаргасан байна. Учир нь кран зэрэг тоног төхөөрөмжийг монголчууд өөрсдөө импортолж байж, уул урхайн салбараас Монголд орж ирэх өгөөж бага атугай нэмэгдэх учиртай. Гэтэл 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн хууль бусаар зургаан краныг Баянхошууны боомтоор оруулж ирсэн байна. Энэ талаар зөвлөх инженер Д.Батбаатар “Дээрх зургаан краныг улсын хилээр нэвтрүүлэхдээ ачааны машины зөвшөөрлөөр оруулж ирсэн. Уг нь тусгай зөвшөөрлөөр оруулж ирэх ёстой. Монгол, БНХАУ-ын хэлэлцээрийг хэрэгжүүлэх протоколд онцгой зөвшөөрлийн бичиг авахын тулд хятадын талын тээврийн хэрэгсэл тус улсын эрх олгогдсон байгууллагаас Монголын эрх олгогдсон байгууллагад хандаж зөвшөөрөл хүсдэг. Ингэж оруулах журамтай. Гэтэл нэг удаа хил нэвтэрдэг тээврийн зөвшөөрлөөр оруулж ирсэн байна. Тиймээс төрийн байгууллагуудад шаардах бичиг явуулсан. Хууль бусаар оруулж ирсэн тээвэрлэлийн хэрэгслээ тавдугаар сарын 30-ны өдөр гарга гэж АТҮТ-өөс бичиг өгсөн ч одоог хүртэл гараагүй.

Мөн тухайн үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр нь очин крануудыг тоолж үзэхэд олон краныг хууль бусаар оруулж ирсэн байна. Төрийн байгууллагууд нь шаардлага тавихаар “Үгүй” гэдэг” гэсэн юм.

Энэ талаарх асуудлыг ганц Д.Батбаатар ярьж байгаа юм биш. Нутгийын олон хөгшид ярьж, хэлсэн боловч тоодог хүн нэгээхэн үгүй. Холбогдох албанаас шаардлага тавихаар хятад эзэдтэй дээрх компанийн ажилчид “Танай Монголын хууль тогтоомж бидэнд хамаагүй. Толгой компаниас ирүүлсэн заавар, зөвлөмжийн дагуу ажиллана” гэж томорсон байх юм. Энэ юу ч биш. Монгол ажилчдыг боолын л хөдөлмөр эрхлүүлэхээс биш мэргэжлийн ажилд томилдоггүй. Цалин мөнгийг нь өгөхдөө луу унждаг гээд олон асуудал “Петро чайна дачин тамсаг”-ийн эргэн тойронд эргэлддэг ажээ.

Тус компанийн хувьд БНХАУ-ын Үндэсний газрын тосны корпорацийн харъяа төрийн өмчит “Дачин ойл фийлд лимитед” компаниас 2005 оны наймдугаар сард сав газрын XIX, XXI, XXII гэрээт талбайг авсан. Ингэхдээ тус талбайд газрын тосны үйл ажиллагаа явулах бүтээгдэхүүн хуваах эрх, үүргийг АНУ-ын “Соко интернейшнл” ХХК-иас шилжүүлэн авчээ. Ингэснээр хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани Дорнод аймгийн Халх гол, Матад суман дахь байгалийн баялагт эзэн суухаас гадна Монголын шатахуун үйлдвэрлэлийн гол түүхий эдийг нийлүүлэх монополь эрхийг атгасан нь энэ юм.

“Петро чайна дачин тамсаг”-ийн эзэмшлийн Тосон уул-XIX талбайн нөөцийг 20.17 сая тонн гэж урьдчилсан байдлаар тогтоосон байдаг. Харин “Тамсаг-XXI” талбай нь газрын тосны баталгаат нөөц нь 127.509 сая. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 14.01 сая тонн, ус шахалтын горимоор ашиглалтын баталгаат нөөц нь 21 сая тонн юм. Өөрөөр хэлбэл, Монголчууд бид Энэтхэг Улсын Засгийн газраас 1 тэрбум ам.долларын өр тавин байж, шатахуун үйлдвэрлэх үйлдвэр байгуулж байна. Гэтэл түүхий эдийг нь хятадууд нийлүүлэх монополь эрхийг атгачихаж. Ингэхдээ татвараас зугтах байдлаар олборлолтын зардлаа бууруулж, харин өндөр үнээр олборлосон гэж “худал” хэлж өндөр үнээр түүхий эд нийлүүлэхээр санаархаж сууна. Нэг ёсондоо ойролцоогоор газрын тосны үйлдвэрийн түүхий эдийг 100 жил нийлүүлэх их хэмжээний орд газрыг хятадууд өөрийн болгочхоод байхад төрийн тэргүүнээс эхлээд Ерөнхий сайд нь нүд нь балай, чих нь дүлий сууна.

Өнөөдөр Дорнод аймгийн Халх гол, Матад суманд хүн байтугай мал амьтан ч амьдрах эрхүй шахуу болсон гэхэд болно. Халх голын дайны 70 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойн арга хэмжээг угтан очсон Оросуудаас эхлээд нийслэлчүүд хүртэл дуу алдаж, айж мэдэгдсэн гэх. Учир нь “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн олборлолт хийхдээ тээвэрлэлт хийсэн зам нь там болжээ. Шороон замаар тээвэрлэлт хийх учир тоос шороо тэнгэрт тултал босч, хүн амьтан амьсгалах аргагүй болдог байна. Уг нь бол мэргэжлийн хяналтын газраас удаа дараа тээвэрлэлтийг зогсоох шийд гаргадаг боловч төд удалгүй тээвэрлэлт хийх эрхээ авчихдаг байна. Тэр бүү хэл, улсын хилээр кран нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг холбогдох байгууллагаас нь гаргачихаад байхад л Бичигт болон Баянхошуу боомтоор олон тоогоор оруулаад ирдэг гэх. Бүхэл бүтэн хуль зөрчсөн үйлдэл нүдэн дээр нь ил байхад хил, гаалийнхан юугаа ч хийж суудаг юм, бүү мэд. Энэ мэтчилэн Монголын газрын тосны баялаг дээр сандайлж суусан “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ.

Тэдний эл хууль үйлдлийг таслан зогсоож чаддаггүй юм бол тусгай зөвшөөрлийг цуцлах эс бөгөөс төр өөрийн мэдэлдээ авах нь зүйтэй биз ээ. Учир нь дээр хэлсэнчлэн 2022 онд газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орно. Тэр үед хятад эзэд түүхий эдийг “Өндөр үнээр олборлолт хийдэг учир” гээд амандаа орсон үнээрээ шахахыг үгүйсгэхгүй. Хэрэв зээ, хятад эздийн эл санаархал биелэлээ олбол,өнөөх жил бүр гадагшаа урсдаг 1.2 тэрбум ам.долларыг дотооддоо шингээх төлөвлөгөө салхинд хийсэх нь лавтай.

Дагаад шатахууны үнэ 30 хувиар буурч, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад бодитой дэмжлэг үзүүлэх бус харин ч БНЭУ-д 1 тэрбум ам.долларын өртэй болох эрсдэлтэй юм. Тиймээс л газрын тосны баялаг дээр сандайлсан “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн эзэмшлийн орд газарыг төр эргүүлэн авч, эдийн засгийн дархлаагаа бэхжүүлэх нь зүйтэй биз ээ. Үгүй ядаж л монголчуудад ажиллах боломжийг нээж өгөх, бүр тодруулбал, шаардлагатай тоног төхөөрөмжийг Монголчуудаас худалдаж авдаг, Монгол хүнийг ажиллуулдаг байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. “Алтыг нь аваад авдарыг нь хаяна” гэдэг үг бий. Хятадууд Монголын газар нутгийг ухаж, сэндийлэхдээ аль өнгөтэй өөдтэйг нь хил дамнуулдаг, ингэхдээ Монголчуудаар боолын хөдөлмөр хийлгэж, өөрсдөө хаан суудаг жишиг тогтоод буй. Тиймээс л эрдэс баялагийн салбараас орох өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд техник, тоног төхөөрөмж импортлогч дотоодын аж ахуйг дэмжих бодлогоо лавшруулах нь зүйтэйг энд цохон тэмдэглэхгүй өнгөрч болохгүй биз ээ.

Г.Батдорж

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.