Бөхчүүд гал, галаараа жигдэрч байна


 

Наадам болоход 20 гаруй хоног үлдээд байна. Хүчит бөхчүүд аймаг, орон нутгаараа гал болж гардаг уламжлалтай. Энэ жил ч тийм л. Хуучин нутаг, амралтын газруудыг бараадсан олон гал төвхнөжээ. Тэр дотроос хамгийн олон аймгийн бөхчүүд цуглардаг газар нь “Сүүж” амралт байдаг. Энд “Хүч” спорт хорооны бөхчүүдийг дагалдаж Ховд, Баянхонгор, Завханыхан гардаг.

Улсын начин Ц.Лхагвасүрэнгээр удирдуулсан “Ховд” дэвжээний бөхчүүд өчигдөр бусдаас түрүү очоод байна. Эдний галд улсын заан Б.Пүрэвсайхан, Д.Батзаяа, улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий болон аймгийн арслан Б.Тайван, Б.Батсайхан нарын 50-аад бөх байгаа юм байна.

Ц.Лхагвасүрэн хэлэхдээ:

-Манайхан сүүлийн 10-аад жил бөхийн тэнгэр ивээдэг энэ нутагт бэлтгэлдээ гарч байгаа. Улсын цолтон эндээс л төрсөн. Ер нь “Сүүж” амралтын дэнжээс улсын наадмын түрүү бөх 10 гаруй удаа гарсан газар. Энэ жилийн наадмын манлай бөх “Ховд” дэвжээнээс төрөх болов уу гэж горьдож байгаа шүү гэсэн юм.

Тэгвэл Баянхонгорын “Их Богд” дэвжээний бөхчүүд мөн л уламжлалаараа Бугын сангийн аж ахуйн орчимд гараад байна. Эдний гал улсын начин А.Алтанхуягаар ахлуулсан Дундговийн бөхчүүдээр бүл нэмжээ. Улсын харцага Н.Золбоо, улсын начин Ж.Чулуунбат нарын ахалж буй “Хонгор нутаг” дэвжээний галын бүрэлдэхүүнд улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, цэргийн арслан Ц.Жамбалдорж тэргүүтэй 30-аад бөх багтаж байна.

Жилийн жилд голдуу наадмын түрүү бөх тодруулдаг “Увс нуур” дэвжээнийхэн улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат нараар ахлуулж мөн л Харзтайн амралтдаа очоод байна. Галын дасгалжуулагч нь улсын гарьд Б.Гантогтох юм. Улсын отгон аварга Н.Батсуурь энэ жил болсон барилдаан бүхэнд шахам оролцож тун ч бэлтгэл сайтай, өнгөтэй байгаа гэх. Улсын заан Н.Жаргалбаяр ч цолоо ахиулах магадлалтай бөхийн нэг. Тэгвэл эдний галд улсын цол горилж яваа аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Л.Цээсүрэн, Ц.Мөнхбаяр, Д.Тогтохжаргал гэсэн залуу хүчитнүүд бий. Дархан аварга Х.Баянмөнхийн хэлж байгаагаар улсын баяр наадмын дэнжийг Увсын бөхчүүдгүйгээр төсөөлшгүй шүү дээ. Миний бодоход энэ жил сүүлийн дөрвөн бөхийн лавтайяа хоёр нь Увсынх байх болов уу. Манай аймгийн галынхны бэлтгэл бусдаас өөр л дөө гэсэн нь нэгийг санагдуулам. Нээрээ ч сүүлийн жилүүдэд Увсын бөх олон түрүүлсэн дээ.

Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээний бөхчүүдийг улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахалдаг. Энэ галд улсын заан Ч.Баянмөнх, улсын харцага Б.Одгэрэл, улсын начин Б.Дэлгэрсайхан тэргүүтэй улс, аймаг, сумын цолтой 40 гаруй бөх гал дээрээ цуглараад байна. Тэд “Алдар” спорт хорооныхонтой хоршиж Тавантолгойд бэлтгэлээ базаах гэж байгаа гэнэ. Булган аймгийнхан хоёр галд хуваагджээ. Улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр нараар ахлуулсан бөхчүүд Бүрэгхангайн нутагт гарчээ. Эдний галд улсын начин Д.Тамир, Б.Амарсайхан, аймгийн арслан А.Отгонбаатар, Б.Сумъяабат, А.Түмэндэмбэрэл, Б.Ганбаатар нарын 20 гаруй бөх байгаа бол улсын начин И.Ёндонсамбуугийн ахалсан нэг хэсэг бөх энүүхэн “Хайрт хаан” амралтад гараад байна. Галдаа хамгийн олон бөх нэгтгэсэн Өвөрхангайн бөхчүүд Бугын сангийн аж ахуй орчимд гэрээ барьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.НАДМИД


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.