Жагсаал, цуглаанаар амиа зогоогчид


-Жагсагчид эх орончид уу, албан тушаал горилогчид уу- 

Албан бус хөдөлмөр эрхлэлтийн салбар нэгээр нэмэгджээ. Энэ нь мэдээж жагсаал, цуглаан д хүч нэмэгчид. Уг нь албан бус хөдөлмөр эрхлэгчдийн тоонд худалдаачид, барилга, газар шорооны гэх мэтчилэн улирлын чанартай ажил эрхлэгчид багтдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд өдөр алгасахгүй жагсаал, цуглаан болдог болсноос ийм шинэ төрлийн ажил эрхлэгчид бий болсон нь тодорхой болжээ.

Хэдэн жилийн өмнө л Хадгаламж, зээлийн хоршооны хохирогчид гээд хэсэг бүлэг нөхөр нэг эмэгтэйгээр толгойлуулан албан газруудын үүдэнд жагсаж, өлсөж, бослогоос наахнуур үйл ажиллагаа явуулдаг байв. Сүүлдээ албан ёсны болж “Хохирогчдын холбоо” нэртэй болж хэвлэлийн хурал зэргийг зохион байгуулдаг болсон. Мэдээж олон хүн нэг төрлийн хохирлоо барагдуулахын тулд зохион байгуулалтад орж, хэн нэгнээр толгойлуулах нь зөв ч алхам биз. Тухайн үедээ бол асуудлыг шийдвэрлэх гарцтай, боломжтой асуудлууд хөндөгдөж байсан учраас тэр.

Харин өнөөгийн эх орончийн дүрээр жагсаж, тэмцэгчдийн хувьд өөр дүр зураг бий болж, эцэстээ энэ мөнгөний ажил болох нь ч тодорхой болж хувирч байна. Тэр тусмаа улстөрийн нөхцөл байдалтай холбоотойгоор зохион байгуулж байгаа бол төв талбайн ойролцоо /угаасаа ихэнх жагсаал Сүхбаатарын талбайд болдог/ оролцогчдоо унаагаар хүргэж өгнө. Бүлэг бүлгээр нь бас удирдах хүнтэй. За тэгээд тэдэн төгрөг өгнө гэсэн, авна гэсэн гэх мэтчилэн яриа тухайн үедээ бол үл тасарна. Ийм л явцтай жагсаалууд бий болсон. Тэнд нь толгойлон оролцогчид нь тодорхой. Ямар сайндаа М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулчихвал амьдарал жигдэрчих гээд хүн бүр ирж жагс, цугла хэмээж Сүхбаатарын талбайд баахан хүн цуглуулсан. Түүний дунд М.Энхболд гэж яг хэн бэ гэдгийг нь ч мэдэхгүй залуу явж байсан нь сэтгүүлчийн олз болж хэсэгтээ л цахим орчинд “од” болж байв. 

Яг л үүнтэй адил ердөө жагсаал, цуглааныг үндсэн ажлаа болгосон хүмүүс өдгөө тодорхой болжээ. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж огцруулах, Тост тосонбумбын талаарх хэлэлцүүлэг, Б.Хурцтай холбоотой шүүх хурал зэрэгт оролцож байгаа “сайн дурын уран сайханчид”, дандаа олонд зүс нь танигдсан жагсагчид. Тухайлбал, өчигдөр Б.Хурцын шүүх хурлын үеэр жагсагчид маань нүүр амаа дарж олноос царайгаа нууж сошиалд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Тэд үнэхээр эх оронч сэтгэлгээгээр хаана ч хамаагүй, юуны ч төлөө байсан жагсаж, үгээ хэлж, шүлсээ үсчүүлж, зарим нь бүр уйлж, үсээ хусдаг гэж үү. Үгүй. Тэд ердөө л жагсагчид гэдэг албан бус хөдөлмөр эрхлэгчид. Ай бас аюултгүй сайхан ажил ч юм уу. Цаг нар гэж үгүй. Цалин буухыг хүлээхгүй. Дарга байтугай цагдаад ч загнуулахгүй. Санасандаа хүртэл урамшуулал авсан бол цаг, нар, улирал зэргийг огт хамаарахгүйгээр жагсаад, орилоод байна. Захиалагч тал ялвал давуу тал болж, нэмэлт урамшуулал авахыг үгүйсгэхгүй.

Ядахад хэдий сайн чанга дуугарч, олныг хамруулж жагсана төдий чинээ өндөр албан тушаалд хүрдэг буруу жишиг тогтчихсон. Яг л тэр зарчмаар элдэв жагсаалд эх орончийн дүрд тоглогчид улам бүр олширч байгаа нь дэндүү харамсалтай.

Б.Отгонзаяа

Эх сурвалж: erennews.mn

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.