Аминаас илүү нүүрсний тээвэр


МОНГОЛ УЛС СҮҮЛИЙН ЕСӨН ЖИЛД НҮҮРС ОЛБОРЛОХДОО САРД 1-2 ХҮНИЙ АМИЙГ ЗОЛЬЖЭЭ

Гурван жилийн өмнөхөө бодвол Монголын эдийн засагт сэвшээ салхи сэвэлзэж буй. Учир нь биднийг тэжээдэг хар алт буюу нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр тогтворжиж, экспорт нь хэвийн үргэлжилж байна.

Энэ бол тун тааламжтай нөхцөл байдал. Гэвч манайхан үүнийгээ төдийлөн ашиглаж төвдөхгүй л байна. Наад зах нь төмөр зам барих асуудлыг жилийн жилд улигладаг ч алх, хадаас ч хавирсангүй. Энэ байг ээ гэхэд нүүрсний уурхайн тээврийн ослоор сүүлийн есөн жилийн хугацаанд 60 орчим хүн нас барсан гэх харамсалтай тоо баримт байна.

Нэг ёсондоо энэ ослоор сард 1-2 хүн нас барж байна гэсэн үг. Тооцож үзвэл, 1.3 хүний амиар нэг сая тонн нүүрс олборлож, тээвэрлэж байгаа нь хэт өндөр, аюултай үр дагавартайг “Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-нд дурдсан байх юм. Тус судалгааны дүгнэлтэд “Тавантолгой ордын олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанаас үүссэн хүний эрхийн ноцтой зөрчлүүд цаашид даамжрах хандлагатай байна” гэжээ.

Задалж хэлбэл, 10 мянга орчим хүн амтай Өмнөговь аймгийн Цогтцэций суурингаас 1-10 километрт нүүрсийг ил аргаар олборлодог. “Эрдэнэс тавантолгой” компани уурхайн амнаас Гашуун Сухайтын зам хүртэл шороон замаар нүүрсээ тээвэрлэдэг.

Улаанбаатар-Цогтцэций сум хүртэлх зам 59 километр шороон замтай. Эдгээр нөхцөл байдал сумын тоос, тоосжилт байх ёстой хэмжээнээсээ 10-15 дахин нэмэгдэхэд гол нөлөө үзүүлсэн гэж үзжээ.

“Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи ресурс” компани уурхайн тоосны хэмжилт, түүнтэй холбоотой мэдээллээ солилцдоггүй, мэдээлэл нь ил тод бус байгааг судалгаанд өгүүлсэн байна.

Сүүлийн жилүүдэд нүүрсний тээвэр хэт ихэссэнээс Гашуунсухайтын замд өдөрт 4-5 осол гардаг гэсэн тоо баримт бий.

Тавантолгойн нүүрсийг тээвэрлэж байгаа 12 мянга орчим жолоочийн 90 гаруй хувь нь эрүүл мэндийн анхан шатны оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломжгүй байгаа нь мөн судалгаагаар гарчээ.

Тухайлбал, нүүрс олборлолт, экспортоор тэргүүлэгч “Эрдэнэс Тавантолгой”, жижиг “Тавантолгой” нь нүүрс худалдан авагч “Шэнхуа”, “Чалко”, “Вэйнсвэй”, “Пушин” зэрэг компанид тээвэрлэлтийн асуудлаа даатгаж, тэдэнд ямар нэгэн шаардлага тавихаас зайлсхийдэг гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаны дарга Ч.Алтангэрэл хэлсэн юм.

Бүр тодруулбал, 2011 онд ашиглалтад орсон Гашуун сухайтын авто замыг “Энержи ресурс” компани өөрийн хөрөнгөөр 10 метрийн өргөнтэй, жилд 18 сая тоннын даацтай байхаар тооцож ашиглалтад оруулсан байдаг.

Улмаар 2013 онд Засгийн газрын шийдвэр гарч уг замыг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани худалдан авснаар Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын дундын зам болсон юм. Жолоочид бие биеэ шахсанаас үүдэж замын хажуу руу унасан, тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлыг хангаагүй, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсэн, урсгал сөрсөн, нүүрс асгарсан, автомашин хоорондын зайгаа бариагүй, хурд хэтрүүлсэн зэрэг нь Гашуун сухайтын авто замд гарч байгаа ослын голлох шалтгаан болов.

Шөнө унтахгүй, замаа туулахын тулд элдэв зүйл хэрэглэх, тэр дундаа МИМИ гэх бодисыг сэргээш байдлаар хэрэглэдэг гэх мэдээлэл ч байдаг. Уг замаар нүүрс тээвэрлэдэг 166 компани байдгаас бараг 80 хувь нь хятад эзэнтэй.

Эзэд нь нүүрсээ аль болох хурдан хүлээж авахын тулд жолооч нарт “Хэдэн төгрөгийн торгууль төлөх вэ. Би өгье” гээд мөнгө шилжүүлж, “шороодох”-ыг ятгадаг гэж байгаа. Жолооч нар ч олон хоног даарч хөрөн, хоол ундгүй шахам дугаарлахын оронд торгуулиа төлөөд ч хамаагүй урагшлахыг боддог гэх.

Ийнхүү ачаагаа хурдан буулгахаар яарах жолооч нар цаг хожиж, жаахан ч гэсэн урагшлахын тулд бүх л аргаа хэрэглэдэг, түүнээс болж осол гарах нь элбэг аж. Зардлаа хэмнэхийн тулд хоолоо машиндаа хийж иддэг, бүр 3-4 жил эхнэр, хүүхэдтэйгээ хамт тээвэр хийсэн жолооч ч байдаг зэрэг олон баримтыг дурдаж болно.

Бүр хоёр жилийн өмнө нэгэн гэр бүлийн амьдрал энэ зам дээр дууссан эмгэнэлтэй түүх ч бий. Дээрх асуудлыг шийдэх үүднээс холбогдох газрууд нь тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлж байгаа гэх боловч нүдэнд харагдаж, гарт баригдах дорвитой зүйл мэдрэгдэхгүй л байна.

Түүнчлэн Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа өнгөрсөн арав гаруй жил огцом нэмэгдэж, түүний улмаас байгаль орчин сүйдэж байгааг олон улсын болон судалгааны байгууллагууд анхааруулж ирсэн байна.

Нийт нутгийн 50 хувь нь лицензийн талбайд орсон, бэлчээрийн талбайн 80 орчим хувь нь талхлагдсан, нутаг дэвсгэрт нь гурван том нүүрсний уурхай, нүүрсний тээвэрлэлт гүйцэтгэдэг 50 гаруй компани үйл ажиллагаа явуулж, шороон замаар тээвэрлэлт хийж байгаагаас Цогтцэций сумын иргэд, малчдын хувьд бэлчээрийн мал аж ахуй эрхлэх боломж, нөхцөл туйлын хомс болж байгаа нь үнэн.

Тавантолгойн бүлэг ордоос БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээ 2009-2012 онд асар хурдацтай нэмэгдсэн хэдий ч 2013 оноос БНХАУ-ын нүүрсний зах зээлийн үнэ, эрэлт буурснаар тус орд газраас экспортлох нүүрсний хэмжээ эргэн буурсан байдаг.

Харин 2016 оны хоёрдугаар сараас нүүрсний үнэ огцом өсөж, нүүрсний экспортын хэмжээ 25 сая тоннд хүрсэн бөгөөд үүний дийлэнхийг Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрс эзэлж байв. Улмаар 2017 онд Монгол Улсын нүүрсний экспорт улам бүр өссөөр 33 сая тоннд хүрсэн байдаг.

Эдийн засагч, судлаач Л.Наранбаатарын “Хятад Улсад 2000 онд хүн амын дундах аюулгүй ажиллагаа нь маш сул байсан. Нэг сая тонн нүүрс олборлохын тулд таван хүний амийг зольдог байсан байна.

Технологи нь сайжирсны үр дүнд 2010 оны төвшинд 0.75 хүний амь эрсэдсэн гэдэг тооцоо гарсан. Харин манайд нэг сая тонн нүүрс 1.3 хүний амьтай тэнцэж байна. Ингээд харахад манай тээврийн замд гарч байгаа аваар осол бүс нутгаасаа нэг дахин, бусад тохиолдолд арав дахин өндөр үзүүлэлттэй байгааг анхаарч үзэх ёстой. Ингээд үзэхэд эдийн засгийн хувьд маш харьцангуй үр дүн гарч байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой” компани ойрын 11 жилд 257 сая тонн нүүрс олборлоно. Үүнээс 184 сая тонн нь коксжих нүүрс, үлдсэн нь үнэ цэнэ багатай эрчим хүчний нүүрс байгаа юм. Ингээд бодохоор энэ компани цаашид алдагдал хүлээнэ гэж тооцсон. Өнөөдөр нүүрсний үнэ зүгээр хөөс. Бид хэзээ ч ОХУ руу нүүрс гаргана гэж байгүй. Энэ улс дэлхийн номер нэг нүүрс экспортлогч орон болно гэдгээ зарласан шүү дээ.

Яагаад манай төмөр зам гацаад байгаа юм бэ. ОХУ Хятадын зах зээл рүү нүүрс нийлүүлж байна. Хятад судлаач эмэгтэй хэлэхдээ “Ойрын гурван жилд ОХУ Монголыг коксжих нүүрсний экспортыг хамж авна” гэж хэлсэн. Гурван жилийн дараа бид нүүрсээ хэрхэн зарах вэ гэдэг хүнд байдалд орно. Эцэст нь дүгнэж хэлэхэд алдагдсан боломжийнхоо өртгийг жигнэж үзэх хэрэгтэй байна.

Төмөр зам байхгүйгээс болж 100 сая тонн нүүрсийг экспортлох боломжоо алдсан. 10 тэрбум ам.доллар алдсан. Энэ хөрөнгөөр бид юу хийж болох ёстой байсан бэ. Өнөөдөр хүний амь насны тухай асуудлыг ярьж байна. Тавантолгойн бүлэг ордын авто замын тээврийн асуудал, байгаль орчны асуудлыг ярьж байгаа боловч эргээд Улаанбаатартаа утаагүй, хөрсний бохидолгүй амьдрах боломжоо алдаад байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй.

Улстөрчдийн төмөр замыг боомилсон нөхцөл байдлаас бид өөрсдийнхөө амьдралаар алдагдсан боломжийн өртгийг төлж байна” гэж хэлсэн юм.

Гашуунсухайтын 230 гаруй километр зам дээр 12 мянган жолооч явж байгаа нь осол аваарын үндэс болж байна. Яагаад 4-5 мянган жолооч байлгаж болохгүй вэ гэсэн асуултад Авто тээврийн үндэсний төвийн дэд дарга Ш.Батсайхан “Нэгдүгээрт, манай байгууллагатай гэрээтэй 2,003 жолооч, бүртгэлгүй 4,000 жолооч тээвэрлэлтийн үйл ажиллагааг гүйцэтгэж байсан.

Экспорт нэмэгдсэнтэй холбоотой том тээврийн хэрэгсэлтэй жолооч болгон Гашуунсухайтад бөөгнөрсөн гэж ойлгож болно. Бид бол 5,700 хил нэвтрэх зөвшөөрлийг олгосон байна. Уртын тээвэр гүйцэтгэгч худалдан авагчтайгаа гэрээ байгуулаад шууд явж байгаа.

Гэхдээ бид тээврийг хоосон талдаа явж байгаа, ачаатай талдаа явж байгаа, уурхайгаас ачигдсан, урд хил дээрээ буулгаж байгаа гэж ангилж тооцдог. Хилийн нэвтрэх чадвараас шалтгаалаад бид судалгаагаа гаргасан. 7,200 тээврийн хэрэгсэлд хил нэвтрэх зөвшөөрөл олгох ёстой гэдэг судалгаа байгаа.

Гэхдээ бид одоогоор 5,700 зөвшөөрөл олгосон. Хил нэвтрэхгүй тээврийн хэрэгсэл албан ёсоор зөвшөөрөл авдаггүй. Гүйцэтгэгч компанитайгаа гэрээ хийдэг. Энэ бүгдийн нийлүүлээд тооцохоор 12 мянган жолооч зайлшгүй уртын тээвэрт оролцоод байгаа юм” гэж хариулав.

Ямартай ч Гашуунсухайтын 230 гаруй километр авто замын байдал улам хүндэрсээр байна. Олон жил энэ талаар ярьж, шийдвэрлэх арга зам хайх гэсээр байтал сард нэг хүний амь эрсдэж байгаа нь харамсалтай.

ГАРЦ...

Манай улс хүний үнэ цэнтэй амиар олборлож байгаа нүүрснээсээ ашиг хүртэж чадаж байна уу гэх асуулт мөн урган гарч ирнэ. Илүү хөрөнгө оруулалт шингээж нүүрсээ баяжуулж, төмөр замаар тээвэрлэх ёстой гэдгийг олон жил ярьж байна.

Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоор жилдээ 25 сая орчим нүүрс гардаг. Манайх нүүрсэндээ үнээ тогтоож чаддаггүй. Зөвхөн худалдан авагчийн буюу Хятадын талын санал болгосон үнийн саналд ихэнхдээ захирагддаг. Төмөр замаар яваад ирэхээр тээвэр, ложистекийн зардал хямдарч, Монголоос очиж байгаа нүүрс илүү хямдхан очих боломжтой болж болох юм.

Өнөөдөр Монголоос очиж байгаа коксжих нүүрсийг дангаар хэрэглэж байгаа үйлдвэр гэж ер нь байхгүй. Өөрсдийн байгаа дотоодын нүүрстэйгээ хольж, чанарыг нь сайжруулж хэрэглэдэг гэж байгаа. Тиймээс сайн чанарын нүүрс Хятадын бусад мужид ороод ирэхээр хэрэглэх сонирхол нь их байх учиртай. Баяннуур, Аршаан аймагт байгаа үйлдвэрүүд хямдхан нүүрс ахиухан аваад манай гаргаж байгаа экспортыг нэмэгдүүлж болно.

Тийм биш байлаа гэхэд 240 км тээвэрлэж байгаа тээврийн зардлаа хэмнээд эргээд Хятадын дотоод төмөр зам дээр тээвэр хийх өртгөө тэрнээсээ нөхөж чадаж байвал цаад зах зээл дээрээ гарах боломж харагдаад байгаа юм гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

Ганцмод, Шивээ хүрэнгийн боомт дээр байгаа үнэ манай гол үнэ юм. Гол нь Өвөрмонголын нүүрс худалдан авах чадвар, эрэлт хэрэгцээнээс бүх зүйл хамаардаг. Дунд нь тоглож байгаа тоглогчид өөрөө үнэ тогтоодог. Тиймээс 70 ам.доллар ч бай, 110 ам.доллар ч бай эцсийн дүндээ нөхдүүд цаана өгдөг үнээсээ бага байхыг л зорино.

Хэрэв төмөр зам тавьчихвал төмөр замаар дамжуулаад Өвөрмонголоо алгасаад Хятадын бусад бүс нутаг руу гарах боломжтой болох юм. Ямартай ч Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208.5 км төмөр замын барилгын ажлыг ирэх сарын 15-наас үргэлжлүүлж, 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэдгийг албаныхан мэдэгдэж буй.

Энэ ажил саадгүй бүтвэл Монголын эдийн засагт ч нэмэртэй. Олон хүний амийг ч золихгүй юм даа.

ЭХ СУРВАЛЖ: У.САРАНГЭРЭЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.