Өнгөрсөн пүрэв гаригийн жихүүндүү орой төвийн хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн арваад хүнтэй баг “төмөр могой” хөлөглөн Орхон-Уул аймгийг зорин гарав аа. Миний хувьд сэтгүүлчийн томилолтоор ийн хөдөө, гадаа явалгүй нэлээд удаж дээ. Нэг л тийм танил дотно зөн мэдрэмж эрхгүй эзэмдэж үйл явдалд эрхгүй яарч байна гээч. Яаран догдлох шалтгаан байсан юм аа.
Үлгэр домог амилан биелэх мэт богино хугацаанд өндийн босож, босоод зогсохгүй Монгол Улсын эдийн засгийг ивээн тэтгэгч гол судаснуудын нэг болж чадсан үндэсний нэгэн өвөрмөц үйлдвэрийг зорьж яваа болоод тэр л дээ. Таван жилийн дотор катодын буюу цэвэр аранжин зэс үйлдвэрлэн гаргаж, улсын төсөвт даруй 160 тэрбум төгрөг хуримтлуулж, орон нутагт болон улсын хэмжээнд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд асар үнэ цэнтэй төслүүд хэрэгжүүлэх болсон компани Монголд маань бий болжээ.
Энэ компани тэгээд газрын дэлхийг ухаж, сэндийчдэггүй, ус, булаг шандыг ширгээдэггүй үүсмэл ордыг ашигладаг, ийм ордыг ашиглах анхны лиценз эзэмшдэг, Лондонгийн металлын биржийн гишүүнээр бүртгэгдсэн Монголын анхны хувийн хэвшил, Монголд анх удаа үйлдвэрийнхээ бүх ажилчдад болон “Эрдэнэт” ТӨУҮГ-ын ажилчин ажилтнуудад давуу эрхийн хувьцаа эзэмшүүлж, улирал тутам ногдол ашиг өгч эхэлж байгаа, дан ганц монгол инженер техникийн ажилтан, ажилчдын хүч чадал, ид хав дээр тулгуурлан боссон, Өрнөдийн өндөр хөгжилтэй улс орнуудад хэрэглэж байгаа хамгийн орчин үеийн техник технологи, инновацыг ашиглан шингэн биетийг хатуу металл болгон хувиргах үйлдвэрлэл эрхэлж байгаа гээд үнэхээр л үзэхээс нааш үл итгэмээр үлгэр мэт гайхшруулам олон амжилтыг гарган, үйл ажиллагааныхаа түүхийн шанг татаж явна.
Энэ бүхэн зөвхөн сэтгүүлчийн төдий биш монгол хүн бүрийн зайлшгүй анхаарлаа хандуулах ёстой үйл явдал, факт, бахархах бахархал мөн үү гэвэл мөн билээ.
Монгол Улс маань хөгжиж байна, улс орны нүүр царай өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Амьдрал тэр чигээрээ болохоо байгаад, бүх зүйл харлаж, уруугаа харчихаад байгаа юм алга. Нар дагаж сүүдэр ямагт байдаг шиг бидэнд болох, болохгүйн аль аль нь байна. Дандаа сүүдэртэй талаа харж бухимдаж , бие биеэ хараан зүхэж “нээрэвтэж“ байхаар болж бүтэж байгаагаараа, босгож бүтээж чадаж байгаа сайн сайхнаараа бахархан, өөдрөг, итгэл, сэтгэл дүүрэн явж болох олон олон жишээ дэргэд маань нүдэн дээр илт бий болж байна шүү дээ.
Үүний нэг нь “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанаас гарсан технологид нь тохирохгүй зэсийн агууламж багатай хаягдал буюу мэрэгжлийн хэлээр бол балансын бус үүсмэл ордыг ашиглан жилд 10 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг “Ачит Ихт” ХХК-ийнхан нөр их хүчин чармайлтын дор барьж байгуулан 2014 оны аравдугаар сарын 10-нд нээлтэй хийсэн явдал юм. Өнөөдөр эл үйлдвэрийн хамт олон таван жилийнхээ ойг бүр нэг аз жаргал дүүрэн тэмдэглэж байхыг дэргэдээс нь харж, сэтгэлээсээ бахдан баяслаа. Юунд миний сэтгэл бахдан баясав гэж үү!
Тийм ээ! Учрыг даруй тайлбарлая. Үүнийг юу гэмээр ч юм бэ дээ! Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр зэс, молбидены хүдрээ хөвүүлэх аргаар боловсруулаад баяжмалаа шууд экспортлодог гэдгийг бид мэднэ. Чухам энэ баяжмал монголчуудыг мөн ч олон жил тэжээж байгаа болоод тэр. Эрдэнэт үйлдвэр зэсийн агууламж сайтай баяжмалаа гадагш борлуулаад хүдрээс үлдсэн хаягдал шаарыг нь балансын, балансын бус гэж ангилаад хиймэл уул болгоод овоолчихно. Үүнийгээ овоолго гэдэг. Ийм үүсмэл овоолго Эрдэнэтэд 12 байдаг юм. Балансын бус буюу Эрдэнэт үйлдвэр дахиж ашиглах боломжгүй гээд “хаясан хог” болох хоёрдугаар овоолго нь 1978 оноос эхлэн хуримтлагдсан юм билээ. Чухам энэ “хог”-ноос үнэ цэн бий болгож, баялаг бүтээх арга ухааныг “Ачит Ихт” ХХК-ийнхан олсон байгаа юм даа. Бодох тусам бүр нэг цаанаасаа адтай. Учир нь тэд анх Англи, Австралийн “Central Asia Metals” компанитай хамтран энэхүү II овоолгыг ашиглахаар 2006-2008 онд судалж байсан ч, ядуу агуулгатай, зардал их, үйл ажиллагааны эрсдэлтэй, эдийн засгийн хувьд үр ашиггүй, хөрөнгө оруулалт хийхэд баталгаагүй үүсмэл орд байна гэж хэлээд нөгөөдүүл орхиод явчихсан гэдэг.Тэгээд Казахстанд очоод ижил төстэй үйлдвэр байгуулсан байдаг. Ингээд “Ачит Ихт”-ийнхэн уг овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд бадар барьж дэлхийг тойрох шахсаны эцэст “Noble resources international” -тай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж 60 сая ам.долларын зээл авсан нь тухайн үед үнэхээр бөх зүрх, бүдүүн зориг байсан байгаа юм шүү. Ямар сайндаа ашиггүй, ашиглахгүй гэж хаясан II овоолгыг нь ашиглах гэрээ байгуулахаар Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай уулзахад “ Үгүй ээ, нөхөр минь чи чинь эрүүл үү, энд оруулсан хөрөнгө чинь зүгээр л үнс болно ш дээ” гэсэн гэдэг. “Хэвийн бус” тэр нөхөр бол нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, хожим “Ачит Ихт” ХХК үүсгэн байгуулсан П.Цагаан байж. Хоёр мянгаад оны эхний тав, зургаан жилүүдэд ямар нэгэн тухайлсан ажил, албагүй болж үндсэндээ хаягдан, гудамжинд “лааз өшиглөж” явахдаа тэрбээр энэ зоримог санаагаа ажил хэрэг болгохоор шулуудсан юм билээ. Түүх ингэж л эхэлж. Өнөөдөр энэ компанийн үйлдвэрт болж өгвөл зочлон очиж үзээрэй гэж хүн болгонд хүсмээр байна. “Мянга сонсохоор нэг удаа үз” гэдэг шүү дээ. Гуч гаруй жил овоолсон 80 метр өндөр овоолго дээр буусан бороо цасны ус доош нэвчин гарахдаа зэсийн агууламжтай болж байгаль орчинд сөргөөр нөлөөдөг байсныг Эрдэнэтийнхэн сайн мэднэ. Энэ асуудлыг шийдэж чадахгүй олон жил болсон нь ч үнэн. Балансын овоолго дээрээ түшиглэн Эрдэнэт үйлдвэр 20 жилийн өмнө “Эрдмин” үйлдвэр байгуулж, катодын зэс, улмаар зэс кабель үйлдвэрлэх болсон жишээ бий. Чухам эндээс санаа авч байгаль орчныг бохирдуулж байгаа зэсийн агууламжтай тэр уусмалыг тосон авч хуримтлуулах дор нь тусгай хулдаастай хиймэл цөөрөм байгуулж үйлдвэрлэл явуулж эхэлсэн аж. Эдний энэ УУСГАХ-УУСГАН ХАНДЛАХ-ЦАХИЛГААН ХИМИ гэсэн гурван дамжлагат технологи бидний сэтгүүлчдийг үнэнхүү гайхшруулсан билээ. Агаарт босох ямар ч тоос тоосонцор алга. Нэг литр усыг ч дахин дахин ашиглах аж. Ийм “ид шид”-тэй технологийн ерөнхий зарчмыг жаахан тайлбарлах гээд оролдъё.
Овоолгын орой дээр хиймэл бороожуулалт хийхэд ус доош нэвчсэн урсахдаа зэсээр “жирэмслээд” гараад ирдэг аж. Тэр уснаас электролизийн аргаар цэвэр зэсийг нь “шүүн” боловсруулж аваад усаа тусгай насосоор буцаагаад овоолго руугаа шахан гаргаж дахиад нэвчүүлнэ. Энэхүү гидрометаллургийн процесс дахин дахин давтагдана. Энгийнээр ойлгуулахад нэг ийм. Байгаль орчинд ээлтэй, ямар ч хог хаягдалгүй, жинхэнэ эко үйлдвэрлэл явагдаж байгаагийн тод жишээг эндээс харж болно. Тун удахгүй хөрс рүү үл нэвчих тусгай “шаллагаатай” талбайд овоолгын хүдрээ бутлах илүү үр ашигтай аргад тэднийх шилжих бэлтгэлээ базаагаад бараг дуусаж байхыг бид харлаа. Үүнийг нь харин нуруулдан олзворлох арга гэдэг гэнэ. Үйлдвэрийн орчин, үйл ажиллагаа харсан хэнд ч гүн сэтгэгдэл төрүүлнэ. Маш цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй нэг айл байдаг даа. Уул уурхайн үйлдвэрлэлийг ингэж явуулж бас болдог байх нь ээ. Үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаасаа эхлээд удирдлага нь бүгд эмэгтэйчүүд байгаа нь ч бидний харж дассан зүр зургаас огт өөр. Магадгүй цэвэр цэмцгэр байдал нь үүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Эдний үйлдвэрийн зарим техник, технологи нь гуравдагч улс орнуудад гаргаж үл болох тусгай гэрээтэйгээр нийлүүлэгдсэн юм билээ. Үйлдвэрийн галын осол аваараас авран хамгаалах “Тайко” бүрэн автомат систем гэхэд л Монголд зөвхөн Оюутолгой ХК, болон эднийд л байна. Бидэнд тайлбарласнаар тэдний ашиглаж буй үүсмэл ордын овоолгод 50-60 мянган тн зэс бий гэж тооцож байгаа юм билээ. Одоо “Ачит Ихт” ХХК өдөрт 35 тн цэвэр зэс хавтан үйлдвэрлэж, хөрөнгө оруулагч Нобель ресорс, Мицуй компани руу гаргаж байгаа гэнэ. Ингээд бодохоор жилдээ 10 мянган тонн цэвэр зэс гаргаж байна гэсэн үг. Дэлхийн зах зээл дээр 1 тн зэс өчигдөр 5730 ам.доллар гэж байна билээ. Тооны машин бариад энэ компани ямар ашигтай ажиллаж байгааг эндээс тооцож болно л доо. Хамгийн гол нь хэн ч ашигладаггүй, тоодоггүй байсан овоолго дор ийм баялаг хэвтэж байж шүү дээ. Монголд мундаг компаниуд нэг, хоёр байдаг. Гэхдээ үйл ажиллагаа нь бүгдэд тод, ашиг орлого, татвар нь шилэн, ажиллагсад нь амьдралын баталгаагаар хангагдсан, нийгмийн хариуцлага өндөртэй байх ёстой болоод ирэхээрээ нэг л бүүдийгээд явчихдаг юм. Тэгвэл энэхүү үгүйлэгдээд байдаг сайн компанийн засаглалыг гэдгийг утгаар нь хэрэгжүүлж, нутагшуулсан байхыг нь “Ачит Ихт”-ээс л харлаа даа. Худлаа магтаж байгаа хэрэг огт биш ээ. Сайн юм, сайн жишиг, зөв хандлагыг харахад хөндлөнгийн хэнд ч урам, бас бахдал төрдөг юм байна.
Үйлдвэрийн гадаад, дотоод орчин тун цэвэр цэмцгэр, харсан хэнд ч гүнзгий сэтгэгдэл төрүүлнэ.
Үйлдвэр бий болсноос хойш Эрдэнэт үйлдвэрт “хаягдал”-ыг нь ашигласныхаа төлбөрт 10 тэрбум төгрөг төлөөд байгаагаас нь хүртэл нэг тийм нүнжигтэй, шудрага үнэр ханхалж байгааг анзаарч болно. Орон нутгийнхаа 220 хүнийг ажлын байраар ханган, 800 гаруй туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдээс гэхэд л энэ таван жилд 168 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байдаг юм байна. Орон нутагт мод бут тарихаас эхлээд, булаг, усны хамгаалалт, чанарын шинжилгээ сорил сар бүр хийх, Орхон аймаг дахь ШУТИС, ТИС-ийн оюутнуудад тэтгэлэг олгох гэх мэт олсноо олонтой хувааж буй үйлс бүрийг дурдвал цаас, цаг багагүй зарцуулах болно.
Зүгээр л энэ бол сүүлийн жилүүдэд монголчуудын хэний ч гарыг харахгүйгээр өөрсдийн хүчээр хийсэн, босгосон маш том бүтээн байгуулалтын нэг гэж бардам хэлж болно. Хаягдлаас “ногоон” зэс, “ногоон” валют, босгож байгаа ногоон технологи бүхий “Ачит Ихт”-ийн үйлдвэрлэлийг ГАЙХАМШИГ гэж нэрлэхийг хүслээ. Учир нь энэ бол бид юм хийж чадна, чаддаг, чадах ч болно гэдгийг нотолсон бодит нотолгоо, үлгэр жишээ болсон түүхэн бодит үйл явдал. Цааш цаашдаа энэ жишгээр олон олон үйлдвэр бий болж, Монголын бүтээн байгуулалт улам өрнөх болно. Бид чадаж байна шүү дээ.
Анх 1980-аад оны эцсээр балансын овоолго ашиглах “Эрдмин” үйлдвэр байгуулагдаж чадал, боломжийнхоо хэрээр ажиллахдаа хүн нас ахихын хэрээр тамир, тэнхээ суларч мууддагийн адил үйлдвэрийн техник ч ялгаагүй элэгдэж хорогдож, эвдэрч муудан, арга технологи нь хоцрогдоно биз дээ. Гэтэл Монгол Улс балансын бус овоолгыг хамгийн цэвэр, ногоон технологиор улс оронд үр ашигтай ашигладаг шинэ үйлдвэртэй болчихлоо шүү дээ. Маш богино хугацааны дотор, ердөө тавхан жилийн хугацаанд иж бүрэн, хамгийн орчин үеийн үйлдвэрийг барих барихдаа монголчууд бид өөрсдөө барьж байгуулж чадлаа. Бахархал бас гайхамшиг биш гэж үү. Үнэхээр сайхан хэрэг. Энэ чинь л бидний хүсээд байгаа хөгжил, дэвшил.
Хийе, бүтээе гэсэн сэтгэл байхад болохгүй, бүтэхгүй зүйл гэж байдаггүй. “Ачит Ихт” ХХК-ийн үйлдвэр өнөө цагийн хамгийн шилдэг технологийн аргаар цэвэр зэс үйлдвэрлэж байгааг сэтгүүлчид бид харлаа. Монголчууд бид ингэж эвсээд зүтгэвэл заавал бусдын гарыг харж, царай алдах шалтгаангүй болно. Гаднын хөрөнгө оруулалт хэрэггүй гэж байгаа юм биш. Гэхдээ хийж чадах юмаа бид өөрсдөө хийдэг л байх хэрэгтэй. “Айлаас эрэхээр авдраа ух” гэдэг . Авдраа нэг ухахад л жилд 10 мянган тонн зэс үйлдвэрлэх үйлдвэр “гараад” ирлээ шүү дээ.
Харж, сэтгэж, хөдөлмөрлөж чадвал боломж хаа сайгүй байж л байдаг юм байна. Үндэсний үйлдвэрлэгч “Ачит Ихт” компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй олон ажлын нэгийг онцлохгүй байхын аргагүй санагдлаа. Ердөө нэг жилийн дараа нийслэлийн Буянт-Ухаагийн дэнж дээр “Азийн хүүхдийн спортын их наадам-2020” болох гэж байна. Энэ наадмын нээлт хаалт, гол уралдаан тэмцээн болох “Мөсөн Өргөө” спорт цогцолборын гол санхүүжүүлэгч нь эднийх билээ. 2600-3600 хүний суудалтай, хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг танхимын спорт, соёл урлагын тоглолт, экспо, олон улсын хурал зэрэг нийтийг хамарсан үйл явдлуудыг ч зохион байгуулж болох хамгийн орчин үеийн технологи, инновацыг ашигласан гоёмсог байгууламжтай бид болох гэж байна. Энэ бүх амжилтын нууц юунд байгааг Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэгээс асуухад шууд л хүнд буюу манай компанийн хүний хөгжлийн бодлогод бий гэж хариулсан. Тэд энэ үйл ажиллагаагаа эхлүүлсэн арван жил, үйлдвэртэй болсон таван жилийн хугацаанд мэдлэг чадвартай хамт олныг бүрдүүлж, дараа дараагийнхаа үеэ сургаж, боловсруулж дадлагажуулах бүтэц системийг бий болгосон аж. Ажилчин, ажилтнуудынхаа жил бүр эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт 167 сая төгрөг, биеийн тамир, спорт, фитнесс, бясалгал иогоор хичээллэхэд нь гэхэд л 334 сая төгрөг зарцуулсан байхыг сонсоод атаархахгүй байхын аргагүй. Ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, сайжруулах үүднээс өнгөрсөн 5 жилд 21 хүнд 412 сая, орон сууцны түрээс, ашиглалтад 23 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байх жишээтэй. Шинэ санал санаачилга гаргасан ажилтнуудаа шагнаж урамшуулахад 283 сая төгрөг зарцуулсан гээд аль ч компанийн үл тоон орхигдуулдаг зүйл энд харин ажил хэрэг болсон байна. Ийм болохоор ажлын байрны тендер зарлахыг нь Эрдэнэтчүүд төдийгүй Монгол орон даяар хүлээдэг болсон хэрэг. Байгальд сөрөг нөлөө багатай, дэвшилтэт техник, технологи ашиглан балансын бус хүдрийг боловсруулж, дэлхийн жишигт нийцсэн зэсийн үйлдвэрлэлийг эрхэм зорилгоо болгон эх орныхоо эрдэс баялагийг сорчлохгүй ашиглаж зэсийн үйлдвэрлэлээр Монголдоо тэргүүлнэ гэсэн алсын хараатай “Ачит Ихт” ХХК-ийг зориод буцахад сэтгэл баясаж, итгэл урам ассаны учир ийм бөлгөө. Тэд үйлдвэрлэлээ эхлүүлсэн таван жилийн дотор Монгол Улсын төсөвт оруулсан татвар төлөлтөөрөө Топ-5-н аж ахуйн нэгжийн эгнээнд ороод иржээ. Үндэсний шилдэг бүтээн босголт, үндэсний шилдэг компани гэж ийм л бүтээн босголт, ийм л аж ахуйн нэгжийг хэлдэг.
Ш.Даваадорж
Эх сурвалж: baabar.mn
Сэтгэгдэл