УИХ-д нэг ч суудалгүй МАХН /сонгогдсон ганц гишүүн О.Баасанхүүгээ “нэр хүнд унагасан” хэргээр намаасаа хассан/ ирэх сонгуулийнхаа тугийг атгачихлаа. “Өрх бүрт орон сууц” амласан МАХН-ын байрны гадаа өнгөрөгч баасан гаригт үнэгүй орон сууц авах гэсэн хэдэн мянган хүн дугаарлав. Нэрсээ бүртгүүлсэн хүмүүсийн тоо арван мянга хүрсэн тухай зохион байгуулагчид нь хэллээ. Гишүүн асан З.Баянсэлэнгэ “Ирэх жилийн өдийд гэхэд 50 мянган өрхийг орон сууцаар хангана” гэв. Нөгөө сонгуулийн сурталчилгаа хийдэг хуулийн хугацаа энэ тэр ч хаачлаа. Бүгд “нохойн баас” болж байгаа юм байна. Сонгогчийн санал түүхэндээ анх удаа “хоёр өрөө байрны” үнэд хүрлээ.
Уг нь бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлж, нэг хоногийн өмнө дуусгах ёстой. 16 хоногийн дотор ямар юмных нь сурталчилгаа байх вэ дээ, хууль бичнэ ч гэж бас хутгачиж чадаж байгаа юм. АН-ын дарга З.Энхболд УИХ-ын дарга байхдаа өөрийнхөө намд зориулж ийм хууль батлуулаад эсрэгээрээ МАН-ыг ялуулсан билээ. Эрх барьж байгаа намын өөртөө тустай гэж хийсэн болгон эргээд өөрийг нь ороодог гэдэг.
Уг нь анх МАН “Төрийн албан хаагчийн 4000 орон сууц” гэдэг хөтөлбөр гаргаж ирж, АН түүнийг нь “100 мянган орон сууц” болгон төгөлдөржүүлсэн билээ. Гэвч өнгөрсөн 2016 оны сонгуулийн дараа МАН хөтөлбөрийг санхүүжүүлсэн Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулж хаяад ипотекийн зээлийг зогсоосон. Энэ хугацаанд 180 мянган айл өрх шинээр орон сууцанд орсон байдаг юм. Одоо 200 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Дахиад арван жил өнгөрөхөд энэ 200 мянгыг ч гэсэн орон сууцанд хамруулчих боломж байлаа. Гэвч тэгсэнгүй.
Дэлхий 50 жилийн өмнө шахмал түлшнээс татгалзсан байхад манай дарга нар өнөөдөр бидэнд “сайжруулсан түлшийг хэрхэн түлэх” талаар хичээл зааж байна. Үнэ дүн нь нэлээд хэдэн хүний амиар хэмжигдэх бололтой. Түлшээ тараачихаад дараа нь зуухаа тоолно гэдэг манайхны л санаанд бууж болох мэргэн ухаан юм даа. Угаартаад үхчихээр нь “Уг нь сайн түлш юм байгаа юм. Яаж түлдгийг нь мэддэггүй юм уу” гээд гараад явцгаасан.”Өө, зуухандаа л байсан байна штээ” гээд орж ирэх жишээтэй.
Ийм эрүүл согтуу хүмүүсийн дунд хэн илүү галзуурсан нь хожихоор харагдаж байх шиг байна л даа. Тэгээд эксийн экс Ерөнхийлөгч маань өрх бүрт үнэгүй орон сууц өгнө гэж амлав. “Хаана байна, тэр мөнгө чинь?” гэсэн чинь “Баячуудаасаа булаагаад ядуустаа өгнө” гэв. Үлгэр үнэн байх нь чухал биш, сонсголонтой байх нь чухал гэдэг байх аа.
Яг үнэндээ МАХН гэдэг нам, Н.Энхбаяр гэдэг хүн хэний ямар мөнгөөр 200 мянган айлын орон сууц барих гэж байгааг цаг дээрээ хүрвэл асууж шалгаах хүн тун цөөн. “Үнэгүй” гэвэл “авъя” гэх нь л олон. Ядуу хүнд буруу байхгүй. Харин тэднийг тийм болтол нь ядууруулсан, хамгийн гол нь ядуу сэтгэлгээтэй болгосон улстөрчдийн, улс төрийн намуудын алдаа. Н.Энхбаяр яах вэ, олз хайсан нэг панзчин л байгаа биз. 20 мянган төгрөгөөр саналаа худалддаг хүмүүст хоёр өрөө байр санал болгох юу нь буруу гэж. Тэрэндээ хүрвэл МАН яагаад санал худалдаж авдаг, МАХН яагаад болдоггүй юм бэ гэсэн асуулт тавьж бас болно. Ингээд Н.Энхбаяр гэдэг хүн эргээд “бурхангүй газрын бумба” болчихлоо.
Хэрэвзээ өнгөрсөн хугацаанд эрх барьж байгаа нам нь нам шиг, сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг байсан бол Н.Энхбаяр гэдэг хүнээс ийм их зориг гарах байсан болов уу? Эрх барьж байгаа намын дарга нь /гудамжны дээрэмчин биш шүү дээ/ эдийн засгийн гол тэжээгч болсон уул уурхайгаа тоноод, хувийн өмчийг дээрэмдээд, нийгэмчлээд эхлээгүй бол, сөрөг намынхан нь хошуугаа цавиндаа шургуулчихаад чимээ чагнаж хэвтээгүй бол гудамжинд яваа МАХН-ын дарга “Зайсангийнхныг хөөж гаргаад байрыг нь та нарт өгнө” гэж гэгээн цагаан өдрөөр хашгирах байсан уу?
Юу тарина, түүнийгээ хураана гэдэг байх аа.
Б.Сэмүүн
Эх сурвалж: inews.mn
Сэтгэгдэл