Японы улстөрчид уучлалт гуйж байхад, Монголын улстөрчид уурлаж байна


Хагибис далайн хар шуурга өнгөрөгч амралтын өдрүүдэд Японы эх газрыг дайран өнгөрөхдөө 35 хүний амь насыг авч одон, 270.000 өрхийг цахилгаангүй болгожээ. Мөн 17 хүн ор сураггүй болж, 166 хүн гэмтэж бэртсэн гэх албан ёсны тоог тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.  Далайн хар шуурга өмнө нь төсөөлж байснаас харьцангуй хүчтэй, түүнийхээ хэрээр хохирол дагуулсан юм. Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр тус хар шуурга нийт 1400 гаруй километр хавтгай газрыг дээд тал нь 200 километр цагийн хурдтай дайрч өнгөрсөн гэжээ.

Гэхдээ албаны эх сурвалж, хохирлын хэмжээг мэдээлэхдээ хэдий тооны барилга, зам, гүүр, дэд бүтэц, цахилгаан станц сүйдэж улсад хэдий хэмжээний хохирол учраад байгаа талаар бус хэдэн хүний амь нас эрстэж, сураггүй алга болж, хэдий орчим хүн гэмтэж бэртээд буй талаарх мэдээллийг хамгийн түрүүнд хүргэжээ. Хэдийгээр байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл болсон ч, Японы эрх баригчид “хамгийн түрүүнд эрдэнэт хүний амь нас” гээд ард түмнээсээ уучлалт гуйв. Байгалийн гамшгийн өмнө хэн ч хүчин мөхөстдөг.

Японы эрх баригчид, холбогдох албаны удирдлагууд “сөрж болшгүй” байгалийн гамшгийг иргэддээ хангалттай урьдчилан сэрэмжлүүлж чадаагүйн улмаас албан үүргээсээ чөлөөлөгдөж, хохирлыг даван туулсны дараа хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдэж буй. Учир нь өөрсдийнх хариуцлагагүй алдаанаас болж 35 хүн нас барж, 17 хүн сураггүй болж, 166 хүн гэмтжээ. Токиогийн гал сөнөөх анги гэхэд нэг иргэний амь насыг аварч чадаагүйнхээ төлөө ард түмнээс албан ёсоор уучлалт гуйгаад байна.

Тэгвэл Монголд юу болж байна вэ? Улаанбаатарт сайжруулсан түлштэй холбоотой “хэрэг”-ээр зургаан хүн амь насаа алдаж, 130 гаруй хүн угаартсааныг мэдээлж буй. Байгалийн гамшгийг 126 сая хүнтэй улс 35 хүний амиар давж байхад, манай нэг сая хүнтэй хот тайван цагт шахмал түлшний туршилтад зургаан иргэнээ алдав. 126 саяд 35, нэг саяд 6 гэдэг харьцуулалтыг анхаарна биз ээ.

Гол ялгаа нь, Японд улстөрчид нь, холбогдох албаныхан нь ард түмнээсээ уучлалт гуйж, хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдээд байна. Тэд  ёс зүйн хариуцлага хүлээнэ гэв. Харин Монголд, Монголын улстөрчдийн ёс суртахуун нь “тавдугаар төвшний байгалийн гамшиг байсан” болж таарлаа. Тэд угаартсан иргэдийг, бараг л нас барсан иргэдийнг өөрийнх нь буруу гэж мэдэгдэв. Холбогдох албаныхан хариуцлага хүлээх нь байтугай уучлалт гуйх сураг ч алга.

Бүр "өмнөх жилүүдэд гэртээ угаартаж хэдэн хүн нас бардаг байсныг, жилд авто машины ослоор хэдэн хүний амь эрстдэгийг мэдэх үү" гэж статистик тоо баримт гарган ирж өөрсдийгөө зөвтгөх өнцөг болгох. Бараг л өөрийг нь огцруулах, албан тушаалаас нь огцруулах, хийж буй ажлыг нь харлуулахын тулд тэдгээр 6 иргэн санаатайгаар амиа золиосолсон мэт уурлав.  Монгол хүний амь ийм хямдхан ажээ. Нэг даргын гарын үсэг, нэг даргын суудал, нэг даргын суудлаас монгол хүний амь хамаагүй хямдханыг энэ үйл явдал харуулав. 

О.Мөнхбат

Эх сурвалж: itoim.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.