Дэлхий нийтээрээ усны хомсдолд орохоос сэргийлж буй энэ үед Монгол Улсын Засгийн газар Усны тухай хуулийн төсөлд ямар өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн нь сонирхол татаж буй юм. Гэтэл Усны аж ахуйн яам, Усны агентлагийг дахин байгуулах тухай ярьж буй бололтой.
Монгол Улс уг нь Усны аж ахуйн яамтай, Усны агентлагтай байсан. Гэтэл Усны газрыг 2012 онд, Усны үндэсний хорооны ажлын албыг 2014 онд татан буулгаснаас хойш бодлогын хэрэгжилтийн асуудал нь үндсэндээ үгүй болсон, хоцрогдсон. Таван жилийн хугацаанд Тайшир, Дөргөний усан цахилгаан станцыг эс тооцвол устай холбоотой томоохон бүтээн байгуулалт ч хийгдээгүй гэхэд болно.
Манай улсын усны салбар 80 гаруй жилийн түүхтэй ч тэрхүү түүхийг нь "50 орчим гол мөрөн, 334 булаг шанд ширгэж, 314 шанд дахин сэргэсэн, 155 нуур ширгэж 123 нь сэргэсэн гэх мэдээлэл бүдгэрүүлчихсэн гэхэд хилсдэхгүй.
Уг нь Усны нөөц, ашиглалт, хэрэглээний өнөө болон ирээдүй, учирч болзошгүй бэрхшээл, эрсдэлт байдлыг бодолцож, усны нөөцийн хомсдолоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хүн амаа чанарын шаардлага хангасан хүртээмжтэй, усаар хангах үүрэгтэй. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд усны асуудал эрхэлсэн төрийн байгууллага зайлшгүй үгүйлэгдэж байгаа нь туйлын үнэн.
Иймд дээрх байдалтай уялдуулж хууль саначлагч Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хамт өргөн мэдүүлсэн тогтоолын хавсралтад нэмэлт оруулахыг санаачилсан нь нүдээ олсон, алсыг харсан асуудал яах аргагүй мөн.
Өнөөдөр дэлхийн 306 сая хүн ундны усны гачигдалд байгаа бөгөөд 2050 он гэхэд энэ тоо 5.7 тэрбум болно гэсэн тооцоог НҮБ-аас гаргасан байдаг. Мөн ундны усны хомсдол нь улс хоорондын сөргөлдөөнд хүргэж байсан бол одоо усны төлөөх дайн тасрахгүй гэдгийг НҮБ сануулсаар байгаа.
Ус бол чандмань эрдэнэ хэмээн дээдэлдэг тийм сайхан заншилтай ард түмэн шүү дээ, бид чинь.
Сэтгэгдэл