Бичил уурхайгаар 60 мянган хүн амьдралаа залгуулж байна


Бичил уурхайгаар 60 мянган хүн амьдралаа залгуулж байна

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хууль бусаар алт олборлогчдыг бид нинжа хэмээн нэрийдэж нийгэм даяараа жигшиж, алтны төлөө амиа өгөхөөс ч буцахгүй болтлоо улайран, нутаг ус, газар шороогоо сэндийчэн ашиг олдог хүмүүс хэмээн буруутгадаг. Одоогоос 12 жилийн өмнө буюу  2007 онд  Дархан-Уул аймгийн Хонгор сум мөнгөн ус, цианидаар алт угааснаас иргэд нь хордож, мал сүрэг нь олноор үхэж, тагнай нь цоорхой хүүхэд, үсгүй тугал төрж, хамуугаа оношлогдож байсан бүсгүй хөлөө тайруулж байсныг бид мартаагүй.  2009 оны зургадугаар сард хийсэн шинжилгээний хариугаар тус сумын хөрснөөс мөнгөн ус зөвшөөрөгдөх хэмжээнээс 2,9-3,12  дахин  их илэрсэн гашуун түүх бидэнд бий.  Тиймдээ ч алт олборлож буй хүн бүрийг нинжа хэмээн цоллож, үзэн ядсан хэвээр байна. Гэвч Засгийн газрын 308, 151 дүгээр тогтоолоор баталсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу үйл ажиллагаа явуулснаар хууль бусаар ашигт малтмал олборлогч, бидний нэрлэж заншсанаар нинжа нар нөхөрлөл, хоршоо байгуулан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмыг баримтлан ажиллаж, нөхөн сэргээлт хийх, татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлөх зэргээр хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Энэ сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд зохион байгуулалтад орж, хууль журмын дагуу хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байгаа 10 мянга гаруй бичил уурхай, албан бус тоогоор 60 орчим мянган иргэн хувиараа ашигт малтмал олборлогч хэлбэрээр амьжиргаагаа залгуулж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 70 гаруй улсад 100 сая орчим иргэн бичил уурхай эрхлэн амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо нь 2013 онд байгуулагдсан. Одоогийн байдлаар 16 аймгийн 55 суманд 87 ТББ-ын 420 гаруй нөхөрлөл байгууллагатай, 6500 гаруй гишүүнтэй үндэсний хэмжээний холбоо юм.  Тус холбоо гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдгээрийг тогтвортой ажлын байртай, байгаль орчны болон нийгмийн хариуцлагатай бичил уурхайчин, бизнес эрхлэгч болгон төлөвшүүлэх, улмаар амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой аж. Энэ талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны тэргүүн Л.Дэлгэрбаяр "Бичил уурхайчин гэдэг хариуцлагатай,  хууль журмын дагуу, зөвшөөрөгдсөн газар талбай дээр үйл ажиллагаа явуулдаг, нөхөн сэргээлт хийдэг нинжа гэдгээс өөр ойлголт. Бичил уурхайчдын орлогыг тогтвортой байлгах, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, бичил бизнесүүдийг дэмжиж, хөгжүүлэх чиглэл дээр ажилладаг. Харин хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хууль бус үйл ажилллагаа, орон нутгийн удирдлагуудын ашиг сонирхлын зөрчил зэрэг нь бичил уурхайн салбарыг хууль бус харагдуулж байна. Хамгийн эхэнд дураараа хувь хувьдаа метал хайгч, ногоон түмпэн бариад эмх замбараагүй газар ухдаг байдлыг эрс багасган,нөхөрлөлийн зохион байгуулалтад орж, хууль журмын дагуу ажиллаж байгаа нь байгаль орчин сүйдэх эрсдлийг бууруулсан. Мөн  бичил уурхайчдын олсон орлого орон нутгийнхаа эдийн засагт томоохон хувь нэмэр болж, эх орон, ард иргэддээ шингэж үлддэг” гэж ярилаа.   Нэгдсэн холбоотой болсноор бичил уурхайчид эрүүл мэнд, нийгмийн даатгал төлж тэтгэвэр тогтоолгох боломжтой болохоос гадна холбогдох татваруудыг төлснөөр  цаашид бизнес эрхлэх, төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой болох юм.

Бичил уурхайчдын ашиглалтын талбай одоогийн байдлаар 350 гаруй га бөгөөд 2013 оноос хойш 450 орчим га газрыг нөхөн сэргээжээ. Мөн нөхөрлөлтэй болсноор бичил уурхайд гарч байсан ослын тоо 70 хүртэл хувиар буурсан аж. Энэ талаар тус холбооны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг "Бичил уурхайчид гэж нөхөн сэргээлт хийдэг, албан ёсны гэрээт газруудтай, Монгол банканд алтаа тушаадаг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг хүмүүс байдаг. Тиймээс Монгол улс бичил уурхайн стандартыг олон улсын төвшинд хангасан гэж үнэлэгддэг. Монгол банканд тушаасан нийт алтны 20 хувийг буюу 4-5 тонныг бичил уурхайгаар олборлосон. Бас нэгэн онцлог нь бичил уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөл, байгууллагууд хоргүй технологи бүхий баяжуулах цехүүдэд хүдрээ боловсруулдаг. Тухайлбал, Төв аймгийн  Борнуурын цех алтыг үндсэн ордын хүдрээс мөнгөн ус хэрэглэхгүй ялгаж авдаг технологийн шийдэл дээр үндэслэгдсэн. Мөнгөн усгүйгээр алт олборлох энэ технологи нь ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, хүрээлэн байгаа орчныг мөнгөн усаар бохирдуулахгүй байх ач холбогдолтой” гэсэн юм. Манай улс Мөнгөн усны Минаматагийн конвенцид 2015 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр нэгдэн орсон. Энэ конвенц нь мөнгөн ус, түүний нэгдлүүдийн задрал болон тэдгээрийн хүний оролцоотойгоор үүсдэг ялгаралтаас хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахад оршино. Тус конвенцид нэгдэн орсон талууд үйлдвэрт ашигладаг мөнгөн ус, түүний нэгдлүүдийг багасгах, улмаар ялгаралыг бууруулах арга хэмжээ авах, мөнгөн ус агуулаагүй буюу хор аюул багатай орлуулагч бүтээгдэхүүний хэрэглээг шинээр нэвтрүүлэх зэргээр 2020 он гэхэд мөнгөн усны хэрэглээг шат дараатай бууруулж дуусгах талаарх зохицуулалтыг тусгасан. Гэвч мөнгөн усны хэрэглээ далд хэлбэрт шилжээд байсан юм. Харин мөнгөн усыг алт угаахдаа ашигладаг хэмээн буруутгагдаж байсан бичил уурхайчид холбоо байгуулж, нөхөрлөл хоршоотой болсноор алт угаахдаа хоргүй технологийг ашиглах болжээ.

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны нэг томоохон зорилго нь бичил уурхайчдаа өөр ажлын байранд шилжүүлж, уул уурхайн бус орлого олдог болгоход чиглэдэг юм байна. Энэ зорилгынхоо хүрээнд бичил уурхай эрхлэгчдээ мэргэжил олгох сургалтад хамруулдаг. Өнгөрсөн онд 15 хүнийг ойжуулагч, нөхөн сэргээлтийн мэргэжилтнээр сургаж төгсгөсөн байна. Энэ жил 60 бичил уурхайчныг хүнд машин механизмын оператор, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, үсчин, гоо сайханч, цэцэрлэгийн туслах багш мэргэжлээр сургахаар төлөвлөжээ. Энэ сургалтын эхлэл болгож Хүнд машин механизмын болон ХАБЭА-н ангиудад нийт 36 хүн суралцаж төгсөн мэргэжлийн үнэмлэхээ гардан авч, бичил уурхайгаас өөр ажил эрхлэх боломжтой болсон байна. Файр майнинг буюу шударга олборлолт хэмээх ойлголт дэлхий дахинд дэлгэрч хууль журмын дагуу, хөдөлмөрийн нөхцөлийн стандартыг бүрдүүлэн, ХАБЭА-г сайтар ханган ажиллаж олборлосон, аливаа химийн хорт бодис ашиглалгүй баяжуулсан алтыг үнэ цэнэтэйд тооцон дэлхийн зах зээлийн ханшнаас өндөр үнэлэн худалдан авдаг жишиг тогтоод байгаа юм. Манай улсын хувьд Баянхонгор аймгийн бичил уурхайн байгууллага болох "ХАМО ДХ” ТББ 2014 онд Азидаа анх удаа энэхүү Шударга олборлолтын гэрчилгээг хүлээн авч байсан. Дараа нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг "Шижир хишиг” нөхөрлөл тус стандартыг ханган гэрчилгээ авсан юм. Энэ жил Мандал сумын "Дууш мандал хайрхан” ТББ уг стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Баянхонгор аймгийн бичил уурхайчдын олборлож мөнгөн усгүй технологиор баяжуулсан алт

Эх сурвалж: www.polit.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.