Иргэдийн 97 % нь Сүхбаатарын талбайн нэрийг хуучнаар нь үлдээхийг дэмжлээ


 Иргэдийн 97 % нь Сүхбаатарын талбайн нэрийг хуучнаар нь үлдээхийг дэмжлээ

Сүхбаатарын талбайн нэрийг хэвээр нь үлдээх санал асуулгыг их жанжин Д.Сүхбаатарын үр хүүхдүүд өнгөрсөн даваа, мягмар гаригт Чингисийн талбайд явуулсан. Тэгвэл цаасаар авсан санал асуулгад нийтдээ 1315 хүн оролцжээ. Санал асуулгад оролцсон иргэдийн 1276 буюу 97 хувь нь Д.Сүхбаатарын талбайн нэрийг хуучнаар нь үлдээх хэрэгтэй гэж үзжээ.

Үлдсэн 39 хүн буюу гурван хувь нь л Чингисийн талбай болгосныг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Санал асуулгын дүнгээс харахад иргэдийн олонхи нь Сүхбаатарын талбайгаа санагалзаж байгаа нь илт байна. Үүнийг батлах бас нэгэн судалгаа байна. Цахим ертөнцөд явуулсан судалгаагаар иргэдийн олонхи нь Сүхбаатарын талбайн нэрийг эрх баригчид дур мэдэн өөрчилснийг буруушааж байна. Тодруулбал, санал асуулгад оролцсон 922 хүний 732 нь Чингисийнх болгож нэрийг нь өөрчилснийг буруу, 190 хүн зөв гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Юутай ч хотын удирдлагуудын гаргасан шийдвэрт иргэд сэтгэл дундуур байгаа нь тодорхой боллоо. Одоо эрх баригчид ямар хариу өгөх нь сонирхолтой байна.

Талбайн нэрийг зориудаар өөрчилсөн нь их жанжин Д.Сүхбаатарын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бүдгэрүүлэх гэсэн зорилготой гэж дүгнэх хүн цөөнгүй байгаа юм. Иргэдийнхээ саналыг хотын дарга өчүүхэн төдий ч хайхарч үзэхгүй байгаа учраас их жанжин Д.Сүхбаатарын үр хүүхдүүд төр засагт үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээр шийдсэн бололтой. Жанжин Д.Сүхбаатарын байгуулсан гавъяаг Монголчууд бид мартах учиргүй. 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнд ардын хэмжээт цаазат Засгийн газар байгуулагдсан түүхтэй. Тиймээс улстөрчдийн ухвар мөчид шийдвэрийг ус балгасан мэт чимээгүй хараад суух нь зүйд нийцэхгүй болов уу. Их жанжин бага балчир наснаасаа бичиг номд шамдан идэр насандаа Хүрээ, хиагтын их замын өртөөнд улаач хийж байгаад 1912-1919 онд цэргийн албанд мордож, эх орны тусгаар тогтнол, ард түмнийхээ амар амгалан амьдралын төлөө эрэлхэг гавъяа байгуулсан нь түүхийн хуудаснаа тодхон үлджээ.

Түүний эрэлхэг зориг, гавъяаг үнэлж, Богд хааны зарлигаар 1912 онд тавдугаар зэргийн цагаан шилэн жинс, тогосын отго, 1915 онд дөрөвдүгээр зэрэг, 1917 онд Баргын нутагт хятадын цэрэгтэй амжилттай байлдсан гавъяаг алдаршуулж, гутгаар зэрэг, 1919 онд хууль шаштир хэвлэх газарт сайн ажилласан лам, ардыг хөхиүлэн шагнахдаа Д.Сүхбаатарт дэд зэрэг, 1921 онд бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарт гурван нүдэт тогосын отго, зоригт баатар цолоор шагнаж байжээ. "Хэрвээ өнгөрсөн үе рүүгээ гар буу шагайвал ирээдүй үе чинь чамруу их буугаар буудна” гэж үг байдаг.

Зарим улстөрчид Д.Сүхбаатарын Монголын түүхэнд гүйцэтгэсэн гавъяаг баллуурдахаар оролдож байгаа нь өнгөрсөн үе рүүгээ гар буу шагайж буйгаас өөрцгүй билээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.