Нийгэм ба сэтгүүлзүй: Америкийг өөрчилсөн сэтгүүлчид


Нийгмийг төлөвшүүлэх, соёлын хэм хэмжээ, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх ажилд сэтгүүлчдийн оролцоо өндөр байдаг. Зөвхөн мэдээлэл түгээдэггүй нийгмийн санаа бодлыг бүрдүүлдэг сэтгүүлчдийн оролцоотойгоор АНУ-ын нийгэмд цоо шинэ үзэл бодол, уламжлал бий болсон тухай багц мэдээллийг хүргэж байна.  

Мэтгэлцээний сэтгүүлзүйн хаан: 1834 онд Хорас Грили New Yorker  хэмээх долоо хоног тутмын хэвлэлийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ хэвлэлийн амжилт зөвхөн Грилийн бичих, редакторлах ур чадвараар төдийгүй улс төрийн идэвхээр тайлбарлагддаг юм. Энэ сэтгүүл Вигов намыг идэвхтэй дэмждэг байсан. 1840 онд Грили бүр сонгуулийн кампанит ажлын соён гэгээрүүлэх чиглэлээр мэргэшсэн долоо хоног тутмын Log Cabin хэвлэлийг ч гаргаж байв.

Вигов намаас нэр дэвшигч Уильям Харрисон АНУ-ын Ерөнхийлөгч болмогц Грилийн байр суурь ч бэхэжжээ. 1841 онд тэрбээр New York Tribune сонинг гаргаж, АНУ-ын хойд мужуудын нэр нөлөө бүхий сонин болсон юм.

01-48 Нийгэм ба сэтгүүлзүй: Америкийг өөрчилсөн сэтгүүлчид

Энэ хэвлэл нь Грилийн хувийн үзэл бодлыг тараах индэр болсон юм. Гэхдээ Грилийн ертөнцийг үзэх өвөрмөц үзэл, хараат бус стиль зэрэг нь АНУ-д хараат бус сэтгүүлзүй бүрдүүлсэн. Тухайлбал, Грили шинээр ирсэн хүмүүст төрөөс газар үнэгүй олгох үзлийг дэмжиж, хөлсний хөдөлмөрийн мөлжлөг, монопольчлол, цаазын ялыг эрс шүүмжилж, эд баялаг цөөнхийн гарт төвлөрөхийг эсэргүүцэж, монопольчлолтой тэмцэж байв. Түүний удирдлаган дор гадаадын сурвалжлагчаар Карл Маркс багахан хугацаанд ажилласан байдаг.

Америкийн XIX зууны хамгийн нөлөө бүхий сэтгүүлч Грили ардчилалд сонгогчдын мэдээлэлтэй байдал нийгмийн ихэнх асуудлыг шийдвэрлэж чадна гэж үздэг байсан. Тэрбээр Ерөнхийлөгчдийг шүүмжлэхээс ч айдаггүй, үзэл бодол ойр Авраам Линкольныг ч шүүмжилчихдэг нэгэн байсан аж.

1861-1865 он хүртэл үргэлжилсэн Иргэний дайн дууссаны дараа Грили Конфедератууд буюу өмнөдийн удирдагчдыг нийтээр нь өршөөхийг дэмжсэн байдаг. Редакторын энэ байр суурь умард мужуудын уншигчдын дургүйцлийг хүргэж, Tribune-ийн хэвлэлт хоёр дахин буурсан түүхтэй.

Америкийн түүхчид өдгөө Грилийг тухайн үеийнхээ сэтгүүл зүйн стилийг бий болгогч гэж үздэг. Тэрээр уншигчдад аль болох их мэдээлэл өгөхийг эрмэлздэг байсан нь Tribune-ийг сенсаацийн араас хөөцөлдсөн өрсөлдөгчдөөс нь ялгаж байлаа.

Илчлэлтийн хатан хаан: ХХ зууны эхээр Америкийн сэтгүүлзүйн түүх макрэйкер (muckraker буюу “хомоол цэвэрлэгч”, сенсаацийн ангууч, илчлэгч гэсэн утгатай) гэсэн санаагаар баяжсан байдаг. Энэ ойлголт 1906 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Теодор Рузвельтийн илтгэлээс хойш өргөн дэлгэрсэн юм. Тэрээр зарим сэтгүүлчийг хэм хэмжээгүй, хариуцлагагүй гэж шүүмжлэн өдөн үзгийн мастеруудыг аливааг эергээр харах чадваргүй, үйл явдлыг өөдрөгөөр үнэлдэггүй, хомоол цэвэрлэгч гэж дуудаж байлаа.

Бохир заваан, авлига хээл хахууль зэргийг цэвэрлэх нь зөв ч зөвхөн үүнийг хийдэг сурвалжлагчид муу муухайгийн хүчирхэг зэвсгийн нэг болдог.

02-38 Нийгэм ба сэтгүүлзүй: Америкийг өөрчилсөн сэтгүүлчид

Ида Тарбелл (1857-1944) бол макрейкерүүдийн анхны бөгөөд тод томруун төлөөлөгчдийн нэг. Напеолоны амьдралын тухай цуврал нийтлэлээрээ алдаршсан боловч нефтийн хүчирхэг Standard Oil компанийн үйл ажиллагааг мөрдөн шалгасныхаа ачаар Америкийн болон Америкийн сэтгүүлзүйн түүхэн оржээ. Энэ компанийг Пенсильвани, АНУ-ын зүүн хойд хэсэгт нефтийн зах зээлийн монопольчилдог байсныг илрүүлсэн байна.

Иргэний дайны дараа АНУ-ын эдийн засаг тэсрэлтийн үедээ нефтийн аж үйлдвэр эрчимтэй хөгжиж байсны нэг нь Standard Oil юм. Уг компани жижиг, дунд үйлдвэрлэлийг идэвхтэйгээр залгин авч байхад холбооны болон орон нутгийн Засгийн газар нефтийн аварга компанийн гэмт үйлдлийг харсан ч хараагүй мэт дуугүй байжээ. 1880 он гэхэд компани АНУ-д олборлодог нефтийн 95%-ийг дангаараа боловсруулж байсан аж. 1882 онд Standard Oil-ыг үүсгэн байгуулагч Жон Рокфеллер Standard Oil Trust групп хэмээх 40 корпорацийг нэгтгэсэн том айлыг удирдаж, нефтийн боловсруулалтын үйлдвэрлэлийг бүхэлд нь хянах боломжтой болжээ. 1894 онд Рокфеллер Америкийн анхны тэрбумтан болсон юм.

Ида Тарбелл нефтийн аварга компани болон орон нутгийн төмөр замын хооронд байгуулсан урт хугацааны нууц гэрээг мөрдөн шалгаж, ил болгосон түүхтэй. Энэ гэрээнд Standard Oil ачаа тээвэрлэлтэд асар их хөнгөлөлт эдэлж байжээ. Ийм нөхцөлд бусад нефть боловсруулагчид Standard Oil-той өрсөлдөх боломжгүй, амархан дампуурна. 1901-1904 онд тэрбээр энэ сэдвээр 16 цуврал нийтлэл хэвлүүлж, нийгэм даяар жинхэнэ шуугиан тарьсан юм. Standard Oil-ыг монопольчлолын эсрэг хуулийг зөрчсөн зэрэг асуудлаар шүүх хурал Америкийн нийгмийн анхаарлыг татаж, Рокфеллер трестээ тараахаас өөр аргагүй болсон байна.

Олон нийтийн дарамт шахалт дор АНУ-ын Конгресс Худалдааны яам, Корпорацийн асуудал эрхэлсэн товчоо байгуулах шийдвэр гаргаж, монопольчлолын эсрэг хууль тогтоомж мөрдөгдөж байгаа эсэхэд хяналт тавиулдаг болжээ.

Хожим нь Ида Тарбелл корпорацийн давуу байдлаар ажилтнууд болон хэрэглэгчдэд хохирол учруулдаг Засгийн газрын тарифын бодлогыг ил болгосон. Түүний мөн Ерөнхийлөгч Вудро Вилсоны анхаарлыг татаж, 1916 онд Тарбеллыг Холбооны Тарифын асуудлаар комисст орж ажиллах урилга иржээ.

Улс төрийн сэтгүүлзүйн хаан: 1937 оноос эхлэн Дэлхийн хоёрдугаар дайныг дуусах хүртэл Эдуард Марроу (1908-1965) Европ дахь CBS компанийн радио сурвалжлагчаар ажиллаж байлаа. Энэ үүргийнхээ дагуу тэрээр Берлинд Америкийн агаарын 20 довтолгоонд оролцож, Бухенвальд нацистын үхлийн лагериас сурвалжлага хийсэн барууны анхны сурвалжлагч болсон юм.

Америктаа эргэж ирмэгцээ тэр “од” болсноо гэнэт мэдсэн гэнэ. Дайны он жилүүдэд түүний дуу хоолойг америк хүн бүр таньдаг болжээ. Телевиз гарч эхлэхтэй зэрэгцээд Эдуард Марроу “Одоо хар” долоо хоног тутмын телевизийн хөтөлбөр, “Одоо сонс” радиогийн хөтөлбөрийн хөтлөгч болсон байна. Хуучны сургуультай Марроу телевизийн талаар юу ч мэдэхгүй ч “амьдралын түүх” стилиэр хэрхэн хөтөлбөр хийж болохоо мэдэж байлаа. Энгийн хүмүүсийн түүхээр тэр улс төр, нийгмийн асуудалд хүчирхэг тайлбар олж чадаж байсан юм. 1953 онд Марроу Мило Радулович гэх нэгэн хүнийг мөрдөн шалгаж эхэлжээ.

03-36 Нийгэм ба сэтгүүлзүй: Америкийг өөрчилсөн сэтгүүлчид

Радулович нь ээж, эгч нь коммунистуудад талтай гэдэг шалтгаанаар буруутгагдаж, АНУ-ын Агаарын цэргийн хүчнээс хөөгдсөн байна. Марроу нэвтрүүлгээрээ дамжуулан энэ түүхийг ярьж, халагдсан үндэслэл нь хэр шударга вэ гэсэн эргэлзээг нийгэмд бий болгосон юм. Ингээд Радуловчийг албанд нь эргүүлэн авчээ.

Үүнээс удалгүй бүхнийг чадагч сенатч Жозеф Маккартни сэтгүүлч рүү довтлох гэж байгаа нь ил болжээ. Марроу хариуд нь сенатчийн тухай, түүний сенатын хорооны тухай материалуудыг цуглуулж эхэлсэн байна. Маккартнийн удирддаг сенатын хороо нь Америкийн дотоод дайснуудыг идэвхтэй эрэн хайх, ил болгох ажил явуулдаг байсан. Тэр дундаа зүүний үзэлтнүүдийг намнадаг байжээ.

1954 оны гуравдугаар сарын 9-нд Марроугийн нэвтрүүлэг эфирт гарахад сенатчийн хэлсэн үгнээс бүтсэн байлаа. Энэ нэвтрүүлэг сенатчийг дэмжигчдийг үргээсэн үг хэллэгээр дүүрэн байв. Маргааш нь CBS-ээс Америк даяар 12 348 хүн утасдаж, энэ хөтөлбөртэй холбоотой үзэл бодлоо илэрхийлснийг дуулгасан байна. Тэдэн дундаас 16 хүн тутмын нэг нь л Маккартнийг өмөөрсөн байжээ. Хожим нь энэ хөтөлбөр 4000 захидал хүлээн авч, ихэнх нь сэтгүүлчийг дэмжсэн байв.

Сенатч Маккартни ч өөрийгөө өмөөрөх эфирийн цаг өгөхийг шаардаж, Марроуг “цөөвөр чононуудын уяаны хүн” гэж дуудсан биш өөрийгөө улам эвгүй байдалд оруулжээ. Марроугийн хөтөлбөр нэр хүндтэй, хүмүүсийн хамгийн их итгэж найддаг зүйл байсан тул Маккартни нэр хүнд хороондоо төдийгүй улс орон даяар унасан гэдэг.

Үнэндээ энэ хөтөлбөрийг удалгүй хаасан юм. Маккартнийн хорооноос АНУ-ын Армид явуулсан сенатын мөрдлөг шалгалт нийгэм болон хууль тогтоогчдын дургүйцлийг ихээр төрүүлсэн байна.

Сенатч ч хэм хэмжээгээ алдаж, өөрийг нь буруутгасан бүхнийг ямар ч баримт нотолгоогүй байж байлаа. Хоёр намын нэр нөлөөтэй улстөрчид бүгд л сенатчийг шүүмжилж байлаа. 1961 онд Марроу CBS-ийн удирдлагуудын хооронд зөрчил гарахад Ерөнхийлөгч Жон Кеннеди түүнийг АНУ-ын Мэдээллийн агентлагийг тэргүүлэх санал тавьжээ.

Эх сурвалж: russianbazaar.com

Бэлтгэсэн Э.МАРТ

 

https://updown.mn/104639.html


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.