2020 онд гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлгийн талаар бид өмнө хүргэсэн. Тэгвэл энэ удаа нефть, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг хүргэе.
Нефтийн бүтээгдэхүүн, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх чиглэлээр 2020 оны төсөвт гадаад зээлийн хөрөнгөөр 461 тэрбум төгрөг, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 42.1 тэрбум төгрөг тусгасан. Энэ нь нийт гадаад зээл, тусламжийн 35 хувийг эзэлж байгаа. Ингэснээр 2020 онд гадаад зээлийн 12 төсөл, буцалтгүй тусламжийн хоёр төсөл хэрэгжиж дуусах юм. Мөн шинээр гадаад зээлийн 10, буцалтгүй тусламжийн хоёр төсөл хэрэгжиж эхэлнэ.
10 аймгийн дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ
-Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Архангай, Дундговь, Хэнтий, Төв, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгуудад нийт 255 Гкал/ц-аар хүчин чадлыг нэмэгдүүлэх дулааны станцын барилгын ажил эхлэх юм.
-Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг хүчин чадлыг 35 Мвтаар өргөтгөх барилгын ажлыг эрчимжүүлнэ. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 113 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар-Мандалговь хооронд 249 км цахилгаан дамжуулах шугам, 500 Мвт хүчин чадалтай дэд станцуудыг барих төсөл үргэлжилнэ.
-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын 20.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл төслүүдийн бүрэн санхүүжүүлж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлыг бүрэн ашиглалтад оруулна
-Япон Улсын 65.6 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотод зургаан терминалтай, жилд 1.7 сая зорчигч хүлээн авах, 18 100 онгоц хөөрөх болон буулгах хүчин чадалтай Улаанбаатар хотын шинэ олон улсын нисэх онгоцны буудлыг бүрэн ашиглалтад оруулах юм байна.
-Кувейтын сангийн 3.5 сая.ам долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Хэнтий аймгийн Өндөрхаан хааны нисэх онгоцны буудлыг шинэчлэх, нисэхийн зурвас барих төслийн барилгын ажлыг эхлүүлэх гэнэ.
-Монгол Улсын дэд бүтцийг сайжруулах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, хот хоорондын зорчигч, тээвэр, бараа эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлээр Улиастай Тосонцэнгэлийн 67 км автозам, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км авто замыг засварлан шинэчлэх, Ховд–Баян-Өлгий чиглэлийн 189 км авто замыг бүрэн ашиглалтанд оруулж, төслийн үлдэгдэл зардлыг санхүүжүүлэхээр тооцсон байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил гуравдугаар сард эхэлнэ
Газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах, нефть-химийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлнэ. Салбарын сайдын хэлснээр энэ ажил ирэх гуравдугаар сард эхлэх юм байна. Тус үйлдвэрийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа бөгөөд жилд 1.5 сая тн дотоодын түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай билээ.
Эх сурвалж: eagle.mn
Сэтгэгдэл