Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа төрөөс төлөх тухай хуулийг УИХ баасан гаригт баталлаа. Хуульд:
-Тэтгэврийн зээлийн зургаа хүртэл сая төгрөгийг тэглэж, үлдсэнийг нь иргэд өөрсдөө төлөх,
-Тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэнд Салхитын ордоос нэг сая төгрөгийн бондын эрхийн бичиг өгөх,
-Мөн нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн нэг сая төгрөгийн зөрүүг бондын эрхийн бичгээр буцааж олгохоор тусгасан билээ.
Хууль батлагдсаны дараа "1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгааллах холбоо"-ны тэргүүн Лүндэгийн Наранбаатар доорх нийтлэлийг бичиж, олон нийтийн сүлжээнд тавьсан байна.
САЛХИТЫН ВАУЧЕР БОЛ "БООВ ҮМХҮҮЛЭЛТ"
Би уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжилтний хувьд ард иргэддээ үнэн зөв мэдээлэл хүргэх ёстой гэж бодож байна. Австрали, Азийн уул уурхайн институтын гишүүний хувьд ч, салбарын судлаач мэргэжилтний хувьд ч энэ миний ёс зүйн үүрэг. Тийм учраас хаалттай байгаа Салхитын ордын мэдээллийг өөрийн зүгээс эрэн сурвалжилж үзлээ. Надаас гадна олон мэргэжилтэн мэдээлэлтэй байгаа. УУХҮЯ, АМГ, ТЭЗҮ шинжээчид гэх мэт. Яагаад чимээгүй байгааг би хувьдаа ойлгохгүй байна. УИХ чуулганыг үзэхээр гишүүд хэдэн их наядаар тоологдох, орлого үнэлгээ ярих юм. Тэд буруу мэдээлэлтэй байна. Буруу мэдээлэлтэй учир буруу шийдвэр гаргах магадлалтай. Салхитын Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг олж харахад энэ маш жижигхэн орд юм байна.
ТЭЗҮ-г уул уурхайн төсөл судалгааны TOPAZIA Consulting services компани Эрдэнэс Силвер Ресурс (Эрдэнэс Монголын охин компани) -ийн захиалгаар боловсруулж, 2019 оны 12 сарын 31 өдрийн 15 цагт Монгол улсын Эрдэс Баялгийн Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн батлуулжээ.
Салхит ердөө 2 сая.тн уурхайлах хүдэртэй. Эрдэнэтийн уурхайн 20 хоног ажиллах нөөц гэсэн үг. Хүдэр гэдэг нь алт, мөнгө агуулсан чулуу. Энэ чулууг өрөмдөж, тэслээд, бутлуурт нунтаглаж химийн бодисоор алт, мөнгийг ялгаж авна. Гэхдээ цэврээр нь алт, мөнгө гаргаж чадахгүй. Мөнгөний агуулга давамгайлсан нунтаг шороо гарах юм. Хэмжээ нь 109 мян.тн. Цаашид металлургийн боловсруулалт буюу зууханд хайлж, цэвэршүүлж байж алт, мөнгөө цэврээр нь ялгаж авна. Монголд хайлуулж, цэвэршүүлэх үйлдвэр байхгүй, барьвал хэдэн тэрбум доллар шаарддаг нүсэр үйлдвэр учир боломжгүй байсаар өдий хүрсэн. Монгол банк зөвхөн цэвэр мөнгө, алт л худалдан авдаг. Тэгэхээр Салхитын баяжмалыг Монгол банкинд зарах боломжгүй тул Хятад уруу экспортолж борлуулахаас өөр аргагүй.
Уурхайлах хүдэрт 670 тн мөнгө, 877 кг алт агуулагдана. Цааш химийн бодисоор баяжуулаад мөнгөний 88%, алтны 61%-ийг авч чадна. Бусад нь одоогийн технологийн түвшинд авч чадахгүй учир хаягдна.
ТЭЗҮ-д жилд 300 мян.тн хүдэр олборлож, ордыг 7 жил ашиглана гэж тооцжээ. Хөрс, хүдэр нийлээд 6 сая.тн хэмжээтэй. Энэ нь манай Эрдэнэс Тавантолгойн 3 хоногийн ажил юм. Ийм л жижиг төсөл.
Нийт хөрөнгө оруулалт нь 32 тэрбум төгрөг. Тавантолгойд ~4 тэрбум.$, Оюу толгойд ~15 тэрбум.$ шаардагдсан гээд харьцуулаарай.
Уурхайд 2-3м3 шанагатай жижиг экскаватор, 50тн-ын хово машинууд ажиллана. Уул уурхайн гэхээсээ барилгын зориулалттай жижиг тоног төхөөрөмжүүдээр олборлолтыг амжуулчих юм.
Салхитад 180 орчим хүн ажиллана. 200кг алтны нөөцтэй жижиг шороон орд дээр 200 орчим хүн ажилладаг. Оюу Толгойд 20 мянган хүн ажилладаг.
ТЭЗҮ-д 1 унц алтны үнийг 1200$, мөнгөний үнийг 17$ -оор тооцжээ. Нийт орлогынх нь 92% мөнгө, 6% нь алт, 2% нь цайр, зэсээс орно. Мөнгөний үнийг маш өөдрөг тооцсон, алтны үнэ бол хэвийн. Алтны үнэ 2000$ хүрлээ гэхэд нийт орлогод 10%-иас хэтрэхгүй. Тэгэхээр мөнгө гол бүтээгдэхүүн нь болж байгаа юм. Одоо Лондонгийн металлын бирж дээр алт 1600$, мөнгө 17.5$ байна.
Ордыг бүхэлд нь ашиглахад:
Орлого: 989 тэрбум.₮ (жилд 140тэрбум.₮)
Зардал: 651 тэрбум.₮
Цэвэр ашиг: 251тэрбум.₮ (жилд 36тэрбум.₮)
Өнөөгийн үнэ цэнэ: 122 тэрбум.₮ (үнэлгээ)
Хөрөнгө оруулалт: 32 тэрбум.₮
Өнөөдөр иймэрхүү үнэлгээтэй төслийг зах зээлийн үнээр нь наймаалцвал 10-20 сая доллар байх боломжтой. Нөгөө талаас 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай төсөлд банк зээл олгоё гэж бодъё. Банкны алтан дүрэм бий шүү дээ. 30 хувийг төсөл хэрэгжүүлэгч өөрөө санхүүжүүлж, 70 хувьд нь банк санхүүжүүлнэ гэдэг. Банк “үсрээд” 20-22 тэрбум төгрөгийн зээл олгоно. Түүнээс дээш бол эрсдэлтэй гэж үзнэ.
Дүгнэлт:
1. Хөгжлийн банк 20 хүрэхгүй тэрбум төгрөгийн зээл банкнаас олгох боломжтой төсөлд 800 тэрбум төгрөгийн баталгаа гаргавал гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно. Банкны захирал ийм юм хийвэл сонгуулийн дараа шоронд явах замаа засаж байгаагаас өөрцгүй. Наад зах нь банкинд байр барьцаалж зээл авахад байрны үнийн дүнгийн 50-60% үнэлгээ тогтоодгийг бид мэднэ. Салхитыг харин төр маань, төрийн мөнгөөр 40 дахин өндөр үнэлж барьцаалах нь.
2. Зээл тэглэхэд хамрагдаагүй 190 орчим мянган ахмад бий. Эдгээрт Салхитаас 1 сая төгрөгийн ваучер гаргаж сонгуулийн өмнө ваучер өгөх санал УИХ дээр гарсан. Шаардлагатай санхүүжилт нь 190 орчим тэрбум төгрөг болно. Салхит өөрөө жижиг орд, орлого багатай, жилд ашигтай ажиллах хэмжээ нь 36 тэрбум.₮. Иймд ваучер үнэ цэнэгүй. Ваучер нь 1072 хувьцаа шиг ногдол ашиг өгдөггүй үхмэл цаас болно. Өнөөдөр ногдол ашгаа хүлээсэн 70 орчим мянган ахмад бурханы оронд одчихоод байна. Хэдий болтол аав, ээж, эмээ, өвөө шигээ хүмүүсийг хуурах вэ улстөрчидөө! Ваучераар боов үмхүүлж, сонгуулийн барьцаанд ахмадуудыг оруулах тохуурхалаа зогсоо! Өөр юм бодож ол!
3. Ваучерын 190 тэрбумыг цэвэр ашгаар нөхөн төлөхөд хэдэн жил шаардагдах вэ? Орд жилд 36 тэрбум.₮ ашигтай ажиллана. 190/36=5.3 жил. Ордын нөөц дуусах үед цэвэр ашгаа бүгдийг нь зарцуулж дуусна. 800 тэрбум.₮ бондоос 1 ч төгрөг нөхөн төлөх мөнгө суларч гарч чадахгүй.
Лүндэгийн Наранбаатар, уул уурхайн инженер-эдийн засагч, Австрали-Азийн уул уурхай, металлургийн институтын гишүүн.
Сэтгэгдэл