Жирийн иргэн мэдэрч байвал жинхэнэ Үндсэн хууль байгаагийн илрэл


 
 

Жирийн иргэн мэдэрч байвал жинхэнэ Үндсэн хууль байгаагийн илрэл

 

  • Ази тивд таван улс, хуучин постсоциалист орнуудаас ердаа гурав нь эрх чөлөөтэй байгаагийн нэг нь Монгол
  • Одоо гагцхүү дагаж гарах хуулиудаа чанартай хийж байж үх дүнд хүрнэ. Үүний хүрээнд 45 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, "Эцэг хууль"-д тусгасан заалтуудаа баталгаажуулах ёстой юм

Freedomhouse хүний эрхийн олон улсын байгууллагын иргэний болон улс төрийн эрхүүдийн талаарх 2019 оны судалгааг жилийн эцэст гаргажээ. Дэлхийн улс орнуудыг 1­7 хүртэлх оноогоор дүгнэж эрх чөлөөтэй, хагас эрх чөлөөтэй, эрх чөлөөгүй гэсэн гурван ангилалд оруулж ардчиллын чанарыг хэмждэг байна. Ази тивд ердөө таван улс эрх чөлөөтэй гэсэн ангилалд багтдаг нь Энэтхэг, БНСУ, Япон, Монгол, Тайвань зэрэг орон аж. Мөн дэлхийн постсоциалист улсуудаас Төв болон Зүүн Европын Чех, Польш зэрэг улсууд болон Монгол Улс л "эрх чөлөөтэй” байна. Өөрөөр хэлбэл, Төв болон Зүүн Европоос гадна байгаа постсоциалист улсуудаас ганцхан Монгол "эрх чөлөөтэй” гэсэн ангилалд орж байна. Казахстан, Узбекстан, Туркменистан зэрэг Төв Азийн орнууд болон Хятад, Орос "эрх чөлөөгүй” гэсэн ангилалд ордог аж. Энэ судалгаа нь Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа батлахдаа ардчиллын суурь үндсээ зөв тодорхойлсны илэрхийлэл гэж тус байгууллагын эксперт тодорхойлжээ. Тэгвэл ардчилсан Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож буй энэ өдөр шинэ Үнд­сэн хууль бидэнд юу өгсөн бэ гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгөх нь ойн баяр тэмдэглэхээс илүү ач холбогдолтой болов уу. Хууль зүйн доктор, Үндсэн хууль судлаач, О.Мөнхсайхан "Ер нь Үндсэн хуулиудыг хуурмаг болон жинхэнэ гэж хоёр ангилж болно. Нэгт хүний эрхийг зүгээр нэг тунхаглаад орхисон уу эсхүл үнэхээр бодитой эрх болгож хамгаалж байна уу. Хоёрт төрийн эрх мэдлийг хуваарилж дур зоргоороо аашлах боломжийг хязгаарлаж чадаж байна уу гэсэн шалгуураар Үндсэн хуулиудыг үнэлдэг” хэмээжээ. Энэ хоёр шалгуураар 1990 оноос өмнөх манай Үндсэн хуулиуд (социалист) жинхэнэ буюу ардчилсан үндсэн хууль биш юм. 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиудад шашин шүтэх, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх зэрэг эрх, эрх чөлөөг тунхагласан байсан боловч бодит байдал дээр хэрэгжих боломж байгаагүй. Харин ч эсрэгээрээ хориглодог байсан. Намын үзэл сурталд харш, эсхүл МАХН (1990 он хүртэл Монголд ганц л нам байсан)-­ыг шүүмжилсэн үзэл бодлоо илэрхийлсэн нэгэн хавчигдан гадуурхагдаж, хэлмэгддэг байсан. Социалист үндсэн хуулиуд жинхэнэ үндсэн хууль биш байсны өөр нэг нотолгоо нь төрийн бүх эрх мэдлийг хуваарилах бус төвлөрүүлэх зарчмыг баримталсан явдал. МАХН-ын удирдлагад төрийн эрх мэдлийг төвлөрүүлсэн, хараат бус шүү­хийн тогтолцоо байгаагүй гэх мэт хүний эрхийг зүгээр нэг тун хаглаад орхисон хуурмаг Үндсэн хуулийн шинжийг агуулж байсан гэхэд болно. Харин 28 жилийн өмнө баталсан Үндсэн хууль дээрх хоёр шалгуурыг хангасан анхны ард­чилсан, жинхэнэ үндсэн хууль гэдгээрээ өмнөхүүдээс ялгаатай бөгөөд илүү ач холбогдолтой. Энэ Үндсэн хууль бидэнд юу өгсөн бэ. Юуны түрүүнд хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй иргэд түүнийг баталгаатай эдлэх тогтолцооны үндсийг тавьсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Өнөөдөр монголчууд үндсэн эрх, эрх чөлөөгөө эдэлж байна. Иргэд ямар үзэл бодолтой байхаа шийдэх, үүнийг чөлөөтэй илэрхийлэх, шашны итгэл үнэмшлээ өөрсдөө тодорхойлох, эд хөрөнгө өмчлөх, бусадтайгаа эвлэлдэн нэгдэх, сонгуульд нэр дэвших, сонгох, сонгогдох зэрэг эрхтэй төдийгүй уг эрхээ эдлэх бодит боломж монголчуудад олгосон. Гэхдээ үндсэн эрхээ эдэлж байгааг олон улсын байгууллагуудын судалгаа нотлохоос илүү монголчууд өөрсдөө мэдрэх ёстой. Гэвч хүний эрх, эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхий­лэх, эвлэлдэн нэгдэх зэрэг ерөнхий үзэл санааг ардчиллын баримжаа болгодог байсан монголчууд хариуцлага, шу­дарга ёсыг ардчилсан тогтол­цооноосоо ардчилсан Үндсэн хуулиасаа нэхэх болоод удаж байна. Товчхондоо, Монголын ардчилалд тулгараад буй гол бэрхшээл, сорилт нь улс төрийн намуудын төлөвшил, улстөрчид болон төрийн өндөр албан ту­шаалтнуудын хариуцлага, ёс зүй, улс төрийн соёлоос шууд хамаарах болоод байгаа юм. Хамгийн болж бүтэхгүй байгаа бүх зүйл улс төрийн хүрээнээс л гардаг. Бусад газарт хэрэв улстөрчид л ороод бужигнуул­чихгүй бол иргэд, аж ахуйн нэг­жүүд нь хийх ёстойгоо хийж, хөгжин дэвжиж байна. Улс­төрчид хувийн хэвшлийн биз­несийг булааж, төрийн алба нь аливаа зүйлийг хийх эрх чөлөөгөө эдлэх ёстой иргэддээ хүнд суртал гаргаж, хясан боогдуулж байна. Харин эндээс авлигын үндэс тавигдаж, ил тод, нээлттэй байх ардчиллын нэг зарчим бүдгэрч байна. Монголд ядуурал маш их бай­на. Гэхдээ засаглалын асууд­лаас болж энэ ядуурал бий болоогүй, зөвхөн хүмүүст ол­дож байгаа боломж нь л тэр. Хүмүүс тэгш бус боломжийг эдэлж байна. Тухайлбал, эрх мэдэл, мэдээлэлд ойр хэсэг нь илүү боломж эдэлж байгаагийн хамгийн том жишээ бол ЖДҮ-­гийн хэрэг. Уг дуулиан мандах үед "Ийм сайхан нөхцөлтэй зээл байдаг юм уу” гэж гайхшаа барж, нийгмээрээ цочирдсон нь тэгш эрх, тэгш боломжийг олгох ардчилсан Үндсэн хуулийн зарчмаа органик хуулиудаараа гээсний баталгаа гэхээс өөр юу хэлэх вэ. Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн чухал шийдвэр, том ажил нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан явдал гэж хэлнэ. Гэхдээ энд Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчилж шинэчлэх бус болохгүй зүйлд нь тодотгол хийгээд цааш явах тухай ойлголт байлаа. Хамгийн чухал нь 2000 оны дордуулсан гэх долоон өөрч­лөлтийн зургааг нь энэ удаа залрууллаа. Харин УИХ дахь намын бүлэг бүрээс УИХ­-д нэг дэд дарга байна гэдэг заалтыг дордуулсан гэж үзээгүй учраас хэвээр үлдээсэн юм. Хэдийгээр давхар дээлийг бүрэн "тайлж” чадаагүй ч УИХ­-ын гишүүдийн гуравны нэг нь шахуу Засгийн газартаа ороод суучихсан өнөө­гийн гажуудал ирэх зургадугаар сараас засарна. Мөн хууль батлах босго оноо 19 байсныг 39 болгож, Ерөнхий сайд тан­химаа өөрөө бүрдүүлдэг сон­годог парламентын жишгийг Үндсэн хуульдаа тусгасан. Одоо гагцхүү дагаж гарах хуулиудаа чанартай хийж байж үр дүнд хүрнэ. Үүний хүрээнд 45 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, "эцэг хууль”-д тусгасан заалтуудаа баталгаажуулах ёстой юм. Тэгэхдээ зөв өөрчилж байж жинхэнэ Үндсэн хууль болно. Парламент ч энэ хуулиудыг эхнээс нь хэлэлцээд эхэлсэн нь өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хийсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл билээ.

Б.Энхжаргал
Засгийн газрын мэдээ
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.