“Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга мартагдаж, төрийн бүтэц улам данхайв


Одоогоос зургаан жилийн өмнө тухайн үеийн Ерөнхийлөгч "Том төрөөс ухаалаг төр рүү” хэмээх санаачилга дэвшүүлж, түүнийг нь УИХ, Засгийн газар дэмжин ажиллаж байлаа. Уг санаачилгыг хэрэгжүүлэх тухай ҮАБЗ-ийн зөвлөмж ч гарч байв. Төрийн алба техник технологийн дэвшилд суурилж цомхон, чадварлаг бүтцээр ажиллаж төсвийн мөнгийг хэмнэх гэсэн агуулга энэхүү санаачилгыг улс орон даяар бүх төрийн байгууллагууд хэрэгжүүлж ажиллахаар болж байлаа. З.Энхболд даргатай УИХ ч үүнийг бодит ажил хэрэг болгох үүднээс шаардлагатай хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулахаа мэдэгдэж, гишүүд нь "Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэмжиж, тунхаг бичигт гарын үсгээ зурж байв. Манай төр засгийн бодлого залгамж чанартай, улстөрчид маань за гэсэн бол ёогүйгээр хэлсэн, хийсэн үйлдлээсээ буцдаггүй байсан бол дээрх санаачилга бодит ажил хэрэг болох байлаа. Гэвч өмнөхөө үргэлж үгүйсгэж ирсэн бичигдээгүй хуулийн дагуу энэ санаачилга бүдгэрч төр "тэнэг” хэвээрээ үлдлээ. Төрийн үйлчилгээг цахимжуулах тухай байнга ярьдаг ч "Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг хэрэгжүүлэх үед нэвтрүүлсэн ТҮЦ машинаас илүү гарах санал санаачилга гарсангүй. Ийнхүү "Хуучин юм ул болж, шинэ юм зул болдог” гэдэгчлэн төрөө ухаалаг болгох санаачилга ул болоод хоцорлоо.

Төр тэгтлээ ухаалаг болдоггүй юм аа гэхэд цомхон чадварлаг байх ёстой. Гэвч сүүлийн үед улам данхайх болов. Уг нь төрийн албыг техник технологийн дэвшилд суурилсан цомхон, чадварлаг болгохыг дэмжиж дээр дурдсан санамж бичигт одоогийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, АН-ын Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй гишүүд гарын үсэг зурсан. Мөн одоо тодорхой албан тушаал хашиж буй хүмүүсээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нар гарын үсэг зурж байв. Харамсалтай нь, тэд юун дээр гарын үсэг зурж байснаа мартсан бололтой. Төрийн албыг технологийн дэвшилд суурилсан цомхон, чадварлаг болгох тухай хэн нь ам нээхгүй, төрийн алба данхайж байгааг дэмий л харж сууна. Одоо төрийн алба сүүлийн үед хэрхэн данхайж байгаа гурван жишээг танилцуулъя. 

1.УИХ-ын сонгууль бүрийн дараа эсвэл, Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон даруйд бүтцийн өөрчлөлт хийдэг. Гэвч энэ удаагийн Засгийн газар зургаан сарын дараа сонгууль болох гэж байхад хоёр агентлаг шинээр байгуулж байна. УИХ оны өмнө парламент төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг баталсан УИХ-ын 2016 оны долдугаар сарын 21-ний 12 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр Худалдан авах ажиллагааны газрыг дахин байгуулах шийдвэр гаргасан юм. Үүний дагуу Засгийн газар 2019 оны арванхоёрдугаар сарын 18-ны ээлжит хуралдаанаараа  2016 оны долдугаар сарын 27-нд татан буулгасан Худалдан авах ажиллагааны газрыг дахин байгуулсан. Ийнхүү МАН 2016 оны сонгуулийн дараах шийдвэрээсээ 2020 оны сонгуулийн өмнө буцаж Худалдан авах ажиллагааны газрыг байгуулсан юм. 

2.Ингээд зогссонгүй, УИХ өнгөрсөн долоо хоногт төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг баталсан тогтоолынхоо хавсралтад өөрчлөлт оруулж, Засгийн газрын бас нэг агентлаг болох Усны газрыг дахин сэргээн байгуулах шийдвэр гаргалаа. 

3.Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг өөрчлөх санаачилга үүгээр зогсохгүй нь. Одоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд үйл ажиллагаа явуулах Үндэсний геологийн алба хэмээх агентлагийг шинээр байгуулах асуудлыг УИХ хэлэлцэх гэж байна.

Уг нь төр ингэж өөрөө ажлын байр бий болгож төсвийн мөнгийг баруун солгойгүй цацахын оронд баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой. Монголд таван хүн тутмын нэг нь төрийн албан хаагч, дөрвөн төрийн албан хаагч тутмын нэг нь ур чадваргүй байгааг судалгааны дүн харуулжээ.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: -Төрийн албаны тухай хууль батлахын тулд хийсэн судалгаагаар Монгол Улсын таван хүний нэг нь төрийн албанд ажил эрхэлдэг гэсэн тооцоо байна. Бусад улсын жишгээр хувийн хэвшил ажлын байр бий болгохоос биш төр ажлын байр бий болгодоггүй. Төрийн албанд ажиллаж буй дөрвөн хүний нэг нь ур чадвар хүрэхгүй, бүрэн бус мэргэшсэн гэдгийг судалгаа харуулсан.

С.Шийлэгтөмөр

Эх сурвалж: eagle.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.