Завсрын үеийнхнийг "зайлах"-аас өмнө нийгэм залууст итгэхээ больчих вий дээ


 

Завсрын үеийнхнийг "зайлах"-аас өмнө нийгэм залууст итгэхээ больчих вий дээ

 

Хуучин, муу зүйлээсээ залхаж, шинэ, сайныг хүсдэг, шинэ зүйлд илүү найдлага тавьж хүлээдэг нь хүн төрөлхтний нийтлэг чанар байх. Баабар нэгэнтээ "Манай үеийнхэн үхэж дуусаж байж улс төр цэвэршинэ” гэсэн нь ч энэ итгэл найдварын илэрхийлэл шиг санагддаг. Тийн бичсэнээс хойш бишгүй олон жил өнгөрч, тэдний үеийнхэн эхнээсээ улс төрөөс явж, шинэ, залуу гэж өөрсдийгөө тодорхойлсон олон ч хүн орыг нь залган орж ирж байна. Энэ удаагийн парламентын 76 гишүүний 40 нь УИХ-д анх удаа сонгогдсон. Тэдний олонх нь 1970-1980-аад оныхон. Шинэ үеэс сайхан зүйл хүлээж буй ард түмэнд энэ муугүй үзүүлэлт. Гэвч үр дүн нь ямар байв аа. Ер нь улс төрд орж ирж буй шинэ үеэс юу хүлээж болох вэ.

БЯЦХАН ПОПУЛИСТУУДААС ЮУ Ч ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ

Хэн нь хэн бэ гэдэг нь танигдахгүй олон шинэ гишүүний дотроос арай хөдөлгөөнтэй, хэл амтай хэсэг нь өнгө болон тодрох нь мэдээж. Шинэ гишүүдийн дотроос хэдэн залуу нийгмийн анхаарлыг татахуйц томоохон хэргүүдээр туг хийн, хэсэг давхисан. "Эрдэнэт” үйлдвэр”-ээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн "Стандарт” банкнаас "Жаст” компани зээл авсан асуудлыг Арбитрийн шүүх хэлэлцээд тус банкны талд шийдвэрээ гаргасан. Бид ганц саалийн үнээгээ алдахдаа тулаад байна. Төрийн өмч, нийтийн хөрөнгийг энэ мэтээр хулгайлж, луйвардсан этгээдүүдтэй хариуцлага тооцуулахын тулд эцсээ хүртэл явна. Нийгэмд шударга ёсыг тогтооно” хэмээн сүржин мэдэгдсээр гарч ирсэн тэднийг олон нийт алга ташин хүлээж авсан.
Харвардад боловсрол эзэмшсэн, харьцангуй нэр цэвэр, ашиг сонирхлын зөрчил багатай, шударга зөв зүйлийг зоригтой ярьдаг, шинэ үеийн залуус гэхчилэн тэднийг сайнаар харж, итгэж болох шалтгаануудыг хайж олоод, шударга ёс тогтоох түүчээ байгаасай гэж чин сэтгэлээсээ хүссэн. Залуус ч дүрдээ улам үнэмшилтэйгээр орж "Удахгүй бүр ч ноцтой хэргүүдийн талаар дэлгэнэ. Шударга бус зүйлтэй эцсээ хүртэл тэмцэж, төрийг цэвэрлэнэ” гэцгээсэн. Намаг балчигт гүн шигдсэн Монголын улс төрийг цэвэрлэх үйлсийг түүчээлэх шинэ салхи нь энэ залуус гэдэгт олон нийт бараг л итгэж, дараагийн далайцтай алхамаа хийхийг нь хүлээж эхэлсэн.
Гэвч улстөрчдийн булхай, луйвар, хуйвалдаанаас залхсан олон нийтийн сонсохыг хүссэн зүйлийг нь хэлж, загатнасан газарт нь маажин, шударга ёс тогтоогчийн дүрээр анхаарлын төвд орсон нь тэдний өөр зорилготой тэмцлийн бие халаалт байсан нь удалгүй тодорхой болсон. Тэд дарга, сайд болоод дуугаа хураасан. Анх ярьж гарч ирсэн "Эрдэнэт үйлдвэр”-ийн хэрэг нь замхарч, буруутай этгээдүүд тохирох хариуцлагаа хүлээгээгүй байхад тэд энэ тухай ганц ч үг ганхийхгүй хэрнээ бүлэглэл хоорондын зодооны гол тоглогч болчихсон тууж явсан. Залуус хэлж буйгаасаа өөр зорилготойгоор шударга ёсны төлөө тэмцэгчийн дүрд хувирсныг тэгэхэд ойлгосон. Шударга ёс тогтоох шинэ үе хэмээн харж, хүлээж байсан хүн нь зүгээр л хэн нэгний гар хөл болсон, ямар нэг зорилготойгоор асуудалд ханддаг, бяцхан популист байсныг мэдэхэд урам хугармаар юм билээ. Хэлсэн үг, хийсэн алхам бүр нь өөрийнхөө л төлөө байдаг бяцхан популистуудаас юу ч хүлээгээд нэмэргүйг энэ парламент харууллаа.

АЛИМ МОДНООСОО ХОЛ УНАДАГГҮЙ БУЮУ ӨВ ЗАЛГАМЖЛАГЧИД

Улс төрд орж ирж буй залуусын цөөнгүй нь албан тушаалын зөөлөн суудлаас салж ядсаар арай гэж тэтгэвэртээ суусан болон бизнесийн эрх ашгаа хамгаалахаар зүтгэж буй аав, ээжийгээ залгамжилж яваа хүүхдүүд. Улс төр, бизнес хоёр нь салшгүй холбоотой манай улсын өнөөгийн парламентад л гэхэд О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Н.Учрал, Н.Номтойбаяр нарын өв залгамжлагчид бий. Ирэх сонгуульд нэр дэвшинэ хэмээн бэлтгэлээ базааж буй улс төр, бизнесийн өв залгамжлагчийн тоо үүнээс ч олон. Тухайлбал, Монголбанкы ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү П.Хангай, АН-ын дарга С.Эрдэнийн хүү Э.Одбаяр, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин Б.Жаргалан, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, Л.Одончимэд агсны хүү О.Одбаяр гэхчилэн хөвөрч буй. 
Гэвч үе залгамжлан төр "зайдагнах”-аар санаархаж буй улстөрчдийн хүүхдүүд, мөн шударга бус аргаар босгосон бизнесээ хамгаалж, төрийн мөнгөөр улам өргөжүүлэх гэсэн баян айлын эрх хүүхдүүдээс иргэдийн хүсэн хүлээж буй цэвэр тунгалаг, сайн сайхан үйл хэрэг гарах болов уу. Тэдэнд итгэж найдаж, ирээдүйгээ атгуулах нь зөв үү гэдэг нь иргэдийн хувьд тун эргэлзээтэй асуулт болоод байна. Уг нь эцэг, эхийнх нь бурууг үр хүүхдэд нь хүлээлгэх нь ардчилсан нийгэмд байж болшгүй зүйл. Гэвч монголчуудын өнгөрсөн 30 жилийн амьдралыг жолоодож, авлигажсан, хуульгүй, шударга бусын эх орон болгосон хүмүүс хүүхдүүдээ ямар хүн болгож хүмүүжүүлчихээд, өөрсдийгөө залгамжлуулахаар улайрч буй бол гэсэн бодол яах аргагүй айдас хүйдэс төрүүлж байна. Эзэрхэг, түрэмгий нь дэндсэн тэдний хүүхдүүдийг төрд цэвэр агаар оруулах шинэ үеийн төлөөлөл гэхэд нэг л хэл эвлэхгүй, итгэл төрөхгүй юм. Зорилго нь цэвэр бус бол тэднээс улс төрийг цэвэршүүлэх эр зориг хүлээгээд ч хэрэггүй билээ.

1970-1980-ААД ОНЫХОНД НАЙДААД ХЭРЭГГҮЙ

Ингэхэд шинэ, залуу үе улс төрд ямар зорилготой орж ирж байна вэ. "Анхны алхам” кинонд буриад өвгөн "Агрономич гэдэг чинь хэн ч хийчихмээр, биед амар аятайхан ажил шив дээ” гэдэг сэн. Улс төрд орж ирж буй залуус яг л буриад өвгөн шиг "Хэн ч хийчихээр биед амар, аятайхан ажил” гэж бодон, зүтгээд байх шиг дүр зураг тодроод удаж байна. Ямар сайндаа нам дагасан залуус, цүнх баригчид, албан тушаалын лифтэнд суугсад, өргөгч цамхагаар өргүүлэгсэд хэмээн ад үзэгдэж байх вэ. Төсвийн мөнгөнөөс ахиухан халбагадаж, ажил хийхгүй, амар хялбараар хөрөнгөжихийн тулд л эрх мэдэл, албан тушаалын шидэт дохиур барихыг мөрөөддөг залуус олшроод байгаа гашуун үнэнтэй эвлэрэхээс аргагүй.
Эднийг Баабар "Завсрын үеийнхэн” хэмээгээд тодорхойлолтыг нь тун ч зэвүүн бичсэн байдаг. "Завсрынхан өөрийн үеийнхнийхээ хамгийн жудаггүй, ёс төргүй хэсгийн төлөөлөл. Шилжилтийн хамгийн хүнд, хамгийн дампуурсан, хамгийн моральгүй болсон үеийн зэрэмдэг бүтээгдэхүүн. Тэд сайн боловсрол ч үгүй, нийтийн төлөө гэсэн романтик үзэл ч үгүй, шударга үнэн гэсэн баримтлал ч үгүй. Мөнгөнөөс өөр ариун нандин эрхэм үнэлэмж үгүй. Мөнгөнд хүрэх цорын ганц аргыг эрх мэдэл гэж үзнэ. Өөрсдийгөө шинэ үеийнхэн хэмээж, ээлж нь болсон гэж дайрцгаах авч үнэндээ ердөө л хоолны оочирын тухай ярьж буй хэрэг. Нийгмийн золиос, хог ургамал нь. Улаан ногоон, алтан мөнгөн сарнай, ардчилсан ардчилаагүй, социалист капиталист залуучууд болон талцан бүлгэрхэж, эх орон ард түмэн хэмээн зурагдсан пянз шиг орилолдох авч луйвар, хулгай дээрэм гэсэн аль олхиогүй болгоны үнэр нэвт шингээстэй. Нийгэм нээлттэй болж түмэн бололцоо үүсэнгүүт эдний үеийн олон залуучууд амь амьдралаа авч явах гэж ухаан сийлж, хөдөлмөр зарж байхад улс төрөөр бөөлжиж хийрхлээр цамнаж хөнгөн аргаар амьдрах гэсэн адгийн хэсэг нь нийгмийн донсолгоог далимдуулан улс төрийн тавцан дээр гарч иржээ. Завсрын үеийнхэн харанхуй, бүдүүлэг, соёлгүй, залхуу, моральгүй, тогтсон нийгэмд бол нийгмийн хамгийн доод шаар байдаг авч үймсэн нийгэмд дээш хөвөн гарч, хөлжин цадаж, манлайлагчийн дүрээр тодорч, элит анги болдог байна” хэмээсэн түүний тодорхойлолтыг уншихаар өөрсдийгөө шинэ үеийн улстөрч хэмээж буй залуусын дүр төрх нүдэнд тодроод ирэхийг яана.
Засгийн газрыг огцруулах, эсэхийг шийдэх чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Олон жил төрд явж, энэ танхимд насыг барсан, хашир туршлагатай гэж үнэлж, хүндэлдэг улстөрчид маань залуусаа урдаа гаргаж, зодолдуулаад, өөрсдөө ард нь сууж байна” гэсэн утгатай зүйл хэлсэн удаатай. Өөрийн гэсэн итгэл үнэмшил, үнэт зүйлгүйгээр хэн нэгний гар хөл болж, болох болохгүй зүйлд нохойд барьдаг мод шиг ашиглуулдаг, өчүүхэн зорилготой залуусын үе дуусахаас нааш, лав л 1970-1980-аад оныхныг улс төрөөс явж дуустал төр цэвэршихийг хүлээх хэрэггүй нь гэсэн гутранги бодол төрөх боллоо. Харин завсрын үеийнхнийг зайлахаас өмнө нийгэм залууст итгэхээ больчих вий дээ.

 
Үндэсний шуудан
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.