Хятад улс коронавирусийн халдварыг гадаадаас импортлох болжээ


Сүүлийн үед хилийн чанадаас ирж байгаа хүмүүсээс шинэ коронавирусийн халдвар илрэх явдал нэмэгдсэн тул гадаад улс орнуудад амьдардаг иргэдэдээ аль болох гадуур зорчихгүй байхыг Хятадын засгийн газар өнөөдөр анхааруулжээ. Covid-19 вирус анх илэрч байсан Хятад улсад өнөөдөр шинэ халдварын тоо буурч байгаа бол дэлхийн бусад улсуудад эрчимтэй нэмэгдэж байна. 
Сүүлийн 24 цагийн хугацаанд Хятад даяар нийт 125 халдварын тохиолдол илэрснээс зөвхөн 11 нь Хубэй мужийн гадна илэрсэн юм. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Итали улсаас Зэжянь мужийн Чиньтян хошуунд ирсэн Хятадын долоон иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Тэд бүгд умард Италийн Ломбарди мужийн Бергамо хотын ресторанд хамт ажилладаг хүмүүс байжээ. 
Тэдний зургаа нь өнгөрсөн долоо хоногт Миланаас Шанхайд Москвагаар дамжиж ирсэн бол нэг нь Германаас шууд Шанхайд ирсэн юм байна. Даваа гарагт эдгээр хүмүүсийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Коронавирусийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн хэн нь ч Хубэй муж, Ухань хотод өмнө нь очиж байгаагүй болохыг Чиньтян хошууны захиргаа мэдээлсэн байна.   
 
Э.Сэмүүн   
Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.