М.Энхсайханыг ялласан прокурор "шогийн мэдрэмжтэй" хүн байж уу?


Өчигдөр өглөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх дээр болсон "баривчилгаа" өнгөрсөн хоёр өдрийн турш нийгмийн сүлжээний гол хэлэлцүүлэг болов. М.Энхсайханыг цагдан хорьсон асуудлыг Ардчилсан нам эрх баригч МАН-тай холбож, эсэргүүцлээ илэрхийллээ. МАН-ын залуус ч бас болсон явдлыг буруушаасан юм байна.
Мөн түүнчлэн хуульчдын зүгээс ч гэсэн өөрсдийн групп энэ тэр дотроо М.Энхсайханд тулгаж буй хэргийн талаар шүүгээд, ярилцаад өнгөрсөн тухай хуульч, өмгөөлөгч Б.Баяр нүүр номд бичжээ. Тэр өчигдөр болсон явдлыг "Яахав дээ, Итгэлт баяны хэлснээр эр хүн аавын хаалга татах хувьтай төрдөг" гээд хамгийн чухал зүйл бол тэр ялын дүгнэлт гэсэн байна. Дахин сануулахад, Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулсных нь төлөө ЭХ-ийн 19.6-д заасан "үндэсний аюулгүй байдлыг хорлон сүйтгэх" гэмт хэрэг үйлдсэн хэмээн прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байгаа.
Тэгвэл үүнийг хуульч, өмгөөлөгч Б.Баяр "Прокурорт яллах дүгнэлт өгсөн үү, өгсөн. Ялласан уу, ялласан. Прокурор ажлаа хийсэн. Одоо шүүхийн ажил үлдсэн. Моягийн оркууд л юмны учир мэдэхгүй болохоороо аль хэдийн ялын дээд хэмжээ өгөөд тугаа мандуулаад байгаа болохоос биш прокурор бол шүүхэд очоод нам унахаар ялын дүгнэлт гаргаж өгсөн байна. Эрүүл ухаантай, хошин шогийн мэдрэмжтэй хүн байна гэж би бодсон. Одоо тэгэхээр шүүх, бас өмгөөлөгчид нь сайн ажиллах л үлдлээ" хэмээн бичжээ. Өөрөө ч бас хоосонгүй бололтой.
Гэхдээ энэ хэрэг дээр ажилласан НПГ-ын хяналтын прокурор Г.Батбаяр үнэхээр "шогийн мэдрэмжтэй" хүн байгаад М.Энхсайханыг яллах тухай "дээрээс" ирсэн даалгаврыг жинхэнээсээ "хорлон сүйтгэж", санаатай будилуулсан юм биш биз? Тийм биш бол батлаагүй, хийгээгүй гэрээний төлөө хэрэгт тулгаж, ял хүлээлгэх ёс байхгүй л гэлцэх юм билээ.

Эх сурвалж: inews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.