​Доналд Трамп: АНУ-д ‘COVID-19’-ийн халдвараар 100000 хүн нас барж болзошгүй


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гаригт АНУ-д “COVID-19”-ийн халдвараар 750000-100000 гаруй хүн нас барж болзошгүй гэж мэдэгдлээ. Тэрээр өчигдөр “FOX” телевизид хоёр цаг орчим ярилцлага өгөх үеэрээ АНУ-д хамгийн сүүлд хийсэн цар тахлын эрсдэлийн үнэлгээг иш татан энэхүү мэдэгдлийг хийжээ.

Тус улсад мягмар гаригийн байдлаар “COVID-19”-ийн халдвар авсан нь батлагдсан 1.2 сая гаруй тохиолдол 69921 нас баралт бүртгэгдээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар АНУ-ын нийт мужийн тал хувьд нь шинээр тохиолдлын тоо буурч эхэлсэн тул Вашингтоны эрх баригчид эдийн засгаа дэмжих зорилгоор зарим мужид хөл хориог үе шаттайгаар  бууруулж эхлээд байна.  Тэрээр энэ талаар “Бид энэ чигээрээ хаалттай байгаад байж болохгүй. Эс бөгөөс бидэнд хойшид амьдрах улс үлдэхгүй” гэх байр суурийг илэрхийлжээ. Мөн Доналд Трамп халдварын дэгдэлтийн хоёр дахь давлагаа ирэхийг хүлээн зөвшөөрсөн ч ирэх намар гэхэд сурагч, оюутнуудын хичээлийг эхлүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн юм.

АНУ-ын Конгресс өнгөрөгч сарын сүүлээр цар тахлын эсрэг багц хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлж бараг 3 их наяд ам.долларт хүргэсэн. Тэгвэл ярилцлагынхаа үеэр Трамп цар тахлаас улбаатай эдийн засгийн хямралыг даван туулахад АНУ-ын Холбооны Засгийн газар багц хөтөлбөрийн хэмжээг 6 их наяд ам.доллар болгон нэмэгдүүлж магадгүй гэжээ. Гэсэн ч Бүгд найрамдах намын зарим нөхөд нь Конгрессоос баталсан энэхүү багц хөтөлбөрт маш олон шаардлагагүй зардал тусгагдсан талаар шүүмжилж буй. Харин Доналд Трампын хувьд энэ асуудлаар АНУ-ын Сангийн яамны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Стивен Мнучинтэй санал солилцсон бөгөөд Засгийн газрын зүгээс эдийн засгаа хамгаалах чиглэлд цалингийн татвар чөлөөлөхөөс өөр дорвитой ажил хийж чадахгүй байгаа явдалд шахалт үзүүлсэн гэдгээ дурдсан байна.

Доналд Трамп Засаг захиргааныхаа шинжлэх ухааны зөвлөхүүдийн судалгааг үндэслэн энэ оны төгсгөл гэхэд АНУ-ын эрдэмтэд “COVID-19”-ийн эсрэг вакциныг амжилттай гарган авна гэдэгт найдаж байгаа талаараа дурдсан байна. Тэрээр “Миний бодлоор бид энэ оны төгсгөл гэхэд вакцинтай болж чадна. Магадгүй мэргэжилтнүүд намайг ингэж хэлж болохгүй гэх байх. Би өөрийн бодсоноо л хэлдэг. Бид удахгүй вакцинтай болно” гэжээ.

Гэсэн ч Трампын Засаг захиргааны шинжлэх ухааны гол зөвлөх, доктор Энтони Паучи тэргүүтэй эрдэмтэд вакцин гарах хамгийн ойрын хугацааг 18 сарын дараа гэж буй. Хамгийн сүүлд Английн эрдэмтэн Крис Витти ирэх оны хувьд ч “COVID-19”-ийн эсрэг өндөр үр дүнтэй вакцин болон эмчилгээний арга гарган авах магадлал тун бага гэж мэдэгдсэн.

Америкийн хэвлэлүүд сүүлийн өдрүүдэд Доналд Трамп цар тахлын эхэн үед шуурхай арга хэмжээ авч чадаагүйн улмаас АНУ-д халдварын нөхцөл байдал өнөөдрийн төвшинд хүрсэн. Цагаан ордон энэхүү алдаатай үйл ажиллагаагаа нуун дарагдуулах үүднээс бурууг бусдад тохож, БНХАУ болон өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн Засаг захиргааны бодлогыг чичлэх болсонд шүүмжлэлтэй хандах болсон. Тэгвэл Доналд Трамп “FOX” телевизийн ярилцлагад орох үеэрээ мөн л БНХАУ-ын эрх баригчид вирусийн тархалтыг нуун дарагдуулсны улмаас дэлхийн хэмжээнд цар тахал үүссэн гэх байр суурь дээрээ бат зогсохоо илэрхийлсэн юм. 

О.Мөнхбат

Эх сурвалж: Reuters, FOX


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.