Хил хамгаалах ерөнхий газраас МЭДЭГДЭЛ гаргалаа


 Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Баянгол дүүргийн иргэн Б.Сайнбаяр нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байсан хошууч генерал Ц.Сэргэлэнгийн талаар мэдээлэл хийж, өөрийн байр сууриа илэрхийлэх үедээ Хил хамгаалах байгуулага хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй 87 уул уурхайн компани хууль бусаар ажиллуулж байгаа мэтээр илтэд олон нийтийг төөрөгдүүлсэн, буруу ташаа мэдээлэл хийж, байгууллагын нэр хүндэд бүдүүлгээр халдсан.

Дээрх асуудалд Хил хамгаалах байгууллага дараах албан ёсны тайлбар, мэдээлэл өгч байна. Үүнд:

1.Хил хамгаалах байгууллага нь Монгол Улсын хилийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Улс орны хэмжээнд улсын хил хамгаалалтыг зохион байгуулж, удирдах” үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд ашигт малтмал эрэх хайх, ашиглалт олборлолт явуулах ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгодоггүй болно.

2.Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны харьяа Ашигт малтмал, газрын тосны газар хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгодог.

3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад дээрх эрх бүхий байгууллагаас олгосон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн кадастрын зураглалын талбай нь хилийн зурвас, бүсэд багтсан тохиолдолд Хил хамгаалах байгууллага хилийн зурвас, бүсэд нэвтрэх түр зөвшөөрөл олгож, нэгдсэн бүртгэл хөтөлдөг бөгөөд зөвхөн хил орчмын дэглэмийн зөрчил гаргаж байгаа эсэхэд нь хяналт тавьдаг.

4.Хил хамгаалах байгууллага нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хуулиар хориглоогүй үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд хилийн зурвас, бүсэд түр нэвтрэх зөвшөөрөл олгохгүй байх үндэслэлгүй бөгөөд аливаа аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих, шалгах эрх зүйн зохицуулалтгүй, хөндлөнгөөс оролцдоггүй.

5.Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, түүний харьяа мэргэжлийн байгууллагууд өөрсдийн чиг үүрэгт хамаарах асуудлаар хил орчмын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж, үйл ажиллагааг нь шалгадаг. Уг асуудал нь Хил хамгаалах байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгт огт хамааралгүй болно.

5.Хил хамгаалах байгууллага хилийн зурвас, бүсэд түр нэвтрэх зөвшөөрөл олгохдоо дараах эрх зүйн зохицуулалтыг удирдлага болгон ажилладаг. Үүнд:

-Монгол Улсын хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Улсын хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер техникийн байгууламж барих, зориулалтаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ”;

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “Улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалтаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ”;

-Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т “Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь улсын хилийн зурваст улсын хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлтэйгөөр нэвтэрч энэ хууль болон бусад хууль тогтоомжоор хориглоогүй ажил, үйлдвэрлэл явуулах”;

-Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.4-т “Улсын хилийн зурваст мөрдөх журмын биелэлтэд улсын хил хамгаалах байгууллага хяналт тавьж, шалгалт хийх” зэрэг болно.

6.Одоогийн Хил хамгаалах байгууллагын удирдлага хилийн зурваст лиценз, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг аль болох багасгах бодлогоор зөвхөн Засгийн газар шийдвэрлэдэг байх саналыг хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгуулан, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлуулж,  2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Ингэснээр хилийн зурваст ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, лиценз олгох асуудал үндсэндээ хязгаарлагдсан.

7.Өнөөдрийн байдлаар хилийн 10 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн хилийн зурвас, бүсэд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 102 аж ахуйн нэгж ашигт малтмал, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Дээрх бүх мэдээлэл, хилийн зурваст тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хориглох саналыг Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан “Ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгаль орчныг хамгаалах, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавих ажлын хэсэг”-т 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/12858 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно.

Тухайн үед Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хошууч генерал Ц.Сэргэлэнгийн гарын үсэгтэй, шадар сайдад хүргүүлсэн албан бичгийг хавсаргав.

8.Иргэн Б.Сайнбаярын олон нийтэд өгсөн мэдээлэл нь Хил хамгаалах байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг үнэнчээр биелүүлж байгаа хилчдийн алба үйл ажиллагааг илтэд мушгин гуйвуулсан, хариуцлагагүй үйлдэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Төрийн байгууллага, албан хаагчдыг гүтгэсэн асуудлаар хуулийн байгууллагад хандаж, шалгуулах болно.

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.