МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны нээлтээ онлайнаар хийлээ


Өчигдөр /2020.06.02/ 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сурталчилгаа улс орон даяар албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нийслэлийн төвийн зургаан дүүргийн нэг Баянгол дүүргийн 26 дугаар тойрогт УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, эдийн засагч, судлаач Х.Ганхуяг нар Монгол Ардын Намаас нэр дэвшиж илгээгдсэн билээ. Уг 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны онлайн нээлтийн арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар үг хэллээ.

"Сайн байцгаана уу, та бүхэн сайхан зусацгааж байна уу. Манай Баянгол дүүрэгт УИХ-ын сонгуулийн сурталчилгааны нээлтийн үйл ажиллагаа улсын онцгой комиссоос тогтоосон дүрэм, журмын дагуу онлайнаар эхэлж байна. Би 2016 онд Баянгол дүүргийн 5, 6, 7, 9, 21 дүгээр хорооноос иргэд, сонгогчдынхоо итгэлийг хүлээн УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, иргэдээ төлөөлөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2016 онд уулзалт хийгээд явж байхад Баянгол дүүргийн иргэд, сонгогчид надад зарим зүйлийг онцгойлон захидаг байсан. Тэднийхээ захиасыг биелүүлж ажиллахаар дөрвөн жилд хичээсэн, чадсан гэж бодож байна. "Та төрийн мөнгөнд бүү хутгалдаарай. Бизнесийн эрх ашгийг төрийн эрх ашгийн дээр тавьж болохгүй шүү. Тендер, концесс авч болохгүй. Хууль бус зүйлтэй холбогдож болохгүй” гэж иргэд, сонгогчид маань захидаг байсан. Би ч амлаж, амлалтаа биелүүлэхийг хичээж ажилласан. Өнөөдөр би 2020 оны УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, эдийн засагч, судлаач Х.Ганхуяг нартай нэр дэвшиж байгаадаа баяртай байна.

Манай Баянгол дүүргийн хойд хэсгээр утааны асуудал маш их тулгамдаж байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар нийслэлийн утааны асуудлыг цэгцлэхээс эхлээд олон чухал шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлсэн. Нийслэл, Баянгол дүүргийн утааны асуудал 50 хувь буурсан. Шинэ төрлийн коронавирус "Ковид-19” халдварын эсрэг арга хэмжээг дэлхийд үлгэр жишээгээр зохион байгуулахаар хичээж ажилласан. Төмөр зам, дулааны цахилгаан станц, шинэ гүүр, зам барих гэх мэт олон ажлыг бид хийж гүйцэтгэлээ. Бидэнд хууль дүрэм, ярих хэлэх зүйл багадаагүй. Бид, манай баг Монгол Ардын Намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд дараах зүйлийг хийхээр хичээж ажиллана.

Нэгдүгээрт, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө ажиллана. Хоёрдугаарт, төрийн албаны хариуцлагын тогтолцоог сайжруулах ёстой. Төрийн албанд хариуцлагын тогтолцоо алдагдаж байгааг хүн бүхэн ярьж байгаа. Төрийн албанд орсон хүмүүст хэчнээн хариуцлагатай албанд ажиллахаар орж буйг нь эхнээсээ ойлгуулах ёстой. Гуравдугаарт, иргэдийн хөдөлмөр эрхлэх сонирхлыг дээшлүүлэх ёстой. Иргэд аж ахуй эрхлээд, хөдөлмөр эрхлээд сайхан амьдарна, төр надад итгэнэ, таны бизнес таны хичээл зүтгэлийг төр дэмжинэ гэдгийг хууль эрх зүйн хүрээнд бий болгож дэмжиж ажиллана. Дөрөвдүгээрт, иргэдийн сайн сайхан, ая тухтай амьдралын төлөө бид ажиллана. Баянгол дүүргийнхэн их зүйлийг хүсээгүй. Баянгол дүүргийн иргэд тансаглалыг хүсээгүй. Баянгол дүүргийн иргэд хүн шиг амьдрахыг хүсэж байгаа. Баянгол дүүргийн иргэд бусад дүүргийн иргэдтэй адилхан амьдрахыг хүсэж байгаа. Баянгол дүүргийн иргэд ээ, Баянголчууд аа, хүчээ нэгтгэе гэж уриаллаа.

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн нэг нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны онлайн нээлтэд үг хэлэхдээ "Би 2016-2020 онд нийслэлийн Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт УИХ-ын гишүүнээр ажиллалаа. 2016 онд гарахдаа Үндсэн хуулийн шинэчлэл хийнэ гэсэн том зорилгыг өмнөө тавьж сонгогчиддоо амласан. Сүүлийн 20 орчим жил ярьж гурван парламент дамжин хэлэлцэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, улмаар хэлэлцүүлгийн шатанд эхийг баригчаар ажиллан батлуулсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол Монгол Улсад шударга ёсыг бий болгох, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, улс орныг эрс хурдацтай хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн. Энэ дагуу 40 гаруй хуулийг нэн тэргүүнд батлан гаргах шаардлагатай болоод байгаа юм. Ийм ч учраас МАН-ын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт "Амьдралын чанар ба дундаж давхарга” гэдэг асуудал суурь үзэл баримтлал болж байна. Манай намын мөрийн хөтөлбөрт хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн таван бүлэг, 34 дэд бүлэг, 742 заалттай юм. Тэгэхээр энэ бүх зүйлийг хэрэгжүүлсэн цагт сая Монгол Улсын хөгжил, дэвшил, хүн ардын маань аж амьдралын түвшин, амьдралын чанарт ямар хэмжээний өөрчлөлт гарах вэ гэдгийг энэ сонгуулийн кампанит ажлын үед иргэд, сонгогчид та бүхэндээ илүү тодорхой тайлбарлах болно.

Энэ удаад бид засаглалын бодлогын хүрээнд хоёрхон зүйлийг онцолж хэлье. Нэгдүгээрт, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хүртээх эрх зүйн нөхцөлийг энэ ондоо багтааж бий болгох шаардлагатай байна. Хоёрдугаарт, шүүхийн тогтолцоо ил тод, нээлттэй, шударга, алагчлалгүй, зөвхөн хуульд захирагддаг хараат бус бие даасан тогтолцоог бий болгох эрх зүйн үндсийг мөн энэ ондоо яаралтай бий болгох шаардлагатай байна. Энэ хоёр зорилтыг хэрэгжүүлэх болон бусад зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө сонгогч та бүхэнтэйгээ хамтран ажиллахад манай нам бэлэн байна” хэмээлээ.

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч эдийн засагч, судлаач Х.Ганхуяг сонгуулийн сурталчилгааны онлайн нээлтэд үг хэллээ.

Тэрбээр "Эрхэм журмын нөхөд, эх орноо гэсэн иргэд та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Би сонгуулийн хандивын аянаараа "Төрийн бүх эрх мэдэл компаниудын биш, бүлэглэлүүдийн биш зөвхөн ард түмний гарт байх ёстой” гэж уриалсан юм. Би 2016 онд нам дамжсан бүлэглэлүүдийн эсрэг тэмцлээ эхлүүлж байсныг та бүхэн сайн мэднэ. 2017 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ намайг хамтдаа тэмцэхийг урьсан байдаг. Тэр цагаас бид хамтдаа тэмцлийг үргэлжлүүлээд явж байгаа. Тэмцэл амжилттай явж, бидний тэмцсэн бүлэглэлүүдийн сүүлч АН-д бугшсан хэвээрээ байна. Зуу зуун сая төгрөг төлж өөрсдийнхөө нөлөөний хүмүүсийг төр засаг руу явуулж бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалахаар АН явуулж байна. Энэ сонгуулиар ард түмэн ялах уу, 49 хувь ялах уу, ард түмэн ялах уу, бүлэглэлүүд ялах уу, шударга ёс ялах уу гэдэгт сонголт хийх сонгууль болох юм. Улс төрийн сонгууль бол төрийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхийн төлөөх өрсөлдөөн байдаг. Бодлого нь улс төрийн намын шийдвэрээр гарч, тэр нь төр засагтаа хэрэгждэг байх нь зөв тогтол юм. Энэ нь улс төрийн намын давуу тал билээ. Өнгөрсөн хугацаанд хүнээ мартсан 30 жил байсан. Бид хэчнээн их байгалийн баялагтай ч гэсэн хүн рүүгээ наалдаж өгөхгүй байсан. Тиймээс сүүлийн нэг жилийн хугацаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяанд "Алсын хараа 2050” бодлогыг боловсруулсан юм. Энэ нь хүний хөгжил, байгалийн баялгийн хуваарилалт, боловсролын чанар, эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах бодлогын суурь болж чадсан. Иргэдийн ихэнх нь хуримтлалгүй, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Нийгэмд эрс шийдэмгий зоригтой энэ бодлогыг цаашид хэрэгжүүлэх шаардлага буйг бидэнд нотолж байна. Энэ тэмцэл, шийдэлд Баянголчууд бид манлайлан оролцох ёстой. Нэг бүлэглэлээс Баянгол дүүргээ салгаж авъя. Та бүгдэд хичээе гэж уриалж байна” гэлээ.

Дашрамд дурдахад, энэ удаагийн УИХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас туршлагатай, шударга, ёс суртахуунтай улс төрчдөө сонгож, хариуцлагын гэрээ байгуулан оролцож байгаа билээ. Нийслэлийн Баянгол дүүрэг засаг захиргааны нэгжийн хувьд 25 хороотой. 2020 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшигчид тус дүүргийн 230 орчим мянган иргэн, 62.5 мянган өрхийн төлөөлж болж УИХ-д тэдний дуу хоолойг хүргэж, хууль батлалцах үүрэгтэй болох юм. 

Эх сурвалж: УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ж.Ганбаатарын сонгуулийн штаб



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.