-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн толгойлсон шийдлийн Засгийн газар 15 сайдтай бөгөөд өнөөдөр тэдний 11 нь сонгуульт ажилдаа анхаараад тун ч завгүй явна. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Уул уурхайн сайд Р.Жигжид, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа нараас бусад нь энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна-
Бүрэн эрхт хугацаа нь цаг, минутаар хэмжигдэж, хэзээ мөдгүй дуусгавар болох гэж байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн толгойлсон шийдлийн Засгийн газрын 15 сайдын дөрвөөс бусад нь сонгуульд нэрээ дэвшүүлжээ.
Тодруулбал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Зам тээврийн сайд М.Зоригт, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын сайд С.Эрдэнэ, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар сонгуульт ажилдаа анхаараад тун ч завгүй явна.
Нэг үгээр хэлбэл, тэд дахин УИХ-д сонгогдохын тулд өөрт байгаа бүхий л бололцоо, нөөцийг ашиглаж, тус бүрийнхээ тойрогт сонгуулийнхаа сурталчилгаат ажлыг өрнүүлж байна. Харин Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Уул уурхайн сайд Р.Жигжид, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон саяхан томилогдсон Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа нар тойргоос гадуур үлдсэн ч улс төрийн үйл явцыг цонхны цаанаас чимээгүйхэн ажиглаж сууна. Нөгөөтэйгүүр сонгуульд нэр дэвшиж байгаа 11 сайдын ес нь хотоос, үлдсэн хоёр нь хөдөө орон нутгаас өрсөлдөж байгаа. Тодруулбал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг болон Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хоёроос бусад нь хотод нэр дэвшиж байгаа билээ.
Гэхдээ нэр дэвшсэн, дэвшээгүй тэд нэг л зүйлээр хоорондоо огтолцож байгаа нь сонгуулиас гадуурх бусад улс төрийн үйл явцаас харж болно. Учир нь, УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш Засгийн газар төрийн ажлыг хэлэлцэх гэж хоёр, гуравхан удаа л хуралдсан байх юм. Ингэхдээ төрийн ажил гэхээсээ илүүтэй аль нэгэн нам, эвсэлдээ иргэдийн саналыг авах гэсэн башир аргыг хэрэглэж "тогтоол, шийдвэр" нэрийн дор "шоу" хийх замаар үүргээ гүйцэтгэж байна. Үүнийг батлах эхний жишээ бол иргэн бүрт хувь хүртээх 1072 ширхэг хувьцааны гурав хуваасны нэгийг нь 300 мянган төгрөгөөр худалдаж авах Засгийн газрын шийдвэр. Тэрхүү мөнгөө зөвхөн сонгуулийн насныханд гурав хувааж өгч эхэлсэн нь олон нийтэд сонгуулийн "шоу" гэх ойлголтыг хүссэн, хүсээгүй тархинд нь суулгачихсан гэлтэй. Үүнээс өөрөөр тэд дорвитой оноод хэлчих шийдвэр, ажлыг хийсэнгүй. Шуудхан хэлэхэд, төрийн ажил бараг л зогсонги байдалд орчихлоо. Тухайлбал, сайд нарыг сонгуулийн ажилдаа анхаараад завгүй байхад нь эмчийн буруугаас болж найман сартай хүү амиа алдаж, хэд хоног үргэлжлэн орсон борооны улмаас хэд, хэдэн айл өрх үерт автаж, элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задарч, салбар тус бүрийн Үйлдвэрчний эвлэлийн хороо ажилчдын цалин нэмэхийг шаардаж, сонгуультай холбогдох хуулийг зөрчсөн гомдол шүүхийн хаалга татсан гээд сайн гэхээсээ саар зүйл олон гарлаа.
Хэдийгээр оны өмнөхөн баталсан Сонгуулийн тухай хуульд энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа санал өгөх өдөртэйгээ нийлээд 18 хоног гэж заасан нь хэдийгээр бага хугацаа мэт боловч эдийн засаг хүнд, иргэдийн худалдан авах чадвар муу байгаа өнөө цагт нэг ч гэсэн үр дүнтэй ажлыг хийж, хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргах нь нийгэмд тустай ч байж мэдэх байв. Гагцхүү Засгийн газрын сайд нар сонгуульт ажилдаа хамаг л анхаарлаа тавиад туучихсан нь тэдний тойрогтоо хийж байгаа уулзалт, сонгогчдодоо зарласан "хайр"-аас нь ядах юмгүй анзаарч болно. Тэд зөвхөн сонгуулийн ажилдаа л санаагаа чилээж сууна.
Сэтгэгдэл