-Нүглээчий нүглээсээ айсангүйеэ хөө, нүүрс, зэс, алтаа харийнхантай хамсаж хулгайлаад ханасангүйеэ хөө-
Бид “Нүгэл” гэдэг ганцхан хуулийн доор амьдарч, түүгээр хүмүүжсэн хүмүүс. Хулгай хийвэл, худлаа хэлбэл, амьтан болон хүн албал бүр их нүгэл, мод ургамал хугалбал, шороо чулуу ухаж хөдөлгөвөл, салж сарнивал, сархад хэтрүүлбэл нүгэл. Ер нь нүгэлгүй юм байсан гэж үү. Тэр бүх нүгэлээс тойрч явсаар насны намартай золгоод харж байхад мөн ч сонин санагдах юм. Одооных шиг ийм олон хэрэгждэггүй, хэн дуртай нь гишгээд өнгөрдөг хуулинцар байсангүй. Нүгэл гэдэг чинь хатуу “хууль” байж. Нүүхдээ зэлнийхээ гадсыг сугалж аваад шороогоор дүүргэж орхидог байсан ард түмэн өнөөдөр эх орноо “ясаа тавих” газаргүй болтол сийчүүлсэн байх юм. Ердөө сүүлийн 30-хан жилийн дотор шүү дээ. Мөн ч их нүгэл хийж дээ. Буддын шашны судруудад аливаа нүгэл хийсэн эзэддээ заавал эргэж нөлөөлдгийг “Нүгэл хийвээс амьдарч байгаа орон зайдаа буюу хойт төрөлдөө хэдэн үедээ заавал мунхагийн уршгийг хүлээнэ” хэмээн заачихсан байдаг. Өнөөгийн энэ олон хийдийн лам хуврагууд ч нүгэл хилэнцийн хор уршгийг номын ёсоор бидэнд өдөр бүр айлдаж байгаа. Гэтэл Монголын нүгэл хэрээс хэтэрчээ. “Ясаа тавих” газаргүй болтлоо сийчүүлсэн хэрнээ “Ялаа үүрэх” эзэнгүй болтлоо 30 жил явж ирсэн юм. Улс орон яаж ядуурсныг ганцхан баримтаар харж болно. Өнөөдөр Монгол Улс гадаад орнуудад 30 тэрбум ам.долларын өртэй, нялхсаас өтгөс хүртлээ бүх хүн 25 сая төгрөгийн өртэй болоод байна гэнэ. Олон улсын саарал, хар жагсаалтад орсон. Ер нь улс орноороо дампуурлын ирмэгт тулаад байгаа гэх судалгаа гарч. 10 мянган төгрөг хулгайлсан ядарсан хүүхэн 10 жилийн ял авч байхад 10 тэрбумыг, 10 их наядыг завшчихсэн этгээдүүд ял шийтгэлгүй, дэлхийн хамаг сайхан газруудад орд харшаа сүндэрлүүлж, алтан абжуртай, “арслан” манаачтай газруудад жаргаж цэнгэж байгаа юм. Тэгэхэд монгол хүн хоногийн хоолны төлөө хогийн цэг дээр овоорч, зүсэм талхны төлөө зүсээ хувиртал гуйлга гуйж явна. Хуйхалсан толгойг дөрвүүл таллаж идээд хонож байгаа айлтай таарлаа. Хог дээр хаясан хонины яс авчираад шөл гаргаж, атга гурилаар бантагнан өл залгаж байгаа хүмүүс ч байна.
“Нүгэл нүдээ оллоо” гэж монголчууд ярьдаг. Тэдний, бидний хоолыг гадаадын хулгайчидтай хамсан хэн дээрэмдэж идээд байна вэ гэдгийг сүүлийн хэрэг явдлууд харуулж ард түмэн маань нүгэлтнийг нүдээрээ харах хувь тохиолоо. Өнөөх МАНАН мафийнхан гэж нэр өгчихөөд байгаа нууц бүлэглэлийхэн. Эднийг 20, 30 жил хамгаалсан Улсын дээд шүүхийн дарга асан Ц.Зориг, Х.Батцэрэн, улсын ерөнхий прокурор асан M.Энх-Амгалан, ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг зайлуулж оронд нь ерөнхий шүүгч Д.Ганзориг, ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарыг гаргаж ирснээр хууль шударгаар хэрэгжиж эхлэв бололтой. Хэдэн арван жил дарагдсан олон зуун мянган ноцтой хэрэг бий. Түүний захаас барьж аван Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат, М.Энхсайхан, УИХ-ын дэд дарга асан С.Баярцогт, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Да.Ганболд, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Ч.Давааням нарын хэсэг шүүн таслаж 1-10 жилийн хорих ял ногдуулж, зарим хүнийг үндэслэлгүйгээр баяжиж их хэмжээний угаасан мөнгийг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэлээ. Ард түмэн “зөв эхлэлт”, “нүгэл нүдээ оллоо” гэж байгаа.
Харин яллагдагчдын хань хамсаатан, тэднээс их хэмжээний хөрөнгө мөнгө авч баяжигчид, зарим өмгөөлөгч нь “1938 он эргэж ирлээ”, “Их баривчилгаа эхэллээ”, “Улс төрийн зорилготой баривчилгаа явуулж байна” гэж матрын нулимс унагаацгааж байгаа. МАНАН мафийн толгойлогчид гэрээ, төлөвлөгөө гэгчээ гадаадынханд давуу эрх олгохын тулд ямар уран нүүдэл хийдэг гээ. Бүгдийг биенээсээ зайлуулж, хүний гараар хийлгэсэн байдаг. Хэзээ нэг цагт ял ирвэл ард нь гэмгүй царайлан үлдэх зорилго хадгалсан байдаг. С.Баяр намаа ялуулчихаад Ерөнхий сайд болонгуутаа “Стандартын бус Засгийн газар” байгуулж байгаа нь энэ гэж Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулаад Сангийн сайдаар С.Баярцогтыг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Л.Гансүхийг томилж байгаа юм. Эрчим хүч, уул уурхайн сайдаар өөрийнхөө намын Д.Зоригтыг томилсон. Энэ чинь алсын хараа нь байхгүй юу. Сүүлд хэрэг мандвал Ардчилсан намаас Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан С.Баярцогт, Л.Гансүх хоёрыг МАН-аас Д.Зоригтыг барьж өгнө гэсэн санаа. Д.Зоригтын оронд Хурцыг ч юм уу, Бямбааг ч юм уу сайдаар томилчихвол Оюутолгойн алдагдалтай гэрээнд гарын үсэг зурахгүй гээд гэдийчихнэ. Тиймээс Д.Зоригтыг сайд болгож байгаад гарын үсэг зуруулчихаж байгаа юм. Тэгээд Намын дарга, Ерөнхий сайдаа найздаа өгөөд гадагшаа ум хумгүй алга болсон.
Ч.Сайханбилэг Дубайн гэрээнд гарын үсэг зуруулахдаа ч бас их эртнээс бэлтгэсэн. Да.Ганболдыгоо ч яахав олон юмнаас “хуурай гарч” сурсан туршлагатай гээ биз. Харин Б.Бямбасайхан гэж залууг “Эрдэнэс Монгол” компанийн захирал болгож байгаад төлөвлөгөө гэгчдээ гарын үсэг зуруулан шоронд суулгачихлаа. Яллагдахын даваан дээр шүүх, прокурорынхонтой үгсэн хуйвалдаж эх орноосоо зугатаж гаран, гадаадын хань хамсаатнууддаа орогнож байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эд нөхдөө өмөөрч захидал бичсэн байна. Өнөөдөр ямар ч байсан төрийн тамга бариад сууж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгыгаа ямар муухай занаж зүхнэ вэ. “Х.Баттулгаа чи сонс. Зэвүү дургүй хоёр зэрэг хүрч байна шүү, Чамд” гээд л эхэлж байгаа юм. “Нэг өдрийн дотор “төмсөгдүүлсэн” гишүүдээр баталсан хуулийн өөрчлөлтийг би энд хэлж байна”, “Одоо уучлаарай, хонь шиг дуугүй гөлөгнөн хэвтэж чамаар чимээгүй гаргуулахгүй ээ /алуулахгүй ээ Г.Ж./”, “Ямар их хүний нус нулимс дээр тогтдог албан тушаал эрх мэдлийн төлөөх шунал вэ, наадах чинь” гэх мэтчилэн бичиж. Ийм тэнэг хэрүүл бичиж байх гэж дээ. Өнөөдөр зах дээр хоёр авгай ч ингэж хэрэлдэхээ больсон. Иргэний соёл гэхээсээ улс төрийн соёл гэдэг юм Ерөнхий сайд байсан хүний тархинаас гармаар шүү дээ. Бөөлжис хутгамаар энэ захидлыг зарим хүн “Ц.Элбэгдорж нь бичээд, Ч.Сайханбилэг гарын үсгээ зурчихаж” гэсэн яриа ч бий. Юутай ч энэ урт захиа бид төрийн эрх барих эрхмүүдээ олдоггүй юм байна.
Хууль шүүхийн байгууллагууд сүүлийн үед хэдэн хүнд хорих ял оноолоо. Бусад шударга хуультай улс орнуудтай харьцуулбал хөнгөн ял л даа. С.Зоригийн хэрэгт холбогдон ял эдэлж байгаа Б.Содномдаржаагийн ээж Жавзмаа “Хүүг минь эрүүдэн шүүж хилс ял тулган, дөрвөн жил тамлан зовоож байгаа Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт хэтэрхий хөнгөн ял оноолоо” гээд телевизээр уйлж байна билээ. Зөвхөн Жавзмаа ч биш монголчууд бүгд хэтэрхий хөнгөн ял оноож байна хэмээн ярьцгаалаа. Нэг зүйлийг эргэж санацгаая. 1990 оны ардчилсан хувьсгал гэгчээс хойш бид нэг гараанаас хөдөлсөн. Уут үүрэх нь үүрээд, “гахай” чирэх нь чирээд, хөөгдөж туугдаад амьдрах л гэж явцгаасан. Зах зээлийн нийгэмтэй хөлөө олох гэж ядаж байгаа нь энэ. Тэгээд ч ариун цагаан хөдөлмөр, хөлс хүчээрээ боломжийн амьдралтай залгасан хүн олон бий. Зэрэгцээд Монголын үнэт зүйлийг хулгайлж дээрэмдээд яах ийхийн завгүй тэрбумтан болчихсон цөөн хэдэн хүн бий. “30 гэр бүл” гэж яриад байгаа. Би нэг гараанаас гарсан зарим хүнээ яагаад 10 хүрэхгүй жилийн дотор валютын, төгрөгийн тэрбумтан болчихов гэж гайхаад байна.
Хууль хяналтын байгууллагынхан, энэ шийтгүүлсэн хүмүүсийн идсэн уусан, угаасан самарсан баримтуудыг нэлээн ул суурьтай гаргаж тавьсан байна билээ. Ард түмэн хоолоо дээрэмдээд идчихсэн хүмүүсийн ялыг хөнгөдлөө, тэр дундаа Төв аймгийн шүүхийнхэн их мөнгөтэй хүмүүсийн талд үйлчлээд байна гэж гомдоллодог нь үнэний хувьтай бус уу. Би эдний заримд тоглоом шоглоомоор “Зургаан жил амьд явах үгүйгээ мэдэхгүй байж 100 жилийн хөрөнгө хурааж яахнав дээ” гэж. Над бол хэлэх тайлбар бий. Том гүрнүүд хүнээ цөөлөх гэж бактериологийн дайн дэгдээн, ядуучууд настнуудаас нь эхлээд сүйрүүлж эхэллээ. Хэдэн том гүрэн жил бүр цэргийн төсвөө өсгөн хүнийг үй олноор нь устгах шинэ зэвсэг үйлдвэрлэж байна. Хүчирхэг гүрнүүдийн ерөнхийлөгчдийн хуруу, цөмийн товчлуур дарахад бэлэн байгаа. Ийм нөхцөлд та нарын цөөн хэдэн хүн ард түмнийхээ хоолыг дээрэмдээд, хил давуулж нуугаад байгаа нь дэндүү хүн чанаргүй байхгүй юу. Би үүнийг л хэлээд, бичээд байгаа юм. Би баян тансаг амьдралыг, хөлс шингэсэн хөрөнгөтэй байхыг үзэн яддаг хүн биш. Төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа өндөр дээд албаны хүн Тэрэлж, Гурван нуур, Хорго, Тэрхийн цагаан нуурынхаа ойр орчимд сайхан орд харш бариад амьдрахыг дэмжилгүй яахав. Тэгтэл энэ хүмүүс чинь харийн оронд эдлэн газартай, орд харштай болоод хамаг мөнгөө оффшорт аваачаад нуучихаж байна шүү дээ. Энэ чинь нэг юм хэлээд байгаа биз.
Сүүлийн үед өмгөөлөгчид гэж их мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс гарч ирчихээд байгаа. Шүүх хурлаас гарангуутаа л шүүгч, яллагдагчдыг загнадаг, хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилдог болсон. Баримт материал нь олны өмнө ил болчихоод байхад “Миний үйлчлүүлэгч ямар ч буруугүй. Ял авах ёсгүй гээд л олны тархийг угаадаг. Тэдэнд захиргаа байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Монголын хууль тэдэнд үйлчилдэг ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй. Шүүхэд нөлөөлөөд гадаа нь жагсаал цуглаан зохион байгуулаад байгаа хүмүүс яллагдагчийн ялыг хөнгөлөөд байгаа юм уу, хүндрүүлээд байгаа юм уу би сайн ойлгохгүй байна. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн нь хүртэл удирдаад жагсаал цуглаан зохион байгуулж, ямар дүрэмгүй загнав даа. Нэг сонирхолтой баримт авъя. Нюрнбергийн шүүх дээр нацистуудын өмгөөлөгч нэг нөхөр “Эд нөхөд ганц ч хүн алаагүй. Тиймээс ялын дээд хэмжээ өгч болохгүй” гэж хэлсэн байдаг юм. 60 сая хүнийг алуулсан гэмт хэрэгтэнг ингэж өмгөөлсөн байдаг л даа. Түүн шиг өмгөөлөгчид олон болж дээ. Олон түмэн нэг зүйлд их бухимдаж байгаа. Монголдоо байгаа нэгийг нь шүүгээд, таслаад нүгэлийг нь эдлүүлж байна. Харин гадаадад оргож зугтааж яваа, хуулийн байгууллага дуудахад ч ирэхгүй байгаа хүмүүсээ яах юм бэ гэж байна. Бусад орон ингэж оргож зугтаж яваа гэмт этгээдүүдээ эх орноосоо урвасан гэж үзээд интерполоор эрэн сурвалжилж авчруулаад шууд дээд хэмжээний ял оноодог юм байна. Цаазалсан, бүх насаар нь хорьсон олон баримт байна. Тэр битгий хэл оргуулсан, оргох нөхцлийг нь хангасан, худал хуурмаг бичиг баримт бүрдүүлж өгсөн хамсаатнуудтай нь хамт шийтгэсэн тохиолдол цөөнгүй байна. Манайд болохоор гадаадад дүрвэж гарсных нь аз, нутагтаа байсных нь хохь болоод байгаа юм шиг.
Нэг зүйлийг сануулахад Оюутолгойн хоёр удаагийн гэрээ, төлөвлөгөөний дараа Тавантолгойн ордыг ашигласан явцад энэ хэсэг бүлэг хүн илт баяжсан нь үнэн. Хүмүүс гадаадынханд ашигтай гэрээ хийснийхэ төлөө их авлига авч баяжсан гэдэг юм. Австралийн хууль тогтоох байгууллагын нэг зүтгэлтэн Монголд ирээд мэдэгдэхдээ “Оюутолгойн гэрээтэй холбогдуулан Айвенхоу Майнзаас монголчуудад өгсөн авлигыг дэлгэж тавина” гэсэн. Тэр материал Монголд ирсэн юм уу, үгүй юу, хаа нэгтээ дарагдсан уу, мэдэхгүй юм. Түүнийг л ил болгоё. Энэ намар өвлөөс хамгийн ноцтой хүн амины хэргүүд, улс төрийн аллагууд, учир битүүлэг үхлүүдийг манай хууль хяналтын байгууллагынхан шалгаж, хохирогчид болон ард түмнийхээ хүсэн хүлээсэн хариунуудыг өгөх байх. Энэ хэргүүдээс хамгийн түрүүнд шийдэх нь С.Зоригийн хэрэг байх. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт харгис хэрцгий эрүүдэн шүүх аргаар ял хүлээлгэснийг шүүх нотлоод өгчихлөө. Энэ дагуу дараагийн хэрэг явдал үргэлжилнэ. Б.Хурц, Ц.Зориг нараар хав даруулж, төөрүүлүүлж байсан аллагын жинхэнэ захиалагч, гүйцэтгэгчид ч илрэх нь гарцаагүй.
С.Зориг бол Монголын ардчиллыг зөв замаар нь хөтлөх, их мэдлэгтэй дайчин удирдагч байсан. Ерөнхий сайд болохынхоо урд шөнө алагдсан. Тэгээд л С.Зоригийг амьдад нь үзэн ядаж байсан хүмүүс дээшээ цойлж өгсөн дөө. Цогт яруу найрагч О.Дашбалбар маань УИХ-д сонгогдоод шударга үнэнийг дэлгэн тавьдаг хүн нь бараг л ганцаараа байсан даа. О.Дашбалбар маань “Бид найман жил ардчиллын тоглоом боллоо” гэж хэлж, бичиж байсан. Тагнуулын ерөнхий газарт шалгалтаар очоод хордлого авч нас барсан гэдэг юм. М.Зэнээ МАХН-ын “туг сүлдний” нэг байсан. Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж байсан хүн гэнэт өвчний учир нас барсан. УИХ-ын дарга агсан Л.Энэбиш ажлаа тараад хэдэн хүнтэй тоглоомын ширээний дэргэд архи хувааж уусан. Тэр шөнөдөө Их тэнгэрийн аман дахь гэртээ очоод нас барсан. Шөнө гадаа хүмүүс хэрэлдээд байсан гэдэг. Хэн хэн байсан, уусан архи идээг шинжилсэн үү, үгүй юу, огт сураггүй дарсан. Сэтгүүлчид бид даргынхаа учир битүүлэг үхлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нэлээд хандсан. Тэгтэл нэг эмэгтэй “Нас барсан хүний ясыг бүү өндөлзүүл” гэж загнаад ам барьсан. Би үүнийг аллага, хамт байсан хүмүүсийг нь саатуулж шалгах ёстой гэж боддог юм.
“Эрдэнэт” үйлдвэрийн даргыг олон жил хашиж, УИХ-ын гишүүнээр сонгогдоод, Ерөнхий сайдад нэр нь сонсогдож байсан Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэгийн үхэл даанч эмгэнэлтэй, дэндүү учир битүүлэг зүйл болсон. Тэр том даргыг өвлийн дүн хүйтнээр гадаадын шинжээчдийн хөлөглөсөн нисдэг тэргэнд суулгаад баруун хязгаар руу хэн явуулж, уул мөргүүлж сүйрүүлсэн бэ. Явахынх нь урд өдөр нисдэг тэргийг нь сольсон гэдэг. Нисдэг тэрэгнээс тэр олон хүн амьд мэнд гарч байхад Ш.Отгонбилэг нас бардаг сонин юм шүү. Үүнийг олон сар, жилээр сунжруулан шалгасан болоод хоёр нисэгчийн буруу гээд хэргийг хаана билээ. Б.Чимидцэрэн гэж сайхан залуу АН-аас сонгогдоод УИХ-д орж ирсэн. Их ирээдүйтэй сайн залуу гэж дээр дооргүй л магтаж байсан. Би Чимидцэрэнтэй ярилцсан ярилцлагаа сонинд нийтэлж байсан. Их шударга дайчин залуу байсан даа. Гэнэт л делтопланаар нисээд хад мөргөж нас барлаа гээд чимээгүй дарагдсан. Олон жил сургуулилсан хамгийн найдвартай унаа нь тэр байсан юм гэсэн. Нэг хэсэг нь аллага гэж шивнэлдээд л өнгөрсөн дөө. Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэнг Австралид ажлын айлчлал хийлгэх нэрийдлээр аваачиж хөнөөсөн. Түрүүхэнд нь Б.Дангаасүрэн хэвлэлийн бага хурал хийлгэн “Авлигын хэргийг орой талаас нь шалгана” гэж мэдэгдэж байсан. Тэгээд л хөөрхийг Австралид зочлуулан айлд таалал төгсгөсөн. Үүнийгээ чихрийн шижин өвчний цочмог хүндрэлээр нас барлаа гэсэн акт гарсан боловч Австралиас ирсэн цогцос нь дөрвөн хавирга хугарсан, хоёр нүдний нь оронд пластмасан ногоон нүд хийсэн байсан юм билээ. Тэгээд л чимээгүйхэн дарсан даа.
Энэ мэтээр Монголын аль л шударга дайчин улстөрчид алагдаад, нэг бол учир битүүлэг нас барсан байдаг. Ингэж шүүх прокурор, цагдаа тагнуулынхантай хуйвалдаж дарагдсан олон ноцтой хэрэг илэрч, нүгэлтнүүд нүгэлээ наминчлах байх гэж олон түмэн өнөөг хүртэл хүлээсээр л байгаа. Би цагдаа, хуулийн байгууллагын ажил хариуцсан сурвалжлагч байсны хувьд 60 жил цуглуулсан материалаараа “Монгол дахь улс төрийн аллагууд” номоо хоёр хэл дээр хэвлүүлэхээр гадаадын хэвлэлийн газарт өгчихөөд байгаа. Хөрөнгө мөнгөний бэрхшээлээс саатаад байгаа л даа. Нүгэл ээ гэж. Энэ хорвоод амьтан хүн сая живаагаараа хоол эрж яваа. Тэр дундаа цөөн хэд нь бусдынхаа хоолыг булааж идээд байгааг амьдын хар нүгэл хэмээн судар бичигт заасан байдаг. Сүүлийн жилүүдэд Монголын нүгэл даанч хэтэрсэн.
Ерөнхий сайд нь ард түмнээсээ нуугдан алс холын Дубайд очоод улс орноо хоослох, ард түмнээ ядууруулах баримт бичигт гарын үсэг зуруулдаг болсон. Ийм жишээ хэдийг ч манай ард түмэн гаргаж ирж чадна. Энэ бүхэн орчин үеийн нэр томъёогоор бол хууль зөрчсөн, бидний үеийнхний сурсан сургаалиар бол “амьдын хар нүгэл” гэж би боддог. Энэ нүгэлийг олон арван жил өөгшүүлж хамгаалж өдий хүргэсэн хүмүүс бол шүүх, прокурор, АТГ, тагнуул, цагдаагийн түрүүчийн удирдлагууд, тэдний гар хөл бологчид гэдгийг олон түмэн мартах аргагүй. Иймээс ноцтой гэмт хэргүүдийг тухай бүр шийдэхгүй хугацаа хожиж явсаар хөөн хэлэлцэх хугацаагаар хаасан, гэмтнийг оргуулсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, гадаадад орогнуулж байгаа, интерполтой хамтарч ажиллахгүй байгаа хуульч нэр зүүсэн цөөн хэдэн хүний нүгэлийг ярих цаг болсон гэж олон түмэн шаардаад байгаа. Монголын нүгэл арилна аа. “Нүглээчий нүглээсээ айсангүйеэ хөө, нүүрс, зэс, алтаа харийнхантай хамсаж хулгайлаад ханасангүйеэ хөө” гэсэн дуулал төгсөх цаг ирэх л байх.
Г.ЖАМЬЯН /Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч/
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.31 БААСАН № 146 (6371)
Сэтгэгдэл